Шадар сайд Д.Тэрбишдагва нэгэнтээ “Нас чацуу Н.Энхбаяр, Ө.Энхтүвшин хоёр зэрэгцээд сууж байхыг харахад олон насны зөрүүтэй хүмүүс шиг харагдаж, өөрийн эрхгүй хоолой зангирсан” хэмээж билээ.
II эмнэлэгт эмчлүүлж байсан МАХН-ын дарга Н.Энхбаярыг МАН-ын дарга Ө.Энхтүвшин эргэж очсоныг харж зогссон Шадар сайдын энэ үг өнгөрсөн оны онцлох ишлэлээр тодорч, хүмүүсийн самсааг шархируулж байв.
Монголын улстөрд 20 шахам жил салалгүй хамт явж, МАХН-ыг удирдалцаж явсан хоёр “Э”-гийн хувьд ёстой л “Салъя гэж салаагүй, салаа замын эрхээр салсан” гашуун эмзэглэл одоо ч тэдний сэтгэлийг сэмхэн нэгтгэж байдаг нь нууц биш. Хоёулаа л бичиг номын мөр хөөж яваад МАХН-ыг хүндхэн цагт нь бараадсан.
Харин улстөрд хүрэх өнөөдрийн өндөрлөгөө хамтдаа явж бүтээсэн хоёрт бусдын мэдэхгүй “хүн чанар”-ын нөхөрлөл өнөөдрийг хүртэл амь бөхтэй оршсоор байгааг МАН-ын дарга Ө.Энхтүвшингийн хагас сайн өдрийн гэнэтийн айлчлал нотлон харууллаа.
2012 оны зургаадугаар сард “Н.Энхбаяр даргын эрүүл мэндэд Монголын төр, засаг анхаарлаа хандуулах ёстой” хэмээн мэдэгдэж байсан МАН-ын дарга Ө.Энхтүвшин хагас сайн өдөр МАХН-ын байранд хүрэлцэн очиж даргыгаа суллуулахаар өлсгөлөн зарласан зургаан эмэгтэйтэй уулзсан нь олон асуулт араасаа дагуулж байна.
“Энэ хүний эрүүл мэндийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт асуудал тавина” гэсэн. Түүний энэ үгийн цаана ирэх зургаан сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд Ө.Энхтүвшин дарга нэр дэвшиж, түүнийг МАХН дэмжиж ажиллах нь гэсэн хардлага явж байгаа юм.
Хэдийгээр ороо бусгаа цагийн эрхээр нэг угшилтай ч хоёр өөр намыг толгойлж яваа Н.Энхбаяр, Ө.Энхтүвшин нарын дунд ямар яриа хэлцэл явагдаж, хэн нь хэндээ өртэй хоцорсныг мэдэх аргагүй ч хагас сайн өдрийн гэнэтийн айлчлал тэдний дунд далдхан нэгэн сэжим оршсоор байгааг нотоллоо.
Харин тэр нь “Зовох цагт нөрийн чанар харуулсан айлчлал байсан уу, зорилго дагуулсан албан томилолт байсан уу” гэдгийг цаг хугацаа л харуулах биз ээ.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 14, 2013 7:15:35 pm )
Mongol hun iim l baidag. Hun chanar baih aa l gej bodogdoj baina. Enhtuvshin noyon nuruutai hun shig sanagddag yum.
-
Anonymous (January 15, 2013 9:51:09 am )
Yg l noyon nuruutai sh dee .huuhen erguulj ehner huuhdee hayasan hun chanar muutai iim hun erunhiilugch boloh gej nuh maltaj yvaa biz tuilbargui ym
-
Anonymous (January 22, 2013 11:17:49 am )
Ug n ch deer yeiin naizuud gesen.Harin Enhtuvshin Ih hurlyn darga boloh geed Enhbayarynhaa uuryg barj bsan yavdal bdag l baih.
3 Comments