АНУ-ын нэгэн эрдэмтэн ”Энэ Монгол орон улс төрийн синдром тусчээ.
Голланд өвчнөөс гайтай улс төрийн синдромын уршгийг албан тушаалтнууд биш ард түмэн нуруундаа үүрдэг. Алхам тутамд улс төр ярьдаг, монгол хүн таарч байна. Эмгэнэлтэй хувь заяа Монголыг нөмрөх вий.
Вьетнам улс нэгэн цагт Монгол шиг болж, эцсийн мөчид дайны ирмэг дээр ирсэн” гэж дүгнэж байгаагаа ил цагаан ярьсан. Гадны эрдэмтний гайхаад байгаа улс төрийн синдром өнөөдөр бүр гаарч, андын барилдлагатай нөхөд ч арчаагүй араншин гаргаж эхэллээ.
Андууд бие биенээсээ урваж байхад, ардаасаа улстөрчдийг урвахгүй гэх баталгаа алга. Ийм дүгнэлтэнд хүргэх болсон шалтгаан нь Монгол Улсын экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын тэргүүлж буй намаас гаргасан мэдэгдэл.
Нэгэн цагт нэг намд, худалч хүнд бараг л өвөр түрийндээ орж явсан нөхрөө гэмтэн хэмээн Н.Энхбаяр хариуцлагатайгаар мэдэгдэж, ял сонсох ёстой улстөрч гэж хэллээ.
Хөрөнгө хогшил нь агуугаар хэмжигдэх болсон Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнөөдөр МАХН гэдэг улс төрийн хүчний жинхэнэ дайсан болоод тогтохгүй Монголын дайсан болсон бололтой. Чих худалч, нүд үнэнч гэж үг бий.
Энэ хоёр эрхэм суүлийн 20 жил хагацаж салшгүй хамтран зүтгэж байсан. Ц.Нямдорж, Н.Энхбаярыгаа өмгөөлж, Энхбаяр Ц.Нямдоржийг хаацайлсаар өдийг хүрсэн нь үнэн. Нэг намд, нэг Засгийн газарт гар нийлэн ажилладаг баг байсныг нь түмэн олон мэднэ.
Хэрвээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж шударга бус, олгархи хүн юм бол яагаад Н.Энхбаяр өөгшүүлэн өнөөдрийг хүргэсэн юм бэ гэсэн асуудал эндээс гарна.
Хэрвээ Ц.Нямдорж Засгийн газрын гишүүний албыг, төрийн түшээгийн суудлыг эзэгнэн суухдаа тэгж их хөрөнгө цуглуулсан бол МАХН-ын дарга Н.Энхбаяр намын Ерөнхий нарийн бичгийн даргаас өгсүүлээд төрийн өндөр алба хашихдаа түүнээс дутахааргүй хөрөнгө цуглуулсан болж таараад байна.
Хоёр хар хэрээ, бие биенийхээ харыг гайхлаа хэмээн иргэд инээж сууна. Хоорондоо мэрэлцэж, алалцаж, хуулийн байгууллагад өгч байгаа нь ч тэд үнэхээр өчүүхэн үнээр нөхөрлөлийг хэмждэг байж гэдгийг нотолж байна.
2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Цэндийн Нямдорж гэдэг нөхөр хот, хөдөөгүй Намбарын Энхбаярыг магтан дуулж хөхөө мэт урнаар донгодож байсан. Хөдөөгийн иргэд хөлдүү толгойтой биш учраас санаж л байгаа байх. Н.Энхбаяр шиг бэлтгэгдсэн, шалгарсан улстөрч байхгүй гэж хэлж, ярьж, дайралт чирлэсэн асуултуудыг нам дарж явсан.
Төрийн дээд албанд очих бүртээ Н.Энхбаяр Ц.Нямдоржийг Хууль зүй, дотоод хэргийн сайд, эсвэл Хууль зүйн байнгын хорооны дарга гээд чухал албан тушаалд зүтгүүлдэг байсны шалтгаан нь ердөө л өөрийнхөө гэмийг хаалгуулах гэсэн аргачлал байж гэсэн бодол өөрийн эрхгүй төрнө.
Энэ хоёр эрхэм сайн улс төрч үү гэвэл сайн. Намдаа лидер төдийгүй Монголын улстөрд хүчирхэгжин хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс. Харин тэдний хүч ард түмний хөгжил рүү биш, амин хувийн ашиг сонирхол рүү чиглэж байж гэж ард түмэн шуугиж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хувьдаа үнэхээр л тийм олон хаус, тоолж барамгүй мөнгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй юм бол Намбарын Энхбаярт түүнийхээс хэд дахин илүү хөрөнгө байдаг байх. Байгаа ч гэж олон хүн үзэж байна. Одоо хөрөнгө орлогын мэдүүлэг өгөхөө больчихсон юм чинь өмнөхөөсөө илүү нэмэгдсэн байх магадлал өндөртэй.
Цэндийн Нямдоржийн хөрөнгөд хэдэн зуун саяар үнэлэгдэх гурван хаус байдаг тухай МАХН-ынхан мэдэгдсэн. Харин хаа очиж, зөрүүд Ц.Нямдорж нэг их “асал”-гүйгээр Н.Энхбаяр надаас хариугаа л авах гэж тэнэг үйлдэл хийж байна хэмээн тайлбарлалаа.
Хоёулаа бууж өгөх дургүй энэ эрхмүүдийн халз тулаанд тэд өөрсдөө үрэгдэнэ гэхээс илүүтэй гэм зэмгүй ажлаа хийж яваа нөхөд, намын гишүүд ч буруутан болж магадгүй төлөв ажиглагдаж байна.
2008 оны долдугаар сарын нэгний гэм буруутай нөхдийг олж хариуцлага тооцуулна гэж улс төрчид ярьж, шударга хүний дүрд тоглож байгаа ч таван хүний амь насанд хүрч, олон хүнийг хомроглон хорьж, ял сонсгож, хэсэг хүмүүсийг хоолных нь бизнесээс салгасан энэ үйл явдлын гол буруутан нь улстөрчид өөрсдөө гэдгийг мэднэ.
Тэд хариуцлагаас мултрахын тулд найман настай балчраас авахуулаад наян настай чавганцыг шүүн тасалж, төрийн нэрийн өмнөөс үүргээ гүйцэтгэсэн цагдааг буруутгаж, гэмтэн болгохыг зорьсны зэрэгцээ татвар төлөгчдийн мөнгөөр хохирлыг барагдуулсан.
Гэмтэн үнэхээр байгаа бол гарын үсэг зурсан Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяраас авахуулаад тэр үед засагт алба хааж байсан улс төрчид болон талбай дээр уухайлан хашгирсан намуудын дарга нар л хариуцлага даах, үүрэх хэрэгтэй гэж иргэд үздэг.
Эсрэгээрээ тэд, ард түмний нэрийг бариад өнөөдөр буруутанг түмнээсээ хайж байна. Тэгээд цагдаа, шүүхийн хаалга татахаараа бие бие рүүгээ бархиран муу муухайгаа илчлэн суугаа нь өрөвдмөөр.
Ц.Нямдорж гэдэг хүн буруутай, ял сонсох ёстой улстөрч бол Н.Энхбаяр гэдэг улстөрч ч Монголын төрийг найман жил удирдаж, өнөөгийн хүнд нөхцөлд хүргэснийхээ бурууг үүрэх учиртай. Нийгэм буруу тийшээ эргэж, нийтээрээ хүнд хэцүү, хоол ундгүй, ядуу зүдүү амьдарч байгаа нь улсыг удирдаж явсан нөхдийн буруутай холбоотой.
Албан тушаалаасаа унахаараа буруугаа ухаарч, бурхны дүрд тоглох нь буруу гэж Монголын чөлөөт ахмадын холбооны тэргүүн Г.Баасан авгайгаас авахуулаад бүхий л хүмүүс ил шулуун хэлж байна.
Намбарын Энхбаярыг муу хүн, муу улс төрч гэж хэн ч хэлээгүй. Харин жаахан намбатай улс төрийн тоглолт хийгээсэй л гэж хүсдэг. Ер нь улс төрд нөлөөгөө тогтоосон томчууд халз тулалдахаар хоморгонд нь жирийн намын нөхөд, улс төрчид өртөх гээд байдаг гэмтэй. Ийм зовлонг амссан сайд, намын гишүүд, жирийн албан хаагч олон байдаг.
Түмэн мэднэ. Онцгой байдлын сайд асан С.Отгонбаяр, генерал П.Даш нарын тулаан ингэж л анх мэндэлсэн. П.Дашийг огцруулах үүрэг даалгаврыг дээрээс өгч, өнөөхөө огцруулахын тулд буруу мэх хэрэглэснийхээ гайг сайд нь амсаж хоёулаа гэмтнии эгнээңд орсон.
Араас нь Намбарын Энхбаярын уурыг хүргэж хэдэрлээд байгаа намынхаа залуучуудыг номхотгох аян “Хадгаламж” банкны 14 тэрбумын хэргээр сөхөгдөж, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлууд яригдаж, эцсийн мөчид Чимэдцэрэн гэдэг залуу хоригдол, гэмтэн болоод өндөрлөсөн.
Энэ мэтчлэн улс төржсөн олон хэргүүдийг нэрлээд байвал урсаж өгнө дөө. Сүүлийн үеийн дуулиан нь “Зоос” банктай холбоотойгоор С.Баяр гэдэг улс төрч рүү чиглэсэн мэдээллүүд. Олон Овоотын ордыг тойрон, хөрөнгө мөнгө, санхүүгийн баримт дэлгэн тавьж, банк санхүүгийн салбарт бас нэгэн буруутныг эрж хайж эхэлсэннь дээдсийн тулааны шуналын гай гэдэг нь ойлгомжтой.
Дээдэс суудлаа олохгүй бол доодос гүйдлээ олохгүй гэдэг. Өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж цагдаагийн тухай хуулинд төрийн цагдаа хүн буу хэрэглэх талаар заалт оруулсан. Яагаад болохгүй гэж…
Гэмт хэрэгтнүүд зэвсэглэн цагдааг хөнөөж болдог, гэмгүй үүргээ гүйцэтгэж яваа цагдаа хүн үхэж болно гэсэн ёс хаана байна. Дэлхийн олон гүрний цагдаагийн байгууллагынхан буу, нулимс асгаруулагч, бороохой хэрэглэж яваа.
Гудамжинд буудуулж үхсэн Монголын цагдаа байгаа гэдгийг битгий мартаарай гэж МАХН-ынханд хэлмээр. Жагсаал цуглаанаар амьдралыг хэмжиж болохгүй шүү гэж сануулмаар. Ард түмний Их хуралдай гэгчийг хуралдуулан, дарга нарын иргэдээр дамжуулан тээж хэлсэн үгсийг Монгол түмэн сонсож л байсан.
Нэр бүхий 15 олгархийг шүүе, дүүжилье. Болохгүй бол төрийн эрхийг сонгуулийн аргаар биш хүчээр авна гэж заналхийлсэн. Энэ хурлын индэр дээр Н. Энхбаяр, Л.Цог, Н.Удвал нар сууж харагдсан. Эрх мэдлээ алдахаараа иргэдээрээ түрий барьж, үймээн самуун дэгдээнэ гэж турхирч байхад Монголын төр, Монголын цагдаа, хууль хүчний байгууллага нам гүм суугаад байх уу.
Монголын төр, улс төрд ноёрхлоо тогтоосон акулуудын тулааны гайг наад зах нь
Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Ц.Сундуйсүрэн, гүйцэтгэх албаны дарга Ө. Алтангадас нар амсаад өнөөдөр тэнсэн харгалзах ялтай суллагдлаа.
Хуулийг чандлан сахиулах салбарт хориос гучин жил зүтгэсэн албан хаагчдын нурууг улстөрчид хуга дарж бай¬на. Тэгчихээд ардчилал өөрөө шударга ёс хэмээн тунхаглаж сууна. Ардчилсан нийгмийн хэмжүүр шударга ёс юм гэхэд удирдагчид нь шударга байж сурах хэрэгтэй.
Дархлагдсан албан тушаал, өнгө мөнгө, нийгэмд муу муухай нүүрлээд байгаагийн буруутны тоонд МАХН-ын дарга Н.Энхбаяр, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Цог, Н. Удвал нар ч багтана. Тэд ард түмний, агуу намынхаа ивээлээр Монгол Улсын сайдын албыг хашиж байсан нөхөд. Тухайн үедээ шударга нийгмийг тогтоох цаг хугацаа байсан уу гэвэл байсан.
Харамсалтай нь эрх дархандаа бардамнаад, гайг нь амсаж, физикийн хуулиар чөлөөт уналтын хурдaaр өндөрлөгөөс шидэгдсэн. Үргэлж агаараар ниснэ гэж бодсон бол андуурчээ гэсэн хариултыг ард түмэн, нам нь өгчихсөн хэрэг. Одоо гэтэл хамтдаа зүтгэж, бие биенээ хамгаалж, нөхөрлөж байсан нөхөд рүүгээ асаж, гэм буруутан мэтээр яллаад явж байна.
Нөхөрлөл ийм дор оржээ гэсэн бодол төрлөө. “Андын сэтгэл үгүй бол амьдралын үнэлэмж тэр хүнд байдаггүй” гэсэн сайхан зүйр үг бий. Эр хүмүүс байж, нэг муудалцаад, нударга зөрүүлээд учраа олчихдоггүй ямар их өшөө хонзонгоор энэ улс төрчид амьдарч байна вэ гэж ард түмэн жигшин зэвүүцэж байна.
Намбарын Энхбаяр ухаантай, алсыг хардаг, төрийн ажлын дадлага туршлагатай, түмний хүндлэлийг хүлээсэн улстөрч атал сүүлийн жилүүдэд гаргаж байгаа ааш авируудаас илт эрх мэдэлд шунасан өшөө авалт үнэртэх боллоо.
Эх захгүй өшөө авах энэ хилэндээ битгий л гэм зэмгүй хүмүүсийг хамруулж, тэдний амьдралыг сүйтгээсэй гэж олон түмэн бухимдаж сууна. Акулуудын тулааны уршгаар жараахайнууд үрэгдэж магадгүй байна. Бид нэгэнт л ардчилсан нийгмийг цогцлоосон юм бол идэж цадахаа мэддэггүй махчин акулуудыг устгах цаг иржээ.
Э.Дагиймаа
Эх сурвалж: “Улаанбаатар тайимс”
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 28, 2011 3:40:31 pm )
Dagiimaa chamd bayar hurgie. Chi ard tumnii setgeliig toli met bichjee. Bi ch bas busdyn adil gunee haruusaj, ulger duurnalgui uzej baigaa nuhriig haraad haramsan buhimdaj baina. Zarimdaa busdyg ilchleh gej uursduu emgenelt jujig taviad baina uu ch gej sanagdaj baina. Uchir zuigee olj, olnyhoo itgeliig bitgii husurduuleesei gej l husmeer baina.
1 Comment