“Анод” банкны удирдлагуудыг шүүх хурал өчигдөр 09:30 цагт эхэлсэн. Гэхдээ шүүгдэгчийн хүсэлтийн дагуу ирэх сарын 7-ныг хүртэл хойшлууллаа. Учир нь, шүүгдэгчдийн өмгөөлөгчид тус банкны ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Г.Энхцэцэгийг гэрчээр дуудах хүсэлтэй байгаагаа уламжилсан байна. Харин Г.Энхцэцэг шүүх хуралд ирээгүй. Нөгөөтэйгүүр хохирогч тал энэ хэргийг мөрдөн байцаалтад буцаах хүсэлт гаргасан байна.
Тиймээс шүүх бүрэлдэхүүн энэхүү хүсэлтийг хүлээн авч, хуралдааныг хойшлуулах шийдвэр гаргасан нь энэ юм. Монголын банкны дампуурал дотор хохирол, үр дагавраараа толгой цохих “Анод” банкны хэрэгт ТУЗ-ийн гишүүн Л.Уламбаяр, Н.Даваа, Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нарын 15 хүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3 буюу банкны эд хөрөнгийг завшсан, 156.3 буюу банкны хууль тогтоомжийг зөрчсөн заалтын дагуу буруутган, шүүж байгаа.Бүтэн дөрвөн жилийн турш дуншиж, буруутнууд нь ил байсаар атал шийдвэрлэхгүй байгаа энэ хэрэг өдгөө ч олны анхаарлыг татсаар байна. “Анод”-ын шүүх хурал гэх сүр дуулиантай үйл явдал байсхийгээд л болдог. Гэсэн ч, шүүгдэгч, эсвэл буруутгагч талын аль нэг нь ирээгүй, гэрч дутуу, шүүгчийн бие чилээрхсэн, өмгөөлөгчид нь завгүй гэх шалтгааны улмаас хойшилж хугацаа алдсаар байгаа.
Тухайлбал, шүүх хурал өнгөрсөн сарын 26-нд болох байсан ч ирц бүрдээгүй гэх шалтгаанаар өчигдрийг хүрсэн. Харин одоо он дамжин ирэх сарын 7-ныг хүртэл дахин хойшиллоо. Ер нь, “Анод”-ын хэрэг шүүхээр шийдэгдэх болов уу гэх хардлага нийгмийн дунд бий болжээ. Гэнэт л дампуурлаа зарласан “Анод” банк мөнгөн хөрөнгөгүй болоод арга ядан амь аргацааж, дампууралдаа эртнээс бэлдэж байсан тухай учир мэдэх хүмүүс одоо л ам нээж байна.
Энэ банкны дампуурлын гор нэлээд гашуунаар мэдрэгдэж, хадгаламжаа алдсан зарим хүн гудамжинд гарсан гэхэд хилсдэхгүй. Тэр ч бүү хэл улсын төсвөөс 100 гаруй тэрбум төгрөг гаргаж, хохирол барагдуулж байлаа. Харамсалтай нь, олон зуун хүний мөнгийг үрэн таран хийж, амьдралаар нь тоглосон буруутнууд өнөөдрийг хүртэл ял зэм хүлээлгүй, өдөр хоногийг уртасгасаар байна.
Нийслэлийн Прокурорын газрын мэдээллээс харахад Монголын тэргүүн баячууд “Анод”-ын дампууралтай холбоотой, найдваргүй зээлдэгч хэмээх нэр зүүсэн байх бөгөөд бүгдэд нь эрүү үүсгэсэн байна. “Анод”-оос их хэмжээний мөнгө зээлдээд “луу унжсан” гэгддэг баячуудын тэргүүн эгнээнд “Мон-Уран”-ы Б.Наранхүү, “Гацуурт”-ын Л.Чинбат хоёрын нэр явдаг.
Дэлхийн баячуудтай эн зэрэгцэн тансаглаж, тэр бүгдийгээ ил гайхуулдаг дээрх эрхмүүд харин “Анод”-той огтын холбоогүй гэж зүтгэдэг. Уг нь, Б.Наранхүү л гэхэд “Дүнжингарав” худалдааны төвийг барих нэрээр 15 тэрбум төгрөг зээлсэн байдаг. Харин “Гацуурт” компанийнхаа нэрээр 4.4 тэрбум төгрөгийн зээл авсан Л.Чинбат өнөөдөр хамгийн ариун цагаан хөдөлмөрч хүнээр шалгарсаар байгаа.
Энэ хоёрыг шүүхэд дуудаагүй биш дуудсан. Харин мань хоёр “Ерөөсөө зээл аваагүй” гээд халгаадаггүй гэж байгаа. Өөр нэгэн эх сурвалж тус банкны дампуурлын 40 орчим тэрбум төгрөгийн алга болсон зээлийг банкны нь захирлууд зээлж авсан, үүнийгээ гадаадын банкуудад хүүтэй байршуулсан тухай мэдээлсэн юм.
Мөн Э.Гүр-Аранз захирал өөрийн компани болох “Гүн төгөл” ХХК-ийн нэр дээр 1.1 тэрбум төгрөгийн зээл, мөн төрсөн дүү Э.Цэрэндашийн нэр дээр 5.6 тэрбум төгрөг авч “цацсан” гэдэг. Үүнээс гадна Д.Энхтөр захирлын эргэн тойрны хүмүүсийн нэр дээрх зээл долоон тэрбумд хүрсэн гэдэг бол Иргэний хөдөлгөөний намын Н.Даваагийн нэр дээр 3.9 тэрбумын зээл байдаг гэнэ.
Тухайн үед Санхүүгийн зохицуулах хороо тус банкны гаргасан хуурамч хувьцаанд бонд арилжаалах эрх өгсөн хэргээр мөн буруутгагдаж байгаа. Түүнчлэн бүхэл бүтэн дөрвөн жил өнгөрчихөөд байхад ердөө 49 тэрбумын хөрөнгө татан төвлөрүүлсэн гэдэг юм билээ. Шүүхээс хадгаламж эзэмшигчдийн хохирлыг барагдуулахын тулд “Анод” банкны байрлаж байсан төв байрыг зах зээлийн өнөөгийн ханшаар 12 тэрбум төгрөгөөр үнэлсэн.
Дажгүй байрлалтай, үзэмж сайтай энэ барилгыг худалдан авах компанийн нэр тодорхой болсон гэх сураг дуулдсан. Түүнчлэн СЗХ-ны дарга Д.Баярсайхан холбогдоод байсан ч түүний хэргийг өнгөрсөн есдүгээр сарын 28-нд хэрэгсэхгүй болгосон байдаг. Ийнхүү төр, төсвийн байгууллага, толгой баячуудын оролцоотой дампуурсан “Анод”-ын хэрэг дахин хойшилсныг хохирогчид болон уг хэргийн ажиглагч гадаад дотоодын мэргэжлийн байгууллага “Анодын хэргийг замхруулахын тулд дахин хойшлууллаа” хэмээн үзэж байна.
Эх сурвалж: “Өглөөний Сонин”
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 28, 2012 9:05:33 am )
bankuud zeel uguh bolohooroo baahan bichig tsaas neheed bdag bizdee.ter Naranhuu,Chinbat 2 bhoor uursdiinhee saihan tsaraig haruulaad tiim ih mungu avsan yumuu haashaa yum.jiriin bid lizing avah geheer tolgoi ergem olon yum shaardaj,bid burduulj baij avdag.Yaj saihan tsarai,zasvartai bie haruulj uneluulj mungu oldog arga surdag bilee.Ene 2,deer n odgereld hadag barij ochvol zaaj uguh bolovuu
1 Comment