antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 11, 2012 1 comment

Газрын тосоор дэлхийг эзлэх үү

нийтлэсэн Admin

“Роснефть” цахим хуудастаа “Үйл ажилагаагаа шинэчлэн, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх зорилго тавин ажиллана” хэмээн онцолжээ. Хойд туйлд газрын тосны 4.5 сая тонн нөөцтэй ордыг 2010 онд нээсэнтэй холбоотойгоор ирэх онуудад тус компанийн нийлүүлтийн хэмжээ дэлхийн газрын тосны зах зээлд илт нэмэгдэх тооцоо байна. Харин тэд олборлолт хүлээж суухыг хүссэнгүй бололтой.

Английн 50 хувийн эзэмшлийн “TNK-BP” газрын тосны компани ОХУ-ын газрын тосны үйлдвэрлэлийн 16 хувийг бүрдүүлдэг. Сүүлийн саруудад дуулдах болсон “Роснефть” тус компанийг худалдаж авах нь гэх цуу яриа үнэний ортой байлаа. ОХУ-ын төрийн өмчит компанийн удирдлагууд Английн British Petroleum (BP) газрын тосны “акул”-тай хэлэлцээрийн ширээнд сууж, тус компанийн хувьцааг 17.1 тэрбум ам.доллараар “өөрийн” болгох гэрээг үзэглэсэн юм. Ингэснээр “Роснефть”-ийн газрын тосны үйлдвэрлэл 16 хувиар өсөж байгаа аж. Түүнчлэн “Консорцуим ААА”-ын мэдлийн үлдсэн 50 хувийг 28 тэрбум ам.доллараар худалдаж авахаар болжээ. Ийнхүү тус компани “TNK-BP” компанийг 100 хувь эзэмшиж, улмаар дэлхийн нефтийн бүтээгдэхүүний зах зээлд тэргүүлэгчдийн нэг болж байгаа юм.

Тэргүүлэхэд төлөөс нь юү вэ?

ОХУ-ын хувьд дээрх гэрээг тун ашигтай нөхцөлөөр хийсэн гэх. Дотоодын гурав дахь том газрын тосны үйлдвэрлэгчийг “Роснефть”-ээр овоглох амаргүй байсан биз. Гэрээний дүнд “Роснефть” компанийнхаа 12.84 хувь, улсын мэдлийн 76 хувийн 5.66 хувийг харийн гарт өгөх болсон бөгөөд цаашид ч алдах магадлалтай. Орос ахан дүүсийн эл шийдвэр зөв эсэхээр олон улсын шинжээчид маргаж дуусаагүй л байна.

Зээл, хөрөнгийн сангаас санхүүжилт босгохоор төлөвлөсөн тус компанид Английн мэдлэг, чадвартай нефтийн мэргэжилтнүүдийн тусламж хэрэгтэй нь тодорхой. Хувьчлах нэрээр тэдний ур чадварыг “хувьчлах” стратеги хэрэгжүүлж байна гэх шинжээчид ч байгаа юм. Учир нь 2010 онд олборлолт, үйлдвэрлэл нь дундаж хэмжээнээс 6.2 хувиар унасан, улмаар Standard & Poor’s “Роснефть”-ийн үнэлгээг “BBB-“ зэрэглэл рүү бууруулсан нь тус компанийн удирдлагуудын хувьд хатуухан алганы амт болсон юм. Иймээс тэд дотоодын төдийгүй дэлхийн нефтийн бүтээгдэхүүний зах зээлд нэр хүндээ сэргээхийг эрхэмлэх болов. Хамгийн сүүлд үзэглэсэн гэрээ, урд хөршид 13 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр барих төсөл гээд хүрээгээ тэлэх бүхий л аргыг хэрэгжүүлэхээр зориг шулуудсан юм. “Роснефть дэлхийн эдийн засаг болон өрсөлдөөний салбарт хүч түрэн орно” хэмээн ОХУ-ын Эдийн засаг хөгжлийн яамны сайд Андрей Белоусов онцолсон удаатай. Сайдын хэлснээр “Роснефть”-ийг хувьчлах асуудал тус компанийн тэргүүлэх байр суурьт нөлөөлөхгүй аж. Үйлдвэрлэл, нөөц, капиталаараа дэлхийд цойлох тус компани ОХУ-ын үндэсний ашиг, сонирхол болон өрсөлдөх чадварыг ахиулах гол “хэрэгсэл” болж байгааг тэрбээр хэлсэн байдаг. ОХУ-ын Ерөнхийлөгч Путин “Роснефть”-ийн захирал Игор Сечинтэй хийсэн уулзалтынхаа үеэр “TNK-BP компанийг худалдан авах гэрээ мөн “Роснефть”-ийн зургаан хувийг ирэх онд хувьчлах хэлэлцээрүүд дотоодын эрчим хүчний салбарт төдийгүй улсын эдийн засгийн өсөлтийн хувьд чухал үүрэгтэй” хэмээн онцолжээ. Тэрбээр “British Petroleum гэрээнд гарын үсэг зурсан нь барууны түншүүд бидэнд итгэж байгаагийн илрэл” гэж олзуурхсан байна.

Ирээдүйд…

“Роснефть” компани жилд нийт олборлолтынхоо 53.6 хувийг экспортолдог. Үүний 98.8 хувийг Тусгаар улсуудын холбооны бус орнуудад нийлүүлдэг байна. Дээрх 98.8 хувийн 52 хувь нь түлш, 32 хувь нь дизель түлш байдаг бол 12 хувь нь керосин аж. 2010 оны байдлаар нийт 25.81 сая тонн газрын тос экспортолсны 10.12 сая тонныг Азид нийлүүлжээ.

Харин “TNK-BP” компанийг элсүүлсэн тул дээрх тоо нэмэгдсээр байх аж. Дэлхийн нефтийн бүтээгдэхүүний дийлэнх хувийг үйлдвэрлэх “Роснефть” зорьсон нэр хүндийг олохын зэрэгцээ дэвшилт технологийг нэвтрүүлэх нь гарцаагүй. Энэ талаар санхүүгийн зах зээлийн шинжээч Витали Крюков “Роснефть хайгуулын маш олон төсөл хэрэгжүүлдэг. Харин одоогоор хамгийн томд тооцогдож байгаа нь Хойд туйлд илрүүлсэн ордын олборлолтын ажил. Английн газрын тосны компанитай хамтрах болсон нь олборлолтыг түргэсгэх сайхан боломж. Хойд туйлын тэсгэм хүйтэнд нефть олборлоно гэдэг амаргүй. Гэхдээ тэд энэ ажлыг гаднын мэргэжилтнүүдээр хялбар хийлгэх арга олсон” хэмээн ярьсан байна.

Төрийн өмчит “Роснефть” компанид Хойд туйлд газрын тосны хайгуул хийх ОХУ-ын зөвшөөрлийн 75 хувийг олгохыг Ерөнхийлөгч Путин үүрэгджээ. Ингэснээр гадаадын болон дотоодын компаниуд тус хэсэгт ямар нэг үйл ажиллагаа явуулах бол “Роснефть”-ээс зөвшөөрөл авч, гэрээ байгуулах ёстой болж байгаа юм. Харин байгалийн хий олборлох байгууллагууд ОХУ-ын төрийн өмчит “Газпром”-ын үгээр байх шаардлагатай ажээ.

Энэ оны гуравдугаар улирлын дүнгээр “Роснефть” 5.77 тэрбум ам.долларын ашигтай ажилласан байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 30 гаруй хувиар өссөн үзүүлэлт юм. Ганц жилийн дотор ашгаа ийнхүү нэмэгдүүлж чадсан тус компани дэлхийг хэрэх экспортын замаа өргөсгөж байгаагийн нэг илрэл хэмээн шинжээчид дуу нэгтэй дүгнэж байна.

“2012 оны гурав дахь улирлын дүн эерэг гарсан нь манай компани зардлаа багасгаж, хүртээмжийг чухалчилж ажилласны үр дүн” хэмээн “Роснефть”-ийн захирал Игор хэлжээ. Харин тус компанийн санхүүгийн дэд захирал Димитри Авдийв “TNK-BP компанийг худалдаж авснаар бид үйлдвэрлэлийн зардлаа багасгах боломжтой болсон. Цаашид ч энэ зарчмаар үйл ажиллагаагаа явуулна. Харин хэмнэсэн мөнгөө байгууллагынхаа логистик болоод төслийн хэрэгжилтийг сайжруулах, захиргааны урсгал зардлыг багасгах зэрэгт төвлөрүүлнэ” гэжээ.
ОХУ-ын нефтийн бүтээгдэхүүний 40 хувийг бүрдүүлэх эл компанийн ирээдүй гэрэлтэй байна. Өдөрт 2.73 сая баррель газрын тос үйлдвэрлэх хүчин чадалтай болсон тус компани дээрх тооцоог ирэх онд хоёр хувиар нэмэгдүүлнэ хэмээн газрын тосны салбарын шинжээчид гаргаад байна.

Б.ҮҮРИЙНТУЯА
Эх сурвалж: www.mongolianeconomy.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (December 11, 2012 3:17:15 pm )

    orosuud bol chadna sh de

antalya rent a car