УИХ Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар удтал дуншив. Дунших гол шалтгаан нь
өнөөх МАН-ыг бүлэгтэй болгох тухай асуудал. Сөрөг хүчингүй парламент төр барьсаар байгаа нь харамсах асуудал мөнөөс мөн. Тиймээс энэ доголдлыг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар засахаас өөр аргагүй. Гэхдээ 24 цагийн дотор бүлэг байгуулах тухайгаа мэдэгдэх гэсэн гажиг цоорхойгоо засаад завсарлагыг хугацаатай болгох хэмээн өөр нэгэн гажигийг хуульд суулгаж өгөх гэж буй нь харамсалтай байна. Ардчилсан хувьсгалыг ялуулаад 23 жилийн нүүрийг
үзэж байна хэмээн хөөрцөглөх Ардчилсан намынхан эл хуулийн нэмэлт өөрчлөлтийг оруулж ирж байгаа нь ардчиллаасаа алхам ухрах нүхээ өөрсдөө ухсан хэрэг болов. Хүчтэй сөрөг хүчинтэй байна гэдэг парламентат засаглалтай манай орны хувьд ардчилсан гэх тодотголын үндэс нь энэ гайтай хөөтэйгөөрөө дуудуулаад ад үзэгдээд байгаа завсарлага болж байлаа. Сөрөг хүчин эрх баригчдын явуулж байгаа бодлого, асуудал ард түмний эрх ашгийн эсрэг байвал парламентаас завсарлага авдаг байв.
Үүнээс нь болоод тухайн асуудал олны анхаарлын төвд орж яг юуг хэрхэх гээд байгааг нийтээрээ хэлэлцсээр ирсэн. Ухаандаа өнгөрсөн парламентын үед Ардчилсан намын зөвлөл хамгийн их завсарлага авдаг байв. Л.Гансүх зөвлөлийн даргын хувиар чуулганы хуралдаанд орж ирж мэдэгдлээ уншаад л завсарлага авч Ардчилсан нам хурал хаяснаар чуулганы ирц бүрдэхгүйд хүрч цаашлаад тэдний завсарлага аваад байгаа асуудалд хэвлэлийнхэн анхаарлаа хандуулан улмаар ард түмэн татагдан орж онцгой анхаардаг байсныг мартаагүй байна. Ингэснээрээ Ардчилсан намын зөвлөл тухайн үедээ олон асуудлыг үр ашигтай тал руу нь эргүүлж дөнгөсөн. Мөн магадгүй парламентын түүхэнд хамгийн удаан, хамгийн олон удаа завсарлага авсан байх. Гэхдээ ингэж авсан завсарлагын үр дүн гарч байлаа.
Гэтэл энэ удаа УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар завсарлага авах хугацааг тав хоног байхаар оруулж байна. Нэгэнт л завсарлага авсан тал тав хоноод гүйгээд ороод ирэх юм чинь хэмээн хандаж маргаан үүсгэсэн асуудлыг эргэж харахгүй, тал талаас нь ярилцаж сайжруулахыг ч хүсэхгүй. Ингэхээр завсарлага авах гэдэг асуудал өнөөгийн парламентын өнгөн дээр ор үндэсгүйгээр байхгүй болно л гэсэн үг болчихоод байна. Гэхдээ цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэж үг бий. Ардчилсан нам энэ удаад эл нэмэлт өөрчлөлтийг хүч түрэн хийлээ ч эргэх нигууртай энэ нийгэмд дараа дараагийн сонгуулиудын үр дүнгээр цөөнхийн байранд очвол… гэх үүднээс асуудлыг харах шаардлагатай байх аа.
Үүнийг хэн ч таашгүй тул хуулийг зөвхөн өнөөдөртөө зориулан үйлдвэрлэж, өөрсдөдөө ашигтайгаар бичихийн эсрэг ардчиллынхан яг энэ заалтаас сэтгэл гаргаж эхэлбэл ямар вэ.
Ардын намынхны тухайд мэдээж хэрэг бүлгээ байгуулахын тулд юуг ч хүлээн зөвшөөрөхөөр нөхцөлд байна. Харин парламентын хамгийн ахмад гишүүн, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл л Ерөнхийлөгчид илгээсэн захидалдаа “20 жил мөрдсөөр ирсэн цөөнх завсарлага авдаг хуулийн заалтыг хязгаарлахаар болж байгаа нь парламентын ардчилал хумигдах нь гэсэн дүгнэлтэд хүрэхээр байна. Ерөнхийлөгч өө, УИХ-д зөвшилцөл ойлголцлын ардчилсан арга механизмыг сэргээх, хүчээр түрий барихыг зогсооход таны зүгээс бодитой санал санаачилга гаргаж туслахыг хүсч байна” гэж бичсэн байна.
Одоогийн байдлаар Ерөнхийлөгч л лав парламентын хамгийн ахмад гишүүний энэ захидалд ямар нэгэн байдлаар хариу илгээгээгүй байгаа.
Гэхдээ парламентаар эл хуулийн төсөл эцэслэн хэлэлцэгдэж дуусахаас өмнө ардчилсан Ерөнхийлөгч маань бодитоор харж асуудлыг зөв голдиролд оруулж магадгүй л юм.
Хэрвээ энэ хуулийн заалт “Бүлэг байгуулах”, “МАХН засгаас гарах” гэх мэтийн улс төрийн шинж чанартай шуугиант асуудлуудын ард үлдээд энэ хэвээрээ батлагдчихвал хожим хойно эл цоорхойг засахаас аргагүй болж ахиад л нэмэлт өөрчлөлт дагуулах нь тодорхой. Олонх популизм хийх, төрийн үйл хэргийг дураараа эргүүлэх боломжийг бүрдүүлэх завсарлагыг хугацаатай болгох гэх эл заалт нь ардчиллаас Монгол Улс алхам ухрах гарц болно гэдгийг төрийн түшээдэд олонхын бүлэгт сануулах юун.
М.Мөнхчимэг
ӨДРИЙН ШУУДАН
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 11, 2012 1:40:35 pm )
munhchimeg setgyylchee aliwaa yum hygtsaatai bh yostoi tegeed l honog togtooson bn sh d yyniig oilgohgyi bgaa maa daa 10 honowol yanwee aan
1 Comment