-Энэ тоодон панзын өргөө мөн үү
-Мөөн та бүхэн дээшээ суу
-За Равсал панзтан энэ жилийн Даншигийн наадамд хэн түрүүлэх бол
-Тааж мэддэг таван хаан биш. Тамшаалж хэвтдэг тарлан бух биш. Би яаж мэддэг юм.
-Танай энэ хүрз шиг хар юм түрүүлэх гээд байгаа юм биш үү
-Аз хүү байвал ёоз хүүгээр цохидог юм. Далайцэрэн хүү Хүй мандлын торгон дэвжээнд түрүүлэхийг хэн байг гэдэг юм.
-Аа тийм бий. Ингээд… гээд л торгон дээл, хантааз өмсөөд асрынхаа хойморт данхалзан суух Равсал панзыг ваар дүүрэн айрганд толгойгоор нь дүрдэг хэсэг “Гарьд магнай” кинонд гардаг даа.
Равсал панзын дүрд Монгол Улсын гавьяат жүжигчин Бадамраагийн Магсаржав тоглосон гэдгийг хүн бүр мэдэх биз ээ. Түүнийг “Гарьд магнай” кинонд Равсал панзын дүрд тоглосноос хойш Магсаржав гэж дуудах хүн гарын таван хуруунд багтахаар цөөрчээ.
Гудамжинд таарсан хүмүүс “Хөөе Равсал панз, Тоодон панз явж байна” гэдэг байна. Түүнийг бүтээсэн дүр ард түмний дунд мөнхөрч, бүр аав ээжээс нь өгсөн нэрийг нь хүртэл өөрчилжээ. Эндээс та бүхэнд ойлгогдож байгаа байх. Энэ удаагийн “Танайд өнжье” булангаа Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Магсаржавынхаас бэлтгэсэн юм.
Түүний гар утас руу нь залгаж “Танайд өнжих гэсэн юм” гэтэл “За манайд хүн өнжих ч хэцүүхэн л байгаа шүү. Гэхдээ юу ч гэсэн хүрээд ир. Би Дэнжийн 1000-ийн хажууханд байдаг “Нарантуул-II” зах дээр явж байна” гээд утсаа салгачихдаг байна шүү. Бид ч мань эр тэндээсээ гараад явчихаж магадгүй гэж бодоод “Хүчит шонхор” захын хажуу талын “Нарантуул-II” зах дээр яваад очлоо. Захын хаалгаар яваад ортол өөдөөс Магсаржав гавьяат маань баруун сугандаа арав гаруй цаасан хайрцаг нугалаад хавчуулчихсан. Нөгөө гарандаа гялгар ууттай литр бололтой сүү, цагаан будаа бариад гараад ирдэг юм байна. Жавар тачигнаж байгааг ч хэлэх үү, бид мэнд мэдэлцээд л тэдний гэр рүү явлаа. Магсаржав гуайнх “Нарантуул-II” захын зүүн хойд талын замаар дээшээ өгсөж яваад өндөр хүчдэлийн шонгийн баруун дэнжид байдаг юм байна. 07 га арай хүрэхгүй болов уу гэмээр газарт нар, салхи бороонд онгож гандсан, өмнө нь ногоон өнгөөр оохордож байсан бололтой байшин байх аж. Тэрбээр “Энэ муу байшин над шиг өгөрөөд байгаа юм. Хүүхдүүд тоосгоор өнгөлж өгөх гэсэн чадсангүй. Ирэх жил дуусгах юм гэсэн. Одоо дутуу байгаа юм. Гэсэн ч гал түлчихвэл пүн хийгээд л явчихдаг юм” гэсээр гэрийнхээ хаалгыг онгойлгов.
Ингээд гэр рүү нь яваад орлоо. Монгол Улсын гавьяат жүжигчин Магсаржавынх жижигхэн хоёр өрөө байшинд тохилог суудаг юм байна. Тэрбээр таван хүү, хоёр охинтой, сүүлийн үед зээ охинтойгоо хамт амьдарч байгаа юм байна. Хүүхдүүд нь ээлжээр аав дээрээ өдөр бүр ирдэг юм билээ. Харин зээ охин Мандухай өвөөгийнхөө амь. Өвөөдөө хань болдог ганц хүн нь болжээ. Жижиг өрөөндөө усны тэргээ хана түшүүлээд тавьчихаж. Хажууд нь 25 литрийн шар сав байх аж. Мөн “Цэвэр агаар” төслийн хүрээнд гэр хорооллын айлуудад тараасан утаа бага ялгаруулдаг зуухтай юм байна. Биднийг том өрөөндөө оруулчихаад цай, тавгийн идээ авч өгөөд “Гал сайхан ноцсон байна. Одоо дээрээс нь нэмээд гал өрдөөд өдөржин дулаахан байна” хэмээн ярьсаар жижиг өрөө рүүгээ яваад орлоо. Тэгснээ захаас олж ирсэн цаасан хайрцгаа жижиглээд зуух руугаа хийж байгаа харагдлаа. Мөн хувингаар нүүрс оруулж ирж зуух руугаа хийчихээд, хөргөгчнөөсөө мах гаргаж тавилаа.
Бид ч энэ хооронд гэртэй нь танилцаад авлаа. Баруун тийшээ харсан хоёр жижигхэн цонхны доор ширээ, сандал тавьчихаж. Хойморт нь Солонгосын сүүлийн үеийн загварын гэх ор байх аж. Орны хөлд хувцасны шкаф байрлуулжээ. Харин зүүн ханаараа дүүрэн жаазтай зураг өлгөжээ. Ихэнх нь кинонд тоглож байхдаа авахуулсан зураг байх юм. Хамгийн сүүлд “Тэнгэрийн хүү” уран сайхны кинонд тоглосон чонын арьсан хувцастай, хацар нь гүн сорвитой зураг өлгөөтэй байх аж. Зүүн хананд өлгөөтэй байгаа зурагнуудын ихэнх нь “Гарьд магнай” кинонд тоглож байхдаа авахуулсан зураг байгаа харагдана. Тэр дундаа айрганд толгойгоо дүрүүлж байгаа зураг содон харагдлаа. Ингээд түүнтэй нутаг усных нь талаар яриагаа эхэллээ.
Б.Магсаржавын аавыг Бадамраа гээд хилийн цэрэгт насаараа ажилласан хүн байсан аж. Уул гарал нь Говь-Алтай аймгийн Тайшир сумынх. Харин ээж нь Ховд аймгийн хүн юм байна. Магсаржав гуай айлын том хүү аж. Ховд аймгийн Булган суманд Улиастайн цэргийн ангид төржээ. Тэрбээр “Ээж зүгээр байж байснаа гэнэт өвдөөд л би төрчихсөн юм билээ. Намайг орос эмч эх барьж авсан гэнэ лээ. Хүмүүс голдуу аавын төрсөн нутгаар овоглодог болохоор Говь-Алтайн Тайшир гэж явдаг. Уг нь Ховдын Булганаараа явбал зүгээр” гэв. Бадамраагийнх 1953 онд Улаанбаатарт ирсэн гэнэ. Өөрөөр хэлбэл гавьяатын хүүхэд нас нийслэл хоттой салшгүй холбоотой юм байна. Тэрбээр 11 настай байхдаа хотод иржээ. Сургуульд орох гэтэл нас хэтэрсэн гээд тухайн үеийн сургууль авахгүй хэцүүдэж байсан юм байх. Аав, ээж нь аргаа барахдаа гурван нас дарж байж одоогийн гуравдугаар дунд сургуульд оруулж байжээ. Тэр үед гуравдугаар сургууль Янжмаагийн нэрэмжит гэгдэж байж.
Мөн хүүхэд байхдаа хурдан морь сайн унадаг байсан гэнэ. Түүний аав хотод ажиллаж байгаад Хэнтий аймгийн Хэрлэн Баян-Улаанд томилогдож очжээ. Аавыгаа дагаад Хэнтийд очиж хамаатнуудынхаа хурдан морийг унаж, овооны наадамд олон түрүүлсэн гэнэ. Хурдан морь унадаг бусад хүүхдүүдийг бодвол сэргэлэн байсан учир унаж байгаа морио дээгүүр давхиулж чаддаг байлаа хэмээн хүүхэд насаа дотроо бодов бололтой инээмсэглэж суусан. Тэрбээр хурдан морь унаж байсан үеэ “Морин дээр шувуу шиг нисдэг байж” хэмээн тодотгосон. Ингээд хүүхэд насны дурсамжаас жүжигчин болсон түүх рүү орлоо. Улсын хүүхдийн театрт 1964 онд дагалдан жүжигчнээр анх орсон гэнэ. 18 настай юугаа ч мэдэхгүй хүүхэд Хүүхдийн театртын босгыг давж байхдаа ирээдүйн мундаг жүжигчин, цаашилбал “Равсал панз” болно гэдгээ яахан мэдэх билээ. Түүнтэй хамт “Говийн зэрэглээ” кинонд арслан дүрээр тоглодог найруулагч, жүжигчин Г.Доржсамбуу, Л.Лхасүрэн, найруулагч И.Нямгаваа, С.Балданпүрэв нар дагалдан жүжигчнээр орж байжээ. Ийнхүү ардын жүжигчин С.Гэндэн, Э.Оюун, Л.Ванган, хүүхдийн театрын А.Очирбат, Г.Энхтуяа, Н.Дугарсанжаа нарын гарын шавь болсон түүх энэ аж.
ЧИНГЭС ХААНЫ ДҮРИЙГ АНХНЫ БҮТЭЭСЭН ЖҮЖИГЧИН
Түүний анхны дүр Л.Ванган багшийн “Жирийн хүмүүс” жүжгийн дублёр дүр гэнэ. Анх тайзан дээр хоёр өвдөг нь чичирсэн амьтан гарч, танхим дүүрэн үзэгчийн алга ташилтаар урам орж байжээ. Түүнийг Монголын анхны Чингэс хаанд тоглож байсан жүжигчин гэдгийг мэдэх хүн ховор байх. 1976 онд Дархан хотод очоод, 1977 онд Хүүхдийн театрынхантай Герман яваад иржээ. Гэтэл Чингэс хааны жүжиг хийнэ. Тоглох хүн нь тодорхойгүй байна гэсэн яриа газар авсан байжээ. Тухайн үед “Гэрлэж амжаагүй явна” киноны гол дүрийн жүжигчин Хүрлээ, Ё.Цогоо, Буржгар Жагаа, Дэлгэржаргал, Оюунчимэг, Лхагвасүрэн гээд шижигнэсэн залуус өрсөлдөж байсан гэнэ. Тэдэн дундаас найруулагч нь “Чингэст Магсаржав тоглоно шүү” гээд шууд тулгажээ. “Би намхан. Яаж тоглох юм бэ. Хүмүүс шоолно. Тайзан дээрээс жижиг харагдана ш дээ” гэж хэлтэл “тогло” гэчихээд яваад өгсөн. Ийнхүү Чингэс хааны анхны дүрийг бүтээсэн жүжигчин болжээ. Улаан-Үдийн драмын театрт Чингэс хаан жүжгээ тавьжээ. Хүмүүс пиг дүүрэн суучихсан хаадын хувцас хэрэглэл өмссөн “том амьтан” хоёр гараа дэлгээд л жүжгийн төгсгөл дээр нь “Алд бие минь алжааваас алжаатугай, Ахуй төр минь бүү алдартугай” гээд үгээ хэлж дуусаагүй байтал дээлийнх нь хормойноос буриад эмгэн, өвгөн хоёр зуурчихаад “Хүү минь Монголоо нэгтгээч” гээд уйлаад сүйд болсон гэнэ. Нөгөө хоёр хөгшин уйлаад л тэр хавиар нэг шуугиан болжээ. Магсаржав гавьяатын анхны киноны дүр “Улаан дарцаг” киноны тогооч Дагвын дүр гэдгийг хүмүүс мэдэх биз ээ.
“САЙДАА ЖИЖИГХЭН ХҮНЭЭС МУУХАЙ САНАА ГАРДАГ”
Магсаржав гуайгаас “Таныг “Гарьд магнай” кинонд ваартай айрганд дүрдэг хэсэгт яг айрганд дүрсэн юм уу, эсвэл сүүнд дүрсэн юм уу” гэж асуулаа. Тэрбээр “Дээр үеийн хүмүүс нарийн зүйл их ажигладаг гярхай хүмүүс шүү. Сүү, цайнд дүрэхэд шууд урсчихдаг гэнэ. Харин хүнийг айрганд дүрэхэд зам татуулж урсдаг юм билээ. Зураг авалтын үеэр айрганд толгойгоор нэг л дүрсэн хамар, нүд хорсоод хэцүү юм билээ. Гэхдээ түүнийгээ их бэлгэшээдэг юм. Тэргүүнээ цагаан идээнд хүргэнэ гэдэг хувь тохиол юм шүү” хэмээн ярив. Түүнийг Равсал панзын дүрд шууд авсан гэнэ. Бунтар найруулагч Магсаржав гавьяатын зургийг бариад Соёлын яамны коллегиор үзүүлтэл “Чи баян хүний дүрд дандаа жижигхэн хүн авч байх юм. Баян хүнд сүрлэг том биетэй, тарган цатгалан хүн тогловол зүгээр” хэмээн хурал удирдаж байсан хүмүүс хэлжээ. Харин Бунтар найруулагч тухайн үеийн Соёлын яамны сайдад “Сайд аа, тийм биш шүү дээ. Жижигхэн хүнээс муухай санаа гардаг юм ш дээ” гэсэн гэдэг. Тэгээд л Равсал панзад тоглох зөвшөөрөл өгчээ.
Тэрбээр хувьсгалаас өмнөх баячуудын амьдрал, тухайн үеийн ёс заншил, морьтой харьцах, эмээл хазаар, хүнтэй мэндлэх, айраг, архиа яаж хүнд өгөх гээд олон зүйлийг мэдэхгүй байсан учир дасгал сургууль хийж баян хүний дүрийг бүтээж байсан тухайгаа ч хуучлав.
Магсаржав гуай амьдрал дээрээ Равсал панзаас огт өөр хүн юм. Тэрбээр 1990 оны дунд үед театрууд татан буугдаж, жүжигчид хойшоо, урагшаа наймаанд гахай үүрээд явсан үе бий. Тэр шуурганд өртөлгүй мэргэжилдээ үнэнч үлдэж, театрынхаа тайзыг хамгаалсан цөөн хүний нэг. Түүнийг наймаа хийж амьдралаа дээшлүүлэх нь битгий хэл хүүхдийнхээ багадсан гутлыг ч солиулаад ирэх наймааны нүдгүй хүн хэмээн гэргий нь загнадаг байсан гэдэг. Тиймдээ ч би алтан тайзаа орхиогүй хэмээн санаа алдан ярив. Цалингаас цалингийн хооронд хоёр идэж, хоосон хонолгүй явсаар өдий хүрснээ ч нуусангүй. “Равсал панзынх” Дархан, ХААИС-ийн дотуур байр, Улиастайн цэргийн ангийн байр, Баянхошууны эцэс гээд олон газар бууриа сэлгэсэн юм билээ.
БАГЫН НАЙЗ ГЭДГЭР СОДНОМ ИРЭВ
Ийнхүү ярилцаж байтал гаднаас буурал толгойтой 70 гаруй насны болов уу гэмээр хүн ороод ирэх нь тэр. Магсаржав гуай “Хүүш Балданпүрэв. Ямар сонин хүмүүс хүрээд ирээ вэ” гээд л нөгөө хоёр чинь тэврэлдээд авлаа. Балданпүрэв гэдэг хүн бол мөн л олны танил жүжигчин. Хатанбаатар Магсаржав киноны өмдөндөө “морь хардаг” Гэдгэр Содном гэдэг нөхөр чинь дүрээрээ ороод ирлээ. Мөн “Анхны алхам” киноны өвгөнтэй нүдээ боож байгаад өвс хаддаг нөхөр. Энэ хүн Монголд анх удаа хосолмол зургийг гаргаж ирсэн хүн юм билээ. Зураач, дархан, зураглаач, найруулагч, жүжигчин гээд л олон мэргэжилтэй. Магсаржав гуайн гарын таван хуруунд багтах дотны найзын нэг нь. Тэрбээр хамгийн сүүлд Герман, Австрийн хамтран бүтээж буй дэлгэцийн томоохон хэмжээний бүтээлд хувилгаан ламын дүрд тоглоод иржээ. Одоо Төв аймгийн театрын найруулагч хийж байгаа юм байна.
Хоёр найз ингэж ярьж байна. “За өвгөн Төв аймаг явсан гэл үү. Надад ажил байна уу. 20 гаруй жил чөлөөт уран бүтээлч гэж явлаа. Хийх юм байхгүй уйдаад л байх юм. Чи ойрд ирсэнгүй. Цаад муу Хөх чоно ирээд явсан. (Хөх чоно гэдэг МУГЖ Дамдинг хэлж байгаа юм.) Ё.Цогоо, Алтан-Өлзий хоёртой утсаар яриад л байгаа” гээд л дандаа таньдаг жүжигчдийг ярьж байна шүү. “Хөх чоно идшиндээ Булган явсан гэнэ. Надад мах авчирч өгнө гэж байна лээ” хэмээн Магсаржав гуай нэмж хэлэв.
Харин С.Балданпүрэв гуай “За нөгөө хэдийг зүглүүлээд ирлээ. Овоо юм болох нь. Би чиний захисан “юм”-ыг аваад ирлээ. Таарах байх. Жижиг юм билээ. Та намайг бодвол МУГЖ хүн. Ардчилсан Ерөнхийлөгч гарч байж л чи бид хоёр энгэрээ цоолох хувьтай байжээ” хэмээн надад хандан ярилаа.
АРДЧИЛСАН ЕРӨНХИЙЛӨГЧ МУГЖ ЦОЛ ОЛГОВ
Эндээс өлгөж аваад гавьяат авсан талаар яриа өдлөө. “Та чинь яаж яваад тээр сүүлд гавьяат болдог хүн бэ” гэж асуулаа. Харин энэ асуултын хариултыг “Би Ардчилсан намын хүн шүү дээ. Үүнээс болоод л би гэдэг хүн Соёлын тэргүүний ажилтанг 1997 онд авсан юм. Тэгэхэд одоо захын хүнд СТА өгч байна. Миний шагнал гэвэл 1985 онд Алтангадас, 1991 онд 70 жилийн ойгоор Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон авсан. 2005 онд “Хошин аялгуу” гэдэг кинонд тоглоод шилдэг дүрийн шагнал авсан л даа. Үүнээс хойш энгэрээ цоолоогүй байсаар 2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн захирамжаар Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ” гэв.
Түүнийг 2010 онд гавьяат болгосон нь их сонин түүхтэй юм билээ. Тэр ардчилсан намын гишүүн. 1990 онд жагсаал цуглаанд тэргүүн фронтод явсан хүмүүсийн нэг. Дархан хотод цагаан морин жил ардчиллын салхийг сэвэлзүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэжээ. Хэт шулуун, шударга, хэлье гэснээ хэлж байж санаа нь амардаг зангаасаа болоод гавьяа шагналын ард үлддэг байснаа одоо л ойлгож байгааг ярив. Үүнээс болж МАН-ынхан түүний энгэрийг цоолохоос татгалздаг байсныг ч нуусангүй.
Ингээд гавьяат болсон талаар ярив. “Нэг нөхөр жаахан халамцуу байсан л даа. Чи гавьяатаа авахгүй үхсэнээ хийгээд тэнээд явдаг юм. Чи авах хэрэгтэй. Энхбаярт хэл” ч гэх шиг намайг загнаж гардаг юм байна. Ингэж хэлүүлэх надад эвгүй байсан. Хэдэн кинонд тоглоо л биз. Тэр том шагналыг би авах ёстой хүн нь мөн ч юм уу, биш ч юм уу гэж тухайн үед бодогдож байсан. Тэгээд тодорхойлогдоод явахаар өгөхгүй байхаар нь СТА-аараа дуусах юм байна гээд бат итгэчихсэн байсан. Тэгсэн 2010 долдугаар сарын 9-ний орой “За тоодон панз гавьяат болж. 11-нд ирж тэмдгээ аваарай” гэдэг байгаа. Би ч итгээгүй. Тэгсэн “Ерөнхийлөгчийн Тамгын газраас ярьж байна” гээд нэг хүүхэн ярьж байна. Бас итгэж өгдөггүй. Тэгээд Төрийн ордонд яваад очтол Ерөнхийлөгч гавьяат цол өгсөн. Тэр үед сайхан цаг ирж байгаа юм байна гэж бодогдоод сайхан байсан. За тэгээд гавьяатынхаа тэмдгийг зүүгээд хүн бүр баяр хүргээд цайллага хийсэн. Энэ муу байшинг өргөчих гээд л хүн бүр ирж баяр хүргээд сайхан байсан” хэмээн ярив. Гавьяат болон Алдангадас зэрэг төрийн одонгуудаа нандигнан боогоод орныхоо дээд талын шургуулганд хийснээ гаргаж, нэг нэгээр нь тайлбарлан үзүүлэв.
ГЭР ХОРООЛОЛД АМЬДАРЧ, ЦААСАН ХАЙРЦАГ ТҮЛЖ, ӨӨРӨӨ УСАА АВДАГ ЧӨЛӨӨТ УРАН БҮТЭЭЛЧ МАГСАРЖАВ
Түүнийг гавьяат болоод явж байхад Автобусны жолооч зам дээр зогсож байгаад баяр хүргэжээ. Тэр жолооч 20 мянган төгрөг өгсөн гэнэ. Мөн “Хүчит шонхор”, “Нарантуул-II” захын наймаачид зарж байгаа юмнаасаа бага гэлтгүй авч өгч, зарим нь бүр 500 грамм мах, цагаан идээ хүртэл боож өгч байжээ. Түүнийг нь зунжин хоол хүнсэндээ хэрэглэсэн гэнэ. Түүнтэй хамт Ё.Цогоо, Алтан-Өлзий гээд найз нар нь гавьяат болжээ.
Магсаржав гуайнх өнөр өтгөн болжээ. Хүүхдүүдийнхээ гэрт байх гэхээр тэдний амьдралд гай болох юм шиг санагдаад ийнхүү гэр хороололд амьдарч байна гэв. Том хүү Батхишиг нь Налайх дүүрэгт амьдарч байгаа юм билээ. “Гарын таван хуруу” кинонд тоглосон юм билээ. Айлын цонх хагалдаг хүү түүний том хүүхэд юм байна. Мөн Нарангэрэл нь Баянбүрдэд байдаг юм байна. Наранбаатар нь ачааны машины жолооч, Наранцацаралт гэх охин нь Японд сурч байгаа бол Наранцогт нь “Зохиомж” дээд сургуульд сурч байгаа аж. Харин бага хүү Наранмөнх нь X-Арт гэх студид ажиллаж байгаа аж. Түүнийг аавынхаа мэргэжлийг өвлөж авсан гэдгийг үзэгчид андахгүй мэддэг. “Хэцүү анги” олон ангит киноны Билгүүний дүрийг чадварлагаар бүтээсэн билээ.
Б.Магсаржав гуайн амьдрал тийм шулуун дардан байгаагүй. Ханилсан ханиа бурхны орон руу алдаад 20 гаруй жилийн нүүрийг үзэж байна. Жаргал зовлонгоо хуваалцаж 30 гаруй жил аз жаргалтай сайхан амьдарсан гэр бүлд нөхөж баршгүй гарз тохиож, өнчирч үлдсэн хүүхдүүдээ хараад “Яана даа, эд нар минь” гэж бодож байсан үе ард хоцорчээ хэмээн ярив. Магсаржав гавьяатад бор дарсанд орж явсан үе ч бий. Амьдралын нугачаанд унаж, босож явсан тэрбээр одоо сайхан амьдарч байна лээ.
Бидэнд болон С.Балданпүрэв гуайд будаатай шөл хийж өгч байхад том охин Нарангэрэл охин Мандухайгийн хамт орж ирсэн юм. Сэтгүүлчид ирсэн сургаар цай цүй болоод л. Аавдаа авсан амттанаа задлаад нэг хэсэг хөөрөлдлөө. Мөн Магсаржав гуай Ардын жүжигчин Гантөмөр гуайтай эгч дүүсийн хүүхдүүд юм билээ. Түүнтэй авахуулсан хэд хэдэн зураг үзүүлэв.
“Хүний өмнөөс хэн ч хөдлөхгүй. Би өөрөө зах ороод өдрийн түлэх цаасан хайрцгаа аваад ирдэг юм. Усаа өөрөө авна, галаа өөрөө түлнэ. Миний өмнөөс хэн ч хийхгүй болохоор өөрөө л бүх юмаа хийдэг. Хүмүүс гавьяат авчихаар тэнгэрт гарсан юм шиг бодох юм. Би өөрийнхөөрөө сайхан л амьдарч байна. Энэ миний л амьдрал” хэмээн тэрбээр хэлсэн юм. Түүний ингэж хатуухан хэлсэн нь чөлөөт хэвлэлийн сэтгүүлчид муу муухайгаар бичсэнээс болжээ. Түүнийг “өвгөнтөд” гарчихсан байна гэж хүртэл бичиж байсан гэнэ. “Равсал панз” тэтгэврийн хэдэн төгрөгөөрөө хоол хүнсээ бэлддэг юм байна. Бас хааяа ганц нэг кинонд тоглоод хэдэн төгрөг олчихдог байна. Энэ долоо хоногоос МҮОНРТ-ийн жил бүрийн шинэ жилийн босгон дээр хийдэг Баярын мишээл нэвтрүүлэгт өвлийн өвгөний дүрд тоглох гэж байгаа аж. Мөн хэд хэдэн киноны туслах дүр бүтээх санал иржээ. Тэднийд нэг өдрийг өнгөрөөхөд олны танил хүмүүс гар утас руу нь чөлөө завгүй залгах аж. “Гарьд магнай” киноны Далайцэрэнгийн дүрд тоглодог аймгийн арслан Д.Батдорж залгаад, “Булганы Сайхан сум руу явж байгаагаа дуулгах аж. Мөн аавынхаа мэргэжлийг өвлөсөн Наранмөнх ааваасаа “Танд наадаг сахал байна уу. Хагас, бүтэн сайн өдөр гэртээ очно” хэмээн ярьж байна лээ. Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Магсаржавынд өдөржин хөөрөлдөж өнгөрөөлөө. Гавьяат маань өөрийнхөөрөө л амьдарч байна. Тэр гэр хороолол дунд мод, нүүрс худалдаж авах мөнгөгүй, хоолны мах граммлан худалдаж авч байгаа ч гэсэн гэр хорооллын бусад айлуудын амьдралаар амьдарч байгаагаа хэлсэн юм. Мөн “Улсаас нэг өрөө байр өгчихвөл салхи нэвт сийгсэн байшиндаа даарч суухгүй байх. Гэхдээ би төр засгаас авах юмаа авчихсан хүн” гэв.
Э.ХҮРЭЛБААТАР Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН
www.medee.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 03, 2012 1:57:32 pm )
Жижигхэн хүмүүс муу санаатай буруу хүмүүс байдаг гэж яг үнэн хэлжээ. Элбэгдорж, гөлжгий Энхболд, Алтанхуяг, Баабар яг шүү…
-
Anonymous (December 03, 2012 1:58:34 pm )
Жижигхэн хүмүүс муу санаатай буруу хүмүүс байдаг гэж яг үнэн хэлжээ. Элбэгдорж, гөлжгий Энхболд, Алтанхуяг, Баабар яг шүү….
-
Anonymous (December 03, 2012 1:58:55 pm )
Жижигхэн хүмүүс муу санаатай буруу хүмүүс байдаг гэж яг үнэн хэлжээ. Элбэгдорж, гөлжгий Энхболд, Алтанхуяг, Баабар яг шүү…..
-
Anonymous (December 03, 2012 4:48:23 pm )
tiim baina chuham uneniig helsen baina
-
Anonymous (December 03, 2012 6:41:47 pm )
gerel zuragnuudyg,,,, geed gayw l zurag baih yum busad ni haana baina
-
Anonymous (December 05, 2012 8:29:33 am )
ene saihan hund oron bair tor zasag mini ogch hairlaasai daa bgaa deer ne harg yzeesei dee
-
Anonymous (December 05, 2012 2:52:44 pm )
Соёлын биет бус өвийг хамгаалан гэж яриад байгаа мөнгө идээд байгаа тэр мөнгийг энэ л хүмүүст өгөх хэрэгтэй
-
Anonymous (December 05, 2012 7:40:08 pm )
Наранмөнх ni aavdaa sain tuslaarai daa.Neg sagsuu yum haragdaad baidag shuu!!!!!
8 Comments