antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 28, 2012 Comments are off

Хүний амь ямар үнэтэй вэ?

нийтлэсэн Admin

-Таван минутын дотор 25 мянгаар алах уу, нэг жилийн хугацаанд 8 саяар амьдруулах уу –

Эмэгтэй хүн хүүхэд төрүүлэхгүй амьдарна гэдэг бурхнаас оноосон шийтгэл
Энэ үгийг үрийн зулай үнэрлэхийн мөрөөсөл болсон эмэгтэй хэлсэн байдаг юм. Хүүхэд бол гэр бүлд аз жаргал, баяр баясгалан бэлэглэдэг. Тиймээс ч үр хүүхэдгүй айл нам гүм, хосууд баяр хөөргүй, хэн хэнийгээ буруутгаж, үр хүүхэдтэй болохын тулд лам бөө, уул ус, мод чулууг хүртэл шүтэж, аль нэг нь үргүй юм байна гэх бодол тээж, энэ эргэлзээ нь эмнэлэг зориход хүргэж, эцэстээ гэрлэлт салалтаар төгсөнө. Хүн бүхэнд энэ зовлон тохиодоггүй ч манай улсад сүүлийн жилүүдэд үргүйдэл хэмээх аймшиг аюулын харанга дэлдэж, хүн амыг өсгөх бодлогод сөргөөр нөлөөлж байгаа билээ. Энэ асуудлын эргэн тойронд болон үр шилжүүлэн суулгаж буй эмнэлгүүдээр явж, сурвалжиллаа. Хамгийн түрүүнд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийг зорив. Өглөө эртлэн очсон хэдий ч эмчид үзүүлэх цаг нь дуусч, эмэгтэйчүүд аргаа барсан янзтай байв. Нөхөн үржихүйн зөвлөх поликлиникийн үүдэнд пиг хүн, үргүйдлийн оношлогоо, зөвлөгөө өгдөг тасалгааны үүдэнд ч мөн л оочер дараалалд хүлээсэн хүмүүс. Энд дугаарлаж буй хүмүүс бүгд л эмэгтэйчүүд. Харин эрэгтэйчүүдэд зөвлөгөө өгөх тасгийн үүдэнд 5, 6-хан залуу сууж буй харагдав. Гэхдээ тэнд сууж буй хүмүүс хоорондоо ярих нь бүү хэл ямар нэгэн байдлаар өөрийнх нь нууцыг мэдчих вий гэсэн юм шиг нэг нэг рүүгээ хааяа нэг хяламхийн хараад л өнгөрч байв. Эдгээр хүмүүсийг ажиглангаа Нөхөн үржихүйн зөвлөх поликлиникийн эмэгтэйчүүдийн дотоод шүүрэл, үргүйдлийн тасгийн тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор Б.Цогмаатай уулзахаар зөвшөөрөл авч, дотогш нэвтрэх үест дугаарлаж зогссон хүмүүс уурлангуй байсан. Урдуур нь орж, эмчид үзүүлэх гэлээ гэсэн нь тэр байж. Учраа хэлээд эмчтэй уулзтал “Бид үнэхээр завгүй байна. Энэ олон хүнийг үзэх гээд ямар ч зав алга. Уучлаарай” гэснээр бид хоёрын уулзалт өндөрлөлөө. Гэтэл эрэгтэйчүүдэд зөвлөгөө өгч, тэдэнд тусламж үзүүлдэг Пүрэвтогтох эмч томилолтоор явсан гээд тус төвийнхөн үнэхээр завгүй байсан тул мэдээлэл өгөх хүн олдоогүй юм. Учир нь энд өндөр төлбөр төлөхгүй, Эрүүл мэндийн даатгалын дэвтрээр үзлэг хийдэг тул хүн ихтэй байдаг гэнэ. Ингээд ЭХЭМҮТ-өөс гарч өнгөрсөн онд байгуулагдаж байсан “Баянгол” эмнэлгийн Үр шилжүүлэн суулгах төвөөр орлоо.
Үр шилжүүлэн суулгахад 6-8 сая 
Энд бол мөнгөтэй хүмүүс учраа хэлж, хандаад л үрийн зулай үнэрлэж болно гэх. Тус эмнэлгийн Үр суулгах төвийн их эмч, анагаах ухааны доктор, профессор Р.Хадбаатартай уулзаж, мэдээлэл авав. Тэрбээр “Манай Үр шилжүүлэн суулгах төвд үргүйдлийн оношийг тодорхойлох нарийн шинжилгээ хийдэг. Мэдээж үргүйдлийн олон шалтгаан байдаг болохоор судалгааг хийхэд тодорхой хугацаа зарцуулдаг. Уг судалгаанд гэр бүлийн эхнэр, нөхөр хамрагдана. Шалтгааныг  бүрэн тодорхойлсны дараа онош дээрээ суурилаад эмчилгээний төлөвлөгөөг боловсруулж, эмчилгээг хэр удаан хугацаанд, ямар шат дараалалтай явагдахыг шийдвэрлэдэг. Манайд сард дунджаар 270 орчим хүн ханддаг. Ихэвчлэн үргүйдэлтэй гэр бүл болон бүтэн жилийн хугацаанд хүүхэдтэй болохыг хичээж, хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орж байсан хэдий ч үр тогтохгүй, жирэмслэхгүй байгаа хос ханддаг. Энэ тоо бол маш их гэсэн үг. Ер нь ДЭМБ-ын мэдээгээр дэлхийд 50-80 сая гэр бүл үргүйдэлтэй байна гэсэн судалгаа байдаг. Харин Монголд 12-13 орчим хувьтай байна гэсэн статистик мэдээлэл бий. Тэгэхээр үргүйдлийн шалтгаануудыг тодруулж, эмчилгээг сайн хийснээр үр шилжүүлэн суулгуулж болно. Эхлээд суурь өвчнийг эмчилнэ гэсэн үг шүү дээ. Ингээд үр шилжүүлэн суулгуулсан эхчүүдээ хяналтдаа авч, хүүхэд төрөн төртөл анхааралдаа авна. Энэ үедээ ээж ч гэсэн эмчилгээг үр дүнтэй болгохын тулд тайван, хүлээцтэй байх нь хамгийн чухал. Үр хөврөлийг шилжүүлэн суулгасны дараах хэдэн өдөр амаргүй байдаг. Итгэл найдвар төрнө, бас санаа зовно. Энэ үед тайван байвал эмчилгээ илүү амар санагдана. Өөр нэг зүйл бол эмчилгээний үедээ алиа хошин зангаа хорих хэрэггүй, цагийн хуваарийн дагуу секс хийх биш харин хүссэн үедээ секс хий. Эрүүл амьдралын хэв маягийг дагаж, биеийн галбиртаа санаа тавих нь чухал. Нэг дор их идэхээс зайлсхийж, бага багаар хоолло, аль болох их жимс, ногоо, салат идэх хэрэгтэй. Мөн сайн унтаж амрах, тогтмол дасгал хийх, өдөрт амрах цаг гаргаж байх шаардлагатай. Тамхи татах нь эмчилгээнд сөргөөр нөлөөлдөг нь батлагдсан учраас тамхины хэрэглээгээ багасгах, болбол хаях хэрэгтэй. Аливаа эмчилгээ эрсдэл, эдгэрлийн аль алиныг нь дагуулдаг. Тийм учраас хуруу шилэнд үр тогтоох эмчилгээ 50 хувьтай байдаг.
Эмчилгээ эхлэхээс өмнө эмчилгээний давуу тал ба эрсдэлийн тухайгаа эмчлүүлэгч эмчтэйгээ зөвлөлдөх шаардлагатай. Мэс ажилбарын үед хөнгөн гэмтэл гарах, гуурсан хоолойн жирэмслэлт тохиолдож болно. Мөн жирэмслэлтийн 10-15 хувь нь үр зулбах, эмгэг үүсэх магадлалтай. Олон улсын статистик мэдээллээс харахад үр шилжүүлэн суулгаснаас хойш жирэмслэх магадлал 20-25 хувь байдаг. Тогтмол бэлгийн харьцаанд ордог гэр бүлийн хувьд жирэмслэх магадлал нь 20-30 хувь. Тухайн хүний жирэмслэх магадлалыг нас, хүндрэлийн зэрэг болон онцлог шинж, чанартай нь холбож үздэг” гэсэн юм. Энэ төвд үр шилжүүлэн суулгуулахад 6-8 сая төгрөг төлдөг гэнэ. Гэхдээ үүнд шинжилгээний зардал болон эмчийн үзлэгийн төлбөр ордоггүй юм байна. Мөн тухайн хүний үргүйдлийн шалтгаанаас үүдэн гарах зардлын хэмжээ хэлбэлздэг ажээ. Байгуулагдаад жил гаруйханы нүүр үзэж байгаа учраас тус төвд үр шилжүүлэн суулгуулсан эхний ээж 12 сард төрөх гэнэ. Бусад нь эмчилгээний төвшиндээ явж байгаа аж. Гэхдээ энэ асуудлыг зохицуулах хууль эрхзүйн орчин байхгүй болохоор дөнгөж эхлэл төдий явагдаж байгаа хэмээсэн юм. “Баянгол” эмнэлэг тоног төхөөрөмж нь шинэ, бас Монголд ганц байгаа гэх эсийн банктай гэнэ. Эр, эм бэлгийн эсийг -196 градусын хүйтэн орчинд удаан хугацаагаар чанарыг нь алдуулахгүй хадгалах төхөөрөмжийг “Үрийн банк” гэж нэрлээд байгаа аж. Хүсвэл эрэгтэй, эмэгтэй хэн ч өндгөн эсээ зориулалтын банкинд хадгалуулах боломжтой гэнэ. Үрийн банк нь үрээ алдах магадлалаас урьдчилан сэргийлэх тохиолдолд өргөн ашигладаг аж. Үрийн банкинд нэг удаа эсээ өгчихсөн байхад үр тогтоох эхний оролдлогоор амжилттай болсны дараа дахин оролдлого хийх боллоо гэхэд өөрөө ирэх шаардлагагүйгээр банкнаас эсээ аваад хийчихдэг гэнэ. Үүнээс гадна ихэр хүүхэд захиалах. Сүүлийн үед хүмүүс ихэр хүүхэд захиалж, ханьтай өсгөх бодлого барьж байгаагаас ийм асуудал гараад байгаа гэнэ. Гэхдээ энэ асуудлыг Монголд шийдэж эхлээгүй гэж байсан ч Р.Хадбаатар эмч хэлэхдээ ихэр хүүхэд захиалах боломжтой, бүр хүйсийг нь ч гэсэн захиалах боломжтой гэнэ билээ. Тэгэхдээ эмч, эмчлүүлэгч нууцлалын гэрээ хийдэг аж. Гэрээнд ерөнхийдөө мэдээллийг чандлан хадгалах, эмчилгээний явцад юу, юуг анхаарах талаар болон эрсдэл гэх мэтчилэн нарийн зүйлүүд тусгагддаг юм байна. Энэ мэтчилэн мэдээлэл аваад дараагийн эмнэлгийн зүг зорилоо.
Хүн мөн л бол хүүхэдтэй болно, өөр амьтдыг эвцэлдүүлэхээр л үр төл гардаггүй юм
Манай сурвалжлах хэсгийн очсон дараагийн эмнэлэг бол “Амин маргад” эмнэлэг байсан юм. “Тэнгис” кино театрын баруун талд байрлах есөн давхар байрны урд байх тус эмнэлгийн ерөнхий эмч П.Алтангэрэлтэй уулзаж, хэрэг зоригоо хэллээ. Түрүүн очсон “Баянгол” эмнэлгийг бодвол гаднаасаа байр нь их  жижигхэн харагдана. Харин дотор нь орвол саруулхан өрөөнүүд, цэвэр цэмцгэр байдал угтсан юм. Том группын эмнэлэг бус хувь эмчийн л жижиг эмнэлэг байлаа. Гэхдээ энэ эмнэлгийг байгуулсан П.Алтангэрэл эмч үр шилжүүлэн суулгах чиглэлээр суралцаж, төгссөн манай улсын анхны эмч нарын нэг ажээ. П.Алтангэрэл эмч эх барих, эмэгтэйчүүдийн болон монгол уламжлалт анагаахын эмчийн мэргэжилтэй бөгөөд 2001 онд чанд авианы /эхо/ эмчийн, 2002 онд Москва хотод үр хөврөл шилжүүлэн суулгах мэргэжил эзэмшсэн нэгэн аж. Тэрбээр 2002 онд Монголд анх удаа зохиомол үр тогтоолтыг амжилттай хийж, 2003 онд анхны хүүхэд мэндэлсэн байна. Ингээд үр шилжүүлэн суулгах лаборатори байгуулан 2008 онд анхны туршилтаа хийжээ. Түүний хамгийн анхны хүүхэд одоо 9 настай бол хамгийн нялх нь 5 сартай ажээ. Тэрбээр “Үргүйдэл их байна. Насны хувьд ч залуу байна. Манай эмнэлэгт 2007 онд үргүйдлийн асуудлаар хандсан үйлчлүүлэгчдийн картыг есөн асуумжийн дагуу түүвэрлэн судалгаа хийсэн. Тэгэхэд 27 хувь нь 25 хүртэлх, 55 хувь нь 25-35, 18 хувь нь 35-аас дээш насныхан бөгөөд 34 хувь нь анхдагч, 66 хувь нь хоёрдогч үргүйдэлтэй байсан. Гэхдээ юуны түрүүнд үтрээний ЭХО-д харуулж, оношоо тогтоолгох хэрэгтэй. Дараа нь үрийн сувгаа үзүүлж, эцэст нь өндгөвчинд өндгөн эс боловсорч байгаа эсэхийг хянуулах хэрэгтэй. Үрийн хоолой, сав, өндгөвч нь зүгээр. Гэтэл өндгөн эс боловсрохгүй байж болно. Тийм учраас сарын тэмдгийн дунд үеэс өндгөвчний үйл ажиллагааг хянуулдаг. Янз бүрийн үрэвслийн өвчнүүд байвал оношлуулж эмчлүүлнэ. Цаашлаад дааврын шинжилгээ, тархины зураг авахуулах зэрэг дагалдах шинжилгээг хийнэ. Энэ мэтчилэн шат дараалсан оношлогоо, шинжилгээ хийлгэж байж шалтгааныг нь олно. Удаан хугацааны уйгагүй эмчилгээ шаарддаг. Хоёрдогч үргүйдэл нь анхдагч үргүйдлийг бодвол эмчилгээний үр дүн авах нь илүү найдвартай. Харин жирэмслэхгүй байгаа шалтгааныг олох нь чухал. Шалтгааныг нь олсон байхад заавал үр шилжүүлэн суулгах аргыг хэрэглэх гээд хэрэггүй. Энэ аргыг ямар үед хэрэглэх вэ гэвэл үрийн суваг нь битүүрэлтэй эсвэл байхгүй хүмүүст буюу бэлгийн замаар жирэмслэх бололцоогүй үед хэрэглэх эцсийн арга юм. Эмэгтэй хүний өндгөвчинд сард нэг л өндгөн эс боловсордог. Нэг өндгөн эсээр үр шилжүүлэн суулгахад хангалттай үр дүнд хүрэхгүй. Тийм учраас даавар эмчилгээний тусламжтай олон тооны өндгөн эс боловсруулаад эхоны хяналтад тусгай багаж тусламжтайгаар үтрээгээр хатгалт хийж соруулж авдаг. Тэгээд лабораторийн нөхцөлд тусгай тэжээлт орчинд хийж байгаад угааж физиологийн хольцоос нь цэвэрлээд эр бэлгийн эстэй нэг орчинд өсгөвөрлөн үр тогтоож тодорхой хугацааны дараа эмэгтэйн саванд нь суулгаж өгдөг. Би 2002 онд Москвад төгсч ирсэнээсээ хойш нэг өдөр ч зүгээр суугаагүй энэ асуудлаар хөөцөлдөж, хийж байсан. Үр шилжүүлэн суулгах лаборатори байгуулж, ажлаа эхлүүлсэн. Манай эмнэлэгт л гэхэд энэ аргаар үр хүүхэдтэй болохыг хүссэн 1000 гаруй гэр бүл бүртгэлтэй байдаг. Мөн өдөрт 15-30 хүн үзэхэд тэдгээрийн 30 хувь нь үргүйдэлтэй байдаг. Үр шилжүүлэн суулгах гэдэг бол дөнгөж одоо эхэлж байгаа хэрэг биш. 10-аад жилийн өмнөөс хийгээд эхэлчихсэн байсан. Харин одоо тоног төхөөрөмж нь сайжраад л явж байгаа.
Монголд эхлээд 10 жил болж байгаа бол дэлхийд бүр 100 жилийн өмнөөс хийж эхэлсэн юм шүү дээ. Тэгэхээр үр хүүхэдтэй болж чадахгүй шаналж яваа хосуудад хандаж хэлэхэд, эмэгтэй хүн хоёр өндгөвчгүй, эрэгтэй нь төмсөгөндөө эр бэлгийн эсгүй болчихоогүй л бол найдвар тасарч болохгүй. Орчин үед эмчилгээний олон арга бий болж байна, хүүхэдтэй болно. Гагцхүү удаан хугацааны уйгагүй эмчилгээ шаардлагатай. Энэ нь эхнэр, нөхөр хоёулангаас нь их шалтгаална. Гэтэл эмчилгээ хийлгэж байгаад алга болчихдог. Энэ хооронд нөлөөлж байсан шалтгаанууд нь улам даамжирчихдаг. Тийм учраас удаан хугацааны тасралтгүй уйгагүй эмчилгээ шаардлагатай. Уйгагүй явж байгаа гэр бүл л үр дүнг нь хардаг юм” гэж ярив. Түүний ярианаас хүн мөн л бол хүүхэдтэй болно, хоёр өөр амьтныг эвцэлдүүлэхээр л үр төл гардаггүй юм. Тэгэхээр энэ асуудлыг шийдэх боломжтой гэсэн сайхан үгсийг сонсоход таатай байсан юм. Мөн цусны бүлэг таарахгүй байна гэдэг шалтгаан ч нэг их нөлөөлөхгүй гэнэ билээ. Үүнээс гадна бусад өндөр зэрэглэлийн эмнэлгүүдийг бодвол манайх нэг их өндөр үнэ хэлээд байдаггүй. Гэхдээ үр шилжүүлэн суулгах нь өөрөө өртөг өндөртэй, мөн эмчилгээнд хэрэглэгдэх эм тарианууд нь Монгол Улсын үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад ороогүй байдаг нь том бэрхшээл болдог. Энэ мэтчилэн асуудлууд олон байдаг. Гэхдээ хүнд хамгийн том буян үйлдэж байгаа шүү гэж бодохоор онгирмоор санагддаг юм хэмээн ярьж суугаа түүнд хамаг итгэл найдвараа атгуулчихсан бүсгүйчүүд эмч­ил­гээгээ хийлгээд, инээмсэглэл тодруулаад явж байсан юм. “Ер нь эмэгтэй хүн хүүхэд төрүүлэхгүй амьдарна гэдэг бурхнаас өгсөн шийтгэл. Тэгж байснаас эцэггүй ч болсон 10 хүүхэд гаргасан нь дээр. Миний туйлын хүсэл гэр бүлийн амьдрал, гэр бүлийн аз жаргалыг биеэрээ мэдэрмээр байна. Хүн ер нь учиргүй том зүйл мөрөөдөх хэрэггүй. Амьдралын аз жаргал гэдэг чинь гэр бүлийн амьдралд байдаг юм шүү. Бод л доо. Ганцаараа ажиллаад л байдаг. Гэртээ очиход хэн ч байхгүй, хоосон хөндий байшин. Дөрвөн хана хүнд хань болох уу. Насны эцэст хөлөө хучуулах хүүхэд байхгүй байна гэдэг эмэгтэй, эрэгтэй аль ч хүнд хамгийн их шаналал юм шүү” хэмээн уйлж суух эмэгтэйн нулимс хатаж, энгэртээ тэврэх бяцхан үртэй болох найдвар бага ч гэсэн төрж л байгаа юм байна хэмээн энэхүү сурвалжлагыг хийж явахдаа бодож байсан юм.
Цогц үйлчилгээ
Хөхөө шувуу эрт цагт хэн хүнтэй хамаагүй зугаацдаг нэг их завхай хүүхэн байж гэнэ. Бурхан багш түүний  явдлыг мэдээд “Энэ ер нь хүн болж таарахгүй юм байна” хэмээн  хөхөөг хүн биш шувуу болгосон гэдэг. Харин тэр цагаас хойш хөхөө шувуу  гаргасан өндөгөө өөрөө дардаггүй бусдын  үүрэнд орхидог болсон тухай  нэгэн домогт өгүүлжээ. Харин бидний амьдарч буй энэ зуунд хөхөөнөөс ч дор бүсгүйчүүд бас эрчүүд амьдарч байна. Тэд төрүүлсэн үрээ хог дээр хаяж, асрахад орхиж, бусдын гэрийн үүдэнд захиа бичээд үлдээдэг. Нөгөө хэсэг нь алаг үрээ алтан дэлхийтэй танилцах боломж олгохгүйгээр хэвлийд нь “хөнөөж” орхидог. Харин бид энэ удаад шинэ биш ч хэзээд хуучрахгүй нэгэн сэдвийг хөндөж, сурвалжлахаар эмэгтэйчүүдийн эмнэлэг олноор байрладаг Клиникийн нэгдүгээр амаржих газрыг зорилоо. Тус төрөхийг тойроод эмэгтэйчүүдийн эмнэлэг гэх хаягтай жижиг байшингууд байх аж. Улсын хэмжээний томоохон их сургуулиуд болон оюутны хотхон энд байрладаг болохоор хувийн эмнэлгүүд энд олноор байрладаг гэх. ЭМШУИС-ийн нийт төгсөгчдийн талаас илүү хувь нь шүд, нүдний эсвэл эмэгтэйчүүдийн эмч болдог тухай нэгэн статистик судалгаанд өгүүлжээ. Мэдээж энд орлогын эх үүсвэр байгаа учраас бизннес дагаж цэцэглэх нь зах зээлийн хууль. Энд энгийн нэг түрээсийнхээс эхлээд алдарт Бүлтэн зэрэг эмчийн өндөр зэрэглэлийн хувийн эмнэлгүүд ч байрлана. Монгол Улсын гавъяат эмч Бүлтэнгийн “Таны төлөө бид” гэдэг эмнэлэг I төрөхтэй хөрш зэргэлдээ оршдог юм билээ. Харин тус эмнэлэг рүү орохын тулд заавал үүдэнд нь байрлах ресепшнээр дамжина. Өөрөөр хэлбэл, авах үйлчилгээгээ түүнд хэлж бичүүлж, төлбөрөө тушааснаар дээш нэвтрэх эрхтэй.
Тиймээс энэ эмнэлэг рүү нэвтэрч сурвалжлага хийх бүтэшгүй зүйл бололтой. Эндээс гараад “Энх баясгалан” нэртэй эмнэлэгийн хаалгыг татаж үзвэл хаалттай байгаа бололтой. Удтал тогшсон ч онгойлгосонгүй. “Энх баясгалан” эмнэлгийн өөдөөс харсан бас нэгэн эмэгтэйчүүдийн гэх тодотголтой хаалга байх аж. Гэтэл эмнэлэг рүү орлоо гэтэл өөдөөс хуушуур үнэртэж, караокены дуу хангинах аж. Тус эмнэлэг караоке баартай нэг байранд өрөө түрээсэлдэг аж. Эмнэлэг рүү орох гэтэл эмч нь ирээгүй байгаа гэх шалтгаан хэлэн сувилагч бололтой жаахан  охин ширэв татан хаалгаа хааж орхив. Алга дарам жаахан газарт баар, зочид буудал, караоке, эмийн сан, эмэгтэйчүүдийн эмнэлэг байгаа нь жаахан ёжилвол “цогц үйлчилгээ” аж. Энд саун л дутуу байв. Караоке бааранд орж дуулж, архидаад дараа нь буудалд хоног төөрүүлээд, хэсэг хугацааны дараа эмнэлгээр нь үйлчлүүл гэж байгаагаас ялгаагүй санагдсанаа нуух юун. Уг нь эмнэлгийн орчин гэдэг арай өөр баймаар. Хэчнээн түрээсийх байсан ч үзүүлж буй үйлчилгээгээ бодсон ч зочид буудал, караокетой зэрэгцэж боломгүй.
Үр хөндүүлэх хүний эрх гэхдээ… 
Манай улсад  анх 1943 онд Сайд нарын зөвлөлийн 26 дугаар тогтоолыг эрх бүхий хүмүүс нууцаар баталсан гэдэг. Улмаар 1985 онд 224 дүгээр тогтоолоор 26 дугаар заалтыг өргөжүүлж, 1989 оны эцсээр үр хөндүүлэх явдлыг хуулиар зөвшөөрчээ. Өнгөрсөн 20 жилийн дотор бид багаар бодоход хоёр сая гаруй иргэнийхээ амийг эхийнх нь хэвлийд бүрэлгэжээ. Эмгэнэл биш гэж үү. Бид сурвалжлагаа үргэлжлүүлэхээр “Мари Стопс” –ын эмнэлгийг зорилоо. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн зэргэлдээ орших тус эмнэлэгт биднийг очиход 11.30 цаг болж байв. Үүдэнд нь байрлах дөрвөн сандал дээр охид, бүсгүйчүүд эгнэн суужээ. Үүдэнд нь байх зөвлөгөө өгөх өрөө рүү энд ирсэн хүн бүхэн орж, үйлчилгээнийхээ хөлсийг тушаагаад цааш нэвтрэх эрхтэй. Миний өмнө зогсох нэгэн охин найзтайгаа ярилцах нэь жирэмсэлсэн байж магадгүй хэмээн үзүүлж байгаа бөгөөд түүний хувьд хүүхдээ гаргахаар шийдсэн нь ярианаас нь илт. Нөхрийнх нь нойр нь хүрэхгүй догдолж байгаа тухай найз охиндоо ярих охины ээлж болоход зөвлөгөө өгөх өрөө рүү одов. Харин гарч ирснийхээ дараа “Жирэмсэлсэн эсэхээ шалгах хугацаа нь арай болоогүй гэнээ. Хоёр долоо хоногийн дараа хүрээд ир гэсэн” хэмээн гарч одов. Харин түүний хойноос орсон өндөр нуруутай, 20 орчим насны болов уу гэмээр охин гарч ирснийхээ дараа жирэмсэн болчихсон байна гэнээ. Энэ асуудлыг хэрхэхээ ойрхон кафед орж ярилцая” хэмээн найз охинтойгоо гарч одов. Мэдээж түүнд гаргах, үр хөндүүлэх гэсэн хоёрхон зам бий. Энэ мэтчилэн тус эмнэлэгт суух гурван цагийн хугацаанд охид, бүсгүйчүүдийн цуваа тасарсангүй.
Эмнэлгийн зүгээс хүний эрхийн асуудал учраас мэдээлэл өгөх боломжгүйгээ мэдэгдсэн учраас зарим нэг охид, бүсгүйчүүдтэй яриа өдөхийг хичээлээ. Миний дэргэд суух шавилхан бор охиныг Ц гэдэг аж. Энэ охин төгсөх курсын оюутан бөгөөд жирэмсэн эсэхээ тодруулахаар эмнэлэгт үзүүлэхээр ирсэн гэнэ. Хэрвээ жирэмсэлсэн байвал үр хөндүүлэхээр хэдийнэ шийдчихсэнээ ч хэллээ. Сургуулиа энэ жил төгсөх учир хүүхэд гаргахад тохиромжгүй цаг үе хэмээн тайлбарлав. “Тэгээд хамгаалж болоогүй юм уу” гэх миний асуултад “Яахав дээ. Та ч гэсэн адилхан эмэгтэй хүн биз дээ. Тохиолдлын зүйл болчихсон юм. Бараг жирэмсэн болчихсон байх гэж бодож байна” гэв. Энэ охины хэнэггүй ярианаас хүний амь хэчнээн үнэ цэнэтэй болохыг мэдрээгүй нь илт. Хэрвээ одоогоос 21 жилийн тэртээ түүнийг ч бас ээж нь хогийн сав руу шидчихсэн бол тэр өнөөдөр ингээд яриад сууж байхгүй байсан. Тус эмнэлгээр хөлхөх охид харваас оюутан байрын ганган, дэгжин хувцасласан байв. Харин ямар үйлчилгээ авах гэж байгааг нь үүдэнд нь суух би далдыг хардаггүй учраас бүгдийг нь мэдэх боломж байсангүй. Дэмий л яриаг нь чагнахыг хичээж суулаа. Тус эмнэлгийн зөвлөгөө өгөх өрөөнд суух нэгэн эмчээс үр хөндөх үйлчилгээ байгаа эсэхийг лавлахад тэрбээр “Байгаа. Гэхдээ энэ бол хүний эрхийн асуудал учраас тайлбарлах боломжгүй” гэв.
Хүний амь 25 мянган төгрөгийн үнэтэй гэж үү
Бохирын шугам, муу усны хоолойгоор хүүхдүүдийн цогцос урсаж байгааг шугам засдаг ажилчид хэлж байна. Заримдаа шугам бөглөрөх үед шалган засварлахад дутуу төр сөн хүүхдийн цогцос гарч ирдэг талаар толгой сэгсрэн ярив. Одоогоос хоёр жилийн өмнө Их дэлгүүрийн ар талын бохирын шугам бөглөрсөн байсан гэнэ. Ажилчид нь бөглөөг гаргаж. Гэтэл бөглөө гаргадаг төмөрнийх нь үзүүрт дутуу төрсөн хүүхдийн цогцос байжээ. Мөн Эх нялхас, эрдэм шинжилгээний төвийн бохироо шатаадаг зууханд дутуу төрсөн хүүхдүүдийн цогцос шатаадаг талаар ярьж байсан.Улсын болон хувийн эмнэлгүүдийн жорлон, угаалтуурын хоолойноос эхийнхээ савнаас дөнгөж тасарсан ураг, биежиж амжаагүй хүүхдүүдийн цогцос муу усны шугам дамжин урсаж байна. Улсын, хувийн эмнэлэгт ажилладаг гэдгээсээ хамаарч эмч нарын “хүн алах” тариф өөр өөр. Тэд 25-200 мянган төгрөгөөр 5-10 минутын дотор л хүүхдийг үгүй хийчихнэ. Харин үр хөндүүлж буй бүсгүйчүүдийн дийлэнх нь мах цусныхаа тасархайг суултуурт урсгахдаа “аа” ч гэж ангайдаггүй гэсэн. Харамсаж, халаглах нь бүү хэл баяртайгаар годхийн гарч оддог байна. Үр хөндөлтийг зогсоох талаар авч буй арга хэмжээ нэгэнт үр дүнгээ өгөхгүй болсон нь эмнэлгийн орноос доголон нулимстай гарч оддог олон зуун эмэгтэйгээс харж болно.
Тиймээс эхний ээлжинд үр хөндөлт хийдэг эрх бүхий газруудыг олон нийтэд зарлаж, бусад газраар үйлчлүүлэхгүй байхыг сануулдаг болвол хорвоод ирэхээр “томилолт” авсан ч хэвлийгээсээ хогийн сав руу шидэгдэх  бяцхан үрсийн тоо цөөрөх биз ээ. Хамгийн чухал нь зайлшгүй тохиолдолд хийх үр хөндөлтийн төлбөрийг нь өндөр тогтоодог болъё. Зарим эмнэлгийн үр хөндөх үнэ төлбөрийг сонирхоход, 1-2 сартай бол 20.000- 40.000, 2-4 сартайг 40.000-80.000, 4-6 сартайг 90.000-200.000 төгрөгөөр “үгүй хийдэг” байна. Төлбөр хэтэрхий хямд байдаг нь үрээ хөндүүлэхийг хүссэн болгонд шалтгаан болж байхыг үгүйсгэх аргагүй юм. Хүний амь 25 мянган төгрөгийн үнэтэй гэж үү.
Үр хөндөлтөд эрчүүд ч бас буруутай… 
Хүн алахыг хуулиараа зөвшөөрсөн хэрнээ цаазын ялаас татгалзсан орон бол Монгол. Мэдээж алах гэдэг нь шууд утгаараа биш боловч хүний амь хөнөөж л байгаа. Эрүүл мэндийн тухай хуулийн 36 дугаар зүйлд зааснаар “Жирэмсний 12 долоо хоногтой буюу эхний гурван сарын дотор өөрийн хүсэлтээр үр хөндүүлж болно” гээд хуульчилчихаж. Хуулиараа Монголын иргэнийг эхийнх нь хэвлийд “цаазлах”-ыг зөвшөөрчихөж.  Аймаар байгаа биз. Нэгэнт хуульд ингээд заачихсан болохоор завшааныг овжноор ашиглах мөнгөний сонирхолдоо хөтлөгдсөн хувийн эмнэлгүүд шил шилээ даран мэндэлсэн. Тэдний амиа зогоох хамгийн том боломж нь “үр хөндөлт”. Хүүхнүүдээсээ их эмэгтэйчүүдийн эмнэлэг угтаа бол хүүхдүүдийн эрлэгүүд гэчихэд нэг их буруудахгүй л болов уу. Зөвхөн Улаанбаатар хотод өнгөрсөн онд 9243 эх үр хөндүүлжээ. Хувийн эмнэлэгт өдөрт дунджаар 10-20  хүн үр хөндүүлэхээр очдог бол улсын нэг эмнэлэгт жилд 2000 гаруй хүн үр ханддаг гэсэн судалгааг холбогдох газрынхан өгч байна. Эрүүл мэндийн газрын өнгөрсөн оны статистик мэдээнээс үзвэл өнгөрсөн жилд 10688 хүн үр хөндүүлчихэж.  Үүнээс сум дундын эмнэлэгт 130, сумын эмнэлэгт 76, хувийн эмнэлэгт 3022, улсын төрөх эмнэлгүүдэд 1845 үр хөндсөн хар мэдээ дурайж байна. Үнэндээ бүртгэл данстай нь л энэ. Эм уусан, эсвэл хувийн эмнэлэгт очсон гээд цаана нь хэчнээн ч хүний алтан амийг таслан хаясынг хэн ч үл мэднэ.
Учир нь хувийн эмнэлгийн удирдлагууд үр хөндүүлсэн хүнийхээ тоог өчнөөн хасаад хэлнэ. Бараг 10 хувийг нь л хэлдэг гэхэд үнэнээс нэг их хол зөрөхгүй л болов уу. Улаанбаатар хотод эмэгтэйчүүдийн 100 гаруй эмнэлгээс 10 гаруй нь л үр хөндөлт хийх зөвшөөрөлтэй шүү дээ хэмээн хэнэг ч үгүй хариулж суугаа мэргэжилтний үг “авахуулж” болно шүү дээ гэсэнтэй утга нэг сонсогдож байна. Жирэмсэн болчихлоо гээд эмчид хандсан эмэгтэйгээс “Гаргах уу, авахуулах уу ” гэж ёс юм шиг асуудаг газар Монголоос өөр хаана ч байхгүй. Бүр мөнгө чинь бэлэн бол одоохон гэхийг захын эмэгтэйчүүд сонссон доо. Зүүний үзүүрт тогтсон ганцхан ширхэг арвай будаа адил асар их хувь заяаг алга хөрвүүлэхийн зуурт төмөр сав руу чулуудчихаж байна. Гэхдээ үр хөндөлтөд зөвхөн охид, эмэгтэйчүүд, эмч, эмнэлгийн ажилтнууд буруугүй. Тэдний цаана байгаа олон мянган арчаагүй дорой эрчүүд ч бас буруутай. Яагаад гэж үү. Хийсэн үйлдлийнхээ хариуцлагыг хүлээж чадахгүй, аав болохоос айдаг олон мянган арчаагүй эрчүүд бүсгүйчүүдэд дээрх сонголтыг үлдээж, үр удмаа хогийн саванд шидүүлж буй. Харин лай, ланчиг хоёрыг нь бүсгүй хүн бие, сэтгэлээрээ үүрдэг. Тиймээс энэ асуудалд эрчүүд ч бас буруутай.

Амьдрал бэлэглэж, алаг үрээ тэвэрснээрээ гэмтэн болохгүй  
Монголчууд олуулаа болохыг хүсдэг. Үгүй ядаж таван саяулаа болчихвол эрчимтэй хөгжлийн гараан дээр ирсэн Монгол Улс их гүрнүүдийн араас нэхэх боломж бүрдэх талаар Ерөнхийлөгчөөс эхлээд энгийн ард хүртэл ярьдаг. Одоогоос 24 жилийн өмнө буюу 1988 оны луу жилд Монгол Улс хоёр сая хүн амтай болж байсан түүхтэй. Гэтэл түүнээс хойш 24 жил өнгөрөхөд Монголчууд бид гурван сая хүн амтай болж амжсангүй. Биднийг эмнэлгээс гарахад нэгэн эмэгтэй найз залуугийнхаа гараас хөтөлсөөр зөрж орсон. Харин үүдэнд нь  нэгэн хөвгүүн найз охиноо аргадан зогссон. Тэрбээр “Хоёулаа энэ удаад хүүхдээ авахуулчихая. Дараа хоёулаа байртай, баян болохоор аяндаа хүүхэдтэй болж болно шүү дээ” гэх яриа чихэнд хөндий сонсогдов. Эцэг, эх болохын тулд заавал баян болох учиртай гэж үү. Мэдээж гэр бүл төлөвлөлт хэрэгтэй боловч эцэг, эх болохоос эмээх учиргүй. Удахгүй шинэ он гарна. Хуучин бүхэн улирч буй онтойгоо үлдэж, ирж буй шинэ он аз жаргал, сайн сайхан бүхнийг авчрахыг бид хүсдэг. Ирж буй шинэ онд хүн бүхэн өөр зүйлийг хүснэ. Магадгүй энэ дэлхийн хаа нэгтээ үрийн хүслэн болсон хэн нэгэн хүүхэд  хүсч буй. Харин ертөнцийн нөгөө бөөрөнд нэгэн эмэгтэй хэвлий дэх үрээ хөнөөчихөөд хэнэг ч үгүй алхаж байгаа. Хүсэхэд хясахын зовлон, хүний орчлонгийн дутуу тавилан. Нэг нь тэжээж чадахгүй гэх даржин шалтаг тоочиж үрээ хөнөөж байхад нөгөөх нь хүсээд ч хүүхэдтэй болж чадахгүй амьдрал. Тиймээс хэвлий дэх үрээ хөнөөхөөр “Эмэгтэйчүүдийн эмнэлэг” гэх хаалганы өмнө зогсч буй бүсгүй та түр азнаад, дахин нэг бодоорой. Энэ хорвоод бид нэгэн хүнд амьдрал бэлэглэснээрээ буруутан болохгүй. Бяцхан үрээ энгэртээ тэвэрсэндээ харамсахгүй. Харин хэвлий дэх үрээ хөнөөсөндөө харамсч, үлдсэн амьдралдаа гэмтэн мэт амьдрана. Магадгүй өнөөдөр таны хийсэн бодлогогүй алхам,  нэг насны харуусал ч болж мэдэх. Хэвлий дэх үрээ хогийн саванд шидэхээсээ өмнө дахин нэг бодооч. Алуурчин бус ээж ээ  гэж дуудуулахыг хүснэ би…

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car