Хотын захиргаа болон Захирагчийн ажлын алба 1000 гаруй албан хаагчтай. Тэдэнд тусгай автобусаар үйлчилдэг болжээ. Улаанбаатар хотын автозамын ачааллыг бууруулах гэж ийм үйлчилгээг арваннэгдүгээр сарын 9-нөөс эхлүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, 1000 гаруй албан хаагчдын тал хувь нь энэ автобусаар үйлчлүүлдэг болжээ.
“Ажилчдад нэгдсэн автобусаар үйлчилж байгаа нь хувийн машинаар хөдөлгөөнд оролцуулалгүй, замын ачаалал болон агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж, бусад байгууллагад үлгэр дууриал болно” гэж Хотын дарга үзжээ. Нэг талаас энэ сайхан шийдэл. Харин нөгөө талаараа цалинтай, орлоготой, хотын төвд дийлэнх нь аж төрдөг албан хаагчдаас илүү захын хорооллын дунд сургуулийн сурагчдад энэ унаагаа өгсөн бол илүү оновчтой шийдвэр болох байлаа.
Хотын төвийн тохилог сууцанд амьдардаг төрийн албан хаагчид нийтийн тээврээр зорчихоор нэр хүнд нь унах гээд байна уу. Тэгвэл нийтийн тээврээс ичигсэд төрд ажиллах хэрэгтэй юу. Эсвэл тэд нийтийн тээврийн үйлчилгээг нэг их ойшоохгүй байна гэж ойлгох уу.
Нийслэлийн ИТХ-ын чуулган дээр “Хотоос зайдуу, суурьшмал газарт автобус явуулж өгөөч. Нусаа гоожуулсан хэдэн хүүхэд сургуульдаа явж, ирэх гэж хөлдөх нь” гэж халаглаж байсан төлөөлөгчдийн үгийг давтан сануулъя. Татвар төлөгчдийн мөнгө ийм байдлаар Хотын захиргааныхны тал хувь нь ч сайшаагаагүй ажлын зардал болсонд харамсмаар. Нүдээ олоогүй энэ ажлыг хэрэгтэй газар нь хэрэгжүүлээч гэж Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлээс хүсэх төлөөлөгч олон байна.
О.ЧУЛУУТ
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 20, 2012 3:23:41 pm )
HUUHEDIIG ZUN SURGABAL YAMAR BE??????????????????????????????
-
Anonymous (November 21, 2012 5:08:08 am )
Хүүхдэд зун эрээн цаас биш нар, агаар, салхи чухал шүү
2 Comments