Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хорооны тамирчин, “Ноёд” группын бөх, Монгол Улсын арслан Гунаажавын Эрхэмбаярынд өнжлөө. Арслан руу утас цохин “Танайд өнжье” буландаа урьж буйгаа хэлэхэд “Манайх шинэ байранд дөнгөж нүүж ирээд тохижиж ч амжаагүй байна, зүгээр үү” гэсэн юм. Ямартай ч монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнээ ид хаваа гайхуулан барилдаж яваа, өнөө цагийн шилдэг арслангуудын нэг Г.Эрхэмбаяртай бямба гаригийн өглөө Зэвсэгт хүчний биеийн тамир, чийрэгжүүлэх төв дээр уулзахаар цаг товлолоо.
Бямба гаригийн өглөө илч нь буурсан нарны улбар туяа Богд уулын цаанаас гэгээ цацан өндийх үест арслангаас өмнө бэлтгэлийн газар нь очиж үзмээр санагдлаа.
Заал руу яваад ороход бэлтгэлийн төвийн багш Д.Энхтөр надаас ямар учиртай явааг минь асуулаа. Г.Эрхэмбаяр арслантай уулзах ёстой гэхэд “Цаадах чинь ирж явна гэсэн” гээд бэлтгэл хийж буй хүмүүсийнхээ зүг эргээд алхлаа. Бэлтгэлийнхээ зааланд үе үеийн бодибилдингийн дэлхийн аваргуудын зургийг өлгөжээ. Бэлтгэл хийж байсан залуус тэдгээр зураг руу харан элдвийг ярилцана. Төд удалгүй улбар шар саравчтай малгай, цэнхэр куртик, хөх жинсэн өмдтэй, том хар цүнх үүрсэн ханагар эр хаалгаар орж ирсэн нь Г.Эрхэмбаяр арслан байлаа. Тамирчин хүн тэр дундаа бөх ямар бэлтгэл хийж амжилтад хүрдгийг харахсан гэсэн хүсэл минь оволзов. Арслан бэлтгэлийн хувцсаа өмсөөд хамгийн түрүүн жингээ үзүүлдэг аж. Жин дээрээс буунгаа “Багшаа жин нэлээд уначихаж. 140 кг болчихсон байна” гээд бие халаалтдаа гарлаа. Биеэ халааж байх хоорондоо нутгийнхаа дүү Лхагваатай барилдааны бэлтгэл хийв. Гэхдээ энэ чийрэгжүүлэлтийн төвд хүчний бэлтгэл хийхээр ирдэг гэсэн юм. Харин барилдааны бэлтгэлээ өөрийн төгссөн сургууль болох Их шавийн дээд сургууль, “Сүлд” спорт хороон дээрээ хийдэг гэнэ. Д.Энхтөр багш 2009 оноос хойш залуу арслангийн хүчний бэлтгэлийг хийлгэх болжээ. “Монгол Улсын арслан Г.Эрхэмбаярын бэлтгэлийн дэвтэр” гэж хаягласан том дэвтэр гаргаж ирээд одоо хэвтээ шахалтдаа ор гэлээ. Арслан 50 кг-аас эхлэн аажим нэмэгдүүлсээр 220 кг-ыг шахав. Түүний дараа мөн цээжиндээ хүртэл 320 кг-ыг хэд хэдэн удаагийн давтамжтайгаар шахаж байгааг харсан хүүхдүүд “Пээх бурхан минь. Юу вэ. Энэ төмрүүдийг ёстой хашрааж байна аа” гээд өөр хоорондоо шивэр авир хийнэ. Тэр үед арслан “Багшаа штангуудын гол тахийчихсан байна шүү” гэхэд Д.Энхтөр багш нь “Чамаас өөр үүнийг тахийлгахаар бэлтгэл хийдэг хүн манайд байдаггүй шүү дээ” гэсэн юм. Бэлтгэл хийж байхдаа бөхчүүдийн дунд болсон сонин содон зүйлсийг багштайгаа ярилцан инээлдэнэ. Гурван цаг гаруй үргэлжилсэн бэлтгэл сая л дуусахад идэр арслан маань “Багшаа өнөөдөртөө ингээд хөнгөхөн бэлтгэл хийхэд зүгээр биз дээ” гэлээ. 320 кг хүнд төмөр гурван цаг өргөчихөөд үүнийгээ хөнгөн бэлтгэл хэмээн ярьж байна лээ. Бэлтгэлийн дараа тэдний гэр рүү явлаа. Арслангийнх аравдугаар хороололд амьдарч байгаад Зайсанд байрлах “Орчлон” хороолол руу нүүжээ. Үүнийгээ “Хоёр охиныхоо эрүүл мэндийг бодож утаа униараас хол байлгах гэж нүүсэн” хэмээв. Зайсан руу явж байхад гадаа цас орж эхэллээ. Эрхэмээ арслан машиныхаа цонхыг онгойлгон “Кроссонд гүйж баймаар өдөр байна даа” гээд багш руугаа харав. Өглөө эртлэн босч кроссонд гүйж байхад утаанаас болоод ханиалгаад ер нь хэцүү байдаг шүү гэлээ. Энэ үед богино долгионы радиогоор
“Арван засгаас цуутай наадмын
Алтан түүхийн хуудсанд гэгээн мөртэй дэвжээ
Есөн цагаан тугандаа адислан мөргөөд
Ертөнцийн эгэлгүй хүчтэнүүд наадан чуулсан дэвжээ…” хэмээх монгол бөхийн сүлд дуулал гэж хэлж болохоор “Монгол бөхийн дэвжээ” дуу эгшиглэж байсан нь цаанаа л бэлгэшээлтэй санагдав.
Арслангийнх “Орчлон” хорооллын 78 дугаар байранд нүүж иржээ. Г.Эрхэмбаяр арслан ноднин төрийн дөрвөн том ой, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 80 жилийн ой гээд өөрийнхөө хувьд таван том ой тохиосон баяр наадамд үзүүрлэсэн гэдгийг бид мэднэ. Түүнээс өмнө 78 жилийн өмнө Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат “Боохой” хэмээх Дамдинсүрэнгийн Данзан Монгол Улсын арслан цол хүртэж байсан билээ. Г.Эрхэмбаяр арслангийн хувьд 1978 оны арваннэгдүгээр сарын 15-нд төржээ. Өнгөрөгч пүрэв гаригт төрсөн өдөр нь болжээ. Тийм болохоор арслан 78-ын тоонд дуртай гэсэн. Гэсэн ч байраа сонгохдоо 78 дугаар байр гэдгийг нь мэдээгүй гэнэ. Сүүлд нь харахад их бэлгэшээлтэй зүйл тохиож энэ байранд орсон гэдгээ мэдсэн гэсэн юм. Арслангийнх дөрвөн өрөө цэлгэр байртай аж. Нэг өрөөнийхөө хананд медалиудаа өлгөжээ. 60 гаруй медалийн хамгийн эхэнд төрийн наадамд үзүүрлэхэд нь олгосон мөнгө, өнөө жилийн баяр наадмын шөвгийн дөрөвт шалгарахад өгсөн хүрэл медалийг залжээ. Өрөөний хойморт сангийн бойпор тэргүүт арц, хүжийг байрлуулсан байлаа. Бид зочдын өрөөнд тухлан яриагаа үргэлжлүүлэв.
Арслангийн төрсөн нутаг Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараа хот. Аав, ээж нь Завханых аж. Анх намайг барилдаж эхлэхэд аав минь “Миний хүү төрж, өссөн нутгаараа овоглож яваарай” гэж захисан. Тэгээд ч хүн болж төрсөн, хүүхэд насны минь гэгээн сайхан дурсамж бүхэн Хараад минь байдаг болохоор Мандал сумаараа овоглодог юм гэв. Арслангийн аав Гунаажав агсан бөхөд дуртай нэгэн байжээ. Арслангийн аав ээж хоёулаа бөхийн удамтай аж. Даншгийн босоо Шагдар, Монгол Улсын заан Ц.Баярсайхан гээд хэд хэдэн бөх байдаг гэнэ. Тэрээр гуравдугаар ангийн сурагч байхдаа Монгол Улсын арслан Уламбаярын Мижиддоржийн шавь болжээ. Тухайн үед У.Мижиддорж арслан Зүүнхараа хотод амьдарч байж. Түүний удирдлага дор төмөр замын арын таван давхар тоосгон байшингийн подвальд чөлөөт бөхийн бэлтгэл хийж эхэлсэн гэнэ. Удалгүй Мижигээ арслан Улаанбаатар хот руу нүүхээр болж хагас жил хичээллэсэн чөлөөт бөхийн секц нь хаагджээ. Түүнээс хойш үеийн нөхөдтэйгээ гудамжинд дээл хувцсаа уран барилдаж байснаас бөхийн спортоор тууштай хичээллээгүй байна. Хоёр ах нь бөхийн секцэнд явдаг байсан болохоор манай хүнийг барилдъя хэмээн нэлээн нухдаг байж.
Арслангийн бага нас Зүүнхараагийн Партизаны гудамжинд ус, түлээгээ бэлдэхээс эхлэн мал хуйгаа хариулсан шиг өнгөрчээ. Тэрбээр арван жилийн гуравдугаар дунд сургуульд сурдаг байсан ба түүний найзууд Эрхэмбаярыг бөх болно гэж ёстой зүүдлээ ч үгүй явсан гэдэг. Өөрөө ч хүүхэд байхдаа нэлээн дэггүй байсан гэнэ. Гэхдээ хүмүүст гэм хоргүй хүүхэд насны дэггүйтэл байж. Ямар сайндаа л ээж нь “Энэ Эрхэмээ чимээгүй үймүүлдэг янзын хүүхэд шүү” гэдэг байсан гээд инээмсэглэсэн юм. “Хараа голынхоо эрэг дээр умбан шумбан өслөө шүү дээ. Зун найзуудтайгаа гол руу очин өдөржин усанд орсоор байгаад бов бор болчихно. Аав ээждээ загнуулсан ч хаширдаггүй байсан нь хүүхэд настай минь холбоотой болов уу гэв. Хүүхэд ахуй цагийн нэгэн хөгжилтэй зүйлсээсээ яриач” гэхэд “Сургуулийн сурагч байхдаа нэг өдөр ахтайгаа хэн нь түрүүлж гэртээ харихаа үзэхээр боллоо. Түрүүлж харьсан нь том аягатай хоол идэх юм. Зэрэгцэн зогсож байгаад гүйтэл ах гудамжаараа ороод алга болж өгөхөөр нь би товчлох санаатай айлын хашаа давах гэж байгаад хашаанаас пальтогоороо дүүжлэгдээд баларсан юм. Уйлаан майлаан болж байхад аав ирж хашаанаас намайг авч билээ. Тэгж хоол ч үгүй, пальто ч үгүй болох дөхсөн” гэв.
10 дугаар ангиа төгсөөд нэг жил аав, ээждээ туслан сургуульд суралгүй өнжжээ. Тэр жилийнх нь зун Мандал хайрханы тахилга болж мань хүнийг хөгшчүүл нь барилдуулахаар нэрийг нь бичүүлчихэж. Ямартай ч тэр барилдаанд гурав даваад өвдөг шороодож. Тэрбээр барилдахын хажуугаар даагаа уяжээ. Уясан даага нь торгон жолоо өргүүлсэнд баахан урамшин гэртээ ирж аавдаа овооны наадмын тухай ярин даага түрүүлүүлсэн гээд магтах болов уу гэтэл аав нь харин ч тоосонгүй бөхийн барилдаанд гурав давсанд нь баярлажээ.
Тэгээд намар нь буюу 1997 онд Ж.Мөнхбат аваргын үүсгэн байгуулсан Их шавийн дээд сургуульд үндэсний бөхийн багш дасгалжуулагчийн ангид оруулсанж. Тэгж л улсын харцага Г.Элбэгийн шавь болсноор бөхийн замналаа эхлүүлсэн түүхтэй. Гэхдээ би арай л хожуу бөхтэй нөхөрлөсөн хүн дээ гээд ярихад нь хүүхэд ахуй насандаа барилдаж байсан бол амжилт арай өөр байх байсан болов уу гэсэн бодол тээж явдаг юм уу даа гэх бодол төрлөө.
Оюутан болоод дөрвөн жил ахындаа амьдарчээ. Ах нь чанга гараар атган хүмүүжүүлсэн болохоор орой үдэш гэрээсээ гардаг ч үгүй байж. Тэр нь ч миний амжилтад нөлөөлсөн гэв. Тэдний ангиас Төв аймгийн Мөнгөнморьтын аймгийн арслан Ж.Мөнгөн, аймгийн начин Нямдорж тэргүүтэй аймгийн цолтонууд төржээ. Биднийг ийн ярилцаж байх зуур гэргий нь шинэхэн чанасан сүүтэй цайгаар дайллаа.
Аав нь бөхөөс гадна моринд хорхойтой байсан тул наадмаар өөрийн адуунаасаа морь уяж Г.Эрхэмбаяр арслан хэдэн жил хурдан морь унасан ч айраг түрүү хараахан хүртэж чадаагүй гэлээ. Гунаажав гуай хүүхдүүдээсээ бөх төрүүлнэ гэж боддог байсан ч хоёр ах нь бөхөө орхисон тул Эрхэмээгээ бөх болгохоор шийдсэн нь тэр байж. Аавынхаа ачийг, тэрхүү холч ухааныг одоо болтол биширдэг шүү хэмээн их гарын мөнгөн аягатай цайнаасаа оочилсон юм. Эрхэмбаяр арслан дээрээ хоёр эгч, хоёр ах, доороо нэг эрэгтэй дүүтэй юм байна. “Би чинь одонгийн хүүхэд шүү дээ базарваань. Төрөхдөө л энгэрээ цоолуулж төрсөн” хэмээн хүдэр хоолойгоор инээв. Арслангийн хамгийн том ахыг Эрхэмбаатар гэдэг бөгөөд Мандал сумынхаа “Цант Орхон” компанид ажилладаг бол удаах эгч Эрдэнэчимэг нь Зүүнхараагийн гуравдугаар сургуульд багшилж байгаа гэнэ. Эрдэнэ-Очир ах нь хувиараа тээвэр эрхэлж байгаа бол арслангийн дээд талын эгч Оюунчимэг нь ЭМШУИС-д суралцдаг аж. Бага дүү Эрдэнэсүх нь төрөлх сумандаа хувийн аж ахуй эрхэлж байгаа юм байна. Ээж Т.Даваадулам нь тэтгэвэртээ суусан бөгөөд ач зээ нараа тойруулан өнөр өтгөн сайхан амьдарч байнгаа аж. Энэ үед түүний утас дуугарлаа. Хамаатных нь бололтой хүнтэй ярив. Өвлийн идэш уушаа ярингаа “Ээжийн утас ерөөсөө болохгүй юм. Цэнэг нь л дууссан байх. Ээж утсаа цэнэглэнэ гэж байхгүй юм аа. Одоо цэнэгээ удаан барьдаг аятайхан утас авч өгөхөөс” хэмээн ярилаа.
Арслангаас анхны цолоо хаанаас хүртэж байсан тухай сонирхлоо. Г.Эрхэмбаяр “1999 онд Мандал сумын Түнхэл тосгоны баяр наадамд түрүүлэн сумын заан цол хүртсэн. Би уг цолондоо их хайртай. Манай бөхчүүд сумын заан цолоо ер нь их хүндэтгэдэг шүү. Өнөө мундаг яруу найрагч Ч.Мягмарсүрэн агсны “Сумын заан” хэмээх сайхан шүлэг ч байдаг даа” гэв. Сумын заан цол хүртсэнээсээ хойш хоёр жилийн дараа буюу 2001 онд Хөвсгөл аймгийн 70 жилийн ойн баяр наадмаар улсын начин Б.Бадралаар зургаа давж аймгийн начин цол хүртжээ. Аймгийн начин цолтойгоор хоёр жил төрийнхөө наадамд зодоглон дээгүүр даваанд өвдөглөжээ.
Тухайн үед заал танхимын барилдаанд аймгийн начин цолтойгоо сайн барилдчихдаг байж. Амархан улсын начин цол хүртэж болдог юм байна гэж залуу насны гэнэн ухаанаар сэтгэжээ. Тавхан давахад би улсын начин болно хэмээн заалны барилдаантайгаа эндүүрэн 2002 оны наадмын хоёрын даваанд Ч.Даваадорж харцагад өвдөг шороодон их уйлсан гэдэг. Тэгэхэд л төрийн наадмын торгон дэвжээ ямар хатуу вэ гэдгийг мэдэрсэн байна. “Уг нь би тэр жил начин болчих юмсан гэж зүтгэсэн. Тухайн үед аавын бие тааруухан байсан тул ямар ч байсан бөх болсных улсын начин болж аавыгаа баярлуулъя гэж дотроо шатаж явсан юм” гэлээ.
Начин цол хүртэж чадаагүй болохоор “Аавыгаа би баярлуулж чадаагүй дээ гоморхон ахиж би үндэсний бөхөөр барилдахгүй” гэж Г.Элбэг багшдаа хэлээд загнуулсан байна. Яахав намайг олон наадам хүлээж буйг өөрөө мэдэхгүй явсных байхгүй юу гэв. Хоёр хоногийн дараа уяачдын наадамд Г.Элбэг багшийнхаа хамт бараг л хөтлөлцөн очоод багш түрүүлж би үзүүрлэсэн юм. Үзүүрлэчихээд инээд алдан гарч ирэхэд багш нь “За Эрхэмээ одоо барилдмаар байна уу” гэжээ. Тэрхүү барилдаанаас хойш найм хоногийн дараа Зүүнхараа хот байгуулагдсаны 50 жилийн ойн наадамд түрүүлж аавыгаа баярлуулжээ. “Хүн гэдэг эцэг, эхдээ өгсөн амлалтаа биелүүлэх шиг сайхан зүйл байдаггүй юм билээ. Аавыгаа сэрүүн тунгалаг ахуйд нь улсын цол авч баярлуулж чадаагүй ч хожим дээд тэнгэрээс хүүгээ хараад баярласан байх даа гэж боддог. Аавыгаа л бодож бэлтгэл сургуулилтаа эрчимтэй хийдэг байсан. Бөх хүн олон жил барилдах тусмаа хашир суудаг юм байна” гээд бодлогошров. Монгол Улсын гавьяат тамирчин М.Хойлогдорж агсан “Эрхэмбаяр оюутан байхдаа бэлтгэл хийгээд хамгийн сүүлд заалнаас мөлхөж гардаг байсан” хэмээн дурссан байдаг.
Харин 2003 онд Дархан-Уул аймгийн баяр наадамд найм даван түрүүлэн аймгийн арслан цол хүртсэн гэнэ. Аймгийн арслан хэмээх цолыг зургаан хоног зүүгээд төрийн их баяр наадамдаа Ж.Мөнхбат аваргаар тав даван улсын начны босго алхжээ. Биднийг ийн ярилцаж байх зуур түүний бага охин Саруулзаяа унтаж байгаад сэрэв бололтой жаахан уйлагнахад гэргий Ц.Дэлгэрмаа нь бидэнд хоол хийж байсан тул арслан маань охиноо өвөр дээрээ авсан юм. Том охиныг нь Ариунзаяа гэдэг гэнэ. Одоо найман настай бөгөөд “Хобби” сургуулийн тавдугаар ангид сурдаг юм байна. Саруулзаяа охин нь одоо таван сартай аж. Аргагүй л арслангийн охин доо гэсэн шиг биерхүү гэж жигтэйхэн. Наадмын өмнө охиндоо Саруулзаяа гэдэг нэр хайрлажээ. Харин арслан маань өнөө жилийн наадмаар шөвгөрөөд “саруул сайжрах” чимэг хүртсэн нь цаанаа л нэг учир жанцантай шиг санагдсан. Г.Эрхэмбаяр арслангийн сэтгэлдээ тээдэг хамгийн үнэт эрдэнэ нь хоёр охин нь гэсэн. Ааваас нь өвлөгдөж ирсэн хөөрөг тэргүүтнүүд ч мөн түүний хайртай зүйлсийн нэг аж. Бөхийн дэвжээнээ тэр бүр тахим өгөөд байдаггүй арслан маань хоёр охиндоо бол шууд өвдөг шорооддог гэдэг нь анзаарагдсан юм. Өглөө Ариунзаяагаа сургуульд нь хүргэж өгч орой нь авдаг ажилтай гэлээ.
Зочны өрөөтэй нь танилцаж байхад тавиур дээр арслан, начин цолны тэмдэг бүхий малгай, цолны үнэмлэхүүд байлаа. Эдгээр зүйлсийн доор нь Сэлэнгэ аймгийн 80 жилийн ойн баяр наадмаар түрүүлэхэд өгсөн Боохой Данзан арслангийн хүрэл баримал байрлажээ.
Бидний яриа 2003 оны төрийн их баяр наадам руу эргэлээ. Начин цол хүртсэнд хүмүүс баяр хүргэж байсан ч арслангийн хувьд дотроо гомдол тээж явжээ. “Өнөө жил биш өнгөрсөн жил би ингээд туг тойрч байсан бол аав минь хичнээн баярлах байсан бол оо” хэмээх бодол голыг нь зурж байж. Гомдол, баярын нулимсыг тэгэхэд л унагаж байлаа гээд хэсэг чимээгүй суулаа. “Би чинь их сүсэг бишрэлтэй хүн. Зав л гарвал нутаг руугаа гүйчих гээд байдаг юм. Очиж ээждээ үнсүүлэн уул усандаа мөргөж, найз нөхөдтэйгээ уулзчихсан байхад хийморь сэргээд ирдэг” хэмээсэн. Бусад хүмүүс шиг ан авд явж хийморио сэргээдэггүй гэнэ. “Амьтны амь тасалчихаад хийморио сэргээнэ гэж байхгүй биз дээ” гэсэн юм.
Ноднингийн наадам руу мөн бидний яриа хэвийлээ. Наадмын хоёр дахь өглөө буюу 2011 оны долдугаар сарын 12-ны өглөө найзууд нь Эрхэмээгийнхээ гэрээр орж цай уугаад хамтдаа цэнгэлдэх оръё гэж шийдсэн байж. Өмнө жилүүдэд найзууд нь цэнгэлдэх дээр л уулздаг байсан ажээ. Гэтэл энэ удаа найзууд нь Г.Эрхэмбаяр арсланд хэлэлгүй шууд гэрт нь ирсэн байна. Шинэхэн цай буцалж байхад ирсэн тул тэд цайгаа уунгаа багынхаа явдлыг хөхрөлдөн ярилцаад гарчээ. Дагаа хэмээх найз нь “Эрхэмээ найз нь машин авсан” гээд машин руугаа заатал дугаар нь 9999 гэсэн тоотой шар ланд круйзер 200 байжээ. Тэр жил миний наадамд өмссөн дээл шар өнгөтэй байсан тул “Ямар сонин юм бэ. Миний наадмын дээлний өнгөтэй машин авчихсан байна ш дээ” гээд инээлдэн машинд нь суухдаа “Чи 9999 гэсэн дугаартай машин авсан юм чинь найз нь ес даваад чиний машиныг мялаачихъя” гэжээ. Наадмын орой найзуудтайгаа гэртээ ирэхэд нь өнөө Дагаа нь уйлж гарчээ. Арслан “Яав, ийв” гэтэл “Би их буруу юм хийчихэж. 9999 биш 1010 гэсэн дугаар авсан бол миний найз өнөөдөр аварга болчих байлаа” гэсэн гэнэ.
Г.Эрхэмбаяр арслангийн хувьд аварга, арслан, гарьд цолыг мөрөөдөх нь битгий хэл бодож ч байгаагүй аж. Харин даацтайхан заан болчих юмсан гэж битүүхэндээ мөрөөдөж явжээ. 2010 оны наадмын зургаагийн даваанд өнөөгийн улсын аварга Сүхбаатарын Мөнхбаттай тааран барилдаж өвдөг шороодсон. Тэгвэл дараа жил нь төрийн наадмынхаа үзүүр түрүүнд ахин таарсан юм. Энэ тухай арслангаас асуухад “Начин болсноосоо хойш харцага, заан болчих хүсэл их байсан ч доогуур даваануудад их унасан. Ноднингийн наадмаар заан болох хүсэл минь давж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар арслан цол хүртээж буйг уншихад шоконд орчихдог юм байна лээ. Тийм зүйл бодоогүй явсан болохоор даваа ханачихсан хэрэг” гээд арслан цолныхоо үнэмлэхийг дэлгэв. Тэгэхэд С.Мөнхбат аварга “Эрхэмээ ахаа та бид хоёр төрийн наадмын үзүүр түрүүнд үлдсэн нь ховор хувь тохиол юм даа гэж билээ” гэсэн юм.
Энэ зуур том охин нь аавынхаа өвөр дээр ирж суулаа. Тэгэхэд арслан “Миний охин чинь уг нь мах мяраатай хөөрхөн охин байсан чинь одоо тураад байх юм. Арслангийн хоол зохихгүй байна гэж байдаг юм болов уу” хэмээн инээгээд охиноо үнсэв.
Арслангийн эхнэрийг Цэрэннадмидын Дэлгэрмаа гэдэг. Банк санхүүгийн мэргэжилтэй юм байна. Тэд 2002 онд танилцжээ. Г.Эрхэмбаяр арслан нэг өдөр санаандгүй найзтайгаа найз охиныг нь айлд хүргэж өгөхөөр болж. Ирээдүйн хадмындаа тэгж ирж буйгаа тухайн үедээ мэдээгүй гэнэ. Найзынх нь найз охины дагуулж очсон айлын охиныг хараад танилцмаар санагджээ. Тэр айлаасаа гараад найзаасаа “Найзтайгаа танилцуулаач. Намайг тоох болов уу” гэжээ. Сүүлд нь эхнэртэйгээ танилцаж үерхээд гадуур дотуур явж байгаад багшдаа баригдаад баларсан гээд хүд хүд инээв. Тэгээд 2003 оны сүүлээр гэр бүл болсон аж. Сайн ханийнхаа буянаар бэлтгэл сургуулилтаа алдалгүй хийж байгаадаа баярлаж явдаг шүү хэмээн хань руугаа хараад инээмсэглэв. Гэргий Ц.Дэлгэрмаагаас нь бөх хүний эхнэр байх хэцүү юу гэхэд “Эхэндээ ч хэцүү л санагддаг байсан. Одоо ч сурчихаж дээ. Барилдаануудыг нь уг нь Бөхийн өргөөнд очиж үздэг байсан ч шинэ хүнтэй болсноосоо хойш үзэж амжихаа байлаа” гэв. Тамирчин хүн ар гэр, бэлтгэл сургуулилт хоёрынхоо нэгийг сонгох шаардлагатай болдог. Тэгвэл арслангийн бэлтгэлээ тухтай хийх нөхцөл бололцоогоор гэргий нь сайн хангаж өгдөг аж. Тийм ч болохоор өнөөдрийн өндөрлөгт хүрээ биз ээ.
2003 онд Г.Эрхэмбаярыг улсын начин цол хүртэхэд нь аймгийн нутгийн зөвлөлөөс УАЗ 469 машин бэлэглэсэн гэнэ. Тэр машиныг нь тухайн үеийн ханшаар буюу зургаан сая төгрөгөөр худалдан Зурагтад хашаа байшин авч голомтоо бадраажээ. Улсын начин цолтой уран барилдаант бөхийг монголчууд таньдаг болсон үе. Гэсэн ч мань хүн гэр хороололд амьдардаг болохоор ус, түлээгээ өөрөө зөөдөг байж. Хүмүүс хоорондоо шивэр авир хийдэг байсан ч “Энэ чинь амьдрал шүү дээ” хэмээн дотроо бодоод өнгөрдөг байсан тухайгаа хөгжилтэйхэн ярьсан юм. Дараа жил нь “Ноёд” группээс нэг өрөө байр өгч тийшээгээ нүүсэн байна. Яваандаа нэг өрөө байраа хоёр өрөө болгон амьдарч байгаад Орчлон хороололд ирээд байгаа нь энэ гэлээ.
Г.Эрхэмбаяр арсланг өнөө цагт барилдаж байгаа бөхчүүдээс ёс жудагтай, хэл аманд өртдөггүй бөхчүүдийн нэг гэдэг. Бөхийн ёс жудгийг бөхийн эрдэм заасан багш нар болон “Ноёд” группын захирал Г.Буяндоржоос суралцсан гэнэ. “Аавын минь оронд аав болж яваа болохоор энэ хүн сэтгэлийн их өртэй дээ. Залуу бөх байхаас нь эхлэн дэмжиж эхэлсэн бөгөөд өдгөө 12 жил сайхан дотно явна” гэв. Тэд Зүүнхараагийн Партизаны гудамжны хүүхдүүд гэнэ.
Энэ үед гэргий нь сармистай шөлөөр дайллаа. “Манай хүн ч хоол унд хийхдээ гаргууд сайн. Би ялангуяа мах, гурил хоёроос өөр зүйл хийгээгүй монгол лавшаанд нь бүр илүү дуртай гэж гэргийгээ магтаад авлаа.
2006 оны наадмын зургаагийн даваанд багштайгаа барилдах хамгийн хэцүү байсан аж. Багш нь долоо давж заан болчих гээд улсын начин цолтой байсан Эрхэмээгийн хувьд харцага болчих хүсэлтэй байсан ч багшийнхаа ачийг хариулж тахим буулгасан юм байна. Эрхэмбаяр арслан ямар нэгэн бизнес хийдэггүй бөгөөд бөхийн ариун цагаан хөдөлмөрөөр олсон мөнгөөрөө амьдарч яваа аж. Хүмүүс бөхчүүдийг зүгээр байж байгаад нэг компаниас цалин авлаа гэдэг. Угтаа бид ямар ачаалалтай бэлтгэл хийж нутаг ус, харьяа газрынхаа нэрийг гаргах гэж тэмүүлдгийг тэр бүр ойлгодоггүй. Олон жил цаг хугацаа алдаж, гэр бүлээ умартан бэлтгэл хийж амжилтад хүрч байгааг мэдэрвэл тэгж ярихгүй байх гэсэн юм. Том охин Ариунзаяа нь “Аавтайгаа гадуур явах гоё байдаг. Манай аав мундаг бөх шүү ахаа” хэмээн аавынхаа цээжинд асах нь хичнээн жаргалтай байгааг нь илтгэх мэт санагдав.
Монгол бөхийн хийморь өөдөө байж, аварга цол хүртэн төр, түмнээ баярлуулж яваарай гэсэн ерөөл өргөж тэднийхээс гарлаа.
Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнээ уран мэхийг уралдуулан барилдаж яваа идэр арслангийнд ийн өнжлөө. Тэднийхээс гарахад цас бударсаар л байсан авай.
Э.ЭНХБОЛД Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН
medee.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 19, 2012 4:51:13 pm )
arslan bol tasarhai l daaaaaaaaaaaaa
-
Anonymous (November 22, 2012 3:01:15 pm )
ynxeer saixan arslan daa minii tursun nutagiin ax manadl sum saixan shuu jagaa
-
Anonymous (November 22, 2012 6:28:10 pm )
Saihan arslan shu! Ystoi tsolnodoo barildaj baigaa daa! Udahgui avarga bolnoo. Bid taniig ger buleeree demjideg shu!
-
Anonymous (November 22, 2012 6:30:25 pm )
Taniig bi uzuureldeg jil Erhmee nachin avarga bolno geed naizuudtaigaa muriitstsan baisan! Gehdee zugeeree udahgui avarga bolooroi!
-
Anonymous (November 23, 2012 2:00:22 pm )
Мөдхөн аварга болно доо. 6 заанаас хойш үзүүштэй сайхан барилдааныг Эрхэмээ л гаргаж байна даа. Олон жил сайхан барилдаж ард олноо үзүүштэй сайхан барилдаанаараа баярлуулж яваарай миний дүү.
-
Anonymous (November 23, 2012 7:08:00 pm )
sain arslan tsolondoo ezen hvn
-
Anonymous (November 24, 2012 4:05:07 am )
mongol er geheer l neg tom ayga barisan zurag baidag bolj dee boh geheer l tom hul barisab hvmvvs baidag kk ineedtei ch yum shigee gej ho
-
Anonymous (November 24, 2012 5:55:40 am )
Энэ хотгойд бөх Босоо Шагдарын удмын бөх лавтай. Сайхан бөх! Сайхан барилдаарай хүү минь!
Хотгойд өвгөн.
-
Anonymous (December 19, 2012 6:56:11 pm )
SsClubt bolson arslan tsolnii nairan deer ehner huuhdiig n harsan. saihan busgui baina lee.az jargal husey
9 Comments