“Ядахдаа хүүг минь авраач дээ” гэх энэ үг одоо ч чихэнд сонстож, гол харлуулж, аюулхай орчимд хөндүүрлүүлсээр…
Хорвоод мэндлээд наймхан сар болж буй үрээ тэвэрсээр амьд гарахын төлөө тэмцсэн эмгэнэлтэй, өр өвдмөөр дүр зургийг сэтгэлд тодоос тод үлдээсэн, өдгөө ч амьд, үхсэн нь эс мэдэгдэх тэр эмэгтэйн тухай өнөөдөр дэлхий нийтээрээ харуусч, халаглаж байна. Албан газар, автобус унаа, гудамж талбай гээд хаана ч тэдний тухай хүүрнэх аж. Харин улстөрчид л энэ тухай ганц ч үг ганхийхгүй юм.
Усанд үйж буй хүмүүс өөрөө өөрсдийгөө аварсан байхад өөрсдөө аварсан мэтээр хэнэг ч үгүй ярих онцгойгийнхонд “Монгол хүний жудаг, нүнжгийн өчүүхэн хэлтэрхий байна уу” гэж асуумаар, “тушаал” гэх ганц үг ямар гай дагуулдгийг бас сануулмаар байна.
Одоогоос таван жилийн өмнө Онцгой байдлын Ерөнхий газрын аврагч нараас бүрдсэн 19 хүний бүрэлдэхүүнтэй МИ-8 нисдэг тэрэг Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт осолдож, 15 алба хаагч амь насаа алдаж байсныг Монголын ард түмэн мартаагүй. Гэтэл тэр залууст “унтарсан түймрийг унтраах тушаал”-ыг хэн өгсөн нь учир битүүлэг байсаар өнөөг хүрсэн.
Хариуцлагагүй, ажлаа мэддэггүй дарга нарын балгаар Монгол Улсын урдаа барьдаг нисгэгчид, болон инженер, шүхэрчин-гал сөнөөгч залуус цаг бусаар одож, Хилийн цэргийн МИ-8 нисдэг тэрэг жагсаалаас гарсан. Энэ өнгөрсөн явдал ч хэрэг хуучирдаггүй гэгчээр тушаал өгсөн тэр эзэн хэзээ нэгэн цагт илчлэгдэж л таарна.
Тухайн үед 1500 метрийн өндрөөс унасан тэр ослоос хэсэг аврагч амьд үлдэж, бие биенээ аварч хамгаалж, асарч тойглосон байдаг. Гэтэл Сэлэнгэ аймгийн онцгойгийнхон ёстой орчлонгийн шившиг болов.
Уснаас аврах ажиллагаа явуулах гэж байгаа хэрнээ ямар ч бэлтгэлгүй, тухайлбал, усны хувцас, олс дээс, завь, уурга, сэлүүр гээд наад захын хэрэгсэлгүй байсан нь Монгол Улсын Онцгай байдлын албаны ажил хэр явж буйг илтгэсэн.
Техник хэрэгсэл дутмаг байхын сацуу аврагчид нь албаны бэлэн байдал, мэргэжлийн чиг баримжаагүй байсан нь дээд дарга нар нь төрийн тусгай албыг хэрхэн хашиж байгаагийн бас нэгэн илрэл болсон.
Хамгийн эмгэнэлтэй нь ээж, хүү хоёрын асуудлаас болж ажлаасаа халагдсан дарга уснаас хүн яаж авардгийг мэддэггүй, газар орны баримжаагүй тийм л нэгэн байсныг эх сурвалж харамсан өгүүлж байсан юм.
Уг нь бол уснаас хүн аврахдаа голын нарийн хэсгээр боолт хийх, тор татах гээд олон арга байдгийг энгийн иргэд мэднэ дээ. Гэтэл Сэлэнгийн онцгойгийнхон ямар ч арга хэмжээ авахгүй байсаар зургаан цаг эх, хүү хоёрыг голоор хөвүүлсээр сүүлдээ улсын хилээр гаргачихсан. Дэндүү хариуцлагагүй амин хувиа хичээсэн энэ мэт үйлдэл дахин бүү давтагдаг.
Гал сөнөөгчид дүрэлзсэн улаан гал дотроос хүүхэд, хөгшдийг аварсан олон сайхан жишээ байдаг. Тэд бол эх орондоо тангараг өргөсөн жинхэнэ эх орны хөвгүүд.
Харин хар амиа хоохойлсон, өдөр тутмын хийх ёстой үйл ажиллагаандаа бүдэрсэн онцгой байдлын алба хаагчид дэлхий дахинд шившиг болсон. Орчлонгийн шившиг болсон тэднийг “шигших” цаг нь болжээ.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 19, 2012 6:58:44 pm )
yag unen ontsgoi badliig tatn buulgay
-
Anonymous (November 21, 2012 2:25:05 am )
tiim hoolnii savuudiig tejeej baihaar shorongoos 5 horigdol gargaad hvnii ami avar gebel ted avranada ygaad geheer tedend hvn chanar er zorig baidagiin..tvvnees ulsaas tsalin avsan adgusnuud bishlde
2 Comments