
Ядуурал, авлига, гэмт хэрэг, ёс суртахууны уналт, нийгмийн доройтол гээд арван жилийн өмнө бидний ярьж байсан сөрөг үзэгдэл бидний хажууханд байсаар байгаа ч бид дэлхий нийтийн хамт хөгжил дэвшил рүү урагшилсаар байна. Эдийн засаг нь үсрэнгүй хөгжсөн, ардчиллыг бодит үйл болгосон дэлхийн улс орнуудын иргэдтэй монголчууд нэгэн зүйлээр хөл нийлүүлэн алхаж байгаа нь тэд ч, бид ч мэдээллийн технологийн дэвшлийг тэгш хүртэж байгаа явдал юм.
“Хотод ДОХ гэдэг юмыг дарга нар нь хуваагаад авсан гэдэг үнэн үү”, “Ажил яахав, Анжело Дэвис яасан бэ?”, “Стерлита, Мигель Ангел хоёр гэрлэсэн үү” гэж хол ойрын хүнээс сураг асууж байдаг цаг аль хэдийнэ ул болжээ. Анжело Дэвис, Стерлита, Мигель Ангел нар яасныг өнөөдөр интернэт хэмээх шидийн зүйлийн тусламжтайгаар компьютер хэмээх дөрвөлжин хайрцгаас мэддэг боллоо, монголчууд бид. Ганц харуусмаар зүйл нь интернэт хэмээх шидийн зүйл нь гол төлөв харь хэл дээр байх. Залуу хүмүүст энэ нь гадаад хэл сурах ташуур болж өгдөг бол хол ойрын сураг сонсохоос өөр ажилгүй хөгшчүүлд харин яах аргагүй гачлан.
Мэдээж эх хэл дээрх интернэт хуудсууд байх ч, цаг хугацааны хувьд арай жаахан хожимдох гэмтэй байсныг бид шинэчлэхээр шийдэж, www.news.mn гэсэн хаяг бүхий шинэ үйлчилгээг монголчуудадаа бэлэг болгон барилаа. “Мэдээллийн шинэ ертөнц” гэсэн уриатайгаар шинэ сайтаа нээсэн бидний бодсон зөв байсныг өнгөрсөн долоо хоног харууллаа. Яг одоо эх оронд, дэлхий дахинд юу болж байгааг мэдэх гэсэн эрмэлзэлтэй хүмүүс хэчнээн их байсныг өнгөрсөн долоо хоногийн манай сайтын хандалт харууллаа.
Манай шинэ сайт мэдээллийн шинэ ертөнц төдийгүй Монголын сэтгүүл зүйд хийсэн том үсрэлт гэдгийг давхар онцлон хэлмээр байна. “Хариуцлагатай, хараат бус, тэнцвэртэй, шуурхай, олон ургальч, бусдад хүндэтгэлтэй, хүнлэг, иргэний байр суурьтай” гэсэн найман зарчмыг уриа болгон гурван жилийн өмнө дахин шинээр мэндэлсэн “Ардын эрх” сонины хамт олон энэ үйлчилгээгээрээ монголчуудыгаа мэдээллийн шинэ ертөнц, шинэ орчин, шинэ хэрэглээнд уриалан дуудаж байна.
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 03, 2012 12:53:40 pm )
bayarlalaa news.mn
1 Comment