
Ялангуяа улс төрийн хүрээнд хэн хэрхэн өөрчлөгдсөн нь хүн бүхний сонирхолыг татаж байгаа биз. Үнэхээр ч өнгөрсөн сонгуулийн өмнөөс эхлээд л өдгөө хүртэл улс төрийн амьдрал тогтворгүй үргэлж олны анхааралд байгаа юм. Энэ хугацаанд дараах эрхмүүд зүс царай, гадаа имиж хийгээд албан тушаалын хувьд ийнхүү өөрчилөгджээ. Тэдгээрээс та бүхэнд заримыг нь танилцуулж байна.
Өөрчлөлт-1

МУ-ын экс ерөнхийлөгч өдгөө эмнэлэгт эрх чөлөөт маягаар ял эдлэн буй Н.Энхбаяр улс төрийн хүрээнд хамгийн их өөрчлөгдсөн хүн. Түүний албан тушаал хийгээд амбийц нь урьд өмнөхтэй нь харьцуулахын аргагүй өөрчлөгдсөн. Нэг үгээр хэлбэл шүүх хурлын маргаашаас эхлээд түүнийг гэсэн ард түмний рейтэнг навс унасан. Мөн экс маань зүс царай, бие бялдарын хувьд хэнтэй ч зүйрлэхийн аргагүй болсон. Ямар сайндаа тураах клубуудыг ажилгүй болтол нь турах арга сурталчилсан хэмээн хэлүүлж байхав.
Өөрчлөлт-2

Харин энэ эрхмийн хувьд уяа, уран хоёр дээрээ дүүхэлздэг цаг аль хэдийнэ өнгөрч улс төрийн их зүтгэлтэн болсон. Дан дээлээ пиджакаар сольж басхүү төрийн эрх барьж буй намын харьяанд давхидаг Дундговийн ганц шүтээн болсон “баян намсрай”. Улс төрд орсоноороо түүний оюун ухаанд огцом өөрчлөлт ороогүй ч Б.Наранхүү гишүүн хаяа нэг хэвлэлээр залруулга маягийн юм хийж явах болоод байгаа. Өчигдөр л гэхэд “хүүхдийн парк”-ын газраас үнэ цохиж авсан хэсэг газраа ёстой л “зөв харж инээж, буруу харж уйлна” гэгч болон байж буцаагаад өгсөн. Гэхдээ энэ шийдвэр нь Монголын бяцхан үрсийн ирээдүйд ихээхэн хувь нэмэр оруулах шийдвэр байсан юм шүү. Өмнө нь бол Б.Наранхүү өөрийнх нь л мэдлийнх бол сөөм газар ч хамаагүй харамлах байсан болов уу. Тэгэхээр УИХ-ын гишүүн гэх сэтэр түүнийг их өөрчилсөн бололтой.
Өөрчлөлт-3

Энэ хүний өөрчлөлтийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Хороон засаг даргаас шууд л УИХ-ын гишүүний сэнтийд залараад авсан хүн. Тийм болохоор түүний албан тушаалыг ярихаас илүүтэй хувь хүнийх нь талаар өгүүлсөн нь дээр байх. Хэдийгээр хуулийн сургууль төгсөж хуулийн байгууллага болох цагдаагийн газар ажиллаж байсан ч мань хүн өөрөө хууль зөрчин ажлаасаа халагдаж байсан удаатай. Тэгвэл тийм хүн өдгөө хууль зохиож бас батлалцаад явж байгаа нь хамгийн сонирхолтой өөрчлөлт болж байна. Мөн тэр Чингэлтэйд гэр хороололд дугуй ханатад тухалдаг байсан бол өдгөө дөрвөн ханатад амьдарч буй гэх мэдээлэл гараад байгаа. Тэгэхээр бас нэг өөрчлөлт нь тэр гэр хорооллын түшээ биш бусад нөхдийнхөө адилаар байрны түшээ болж байгаа явдал юм.
Өөрчлөлт-4

“Эр хүн тамга ч барина лоозон ч барина” гэх болоод байгаа. Тэр үг энэ хүнд зориулагдсан юм. Үргэлж л инээд алдаж явдаг С.Батболд өнгөрсөн сонгуулиар намаа ялагдалд хүргэсэн гэсэн олны хараал ерөөлийг багагүй хүртсэн тэр цагаас хойш урвайж дорвойхоос өөр юм мэдэхгүй болсон. Тэгэхээр түүний эхний өөрчлөлт нь тамгаа лоозонгоор сольсон явдал. Харин албан тушаал бол ойлгомжтой. Тэр сул гишүүн. Бас нэг өөрчлөлт нь дээр хэлсэнчилэн уй гунигт автсан тэрээр МАН-ын дарга, МУ-ын ерөнхий сайд байхдаа гялалзсан хар үстэй сайхан залуу байлаа. Тэгтэл одоо УИХ-ын гишүүн С.Батболд эрхмийн үс Э.Бат-Үүл ноёнтны хойноос орохоор бууралтаж буй явдал юм.
2 Comments