
Автобусны буудал бүрт овоорч бужигналдсан бөөн хүмүүс. Дайрч унагачих шахан уралдан давхилдах автобус дараа дараагаараа шахцалдан ирэх боловч дотор нь хөл гишгэх газаргүй уурлаж бухимдсан зорчигчид дүүрэн. Нудралцах нь холгүй байж арай чүү автобусанд орж амжвал авч давхих хөөргөн жолооч нарынх нь арагш, урагш нь савуулан тормослож, нугас тасалчихмаар явдал суудал нь аймшигтай.
Багтах зайгүй автобусны ая тух, амгалан тайвныг бол ярих ч юм биш. Бачимдсан сэтгэл дээрээ бөөн бухимдал нэмж үүрээд бушуухан л буухын мөрөөс болно. Арай гэж нэг юм автобуснаас буувал зам засварчдын зунжингаа овоолж хаясан элдэв хог новшинд таварцаглаж ойчих гээд, ухсан нүхэнд нь унаж үхчих гээд ээ дээ мөн ч яггүй дээ.
Урьд нь явган хүний зам байсан өнөөдрийн там дээгүүр дэгэнцэн догонцон харайлгаж явсаар гэртээ ороход замын тоос шороонд дарагдсан толгойтой үс зэвхий саарал, өмссөн хувцас тамтаггүй хир буртаг. Өдрийн бүх л бухимдал, Улаанбаатарын амьдралын нэг өдрийн тоос шорооноосоо салъя хэмээж, усанд цэмбийтэл орж, хоолоо идчихээд сэтгэл сэргээд зурагт харахаар дахиад л болж бүтэхгүй бүхэн дэлгэц дүүрч, ялимгүй амарч байсан сэтгэл рүү хүйтэн ус нэлсхийтэл цацах нь гайхаж цочмоор.
Ганцхан өдөрт 17 хүн цаг бусаар хорвоог орхилоо л гэнэ. Ургийн гажиг 30 хувь нэмэгдлээ л гэнэ. Жирэмслэлт 40 хувь буурлаа гэнэ. 15-17 насны хүүхдүүд элдэв цавуу, ахуйн хэрэглээний хий үнэртэж мансуурах нь сүүлийн хоёрхон сард 21 удаа бүртгэгдсэн. Гэтэл тэднээс дөрөв нь амиа алдлаа л гэнэ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь эрс нэмэгдэж, амралтын өдөр 48 жолооч энэ төрлийн зөрчил гаргажээ л гэнэ. Аймшигтай. Аргаа бараад зурагтынхаа сувгийг дээрээс нь доош дуустал гүйлгэсэн ч ихэнх сувгаар Монголын амьдралын аймшигтай дүр зураг, ухаж сэндийчсэн уурхайн хаягдал, хогон дунд босгосон овоохойдоо нүд, шүд нь гялалзаж суугаа орон гэргүйчүүд, үгүй бол жагсаж тэмцэж сандал суудлаа булаацалдсан дарга нар л харагдана.
Амьдрал үргэжилсээр хэдий ч гялтайж гялайлгах юм тун ч ховор байна хөөрхий. Ядаж байхад энэ өвөл аймшигтай хүйтэрч, тэр ч байтугай дэлхий шилгээж, аюултай сүйрэл болно хэмээн “орифлеймчин” Г.Оюунгэрэл, “Монгол аура” төвийн тэргүүн гэгдэх Б.Сарандаваа нар зэрэг далдыг хардаг шидтэнүүд орой бүр дэлгэц дүүргэн тачигнах нь айж эмээсээр байгаад атгахан болчихсон үнхэлцэгийг минь хагалчих шахна.
Тэдний айлдсанаар бол дэлхий дэлбэрч, галав юүлэхэд тэсээд үлдэх ганцхан авралын орон нь монгол гэр гэж байгаа. Нээрээ бодоод байх нь ээ галав юүлж, газар хөдөлж байхад гэрийн маань унь л толгой дээрээс унахаас өөр сүйдтэй шийтгэлийг монголчууд бид амсахгүй шиг байгаа юм. Харин хүн төрөлхтний сүүлчийн ганц хорогдох байр болсон монгол гэрийн үнэ ханш арванхоёрдугаар сарын 21-нээс урьтаад талийж өгч байгаа нь бас л сэтгэл зовоож буй. Хамгийн гачлантай нь гурван өдөр таг харанхуйд тарвага шиг гэртээ бүгэх бид түлээ, нүүрсээ сайтар базааж авахгүй бол хэцүүдэх нь тодорхой. Тийм сүрхий аюул болох гэж байхад энэ муу сайн нүүрс түлээний ченжүүд үнэ ханшаа тэнгэрт тултал нь хөөрөгдсөн нь бухимдаж тарчилсан сэтгэлийг минь бас л дахин зовооно.
Орон сууцанд амьдардаг мань мэтэд түлээ, нүүрсний үнэ огтхон ч хамаагүй санагдавч зуухандаа хийх тэвэр түлээ, түмпэн нүүрсгүй, хөлдүү гэрт ходоод нь хонхолзон уйлж суугаа халтар жаалууд нүдэнд харагдаж, хоолой дээр дахиад л бөөн хар юм тээглэнэ. Орон сууцныханд ч ялгаагүй бөөн зовлон байж л байна. Өглөөнөөс орой болтол байн байн цахилгаан тасрах нь энэ зун, намрын хувьд жирийн үзэгдэл болсон. Хаяа дэрлэн шавааралдах орон сууцны барилгуудыг халуун ус, цахилгаан, дулаанаар хангаж дийлэхгүй өдөр хоногийг аргацаан өнгөрүүлж байна. Муу амлаж ч байгаа юм биш. Энэ өвөл тас хөлдчихгүй шиг хавартай золгодог байгаа даа л гэж бодогдоно.
Цэвэр агаар төслийг 30 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж, Улаанбаатарын утааг 25 хувь буурууллаа гэж бахиралдаад байсан хотын хуучин удирдлагууд хаашаа зугтаад алга болсон юм бүү мэд.
Сандал ширээгээ булаацалдсан дарга нар үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг шавааралдаж бодит амьдралаас тасраад байгаа энэ л үед архи, тамхинд хордож, нөгөө ертөнц рүү зүй бусаар талийж одож байгаа гашуухан тавилантай монгол хүний тоо толгой өдрөөс өдөрт нэмэгдсээр л. Өнөө маргаашгүй цас орж тэсгим хүйтэн өвөл эхэлнэ. Энэ нийгмийн золиос болж хаягдаж гээдсэн орон гэргүй хүмүүс өдөрт 20,30-аараа осгож эндэх нь тодорхой.
Өлсөж ядарч, даарч бээрсэн тэдний өл залгадаг ганцхан хоол, унд нь 1000-1500 төгрөгийн үнэтэй хятад техникийн спиртээр найруулсан архи нэртэй хор. “Бидний ходоод гэдэг чинь чонын ходоод л гэсэн үг” хэмээж дуниартсан уйтгартай нүдээр сүүмийн ширтэх согтуухан эр, түүнийг дагаж яваа хөх няц болсон нүүртэй хүүхэн хоёр хаврын улиралтай эсэн мэнд золгох нь эргэлзээтэй.
Улаанбаатарын энэ их бухимдал, болж бүтэхгүй бүхнийг дагаад монгол хүний ёс жудаг, халуун сайхан сэтгэл хулжиж одсон нь бүр ч аймшигтай. Орой үдэш ганц нэгээрээ явалтгүй болсон. Хаанаас дээрэмчин, тонуулчин гарч ирээд хүйтэн мэс тулгах бол гэхээс харагдсан бүхэн рүү хялалзаж, хөмхийгөө тас зуусаар харайлгана.
Улс эх орон маань хөгжөөд байна уу, хөлхөөд байна уу. Хүн ард нь дэвжээд байна уу дордоод байна уу. Хот хөдөөгүй суугаад л хөгшин залуугүй уугаад л. Зон олон маань нэг л зовсон шинжтэй харагдахгүй байна уу эрхэм дарга нар аа. Та нарыг эрх ямба, алба тушаалаа булаацалдан хэдэн хэсэг болчихоод архиралдаж байх хооронд монгол түмэн уруудаж, ядарч гүйцлээ. Хахир өвөл ч боллоо.
Эх сурвалж: “Өглөөний Сонин”
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 24, 2012 10:41:18 am )
Монголчуудын хийж чаддаг юм нь онгирох худлаа хуцах архидах баардах тэгээд ёстой чадлын хэрээр зарж байгаа юмныхаа үнийг нэмэхдээр нь суусан их хурлын гишүүд аятай юмнууд нь нэгэнт л гарсан бол бууна гэж гонжийн жоо жорлонд ороход 200 жоготой бууз 600 өмхий үнэртэй гуляш 6000 хуурамч франц сүрчиг 150 000 за тэгээд 2 хүрз нүүрс 1500 хүний амь 0 төгрөг за ийм л байна да
-
Anonymous (October 24, 2012 6:31:21 pm )
П..ЗДА Тэнэг монголчуудын чаддаг юм архидах янхантах хятадын бөгс долоох эх орноо худалдах худал ярих бие биеэнээ доош нь хийх тэнэгүүдээ сэрээч бид мөхлөө сөнөлөө ЗҮРХ ӨВДӨЖ БАЙНА СЭРЭЭЧ ДЭЭ СЭРГЭЭЧ ДЭЭ МОНГОЛЧУУДАА
2 Comments