antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 21, 2012 8 comments

Зүрхнээс төрсөн аялгуугаа хобби, карьер болгосон БАЛХААГИЙНХ

нийтлэсэн Admin

balhЭнэ удаа өнжсөн айл маань хөгжмийн зохиолч Л.Балхжавынх. Тэднийх М.Гандийн гудамжны “Жар­галан” хот­хонд амь­дардаг юм бай­на. Бид­нийг гэрийн эзэн угтав. Ойрд тоглолтын бэлтгэл гээд өдөр бүр шөнийн гурван цагийн үед гэртээ ирж байгаа гэнэ. Биднийг очдогийн урьд шөнө гэхэд л гурав  өнгөрөөж иржээ. Теле­ви­зийнх нь 20 жилийн ойгоос эхлээд “Загасан нүд” наадам, “Дэлхийн мисс” зэрэг том төслүүд нь уран бүтээлээ хийх зав олгохгүй бай­саар сүү­лийн үед л уран бүтээл рүүгээ орж байгаа гэнэ. “Ариунаа эгч нь одоо ороод ирэх байх. Та нарыг ирнэ гэж дөнгөж сая хэл­сэн чинь сандраад жиг­тэй­хэн” гээд ширээнд урив. Дээд давхартаа унтлагын хоёр өрөө, доороо зочны, гал тогоо­ны, ажлын гэсэн гурван хэсэгтэй нэг их томгүй хэрнээ интерьер засал нь эвтэй­хэн байшин юм.  Тавилга, хана, тааз гээд байшинд бүхэлдээ алт­лаг шар, ца­гаан, ногоон өнгө голло­жээ.

Бидний яриагаа эхэлсэн өрөө гэхэд л  цав цагаан төгөлдөр хуур, шаргал өнгийн буйдан, ширээ, ханын шүүгээтэй. Энэ хэсгийн барилгын зургийг эхнэр нь гаргаж, өргөтгөл болгож барьсан гэнэ. “Би нэг л санал хэлсэн. Өглөө нар харах цонхтой, нөгөө тал руугаа алтан соёмбоо харах боломжтой байхад л болно гэсэн. Бусдыг нь манай хүн хариуцаж хийсэн” гэж ярих зуур эхнэр нь орж ирлээ. Ариунаа “Та нарыг ирнэ гэж өчиг­дөр хэлсэн бол арай бэлтгэлтэй байхгүй юу. Манай хүн сая л хэл­лээ” гээд кофе авчрахаар гал тогооны өрөө рүүгээ орлоо.

Энэ хооронд гэрийн эзнээс удамд нь урлагийн хүн байсан эсэхийг сонирхоход “Эмээ маань Дуурийн театрт дуучин байсан юм билээ. Аав жолооч, ээж  цэцэр­лэгийн багш. Гэхдээ аав хоосонгүй байсан шүү. Цэрэгт гэхэд л хөгж­мийнх нь хэсэгт, бай­гуул­лагынхаа урлаг уран сайхны арга хэмжээнд гэхэд  гол оролцогч нь болдог байлаа. Ээж маань цөөн малтай, тарвагачин айлын бага охин. Ээжий­гээ хараад байхад өвөө маань урлагийн мэдрэмжтэй хүн байжээ гэж бодогддог. Ээжийн гаргаж байгаа авир энэ тэрээс нь харахад хэрвээ урлагийн хүн бай­сан бол драмын жүжигчин байж болохоор ч юм шиг нэг тийм өөр мэдрэмжтэй. Урлагийн тоглолт дээр найруулга ч хэлж байх шиг” гэж ярив. Эдний гэр бүлийг урла­гийн гэж тодотгомоор санагд­сан. Гэрийн эзэн хөгжмийн зо­хиолч, эзэгтэй хөгжмийн сургалтын төв ажил­луулдаг, том хүү Чингүүн нь кино урлагт хийсэн бүтээлтэй найруулагч. Хадам ээж нь хүртэл “Надад нэг хөөрхөн санаа байна” гээд ороод ирдэг гэнэ. Тэр дундаа жил бүр хийдэг тоглолт нь дөхөөд ирэхээр уран бүтээлээр ёстой л амьсгалдаг бололтой.

“МИНИЙ ДУУНУУД-2012” СИМФОНИЛИГ, ОРКЕСТРЛОГ БОЛНО

Ярилцаж байтал гэрийн эзний утсанд мессэж ирэв. Дуучин Болд 13 цагт “Просаунд” студи дээр уулзъя гэсэн мессэж ирүүлжээ. Удам судрын яриа тоглолтын сэд­вээр үргэлжлэв. Балхжавын “Миний дуунууд” 14 дэх жилдээ болох  гэж байгаа аж. Энэ сарын 25, 26, 27-нд болох тоглолт нь нэлээд нүсэр бүрэлдэхүүнтэй болох гэнэ. “Universe best songs”-ийн үе үеийн ялагчид, Улсын ардын дуу бүжгийн чуулга, Морин хуурын чуулга, Хөг­жим бүжгийн симфони найрал хөгжим, Т.Ариунаа, Б.Сарантуяа, Б.Баяр­цэцэг, Sweetymotion, Б.Амар­хүү гээд рок попынхон халуун бүлээрээ оролцох юм бай­на. Балхжав “Лхагваа маань миний саяхан зохиосон “Монгол ээжий” гэсэн шинэ дууг дуулна. Чинбаа “Universe best songs”-ийн хүүхдүү­дийн дуул­сан “Өнө мөнхийн орон”-г төгөлдөр хуурын гоцлол болгон найруулж симфони хөгжимтэй тоглоно. Болд маань миний тог­лолтод 13 удаа дуучин гэж орсон бол энэ жил “Миний дуунууд”-ын тайзан дээр анх удаа Төрийн соёрхолт Болд гэж зарлуулна. Энэ жилийн тог­лол­тын хувьд симфо­нилиг, оркестрлог гэдгээрээ онцлог болох байх” гэж тоглолтын сони­ноо­соо хуваалцав.

Гэрийн эзэгтэй удсангүй халуун кофе авчрав. Кофе уунгаа зэрэг­цүүлж тавьсан ханын шүүгээнд ирийтэл нь өрсөн сувинерүүдийг сонирхлоо. Наад талынх нь эзэг­тэйд  хамтарч ажилладаг хүмүү­сийнх нь дурсгасан сувинер, цаад талынхад нь гэрийн эзний гадаг­шаа  явахдаа авчирсан сувинерүү­дийг өржээ. Ариунаа Японы суви­нерт их дур­тай гэнэ. Өмчлөлийнх нь ханын шүүгээнд япон үндэсний хувцастай хүүхэлдэйнүүдийн суви­нер нэлээд харагдана лээ. Хүмүү­сийн дурсга­сан зүйлүүдээс “Айст” телевизийн захирал Амгалангийн бэлэглэсэн баян хуур хөгжим барь­сан нохойны чихмэлдээ их хайртай гэнэ. Энэ нохой ачтай нь “чацуу”. Том хүү Б.Чингүүнийх нь хүү өвөө, эмээгийн амь болол­той. Цэлмүүн хүү өвөөгийндөө ирэх бүртээ энэ тоглоомыг нэхдэг гэнэ. Хөлөн дээр нь дарахад дуу дуулж бүжиг бүжиг­лэдэг нохойндоо хайртай гэж жиг­тэйхэн аж. Дууг нь дагаж дуулж, бүжгийг нь дуурайж хийгээд өвөө, эмээгээ хөгжөөдөг гэнэ. Сонир­хуулж хэлэ­хэд энэ “нөхөр”-ийн зураг өвөө­гийнх нь цагаан өнгийн төгөлдөр хууран дээр хайртай тоглоомтойгоо хамт “залардаг” юм билээ. Ирэхгүй удахаар нь эмээ нь аавыг нь мундагдаж байж ирүүлдэг гэж байгаа. Ариунаа “Миний Цэл­мүүн хачин ухаантай. Заримдаа бүр гайхмаар хэрсүү юм ярина. Тавхан настай хэрнээ тоо бодно, ном уншина. Ээж нь их мундаг хүмүү­жүүлж байгаа” гэж бэрээ магтав.

Гэрийн эзэн өөрийн өмчийн шүүгээнд өрсөн сувинерээсээ бор өнгийн модон зааныг онцолсноо “Энэ манай парик Жагаагийн өгсөн бэлэг. Нэг удаа  Энэтхэг явж ирээд өгч байсан юм. Заан айлд байхад их сайн. Айл гэрийг амгалан тай­ван, эрүүл энх, эд хөрөнгөтэй байлгадаг бэлгэтэй амьтан шүү гэж хэлээд өгч байсан. Сүүлд нэг Энэтхэг явахдаа их үнэтэйг нь мэдсэн. Өөрөө олон газраар аял­даг, тэгээд тийм өртөгтэй газар оччихоод авчирсныг нь бодохоор их үнэ цэнэтэй санагддаг юм. Түүнээс хойш би Азийн орнуудад явахаараа дандаа заан авчирдаг болсон” гэж ярив. Ханын шүүгээ­ний­хээ нэг тавиурт янз бүрийн заан өржээ. Польшийн хөгжмийн зо­хиолч Шопений цээж баримал бүхий сувинерыг ханын шүүгээ­ний хамгийн дээд талын тавиу­рын гол хэсэгт тавьжээ. Анхны сурсан хэл нь польш, анхны су­ралц­сан улс нь Польш гэдэг утгаа­раа энэ улсын гэсэн бүхэн сэтгэлд нь ойр са­нагддаг гэнэ. Сувинерүү­дийн нэлээ­дийг нь UBS-ийн шуга­маар гадагшаа явахдаа авчирчээ. Санаа­­чилсан гэдэг утгаараа “Зага­сан нүд” олон улсын наадамд явдаг гэнэ. UBS  “Дэлхий мисс”-ийг шууд дамжуулах эрхтэй учраас хааяа бүрэлдэхүүнд нь орж явдаг аж.

ААВУУДЫНХАА ХӨРӨГ, ЯНЖИНЛХАМ БУРХНАА ДЭЭДЭЛДЭГ

Гэрийн эзэн ажлын өрөөний цаад талынхаа гол хэсэгт эрхэм гэж нандигнаж явдаг хоёр зургаа зал­жээ. Балхжав “Энэ бол манай гэрийн хамгийн нандин хэсэг. Би аавуудынхаа зургийг шүтдэг.  Өглөө босоод л хоёр аавтайгаа ярина шүү дээ. Сэтгэл тэнүүн сайхан үед инээгээд ч байгаа юм шиг, жаахан дундуур бодолтой, өөрийгөө чамлах үед их дургүй байртай хараад ч байх шиг санагд­даг” гэж ярилаа. Энэ өрөөнд Чой­жамц хамбын бэлэглэсэн бур­хнаас эхлээд үнэ цэнтэй зүйл нэлээд байгаа аж. Буяндорж, Ариунаа хоёрын бэлэглэсэн Янжинлхам бурхан эдний хүндэлж залсан бас нэг шүтээн нь.

Нэг хана нь тэр чигтээ номын сан юм. Гол номнуудаа ажил дээрээ байлгадаг гэнэ. Гэрийн эзэгтэй ном унших дуртай юм билээ. Харин гэрийн эзэн гэртээ байх ихэнх цагаа  төгөлдөр хууртай өрөөндөө өнгөрөөдөг. Рок попын­хон, хөгжмийн зохиолч, яруу найрагчид эдний байнгын зочид. Энэ өрөөний хажуугийн өрөө нь эзэгтэйн эзэмш­лийн газар. Өөрөөр хэлбэл гал тогоо. Галын өрөөний тавилга нь бараг тэр чигтээ цагаан юм. Эдний гэрийн өнгийг тодор­хойл­сон ца­гаан, ногоон, алтлаг шар эзэгтэйн дуртай өнгө юм бай­на. Ариунаа “Бид хоёр айхтар үнэтэй брэнд хэрэглэдэггүй. Гэхдээ аятай тохи­той орчин бүрдүүлэхийг хичээдэг. Гэгээлэг өнгө сэтгэл тайван, гоё орчныг бүрдүүлдэг” гэж тайлбар­лав.  Энэ өрөөнд ихэвчлэн хоёулаа хооллодог, хааяа Чингүүн гэр бүлтэйгээ ирж ээжийнхээ гарын хоолыг иддэг гэнэ. Бага хүү Билгүүн нь Америкт олон улсын бизнесийн чиглэлээр сурдаг юм байна. Ариунаа “Аллегро” хөгжмийн сур­гал­тын төвийн захирал. Төгөлдөр хуур, морин хуур, хийл, бүжгийн анги хичээллүүлдэг аж. Өглөө нөхөртэй­гөө зэрэгцэж гараад үдэш болсон хойно уул­залддаг болол­той. Завгүй хэрнээ хоол хийхээс эхлээд бүх юмаа амжуулдаг нь илт. Гал тогоогоо сонирхуулах зуураа “Та нарыг ирэхийг өчигдөр мэдсэн бол гарын­хаа хоолоор дайлах байсан юм. Одоо бэлэн байгаа юмаараа л дайлахаас” гэснээ чимхэж бэлдсэн гарынхаа буузыг таваглалаа. Зоогийн газар, ресто­ранаар хоол­лодоггүй, ажил дээр идэх хоолоо  гэртээ бэлддэг юм байна. Эзэгтэйн үндсэн мэргэжил нь эдийн засагч. СОТ-2-т байхдаа барилга­тай ойр байсан болохоор нөх­рийн­хөө ажлын өрөөний интерьер зургийг төвөггүй гаргасан гэнэ. Аав нь эрдэмтэн хүн байжээ. Ээж нь бас эдийн засагч. Гурван дүү нь Америкт амьдардаг, нэг нь төрийн албанд ажилладаг аж. “Аав, ээж хоёр маань ажилсаг байж  сайхан амь­дар­на гэдгийг багаас минь мэдрүүл­сэн. Би хоёр хүүгээ ч гэсэн яг ингэж хүмүүжүүлсэн” гэж ярив.

НАРТАЙ ӨРӨӨ

Гэрийн эзэн өрөөнийхөө наран тал руу харсан цонхыг зааснаа  “Энэ цонхоороо нар мандахыг харж нарандаа залбирчихаад ажлаа эхэлдэг. Дэлхий дээрх хам­гийн шударга зүйл бол нар  гэж би боддог. Арьсны өнгө,  баян ядуу, буян, нүгэлтэй гэж ялгахгүйгээр бүгдийг ээдэг. Алагчлалгүй ээдэг нарны доор яаж амьдрахаа хүн өөрөө л шийддэг. Нарны энерги, илч, амьдралын өгч байгаа бэлгэнд яаж хандахаас хүний амьдрал, хувь заяа зурагддаг байх” гэж ярилаа. Хөгжмийн зохиолчийн дуртай наран талын цонхны наана өрсөн цэцгүүд их содон юм. Цэцгээ арчилдаг хүн нь гэрийн эзэгтэй.  Цэцэгт нь  арчилгаа хэрэг­тэй бол­сон үед гадагшаа явах томилолтоо хүртэл цуцалчихдаг гэнэ. Мөнгөний  мод гэж хүмүүсийн ярьдаг цэцэг эднийд байна. Бараг хорь орчим ийм модыг монгол гэрийн ханын хээ шиг сөөлжүүлэн  бэхэлж ургуул­сан нь содон хараг­дав. Бүр метр гаруй өндөр ургажээ. Амархан үхчих гээд байдаг учир арчилгаа их шаарддаг аж. Эзэгтэй “Би цэцгэнд их дуртай. Аав маань цэцэг тарьдаг байсан юм. Мон­голын нөхцөлд цэцэг ургуулахад жаахан хэцүү. Зарим үед цэцгээ аргадаж,  цэцэгтэйгээ ярина шүү дээ” гэж сонирхуулав. Эдний өрөө бүрт төрөл бүрийн цэцэг харагд­сан.

МОРИН ХУУРЧ БАЛХАА

Гэрийн эзнийг хөгжмийн зо­хиолч, UBS телевизийн захирал гэдгийг нь мэдэхгүй хүн байхгүй. Харин алдарт хуурч Жамъяны гарынх нь шавь гэдгийг мэдэхгүй хүн олон. Гуравдугаар ангиасаа хөгжим бүжигт шалгуулж тэнцсэн хүү морин хуурынх нь ангид элсч, сургуулиа морин хуурч мэргэжлээр төгсчээ. Хоёр мэргэжлийнх нь нэг нь морин хуурч, нөгөө нь кино найруулагч. Жамъян хуурчийн гарын шавиас багшийнх нь талаар асуухад “Ардын жүжигчин Батсай­хан бид хоёр чинь Жамъян баг­шийн шавь нар. Юмаа хийж чадах­гүй бол зодуулна. Жамъян багшийн  шавь нараас зодуулаагүй хүн байх­­­гүй шүү. Тэглээ гээд алдсан хүн бас байхгүй.  Багшийн шавь нараас хөгжмийн зохиолч Алтан­хуяг, нийслэлийн Соёлын газрын дарга Пүрэвхүү, Камертоны Эба­гийн аав Батбаяр гээд сайн сайхан яваа олон хүн бий. Зод­соныхоо дараа морин хуурыг ха­чин гоё тоглож тэр сайхан хөгжмийг биш­рүүлнэ. Тэгээд “Заавал тоглох ёстой хөгжим шүү” гэж ёс юм шиг хэлдэг байлаа. Сүүлдээ морин хуурт дурласан. Морин хуураа дагаж Монголдоо хайртай, моринд дуртай  болсон” гэж ярив.

Зургадугаар ангидаа бүр мори­ны “дон тусч” байж. Ямар сайндаа мориор “өвчилсөн” хүү Шувуун  фабрикаас Алтанбулаг сумд байх эмээгийнх рүүгээ оргож байхав. “Нэг өглөө Шувуун фабрикт байдаг ахынхаасаа жаахан талх боож  аваад гараад алхчихлаа. “Бяцхан оргодол” кинонд гардаг шиг ер­төнц­тэй танилцаж эхэлсэн анхны аялал маань байсан юм. Эхлээд нэг бухтай таарлаа. Нөгөө бух чинь намайг зүүн тийшээ харайхаар зүүн тийшээ болоод, баруун тийшээ гилжийхээр дагаж толгой­гоо гилжийлгээд их сонирхолтой юм болдог байгаа. Тэгж байснаа бухнаасаа айгаад зугтаж ч байх шиг. Тэр үед тогоруу их элбэг байсан юм. Замдаа баахан тогоруу­тай таарлаа. Үргээх гэсэн чинь намайг тоож байгаа шинж алга. Тогоруутай талбайг гатлах гэж аргаа бараад сүүлдээ явахыг нь хүлээгээд баахан сууж байв. Тэр үед газар доороос гэнэт ус оргилж яг усан оргилуур шиг өндөр авснаа эргээд газар руугаа шургаж байсан гэвэл  хүн итгэхгүй байх л даа. Гэхдээ намайг ахынхаасаа оргож явахад тийм ус таарч байсан юм. Бүр оргилж байсан газрыг нь ч тод санаж байна. Алтанбулагийн Сүжиг гэдэг газар” гэж ярив. Наа­дамд морь унахаас бусдыг нь  хийдэг байснаа дурсав. “Хөдөө төрөөгүй ч бага насаа хөдөө өнгө­рөөсөн, тэр орчныг мэдэрч өссөн болохоор миний уран бүтээлийн бараг 80 хувь нь эх орны сэдэвтэй. “Амин нутаг”, “Би Монголтойгоо адилхан”, “Өглөө шиг эх орон”, “Уртын дууны уянгат орон” гээд эх орны маш олон дуу бий. Тэр үеийн мэдрэмжээс улбаатай байх” гэж яриагаа үргэлжлүүлэв.

СОДОН ДЭГЖИН ЗАГВАРТАЙ ХУРИМЫН ГОЁЛ

Балхжав, Ариунаа хоёр Ленинг­радад сурч байхдаа та­нилц­жээ. Нэг нь арваа төгсөөд  оюутан болсон жаахан охин, нөгөө нь харин юм юм үзчихсэн 24-тэй залуу байж. Юм юм үзсэн гэдэг нь учиртай. Балхжав хөгжим бүжгээ төгсөөд УАДБЧ-д нэг жил ажил­ласны дараа Польшид киноны дууны найруулагчийн ангид хэл­ний бэлтгэлтэйгээ нийлээд жил гаруй сурчээ. 1979-1980 онд социа­­лист орнуудаас анх удаа Польшид жагсаал болох дүйвээ­нээр эх орон руугаа татагдаж, арай дөхүү мэргэжил гэдэг утгаар нь Ленинградад  Кино, театр, телеви­зийн дээд сургуулийн телевизийн найруулагчийн ангид элсээд  бай­сан үе гэнэ. Гэрийн эзэн “Манай хүн л намайг даллаад байсан шиг байгаа юм” гэж хошигнов. Том хүү нь Ленинградад төржээ.  Энэ үеэр Ариунаа зургийн цомгоо сонир­хуулав. 1983 онд Гэрлэх ёслолын ордонд хуримаа хийжээ. Шляп маягийн дэгжин малгай, тэр үеийн хуримын зурагаас харагддаггүй содон загварын даашинзных нь түүхийг сонирхоход “Ленинградаас авчирсан юм. Тэр үедээ л гоёдоо орж байсан шүү” гэв. “Миний дуунууд” тоглолтын зургийг он оноор нь цомог болгожээ.  Концер­тынх нь зургуудыг сонирхуулангаа “Манай хүн чинь их зөөлөн. Хөв­гүүдээ сургахдаа  дандаа ухаанаар хандана. Балхаа буруу ярьж байна даа гээд бодохоор дараа нь би л буруудсан байдаг. Юманд их тэв­чээртэй. Ер нь түрүүлж  дуугарахгүй шүү. Мэргэжилдээ дэндүү хайртай, мэргэжлээ гайхмаар чадварлаг эзэмшсэн  хүн л жаргалтай амьдар­дагийг ханиасаа мэдэрсэн. Энэ хүнийг удаан амьдруулахсан, Мон­голын ард түмэнд  илүү гоё бүтээ­лүүдийг нь сонсгохсон гэж боддог” гэж ярив. Тэр нөхөртөө өглөө бүр гарынхаа зөгийн балтай цайг хийж өгдөг гэсэн. Биднийг байхад Солон­госоос авчирсан гээд нэг тариа гаргаж ирж харуулж байсан. Хэрэгтэй тариаг нь эмч, сувилагч гэлгүйгээр өөрөө хийчихдэг гэнэ. Чөлөөт цагаараа явган аялал хийж эрүүл мэндэд нь анхаардаг аж.

АНХНЫ ДУУ НЬ ОДОО Ч МООДНООС ГАРААГҮЙ

Тэр хоёрын утас байсгээд л дуугарах юм. Тоглолтын зар гараад эхэлчихсэн болохоор эзэгтэйн утас бол бүр байнга хангинаастай. Гэрийн эзэн рүү уран бүтээлчид голдуу утасдах юм. Биднийг яриа өрнүүлэх үеэр дуучин Т.Ариунаа утасдав. Эзэгтэйд дамжуулсан мэндийг нь гэрийн эзэн дамжуулав. Гэрийн эзэгтэй рок, попынхонтой ойр харилцаатай нь илт. Манай Сараа, манай Лхагваа гэж ирээд дотночилж ярих юм билээ.

Тэд үдийн нэг цагаас өмнө гарах ёстой болоод явчихав. Эзэг­тэй Ариунааг сургуулиас нь дуу­даж, гэрийн эзний Д.Болдтой тохир­сон цаг нь дөхсөн учраас яриагаа жаахан шавдуулах хэрэгтэй бол­лоо. Анхны ая хийсэн шүлэг нь Ардын уран зохиолч Д.Пүрэвдор­жийн “Амин нутаг” гэнэ. Бүтсэн түүх нь сонирхолтой санагдав. МХЗЭ-ээс 1977 онд эх орны сэдэвтэй буюу улс төрийн дууны уралдаан зарлаж л дээ. Тэр үед Балхжав хөгжим бүжиг төгсөөгүй байж.  Тэр уралдааны эхний байрыг С.Чулууны “Бөмбөг дэлбэрвэл аюултай”, хоёрдугаар байрыг нь “Амин нутаг” , гуравдугаар байрыг нь “Атраас ирсэн комбайнч  залуу амжилт сайн уу” гэж ирээд эхэлдэг дуу эзэлжээ. Дандаа мундагууд түрүүлсэн энэ тэмцээний тайзан дээр хөгжим бүжигт сурдаг туран­хай шар хүү гарч ирээд шагнал авахад олон хүн гайхаж байсан гэнэ. “Камертон”-ы  дуулсан “Амин нутаг”-ийг анх Ардын жүжигчин Самбуу дуулж байсан бол дараа нь поп хатагтай Сарантуяа, Ганхуяг хоёр дуулж байжээ. Саяхан гэхэд  Лхагваа, Дэлгэрмөрөн, Амараа гурав хамтарч дуулсан. Амархүү ч дуулж байж. “Сэтгэл зүрхнээс гараагүй дуу гэж байхгүй л дээ. Гэхдээ анхны гэдэг утгаараа энэ дуундаа их хайртай” гэж ярив.

ХАРЬД ЗОХИОСОН ДУУ НЬ БИЗНЕС, КАРЬЕРЫНХ НЬ ЭХЛЭЛ БОЛОВ

Эдний гэрийн ажлын хуваарь нь анхаарал татав. Гэрийн эзэн “Би телевиз, дуугаа л боддог. Ар талын бүх ажлыг манай хүн амжуул­даг. Сандал эвдэрчихээр манай хүн л хадаас барьчихсан сууж байдаг болохоор хүмүүс их гайхдаг  юм. Миний ажлын өрөөний зургийг манай хүн гаргаж  бариул­сан гэж сая хэлсэн дээ. Хүмүүс бас гайхаад л байдаг юм” гэхэд Ариунаа “Балхаа ажлаа хийдэг, би бүх ажлыг хийдэг” гээд жуумалзав. Балхаа, Ариунаа хоёр нэг хэсэг бизнес рүү орох гэж үзжээ. Бүтэл­тэй юм болоогүй гэнэ. Гадагшаа амьдрахаар Польш, Америкийг хүртэл зорьж байж. Нутгаа санаад эргээд иржээ. Цуглуулсан хураас­наа зарж үрээд явсан учраас эргэж ирээд бүх зүйлийг тэгээс эхэлж байжээ. Хүний нутагт зохиосон “Харийн нутаг давчдаад байна”, “Үггүй мордсон чи минь” зэрэг дуунууд нь харин хөлөө олоход нь нөлөөлсөн гэнэ. Ингээд л зүрхнээс гарсан аялгуугаараа амьдарч эхэл­жээ. “Гадаадад байхдаа нутгаа санаж зохиосон дуунууд маань өнөөдрийн амьдралын эхлэл бай­сан. Дуу гэдэг нандин бүтээл өнөө­дөр миний хобби, мэргэжил, карьер, эх орноо хайрлах сэтгэл, гэр бүлээ авч явах ухаан, үр хүүхэд­дээ хайрлах урам, ер нь миний амьдралын утга учир  болсон” гэж ярив.

“ПЕНТАТОНИК”-ИЙН ТАВАН УДААГИЙН ЦОМЫН ЭЗЭН

Гэрийн эзэн ажлын өрөөнийхөө зүүн хойд талын ханын шүүгээндээ авсан шагнал урамшууллаа өржээ. Хамгийн дуртай хэсэг нь “Пента­тоник” наадмаас таван удаа авсан шилдэг хөгжмийн зохиолчийн цом өрсөн тавиур. Авсан медалиудаа хайрцганд хийж тавьжээ. Гавьяа­тын медалиа  хааяа зүүдэг учраас дээхнэ талд нь хийчихэж. “Хөгж­мийн зохиолчдын хороо тусгай шагналаа өгөхөд хамгийн их баяр­лаж байсан шүү. Мөрдорж, Лувсан­шарав, Шарав, Жанцанноров гээд мундагууд  хүлээн зөвшөөрч байна гээд бодохоор асар үнэ цэнтэй санагддаг. Шагнал үнэ  цэнтэй байх тусмаа утга учиртай санагддаг” гэж ярилаа. Шагналууд өрсөн ханын шүүгээний ойролцоо гэр бүлийн болон уран бүтээлийн зургууд өлгөжээ.

“Мөнхийн усыг би уруулаас чинь амсъя хайр минь” гэж ирээд эхэлдэг дууг нь нэг бүсгүй найз залуугийнхаа төрсөн өдөрт зориу­лан захиалжээ. Ц.Балхжав, Ц.Хулан, Т.Ариунаа гуравт томоо­хон компанийн төлдөг өртгөөр захиалж хийлгэжээ. Тэгээд үг, нотыг нь дуулсан дуутай нь хайр­тай залуудаа бэлэглэж байсан гэнэ. “Би тэр бүсгүйн нэрийг мэдэх­гүй. Дуу их сонин бүтээл. Уран бүтээлчийнхээ гараас гараад л ард түмний өмч болдог” гэж ярив. Балхаагийн “Талын Монгол айл”, “Би Монголтойгоо адилхан” зэрэг олон дууг нь Өмнөд Монгол, Буриа­дын дуучид бас дуулж байжээ. “Би тэднийг монгол туургатан гэж хэлэх дуртай. Зээр хулан үргэмгүй анир­гүй талын дунд талын монгол айл тайван амгалан гээд дуулахаар ямар ч гадаад хүн ойлгохгүй. Ширгэн дээр аргамжсан  морь шир шир хийтэл өвс зулгааж, хааяа нэг хазаарынх нь  амгай дуугарахыг тэнд нь өссөн хүн л мэдэрнэ. Урсч байгаа голд хөлөө дүрчихээд сууж байхад тээр тэнд хот айл зэрэг­лээ­тэн харагдаж,  дуу нь сонсогдохгүй мөртлөө гэрээс хүн орж гарах зураглалын сайхныг зөвхөн мон­гол­чууд л мэдэрнэ. Тэр утгаараа миний дуу элэг, соёл нэгтнүүдэд маань ойр санагддаг байх” гэж ярив.

Уран бүтээлийн яриа өрнөж байтал 12.50 цаг боллоо. Хоёр талд ажилтай учраас яриагаа өндөр­лөхөөс аргагүй болов. Энэ гэр бүлийнхний хийсэн бүтээс­нийг яриад байвал барагдахааргүй сонин бичихээр юм билээ. Эзэгтэй машинаа гараашаасаа гаргаж, гэрийн эзэн түрүүнээс хойш хүлээж байсан ажлынхаа машинд суус­наар тэдний ажил эхэлж биднийх дууслаа.

Ц.БААСАНСҮРЭН

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Anonymous (October 21, 2012 1:35:46 pm )

    neg bish nileen olon garchig, niitlel deer harlaa manaihan gadaad ygiig zuv bichij hereglej medehgyi bol mongol orchuulgaa ashiglaj baimaar yumaa SUVENIR- beleg dursgaliin zuil, AIST g. m

  • Anonymous (October 21, 2012 2:49:15 pm )

    САЙХАН ГЭР БҮЛ БАЙНА АЗ ЖАРГАЛ ХҮСЬЁ БҮСГҮЙ ХҮНИЙГ ХАЙРЛАЖ БАЙЖ Л ХАРАМГҮЙ ИХ ХАЙР ХИШГИЙГ НЬ ХҮРТДЭГ ЮМ ДАА ЭРЧҮҮД ЭЭ,ҮЛГЭР АВЦГАА

  • Anonymous (October 21, 2012 9:31:16 pm )

    ene zalitai hyyhen zahialaj bichyyljee tuunees ene ariunaa iim tsetseg taridag ajilsag huuhen bishee aash gej avah yum baihgyi yun ach ber be shal hudalaa ene yariltslagiig unshaad ber ni estoi uhaan aldaj unasan baihaa neg nudeer uzehgyi muuhai horchin avgai denduu horchin nohortei ni yavaldasn nevteruulegch jargalmaag alhaas naaguur bolj baij nohoroo butsaaj avsan balhjav odoo ch gesen jargalmaadaa hairtai gej yaridag shuu de

  • Anonymous (October 21, 2012 9:57:02 pm )

    muu khujaag yugii ni ingej bicheed bgaa yum be tsever khujaa shdee aav ni khujaa khujaagiin zohioson khujaa duu mgl d kheregguiee oorsdiigoo manduulahgeed yadchihsan yumbe

  • Anonymous (October 21, 2012 11:37:34 pm )

    Ulig bolson zuragdsab pinz shdee ene Balhaa bol!!

  • Anonymous (October 22, 2012 9:32:26 am )

    Энэ одоо болимоор юмаа Жил бүр нэг улиг болсон Миний дуунууд ч гэх шиг Зальтай царай гаргасан нүдэнд хүйтэн нэг муу жижиг амьтан Наадхаас чинь бүр залхаж байна. Энүүгээрээ бөөн бөөн ашиг олдог гэдгээ харуулж байгаа юм . Үнэндээ залхаж байна

  • Anonymous (October 22, 2012 10:21:58 am )

    ene Baagii chini huniig heregtei ued ni minii duu gej nalchihaad hereggui bolvol tanidaggui ym bilee. Tanilaa geed enenees yu ch guihgui shde. Togloltiig ni 1 udaa uzsen zalhaad dundaas ni garsan aygui nurshaa

  • Anonymous (October 22, 2012 11:06:26 am )

    YAMAR BAYANIIN

antalya rent a car