Манай МАН ах нэг л бишээ, бие нь сайнгүй харагдах юм.
Үнэндээ нас нь ч 90 дээр гарч, холын юмыг ойртуулж, ойрын юмыг холдуулж хардаг болоо юу? гэмээр. Гэхдээ аль 90 настай хүн 20-той залуугийн адил гүйж, харайж явахыг тэр гэх вэ? саяхан билүү радио, телевизээр 80 хол давсан англи эмээ хөнгөн атлетикийн тэмцээнд оролцож уран нугарч, олныг алмайруулж, бусдыг гайхуулаад авсан санагдаж байна.
Харин манай МАН ах нэг л биш ээ. Үе мөч нь шархираад, хөдлөхөө больж, дотор эрхтнүүд нь байрлалаа алдаж, энэ тэндгүй шавааралдаж, арьс, хөрс нь гуужаад, эсийн задралд ороод ч байх шиг. Ядаж байхад залуу мөч /баруун гар/ нь өөрөөрөө оролдоод, өрөөлийг сонирхохгүй болчихож, эм мөч /зүүн гар/-нийх нь шөрмөс хатаад хуруундаа хүрэлгүй татчихаж. Мэдээж амьд хүн л юм хойно эрүүл эрхтэн бас үлдэлгүй л яахав. Гар, хөлийн нийлээд олон арван хурууг нэрлэе, гэхдээ судсаар нь цус гүйлгүй удсан болохоор арвалзахаас өөр юм хийж чадахаа байчихаж. Ерөнхийдөө хэвтрийн байдалтай болснийг нь мэргэжлийн бус үг хэллэгээр оношилбол олон жилийн ужиг өвчны шинж тэмдэг илэрсэн байх, нэмж оношилбол хавар болсон олимпод амжилт муутай оролцсноос сэтгэл санааны гүн хямралд өртөж, шокын байдалд орсонтой холбохоос өөр гарц алга.
Харин олимпийн тоглолтоос хойш тархины мэс засалд ороод авсан, одоо ертөнцийг өөр өнцөгөөс харж эхэлсэн гэхэд болно. Гол нь харсаных нь аясаар энэ нүсэр том бие нь хөдлөх юм болов уу даа. Ядаж байхад бага олимпийн тоглолт дөхөөд байдаг, их л итгэл муутай оролцох тухай яриа гадуур гарах боллоо. Одоо МАН ахад маш яаралтай эрчимт эмчилгээ хэрэгтэй болчихоод байна. Болдогсон бол эхлээд оношоо зөв тогтоолгоод, туссан өвчин, өвчний түүхээ эмч нарт ил зарлаад хэлчихвэл их л амар байхсан. Уг нь МАН ах маань үхэхээс бусдыг үзсэн, туршлагатай, мэргэшсэн, нарийн мэргэжлийн эмчээс ч илүү мэдлэгтэй, түшээд авчих бүл олонтой нэгэн гэдгийг хэнээр ч хэлүүлэлтгүй Монголчууд мэднэ. Харин ч Монгол гэсэн бахархалт орны минь тусгаар тогтнолыг дэлхийн дэвжээнээс алтан медаль, үнэ бүхий зүйл, ялалтын хамт авчирч, аваргын бүсээ алдалгүй амжилттай хамгаалсаар ирсэн, босоо бөх гэдгийг залуу үеийнхэн умартах учиргүй.
Анагаахын шинжлэх ухааны сүүлийн үеийн ололт амжилтыг дурьдаад ч барахгүй болсон цаг, миний мэдэхийн “Нано” технологийн аргаар хүний өөрийнх нь эд эснээс эрхтэн, элэгнээс элэг ургуулаад эхэлчихсэн гэсэн. МАН ахын эрүүл байгаа эд эс, эрхтэн, хуруунаас нь аваад элэгдсэн, муудсан, илжирсэн хэсгийг нь ургуулаад ч болов эмчилэх арга саам хайж, эрүүл болгох юмсан гэж бодох юм. Мартсанаас амьдрал дээр ийм нэгэн явдал тохиолдсон юм байна ш дээ. МАН ахын биенээс маш хүчтэй нэгэн эс салаад явсан, тэгээд ямар газар уналтай биш, шинэ бие үүсгээгүй юу? дараа нь байгалын жам ёсоор таталцлын орон зайг бий болгож, хуучин нэртэй, шинэ хүн үүсгээгүй юу? тэгээд ээлжит олимпод багагүй амжилттай оролцож “Хүрэл” медаль хүртээгүй юу? эзнийгээ бодвол хоосонгүй ээ, хоол, ундтай золгосон гэж байгаа. Одоо тэгээд их биенээсээ төрөл бүрийн гомдсон, горьдсон эд эс, арьс энэ тэрээг гуужуулах процессыг эхлүүлчихсэн 3 настай хэлд, хөлд орж, тэжээл залгачихсан гүйж яваа нь үнэн биз. Даанч нөгөөх эцэг эсийг нь гоц халдвартай гэж бодсон уу, яасан өчиг авалгүй вакумжуулаад хаячихлаа. Ер нь тэгээд 90 настай ч бай, 20 настай ч бай, хүний гуужих ёстой арьс, илүүдэл муу зэв ховхрон унаж л байдаг, тэр зэргийн юманд санаагаа чилээх хүн МАН мөн үү.
За тэр ч яахав үг олдож, үхэр холдлоо, эмчилгээнийхээ жор, найруулгын талаар саналаа хуваалцахгүй бол. Юуны түрүүнд; өвчтэй хүн эмчилгээнд орохын өмнө заавал туулга хэрэглэх хэрэгтэй. Дахин хэлье “т у у л г а” шүү тэгэхгүй бол балрах аюултай. Хоёрт; оношоо зөв тогтоолгох шаардлагатай. Бүр нарийн эсийн түвшний шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Учир нь ахын бие сайнгүй, ядаж л 4 хүртэл тооны онцгой анхаарал татсан үсэрхийлдэг хорт хавдрын шинж тэмдэг илрээд, эрхтэн бүрд нөлөөлдөг болоод нилээдгүй хугацааг элээсэн. Үүнийг тооцолгүйгээр хамаагүй эм тан ууж, хэрэглэвэл түгжрэл болох, татсан шөрмөс, судас юу тань тас тас үсэрч үхэх аюултай, болгоомжил… Ядаж байхад сүүлийн хэдэн жил болсон болоогүй баахан эс цуглуулж, энэ тэндгүй унжуулснаас шалтгаалж биеийн жин огцом нэмэгдсэн, за бараг 220,000 килограмм хүрсэн гэж байгаа. Эцэст нь; оношоо зөв олчихвол эмчилгээ эхлэхээс өмнө нэг сайхан дотор уужиртал орилоод авах хэрэгтэй. Юмыг яаж мэдэх вэ? олон жилийн ядаргаа, хоолойн тус газар тань бөглөрчихсөн бөөн хар юм, хэл ам, хэрүүл хараал, уйлаан майлаан, гомдол тунирхал гадагшилж юуны магад. Тэгээд эмчилгээгээ эхэлнэ дээ. Гэхдээ эмчилгээгээ гадны болсон болоогүй эм тариа, хор, жор авч хэрэглээд хэрэггүй, эрүүл байгаа эрхтнээсээ авч дахин ургуулах замаар өөрөө өөртөө дасгах, шинэ судач суулгах мэс засал хийлгэж, цус сэлбэх аргаар гар, хөлийн хуруундаа хүрч сурах хэрэгтэй. Хугацаа ч их орох байх, магадгүй дахин дахин цус харавчих гээд даралт нэг өгсөж, нэг буугаад бөөн хямрал болж мэднэ, бүү ай, давж гарахаас өөр зам таньд үлдээгүйг сана.
Эцэст нь дүгнээд би нэг үг хэлмээр санагдчихлаа “80 настай мөртлөө 20-той залуу шиг гялалзаж яваа буурал хорвоогоор дүүрэн байхад, 20-той мөртлөө 80-тай чавганц шиг үмхий санаалж, сандал зүүдэлж, хэвтээ байрлалд шилжсэн залуучууд Монголоор битүү л байна.” МАН ахад насны бус, бүтцийн өвчлөл, цус багадалт мэдрэгдэж байгаагаас, сэтгэхүй, тархи, ухааны санааны доройтол харагдахгүй л байгаа шүү…
Ш.Батсайхан /жижиг/
Үргэлжлэл бий…
Холбоотой мэдээ
Comments are closed.