antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 11, 2012 1 comment

Д.АМАРБАЯСГАЛАН: “Бодь” групп, “АПУ” компанийн мэдэлд маш их газар байна

нийтлэсэн Admin

НИТХ-ын МАН-ын бүлэг хурлын дарга Д.Баттулгад шаардлага хүргүүлж, ээлжит бус чуулганаас завсарлага

аваад байгаа. Энэ нөхцөл байдалтай уялдуулж МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалантай ярилцлаа.

-НИТХ-ын ээлжит бус чуулганаас МАН-ын бүлэг завсарлага авч байсан. Яагаад завсарлага авах болсон юм бэ?

-Өнгөрсөн  сарын 13-ны өдөр НИТХ-ын ээлжит бус чуулган хуралдсан. Энэ хурал болохоос зургаан хоногийн өмнө буюу есдүгээр сарын 7-ны өдөр НИТХ-ын дарга Д.Баттулгад МАН-ын бүлгээс шаардлага хүргүүлсэн. Шаардлага нь хоёр агуулгатай байсан. Нэгдүгээрт, НИТХ-ын чуулганыг ойр ойрхон ээлжит бус чуулган нэрээр зарлаж, асуудалд хандаад байгаа нь зохимжгүй юм.

Нийслэл хот гэдэг төлөвлөгөө, төсөвтэй, бүх ажил нь төлөвлөгдчихсөн байх ёстой. Гэтэл өглөө босч ирээд, гэнэт санасан юм шиг нэг ийм асуудал шийдэх гэж байна, чуулган зарлаадах гээд чуулганаа зарлаад, хэдэн төлөөлөгч ирж нэг хоёрхон асуудлыг хэлэлцээд явдаг энэ байдлыг өөрчилье, хууль журмынхаа дагуу явъя гэсэн шаардлага юм. Ер нь ээлжит бус чуулганыг онц байдал тохиолдсон нөхцөлд, зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд хуралдуулна гэж хуульд заасан. Гэтэл асуудал болгоныг ээлжит бус чуулганаар хэлэлцэж байгаа нь буруу юм. Манай Засаг дарга хүртэл ээлжит бус чуулганаар томилогдсон шүү дээ. Хоёрдугаарт, нийслэлийн Засаг дарга сонгогдоод, дөрвөн жилийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг батлуулдаг. Нөгөөтэйгүүр, эдийн засаг, нийгмийн зорилтыг он ондоо батлуулаад явдаг. Тэр нь төсөвтэйгөө уялддаг. Дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр гэдэг нь улс төрийн нам сонгуульд орохдоо дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр. Жишээ нь, дөрвөн жилийн дараа би 160 мянган айлын хаус бариулна, дэд бүтцээ ийм болгоно, агаарын бохирдлыг ийм түвшинд хүргэнэ гэж сонгуульд орохдоо амласнаа НИТХ-ын чуулганаар батлуулахыг хэлдэг. Гэвч харамсалтай нь Э.Бат-Үүл дарга аж ахуйн ажил хийж үзээгүй учраас ойлгохгүй, ялгахгүй, мөрийн хөтөлбөр болон эдийн засаг, нийгмийн зорилтыг хооронд нь холиод байгаа юм. Нийслэл хот улсын төсөв батлагдахаас өмнө төсвөө өөрсдөө хэлэлцээд, улсын төсөвт саналаа өгдөг. 2013 оны эдийн засаг, нийгмийн зорилтдоо үүнийг тусгадаг. Дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр бол Засгийн газартай холбоогүй зөвхөн НИТХ-тай холбоотой асуудал гэдгийг бас ялгахгүй байна. Засгийн газар мөрийн хөтөлбөрөө баталчихвал миний ажил болчихно гэж бодоод яваад байгаа юм. Нийслэлийн сонгуульд орохдоо тусдаа, таван А гэдэг мөрийн хөтөлбөртэй орсон. УИХ-ын сон­гуульд бас тусдаа мөрийн хөтөлбөртэй орсон. Тийм юм бол таван А хөтөлбөр чинь хаана байна, таван А гэдэг нэр байгаад доторх хөтөлбөр нь танайд байдаггүй юм уу, байгаа бол гаргаж ирээд батлуулаач гэдэг шаардлагыг хэлсэн. Засгийн газар төсвийн тодотгол, мөрийн хөтөлбөрөө батлах гэж байна. Үүнд 2013 оны эдийн засаг, нийгмийн зорилтоо тусгаж чадахгүй бол нийслэлийн ажил ахиад 2011 онд МАН-ын баталсан хөтөлбөрөөр явна. Магадгүй дараа жил энэ хөтөлбөрөө бат­луулахгүй бол бидний гар­гасан мөрийн хөтөлбөрийн дагуу ажил явахаар болж байна. Олонхийн санал, дэмжлэгийг авч, засгаа барьж байгаа юм бол мөрийн хөтөлбөрөө дэвшүүлээд яв гэдэг шаардлагыг бид тавьж байна.

Энэ шаардлагыг тухайн өдөр хэлэлцэх гэж байсан “Газрын менежментийг боловсронгуй болгох, газар зохион байгуулалтыг шинэ түвшинд гаргах” гэсэн асуудалтайгаа уяж, газрын наймаачид, газрыг будлиулсан хүмүүсийг хамгаалж МАН бүлэг завсарлага авлаа гэдэг ойлголтыг нийгэмд өгөөд байна. Би нэг зүйлийг АН-ыханд хатуу хэлээд байгаа. Ер нь “Хүн нэг нүүрний ард нэг л амьдрах ёстой. Нэг нүүрний ард хоёр нүүр гаргаж амьдарч болохгүй. Ажил ярихдаа өөр, хэвлэл мэдээлэл, ард түмэнд хандахдаа өөр зүйл ярьдаг энэ байдлаа зогсоо, нэг ёсондоо худлаа ярихаа боль, зүгээр л ажлаа хий” гэж байгаа юм. Ажлаа яг ном журмын дагуу хийгээд хийгээд явахад нь МАН-ын зүгээс ямар ч саад тотгор учруулахгүй.

Газрын асуудлыг ярих юм бол Э.Бат-Үүл дарга энэ ажлыг зогсоохыг нь зогсоож, дахин олголт хийлгэхгүй яваад байх боломж, бүх нөхцөл өөрийнх нь эрх мэдлийн хүрээнд байгаа. НИТХ-аас энэ шийдвэр гарсан гараагүй Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар очиж шалгаад хууль бус барилгыг зогсоочихно. Тэгээд шүүхэд өгнө. Шүүх нураа гэсэн шийдвэрийг гаргана. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь очоод нураачихна. Газрын наймаачдыг өмгөөлөн хамгааллаа гэсэн НИТХ-ын чуулгантай огтхон ч холбоогүй асуудал ярьж, улстөржиж байгаа нь буруу гэж үзэж байна. Үүнийг хэт улстөржүүлж байгаад нь харамсаж байна.

Сонгууль болоод 70 хоног өнгөрлөө. МАН-ын зүгээс энэ хугацаанд АН-ын ажилд нэг ч саад тотгор хийгээгүй. Э.Бат-Үүл даргыг бид Засгийн газар байгуулагдахаас өмнө сонгочихсон. Хуучин Ерөнхий сайд Э.Бат-Үүл даргыг батламж­лаад өгчихсөн. Энэ хүний аж­лыг аль болох саадгүй хурдан явуулъя, замын түгжрэл, агаарын бохирдлын асуудлыг цэгцэлье, өвөлжилтийн бэлтгэл хаяанд тулчихсан энэ үед ажлаа түргэвчлэх үүднээс ажилд нь саад болохгүй гэж хандаж ирсэн. Нөгөөтэйгүүр, Улаанбаатар хотын хэмжээнд 1300 га газрыг хориглолтын бүс болгоно гээд бүс татчихсан байгаа. Манай намын бүлэг ямар саналтай байна гэхээр 1300 биш, 2000, 2500 болгох хэрэгтэй гэж үзэж байна. Учир нь энэхүү хориглолтын бүст паркийн эргэн тойрон, стадион орчим, Зайсан, Замын цагдаагийн орчим гээд ид барилгажилт явагдаж байгаа газрууд багтаагүй байна. Харин гурав, дөрөв, бичил, нэгдүгээр хороолол, Таван шар гээд барилга барих боломжгүй болчихсон газруудаа хориглолтын бүс гэж зарлачихаад, би газар олгохгүй, хориглож байна шүү гээд байгаа юм. Мөрийн хөтөлбөрөө оруулж ирээд, асуудлаа батлуулаад, цааш явсан тохиолдолд газартай холбоотой асуудалд ямар ч саад тотгор хийх сонирхол бидэнд байхгүй. Үнэхээр Улаанбаатар хотыг дахин шинээр төлөвлөе гэж байгаа бол бид дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах ёстой гэдэг байр суурьтай байгаагаа хэлмээр байна.

-Ер нь мөрийн хөтөлбөрөө оруулаад ирвэл завсарлага авах шаардлагагүй болох уу. Оруулж ирэхгүй байгаагийн шалтгааныг та юу гэж бодож байна?

-Мөрийн хөтөлбөрөө оруулж ирээд ажил ном журмынхаа дагуу явах ёстой. АН таван А гэдэг нэртэй л болохоос мөрийн хөтөлбөргүй болчихсон юм болов уу гэж бодоод байгаа. Мөрийн хөтөлбөрөө оруулж ирээд, батлуулчихвал ажил ямар ч саадгүй явна шүү дээ. Ажлаа мэдэхгүй, ойлгохгүй, 2013 оны төсөвтэй уялдуулж хөтөлбөрөө оруулна гээд нэг ёсондоо эдийн засаг, нийгмийнхээ зорилтыг мөрийн хөтөлбөр гэж ойлгоод байгаа юм. Энэ бол хоёр өөр зүйл. Үүнийг мэдэхгүй байгаагаас асуудал гаргаж байгааг үгүйс­гэхгүй. Асуудал хэнд байна гэхээр манай намын бүлэгт биш, асуудал Засаг даргад, АН-д байна шүү дээ. Өөрсдөө ойлгохгүй байна. Хэтэрхий их улстөржилт нийслэлд явагддаг болж. Сүүлдээ үг хэлэх гэхээр болдоггүй, араас янз бүрээр орилж хараадаг. Сая УИХ-ын чуулган дээр юу боллоо, түүн шиг зүйл НИТХ-д бас байна шүү дээ. МАН-ын бүлгийн дарга хоёр асуулт асууж, таван минут олгогдсон эрхээрээ үг хэлэх гэхээр миний үгийг зориудаар үнэ цэнэгүй болгох гэдэг. Энэ улслтөржилтийг бид эсэргүүцэж байгаа.

-Нийгэмд өнгөрсөн дөрвөн жил МАН-ын бугшуулсан зүйлийг Э.Бат-Үүл дарга ил гарган тавьж байгаа юм шиг ойлголт төрүүлээд байгаа. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Нийслэл 1990 онд ямар байсан, өнөөдөр ямар болсон гэдгийг 30-аас дээш насныхан бүгд мэднэ. Хэчнээн сайхан юмыг муу болгож харагдуулахын тулд муу гээд яриад байвал “мянга яривал үнэн болдог” гэдэг шиг муухай болж харагдах нь тодорхой. Гэхдээ бидэнд хийж чадаагүй, дутуу орхисон зүйл их бий. Хөрөнгө мөнгөний зовлон ч байсан. 2008 онд Улаанбаатар хотод нийтдээ 15-16 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт ордог байсан. 2012 онд 130-140 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт ордог болсон. Энэ нь санхүүтэй шууд холбоотой. Хоёрдугаарт, нийслэл хотыг үе үед удирдаж байсан манай намын хүмүүстэй газрын наймааг хол­бох гэж их хичээдэг. Яг үнэн­дээ бол газрын хувьчлалыг АН нийслэлийг удирдаж байх­даа эхлүүлсэн байдаг. Талий­гаач Ж.Наранцацралт гуай Улаан­баатар хотын Засаг дарга байх­даа газар хувьчлалын ажлыг нийс­лэлд эхлүүлж байсан. Үүнийг 40-өөс дээш насныхан бүгд мэднэ. Улаанбаатар хотод хамгийн их газар эзэмшдэг хүмүүс нь дандаа ардчилсан намын лидерүүд байдаг юм.

-Тухайлбал?

-“Бодь” групп, “АПУ” компанийн мэдэлд маш их газар байна. Шаардлагатай бол жагсаалттай нь дэлгэх боломжтой.

-Тэгэхээр энэ завсарлага хэзээ дуусах нь Э.Бат-Үүл даргаас шалтгаалах нь ээ?

-МАН орон нутгийн сонгуульд ялагдах гээд байгаа учраас завсарлага авсан гэж ярьж байна. Харин ч эсрэгээрээ, орон нутгийн сонгуулийн өмнө газрын асуудлыг би цэгцэлж байна гэдэг улс төрийн ээлжит шоугаа хийх гээд байгаа юм. Тэрийг та бүхэн ярианаас нь хараарай. Зорилго нь тэр.

-Таны бодлоор нийслэлд ямар мөрийн хөтөлбөр хэрэгтэй вэ?

-МАН мөрийн хөтөлбөр гаргахдаа бодлогын бичиг баримтыг боловсруулж, нэлээн өндөр түвшинд хийдэг. Шинжлэх ухааны бичиг баримтын түвшинд боловсруулдаг. АН-ын хувьд ерөнхий нурууг нь босгоод мөрийн хөтөлбөр дэвшүүлчихдэг шиг байгаа юм. Нийслэлд бодит мөрийн хөтөлбөр байх ёстой. Бодитой гэдэг нь хотод амьдарч байгаа иргэндээ хүрч чаддаг л байх хэрэгтэй гэсэн үг. Үүний тулд айлын гадаах талбай, нийтийн биеийн тамирын талбай, ногоон байгууламж гэдэг асуудалд нь тулсан, хүнд нь мэдрэгдсэн мөрийн хөтөлбөрийг илүү хийгээсэй гэж бодож байна. Тийм ч учраас 160 мянган айлыг төвийн шугамд холбоно, агаарын бохирдлыг тэгж бууруулна гэж АН-ынхны ярьж байсан мөрийн хөтөлбөрийг нийслэлчүүд нэлээн дэмжсэн юм болов уу. Тэрийгээ л оруулж ирээд, батлуулаад, ажлаа явуулахыг бид шаардана. Мөрийн хөтөлбөр оруулж ирэхийг хүлээгээд байгаа бас нэг шалтгаан гэвэл манай нам өөрийн мөрийн хөтөлбөртэй. Манай намыг нийслэлийн иргэдийн 30 хувь сонгочихсон учраас бид өөрийн мөрийн хөтөлбөрийн тодорхой хэсгийг түүнд тусгаж өгөх ёстой. Яагаад гэхээр манай нам, нийгмийн дундаас доод давхаргынхны асуудалд илүү анхаардаг учраас өнөөдрийн тавьж байгаа мөрийн хөтөлбөрт бидний саналыг оруулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Тиймээс мөрийн хөтөлбөр шаардаад байгаа юм.

-Асуудал үүнд төвлөрч байх хойгуур нийслэлийн ажил хэр явж байгаа бол?

-Нийслэлийн ажил нэг ч минутаар тасраагүй. Тасрахгүй. Бид үүнийгээ бас мэднэ. Нийслэлийн ажлыг тасалчихлаа гээд л их сүртэй ярьж байна. Нэг ч ажил нэг ч минутаар тасраагүй гэдгийг би баталгаатай хэлнэ. Энэ асуудлаар би Э.Бат-Үүл даргатай телевизийн эфирээр мэтгэлцсэн ч болно. “Шонхор” телевизээр би АН-ын бүлгийн даргатай мэтгэлцээнд орсон, бодитой зүйл юу байдгийг нь хэлж өгсөн, мэдэхгүй юмнуудыг нь зааж өгсөн. Тэд ажлаа хийх байх гэж найдаж байна.

shudarga.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (October 11, 2012 2:36:03 pm )

    Энэ муу хогийн нүдэнд хүйтэн Хүрэлсүхийн бөгсийг нь долоогч их хуцнаа. Та нар төр барьж байхдаа тэгээд хийхгүй яасан юм. Хуцалгүй хэвлэлийн компани шүү юмаа ажиллуулаад яваач бөгсөө

antalya rent a car