antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 24, 2011 Comments are off

Б.САРАНТУЯА: Алдар нэрийг эдэлсэн бол буцааж өгдөг байхгүй юу. Дандаа минийх гээд байж болохгүй

нийтлэсэн Admin

Зууны манлай дуучин МУГЖ Б.Сарантуяатай ярилцлаа.

ХӨДӨӨ ОРОН НУТГИЙН ҮЗЭГЧИД САРААГ САНАСАН БАЙНА

-Та хөдөө орон нутагт тоглолтоо хийгээд ид завгүй явна уу. Сарааг орон нутгийн үзэгчид нь хэр үгүйлэн санаж?

-Маш их хайртай байна. Тайзан дээр гараад ирэхээр нижигнэтэл алга ташаад л. Орон нутагт дүүрэн алга ташилтан дунд очсон чинь хотын алга ташилт сул юм шиг санагдаад байгаа юм чинь… (инээв)

-Та аймаг, сумдад нийт хичнээн хүнд тоглолтоо хийв гэдэг багцаа тоог гаргаж үзсэн үү?

-Тоогоор нь байхгүй ч гэсэн хөдөө орон нутгийг 42 удаа тойрч тогложээ. Анхны тоглолт болох “Хайрын бурхан” концертоо 1996 онд орон даяар явж тоглосон. Дараа нь “Хайрын зөрлөг” 2000 онд, “Би жаргалтай” 2003, “Хайрламаар” 2007 онд тоглосон юм байна. Одоо 2011 онд “Аргагүй монгол аялгуу” тоглолтоо орон нутагт ид тоглоод явж байна даа. Ер нь шинэ цомог гарсны дараа хөдөө орон нутгаар явдаг уламжлалтай.

-Сая төвийн бүсийн аймгуудаар тоглолт хийхэд ямар сэтгэгдэлтэй ирэв. Урьд өмнөх тоглолтоос ялгаатай, онцлог тал юу мэдрэгдэв?

-Хөдөө орон нутгийн театрууд их сайхан тохижиж хангамж сайтай болжээ. Урьд нь хүйтэн театрт хөлдөж үхэх гээд дуулдаг байлаа. Үүрэн телефоны утас ч байхгүй. Цахилгаан холбооноос арайхийн ярьдаг байлаа. Инээдтэй байсан байгаа биз. Одоо ч улс хөгжиж байна шүү дээ. Манай тоглолтыг ивээн тэтгэгчийн нэг нь үндэсний оператор “Жи Мобайл” корпораци оролцож байгаад баяртай байгаа. Манай тоглолтын багийнхан хоорондоо үнэгүй ярьдаг “Жи 10″ утастай яваа. Хол замыг туулахад сайн спонсоргүй бол хэцүү шүү. Ардын дуу бүжгийн чуулгын бүжигчид, миний шавь залуу дуучин Л.Насанбуян, бие хамгаалагч зэрэг бараг 20-иод хүний бүрэлдэхүүнтэйгээр холын замын бэрхшээлээс эмээхгүйгээр яваа. Орон нутгийн тоглолтод маш өндөр зардал гардаг. Ерөнхий ивээн тэтгэгч ХААН банк, “Магнай трейд”, “Жи Мобайл” болон хэвлэл мэдээллийнхний сурталчилгаагүйгээр өөрийн тоглолтоо төсөөлөхийн аргагүй юм. Сая төвийн бүсийн нутгаар дайраад ирлээ. Суманд хүртэл үзэгчид пиг дүүрэн угтсан. “Аргагүй монгол аялгуу” тоглолт маань ардын дууны цоморлиг учрас өргөн хүрээтэй болж чадаж байна.

-Хуучин социализмын үед хөдөө орон нутагт байнга тоглолт болдог байв. Одоо орон нутагт урлаг, уран сайхны тоглолт тэр болгон байхгүй болчихсон гэж яригддаг. Энэ хэр бодитой үгүйлэгдсэн байна?

-Үзэгчид үгүйлэлгүй яахав. Тоглож л байвал цөөн үзэгчтэй нь хамаагүй “шатна” гэж байхгүй болсон. Бид зөвхөн тоглолт хийхдээ биш менежмэнттэйгээр ажилладаг. Энэ үед цомгоо зарна, ярилцлага, клипээ өгнө. Дуучин Сарантуяа би уран бүтээлээ туурвиж байна шүү гэдгээ олон нийтэд зарлаж байгаа хэрэг. Гундуухан байгаа үедээ би уран бүтээлээ туурвия эсвэл орон нутгаар аялъя гэж тэр болгон боддоггүй л дээ. Магадгүй Улаанбаатарт урилганд дарагдаад завгүй байх дуучин яагаад хөдөө яваад байна аа гэж зарим хүмүүс гайхах байх. Миний хувьд уран бүтээлч хүн хамгийн сонирхолтой дээрээ хөдөө орон нутгаар явж эрч хүчээ ард түмэндээ хүргэх ёстой байх.

БИ СҮЛЖЭЭНИЙ КОМПАНИД ДИСТРИБЬЮТОРООР ОРСОН

-Таныг уран бүтээлээсээ түр амсхийж бизнесийн салбарт хүч сорино гэж дуулдаад байх юм?

-Би одоохондоо хувийн бизнес эрхлээгүй байгаа. Гэхдээ four life буюу “Transferfactor” дархлааны олон үет маркетингийн сүлжээний компанид дистрибьютороор орсон. Уран бүтээлийнхээ хажуугаар чөлөөт цагаараа нэлээн ажиллана даа.

-Сүлжээний бизнесийг эрсдэлтэй гэж үзэхгүй байна уу?

-Сүлжээнийх гэхээр шууд буруу ташаа ойлгоод байдаг. Манай улсад сүлжээний олон төрлийн бизнес бий. Гэхдээ эрүүл мэндэд хэрэгтэй дархлааг тэнцвэржүүлдэг буянтай сайхан ажил бас байна аа. Манай нэг найз хүнд өвчин тусч найзынхаа өвчинг анагаахад нэмэр болох үүднээс би энэ сүлжээнд анх элссэн. Энэ утгаараа хэрэгцээтэй байгаа хүмүүст цаг тухайд нь хүргэж хорвоо ертөнцийг харах өдрийг уртасгаж чадвал нэг ч гэсэн буян үйлдэж байгаа болов уу гэж бодсон. Зөвхөн өвдсөний дараа биш урьдчилан сэргийлэх зорилгоор бүтээгдэхүүнийг хэрэглэж болно.

-Та өөрөө бүтээгдэхүүнийг нь хэрэглэдэг үү?

-Би өөрөө хэрэглэдэг. Манай хүүхдүүд, ээж гэр бүлээрээ хэрэглэдэг. Сүүлийн үед мөнгө, санхүү эдийн засгийн онолын номуудыг их сонирхон уншдаг боллоо. Хүн одоогийн тогтмол олж байгаа орлогоосоо нас ахих тусам илүү олох уу үгүй юу гэдгийг эртнээс бодож байх хэрэгтэй. Тиймээс хүүхдүүдийнхээ баталгаатай ирээдүйн төлөө маш найдвартай ажилтай байх ёстой. Тэр үүднээс дистрибьюторийн ажлыг маш найдвартай ажил гэж үзэж байгаа.

-Нэгэнтээ урлагийн хувийн сургууль нээж магадгүй гэж ам алдсан тал бий. Та энэ тал дээр одоо ямар бодолтой явдаг вэ?

-Би урьд нь ингэж ам алдсан тал бий. Одоо амаа барьдаг юм л даа. Яагаад гэвэл ямарваа нэгэн юманд систем гэж байдаг. Зүгээр нэг гоё байшин бариад гоё тоног төхөөрөмж тавиад сургууль байгуулна гэж байхгүй ээ. Сургуулийн тодорхой хөтөлбөр, аргачлалаар заах ёстой. Аргачлалыг олох, хийх ёстой. Манай Монголын залууст орчин үеийн хөгжмийн аль урсгал  таарах вэ гэдгийг олж, шинэчилж байж сургууль байгуулах хэрэгтэй. Хүн зааж сургана гэдэг маш том хариуцлага.

-Та тун удахгүй зодог тайлах гэж байгаа гэдэг үнэн үү?

-Тэр яриа ортой биш байх аа. Гэхдээ урлагийн тайзыг олон жил эзэгнээд байя гэж бодохгүй байна л даа. Учиргүй эзэгнэсэн ч юм алга. Мөрөөрөө уран бүтээлээ туурвиж л яваа. Заримдаа боддог юм. Хүн тайван амгалан амьдралаар амьдрах, үр хүүхдэдээ цаг заваа зарцуулдаг байхыг хүсч болно. Одоо гэхэд Балхжав ахын тоглолт дээр явна. (Дуучин Б.Сарантуяа бид хоёр UBS телевизийн захирал Балхжавын тоглолтын үеэр хувцас солих арын өрөөнд ярилцаж суусан юм) Сүүлийн үед юуны төлөө юуг золиослоод байгаа гэдгээ их бодох болсон. Үнэнээ хэлэхэд цаашид нэг их дуулаад байя гэж бодохгүй байна. Уран бүтээл ид туурвиж байгаа дээрээ чимээгүйхэн тайзнаас буучихъя гэж бодож байгаа ш дээ. Нэг их зарлаж, тоглолт энэ тэр хийлгүйгээр гэнэтхэн л буучихъя. Тийм биз дээ.

-Уран бүтээлээс илүү хувийн амьдралдаа анхаарлаа хандуулахыг хүсч байгаа гэсэн үг үү?

-Миний хувьд ачаалал их. Гэр бүл, үр хүүхдэдээ анхаарах зэрэг хувийн амьдрал байхгүй болчихоод байна. Уран бүтээл хийх, ярилцлага өгч суух нь яг сайхан амьдрал биш шүү дээ. Өнгөрсөн жилийн хувьд ердөө тав хоног амарлаа. Юуны төлөө юуг золиослох шаардлагатай вэ гэдгээ хүн бодох ёстой.

-Уран бүтээлч хүн амьдралаа золиослоход хүрдэг гэж ярьдаг. Үүнийг та хэлж байна уу?

-Амьдралаа золиослохыг нь мэдэхгүй ээ. Гэхдээ залуу насаа золиосолдог гэдгийг мэднэ.

-Та хүүхдүүдийнхээ эцгүүдтэй хэр холбоотой байдаг вэ. Хүүхдүүдээ аавтай нь уулзуулдаг биз дээ?

-Уулзуулахгүй гэдэг асуудал миний хувьд огт байдаггүй, байж болохгүй. Төрсөн өдөр, тэмдэглэлт ой гэх мэт чухал үед тэд чөлөөтэй уулзалддаг. Миний хувьд ч гэсэн хүүхдийнхээ ирээдүйн тухай ярилцах гэх мэт асуудлууд гаралгүй яахав дээ.

-Та талийгаач дүүгийнхээ охиныг өргөж авсан бил үү?

-Манай дүүгийн охиныг манай эгч бас хардаг. Эгчийн нэрээр овоглодог. Миний нэр дээр авсан гэж зарим хүмүүс боддог шиг байгаа юм. Мэдээж хэрэг би хариуцлагыг бас үүрэлцэлгүй яахав. Тэр нь тодорхой.

-Та дахин гэрлэх бодолтой юу. Амьдрал 40 наснаас эхэлдэг гэж ярих нь ч бий?

-Одоохондоо хувийн амьдрал дээр бодож санасан зүйл алга. Уран бүтээл туурвиж байна. Зав тун бага байна. Нэг л юманд яараад амжих гэж байгаа хүн шиг ажиллаж байна. Гэхдээ нэг зэргийн найз залуу байлгүй яахав. Хувийн амьдралд өөрчлөлт гарч л таараа. Нэг их олон нийтэд хүрэхгүй дуулиангүйгээр чимээгүйхэн гарах байх аа.

-Найз залуугийнхаа талаар нэг үг боловч цухуйлгаач?

-Би харамсалтай нь юу ч хэлж чадахгүй байна. Ямарваа нэгэн харилцаа хэсэг хугацаанд үргэлжилж удаж баталгаажиж байж цэцэглэдэг. Тэр үед ярьж болно шүү дээ.

БҮР АЛДАР НЭРНЭЭСЭЭ ТАТГАЛЗАЖ БОЛНО ШҮҮ ДЭЭ

-Хувийн дурсамжийн ном бичиж байна уу. Ном бичих бодол бий юу?

-Би дотроо бол намтраа бичээд тавьчихсан. Яг ном бичээгүй байж энэ талаар одоо яриад яахав. Ном бичих итгэл, сэтгэл байвал бичнэ дээ. Охиноо төрүүлснээс хойш одоо л уран бүтээлийн форм хэвийн байдалдаа орсон. Жилдээ хоёр цомог, хоёр DVD гаргах гээд үзээд л байна.

Жаахан завгүй байгаа дээрээ амжуулъя гэж бодож байна. Сая “Хархорин” клип гаргалаа. Тэр клипт миний дуу хоолой дуулдахаас би өөрөө ил гардаггүй. Их сонирхолтой сайн клип болсон гэж үзэж байгаа. Би ер нь өөрөөсөө жаахан холдож өөрийгөө чухалчлахгүй байхыг хүсэх болсон. Олон хүн хайрладаг ард түмний дуучин мөртлөө би гэж хандах нь угаасаа утгагүй. Харин сүүлийн үед телевизээр ойр ойрхон гараад байгаа нь аялан тоглолт хийж байгаатай холбоотой юм. Би ч нэг хэсэг сэтгүүлчдээс зайгаа авсан үе байсан шүү.

-Та тэгэхээр уран бүтээл хийх бяр амтагдсан насан дээрээ явна уу. Танд уран бүтээлийн дахин нэг шинэ үе эрч хүч эхэлж байгаа ч юм бил үү?

-Магадгүй ахиад уран бүтээл хийж ч магадгүй. Юу ч хийхгүй алга болчихож магадгүй. Хүнд юу ч тохиолдож болно.

-Юу тохиолдоно гэж…?

-Өвөрмөц шийдвэр гаргаж болно. АНУ эсвэл өөр улс оронд очиж амьдрах ч юм уу. Эсвэл гэртээ бүгэх ч юм уу. Хүүхдүүддээ хоол хийж өгөөд сургуульд нь хүргээд байж бас болно.

-Нам гүм байхыг эрэлхийлээд байгаа хэрэг үү?

-Би бүр алдар нэрнээсээ татгалзаж ч болно шүү дээ. Татгалзах ч ёстой.

-Маш их хөдөлмөр, хөлс хүчээр алдар нэр олддог болохоор тийм амархан татгалзаж чадах уу?

-Үгүйсгэж байгаа юм биш ээ. Алдар нэрийг эдэлсэн бол буцааж өгдөг байхгүй юу. Алдар нэрийг эдлэх, умбах ёстой залуу хүнд нь өгөх ёстой. Дандаа минийх гэж аваад яваад байж болохгүй. Миний хувьд 25 жилийн турш алдар нэртэй ард түмэндээ сайхан хайрлуулж явлаа. Цаашид ч намайг хайрлах ч байх. Хүндэлж явдаг жүжигчин Ардын жүжигчин Цогзолмаа гуай нэгэнтээ “Сараа цагийг нь олоод тайзнаас буучихдаг юм шүү” гэж хэлж байсан удаатай. Ардын жүжигчин Цогзолмаа гуай бол маш их ухаалаг, хүнлэг, нигүүлсэнггүй энэрэнгүй хүн. Тэр хүн шиг сайхан өтлөх юмсан гэж боддог. Ер нь уран бүтээлч хүн галт тэрэгнээсээ эсвэл хоцордог эсвэл эрт буучихдаг юм байна л даа. Уг нь яг л өөрийнхөө буудал дээр буух ёстой. Зарим нь вагондоо удчихсан байж л байна. Зарим нь эрт буучихсан байх нь ч бий.

-Тантай ярилцаад суухад уран бүтээлдээ бүр нэг сэтгэл ханасан, нэг тийм хор шар, өрсөлдөөнийг үл тоосон шиг…?

-Нэг тийм гунигтай ч биш л дээ. Дөнгөж 40-тэй эмэгтэй юу яриад байгаа юм гэж гайхаж магад. Би сүүлийн үед facebook-ээр дамжуулан фэнүүдтэйгээ харьцах нь ихэссэн. Фэнүүдтэйгээ чин сэтгэлээсээ ярилцаж асуултад нь хариулж, дуугаа дуулаад л ток шоу хийх юмсан гэж бодож байгаа. Энэ нь Сараагийн улаан фэнүүд нэвтрүүлэг хийхсэн гэж хүсэмжилж буй  телевизийнхэнд би сэдэв шидэж байна л даа. Сараагийн юунд хайртай ямар дуу нь таалагддаг, юунд дургүй гэх мэтээр фэнүүдээсээ шууд сонсохыг хүсч байна. Фэнүүдтэйгээ уулзаж сэтгэлийг нь нэг сайхан онгойлгож өгчихөөд л… Сониноос би фэнүүдийнхээ төлөө дуу дуулдаг ш дээ.

-Өөрийнхөө төлөө биш гэж үү?

-Биш. Зөвхөн фэнүүдийнхээ төлөө. Тэр олон жил үнэнчээр намайг дагаж яваа тэд нарынхаа төлөө урмыг нь хугалахгүйг хичээж ирсэн. Аугаа сайхан байна, одоо болж дээ гэж хэлүүлчихээд больчих шиг сайхан юм байхгүй. Хэзээ болихоо яг одоо мэдэхгүй ч больж л таарна.

ЭМЭГТЭЙ ХҮН 40 НАСАНДАА ЦААНААСАА ГАНГАН ХЭЭНЦЭР БОЛДОГ ЮМ БАЙНА

-Та ямар автомашин унаж байна?

-Би япон машин унадаг. Мартын 8-наар “Тоёото” автомашин өөртөө худалдаж авсан. Ер нь өөрийнхөө хүссэнээр дуртай зүйлээ авч, дуртай ажлаа хийж, дуртай газраа бүжиглэж байгаа хүн л дээ би.

-Та ямар орон сууц, хауст амьдардаг вэ?

-Аавынхаа зуслангийн байшингийн суурин дээр гурван давхар хаус барьсан. Өвөл зунгүй  тэндээ. Хотын төвд бас орон сууц бий. Би бусадтай адилхан эгэл жирийн амьдардаг. Надад хүнээс илүү товойгоод байх зүйл байхгүй. Би магадгүй тайзан дээрээ л хээнцэр байдаг байх. Амьдрал дээр би ихэмсэг байхыг хүсдэггүй.

-Та урьд урьдынхаасаа илүү гоё сайхан төгөлдөр болсон юм шиг ээ?

-Гангалах гэж төрсөн ч юм шиг. Энгийн хувцас нь хүртэл ганган болчихоод байна. 40 насанд эмэгтэй хүн ийм болчихдог юм байна шүү дээ. Залуудаа 20 насанд ийм тийм ч ганган хувцас өмсөхсөн гэж боддог байв. 30 насанд юу өмсч байгаагаа ч анзаардаггүй байсан бол 40 нас бүр цаанаасаа гангалах ёстой юм шиг зориулагдсан нас. Урьд нь залуу насаараа гоёдог байсан бол одоо эв дүй, донжоор гоёдог цаг ирж байна гэсэн үг. Төгс төгөлдөр гоо үзэсгэлэнг эрэлхийлж өөртөө таалагдсан, хайртай залуудаа таалагдах хэмжээнд биеэ аваад явчихдаг гэж боддог. Яг үнэндээ миний хичээснээс шалтгаалахгүйгээр өөрийн эрхгүй ганган хээнцэр хувцас өмсч өөртөө итгэх итгэл улам нэмэгдээд байх чинь.

-Дуучин Т.Ариунаа “Домгийн өглөө” нэртэй богино хэмжээний дуут кино сая хийж эхэлсэн. Та үзсэн үү?

-Хараахан үзэж амжаагүй явна.

-Улиг болсон асуулт асуухад Т.Ариунтаа та хоёр уран бүтээлээрээ өрсөлддөг үү. Хэр ойр дотно харилцаатай вэ?

-Бид уран бүтээлийн андууд. Өвөр түрийндээ орсон дотно найзууд биш. Бие биенээ хүлээн зөвшөөрсөн. Нэг тогооноос хоол идэж байгаа, нэг шоу бизнест эргэлдэж байгаа уран бүтээлчид учраас бие биенээ хүндэлж, хүлээн зөвшөөрдөг. Уран бүтээлийн өрсөлдөөн тэртэй тэргүй зах зээлийн нугачаанд шигшигдээд үлдэх байлгүй дээ.

-Та Орост хамгийн сүүлд хэзээ очив. Тэнд тоглолтоо хийж байсан байх аа?

-Өнгөрсөн жил ээжийнхээ нутагт Якутад уран бүтээлээ толилуулсан.

-Тэнд ах дүү, хамаатан садан хэр олон бий вэ?

-Манай ээжийн дүү нар, үеэлүүд байдаг. Өнөөдөр гэхэд миний ээжийн эмэгтэй дүү, охинтойгоо Улаанбаатарт ирж байна. Би одоо Балхаа ахын тоглолтод ая дуугаа өргөчихөөд онгоцны буудлаас тэднийгээ тосно. Хол хамаатан садан ихтэй байх гоё шүү.

-Аав чинь аль аймгийн хүн байлаа?

-Төв аймгийн Баян сумын хүн.

-Олны танил зарим дуучдыг УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэсэн таамаглал бичигдсэн байна. Таны нэр тэдний дунд цохиж явна лээ?

-Мэдээгүй ш дээ. УИХ-ын сонгуульд нэр дэвших хэмжээнд хүрээгүй байх гэж бодож байна. Магадгүй урлагийн хүмүүсийн эрх ашиг хөндөгдөөд ирвэл эрх ашгаа хамгаалж тэмцэж болох юм аа.

Б.ДОЛЗОДМАА


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car