“Засаг задрах нь” гэх яриа өнгөрөгч долоо хоногийн дундуур гарч улстөрийн хүрээнийхэн болон улстөрчид ёстой л
“…орчилдон тэмцэлдэж байхад…” харин нийт масс үүнээс өөр зүйлд сэтгэл чилээж байсан гэхэд болно. Тэдний сэтгэлийг өвтгөсөн эл яриа бол “арванхоёрдугаар сарын 21-нд болно” гээд байгаа “Дэлхий сүйрнэ, сүйрэхгүй юмаа гэхэд гурван өдөр нар үзэхгүй, хүйтний эрч -70 хэмд хүрнэ” гэх хуудуутай мэдээлэл байв. Даяаршил нэрийн дор сүлжээний дайнд нэрвэгдээд байгаа энэ цаг үед олон мянган хүнийг “мунхруулж” “Орифлейм”-ын сүлжээнд татан оруулж зэгсэн баяжсан Г.Оюунгэрэл гэгчийн амаа мэдэхгүй, эх адаггүй бурсан нь ийн олныг айдаст автуулсаар л байна.
Нийгмийг цочирдуулсан энэ яриаг Монголын эрдэмтэн судлаачид няцаасан ч “бурмал эмэгтэй”-н ярианд эмзэглэж, эргэлзсээр л. Түүнийг ийн дэмийрэхийн зэрэгцээ ОБЕГ-аас улсын нөөцөд гэр худалдаж авна хэмээн тендер зарласан нь “Дарин дээр давс нэмэв” гэгч болсон юм.
Гэхдээ дээрх хоёр асуудлын аль аль нь экс ерөнхийлөгч Н.Энхбаярын хүү Э.Батшугарын томилгооны сенсацид дарагдсан гэхэд болно. Өдгөө 25 настай тэрбээр Монголын “хамгийн хамгийн” гэх тодотголд багтаж байгаа нэгэн. Тодруулбал,хамгийн залуугаараа томоохон албан тушаалд тохоон томилогдсон нь олны анхаарлыг татахын сацуу экс ерөнхийлөгчийн ямар тоглолт хийх гэж байгаа нь одоохондоо “Татаатунгаа” хэвээр л байна.
Харин “Засаг задрах нь” гэх ярианы тухайд М.Энхсайханы хэлсэн хэдхэн үгнээс болсон хэрэг гэж улстөр судлаачид үзэж байгаа.
Сангийн сайдын суудалд тухлах байх гэсэн годьдлогыг мань хүн сэтгэлдээ тээж нийтээрээ ч тийн харж байтал “жийгдэж” орхисон тэрбээр бөөрөө нийлүүлж байсан “экс Ерөнхийлөгчийн хийсэн ажил” хэмээн үзсэн. Иймдээ ч “Миний хувьд экс Ерөнхийлөгчийг хэлмэгдүүлж байна гэж бодохгүй байгаа” хэмээн хэлсэн. Энэ нь шууд утгаараа “Та нартай цаашид мөн хамтарч ажиллах байх даа” гээд хэлчихсэн гэхэд болно. Гэхдээ түүнийг АН, МҮАН хоёрыг хамтатгах ажлынхаа эхлэлийг тавьсан гэдгийг улстөрийн хүрээнийхэн аль хэдийн олоод харчихсан байгаа.
Үүнийг нь ч батлах гэсэн мэт УИХ-ын гишүүн Ц.Цолмон намын нөхөддөө ч хэлэлгүй МАХН-д элссэн явдал юм. Тэрбээр парламентад тангараг өргөхдөө “Шударга ёс” эвслийн жагсаалтаар орж ирсэн ч үндсэндээ МҮАН-ын квотыг эзэлж байсан. Тиймээс засагт эвссэн эвсэл дотооддоо зөрчилдөж байгаагийн нэр илрэл болсон.
“МАН-аас 500 гишүүн МАХН-д элсэх гэнэ. МАХН, МАН хоёр эвсэх нь” гэх яриа гарч байсан ч мөн л Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр томилогдсон Э.Батшугарын тухай ярианд нам болсон юм.
Эдгээртэй зэрэгцэн УИХ-ын гишүүн эмэгтэй гадаад улсад албан ажлаар явахдаа хүний амь аварсан гэх мэдээ гарсан нь чихэнд чимэгтэй байлаа. Үүнийг тодруулбал, сүүлийн үед адтай, одтойгоороо дуудагдах болсон эрхэм гишүүн З.Баянсэлэнгэ.
Тэрбээр улсаа төлөөлөн Японд “Хүн ам хөгжлийн асуудлаарх Азийн 28 дахь парламентчдын уулзалт”-д оролцож байхдаа Индонезийн парламетын гишүүн ухаан алдаж унахад нь анхны тусламж үзүүлж, хиймэл амьсгаа хийн, түргэн тусламж ирэхэд нь хүлээлгэж өгсөн аж. Түүний энэ үйлдэлд Токиогийн онцгой байдлын албанаас талархал илэрхийлж, мөн Шинэ Зеланд улс жуух бичгээр шагнасан.
Хорих ангийн сувилагчаас, хорооны Засаг дарга, УИХ-ын гишүүн гэх албан тушаал хашиж яваа энэ эмэгтэйн тухай таагүй мэдээлэл байдаг ч түүнийг энэ удаа хүний амь аварч Монгол Улсын төр түшилцэж яваа эрхмүүд нэг иймэрхүү мэдлэг чадвартай гэдгийг дэлхий нийтэд харуулж чадсан тул одоо “Шударга журам”-аар шагнана хэмээн монголчууд багагүй бахархасан юм.
Өнгөрөгч долоо хоногт улстөрд өрнөсөн эдгээр үйл явдал УИХ-ын дэд даргыг гишүүн С.Ганбаатар Оюутолгойн гэрээний асуудлаар дуэльд дуудаж С.Баярцогт гишүүн саналыг нь хүлээн авснаар өндөрлөсөн.
Улстөр гэх нэгэн ертөнцөөр ийн дуулиантай байхад ургацын асуудлаар ч бас чихэнд чимэгтэй мэдээ сэлт нэлээдбайсан.
Улсын хэмжээнд ургац хураалтын ажил 60 хувьтай явагдаж байгаа бөгөөд 212 мянган тонн үр тариа, төмс 212.2, хүнсний ногоо 33.7, малын тэжээл 8.7 мянган тонн хүнсний ногоо, 33.7 мянган тонн малын тэжээл, 8.7 мянган тонн тосны ургамал хураасан байна.
Мөн Засгийн газрын хуралдаанаар улаан буудайн мөнгөн урамшууллыг хоёр дахин нэмэхээр болж улаан буудай үйлдвэрлэгч иргэн, аж ахуйн нэгжээс дотоодын гурилын үйлдвэр, тариалан эрхлэлтийг дэмжих санд нийлүүлсэн нэг тонн хүсний буудайд олгох мөнгөн урамшууллыг 100 мянган төгрөг болгосон нь чихэнд чимэгтэй мэдээллүүдийн нэг байсан юм.
Эх сурвалж:”Өглөөний Сонин”
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 09, 2012 10:22:32 pm )
TENEGUUDIIN GER BUL DAHIN ULS TORD BYY YZEGD,OROO TOLCHGOO LUIVIRCHDAA
1 Comment