-ИРГЭД ХҮҮХДИЙН МӨНГӨ ОЛГОХ БАНКАА ӨӨРСДӨӨ СОНГОХ ЭРХТЭЙ-
Хүүхдийн мөнгийг ямар журмаар, хэрхэн олгох талаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Нийгмийн халамж үйлчилгээний газар (НХҮГ)-ын дарга Д.Баярсайхан нар мэдээлэл хийлээ. С.Эрдэнэ сайд “Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт 18 нас хүртэлх хүүхэд бүрт сар бүр хүүхдийн мөнгө олгох зорилт дэвшүүлсэн. Үүний дагуу хүүхэд бүрт сард 20 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, “Хүний хөгжил сан”-гийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж энэ онд 170 мянган хүүхдэд 59 тэрбум төгрөг олгохоор болсон. Энэ удаад хүүхдийн мөнгийг олгохдоо цахим технологи ашиглан, иргэдэд зардал, чирэгдэлгүй байлгахаар журам боловсруулсан” хэмээв.
Хүүхдийн мөнгийг авахдаа ямар баримт бүрдүүлэх хаана хандах талаар дараахь хариултыг өгсөн юм.
-Хүүхдийн мөнгийг авахдаа иргэд ямар баримт, бичиг бүрдүүлэх ёстой вэ?
-Хүүхдийн мөнгө олгох асуудалд Монголбанк болон арилжааны банкнуудын удирдлагууд маш их анхаарч байгаа. Өмнө нь олгож байсан хүүхдийк мөнгө, “Хүний хөгжил сан”-гийн дэвтэр гэх мэт илүү төсвөөс илүү зардал гаргахгүй. Иргэд арилжааны банкинд хүүхдийнхээ төрсний гэрчилгээг авч очоод, бүртгэлийн маягт бөглөж данс нээлгэх юм. Өөрөөр хэлбэл, хүүхдийн ээж, ээж нь байхгүй бол эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлүүлэгч нь арилжааны банкинд хандаж хүүхэд тус бүрт данс нээлгэх ёстой. Түүнээс оршин суугаа газрынхаа халамжийн байгууллагад очих шаардлагагүй.
Харин арилжааны банк данс нээхдээ иргэд, 16 нас хүрсэн хүүхдээс цахим үнэмлэх шаардаж байгаа. Тухайн арилжааны банк данс нээлгэсэн хүүхдийн мэдээллийг НХҮГ-т хүргүүлнэ. НХҮГ арилжааны банкуудаас ирсэн мэдээллийг Улсын бүртгэлийн газар, “Хүний хөгжил сан”-гийн мэдээлэлтэй тулгаж, баталгаажуулаад Монголбанкинд хүргүүлнэ. Монголбанк арилжааны банкин дахь хүүхэд бүрийн дансанд мөнгийг нь шилжүүлнэ.
-“Хүний хөгжил сан”-ын мөнгийг олгож байсан банкиаасаа хүүхдийн мөнгийг авах уу?
-Үгүй. Иргэн өөрөө банкаа сонгох эрхтэй. Ямар банкны хаана байдаг салбарыг сонгох нь өөрсдөд нь ойр дөт байна. Түүнийгээ л сонгох боломжтой. “Хүний хөгжил сан”-аас мөнгө авдаг байсан шиг банкинд дугаарлах шаардлагагүй болно.
-“Хүний хөгжил сан”-гийн мөнгийг авч байсан дансаар нь дамжуулах уу. Эсвэл банкинд хадгаламжийн болон бусад данстай байсан хүүхдэд заавал данс нээх үү?
-Иргэд арилжааны банкаа өөрөө сонгож байгаа учраас “Хүний хөгжил сан”-гийн данс хамаагүй гэсэн үг.
Хүүхдийн мөнгө авах хүүхдүүдийн мэдээллийг шалгаж, баталгаажуулсны дараа олгох учраас заавал шинээр данс нээнэ. Харин дараа нь бусад харилцах данстай нэгтгэх асуудлыг тухайн банктайгаа тохиролцоод шилжүүлж болно. Мөн хүүхдүүдийнхээ дансыг нэгтгэх зэрэг асуудлаар банктайгаа тохирох юм.
-Хүүхдийн мөнгө авахад шимтгэл төлөх үү?
-Иргэдээс шимтгэл авахгүй. Харин бэлэн мөнгөний карт нээлгэж, АТМ-аас мөнгө авсан тохиолдолд шимтгэл төлнө. Түүнээс биш “Хүний хөгжил сан”-гийн мөнгө олгодог байсан шиг шимтгэл авахгүй.
-Хүүхдэдээ хоёр өөр банкинд хоёр данс нээлгэх тохиолдол гарвал яах вэ?
-Арилжааны банкнуудаас ирсэн мэдээллийг шалгана гэж хэлсэн шүү дээ. Хэрвээ ийм зөрчил гарвал тухайн хүүхдэд мөнгө олгохгүй.
-Хэзээнээс хүүхдийнхээ мөнгийг авах боломжтой вэ?
-Энэ сарын 20-ноос олгож эхэлнэ. Тиймээс иргэд энэ сарын 15-наас өмнө банкинд бүртгүүлж, хүүхдэдээ данс нээлгэх шаардлагатай. Банкинд хандаж хүсэлт гаргасан сараас нь тооцож хүүхдийн мөнгө олгоно. Тиймээс хугацаанаасаа хоцорсон бол нөхөж олгохгүй гэдгийг анхааруулъя.
-Асрамжийн газар, хорих ангид ял эдэлж байгаа хүүхдүүдийн мөнгийг яаж олгох вэ?
-ШШГЕГболон асрамжийн газраас НХҮГ-тай гэрээ байгуулж хүүхэд тус бүрт хадгаламж нээлгэнэ. Асрамжийн газарт асруулж байгаа хүүхдийн мөнгийг эцэг, эхэд нь өгөхгүй. Мөн тухайн байгууллага хүүхдийн мөнгийг захиран зарцуулах эрхгүй байхаар журамласан.
-Гадаадад амьдарч байгаа хүүхдийн мөнгийг яах вэ?
-Амьдарч байгаа улсынхаа Консулын газар. Элчин сайдын яамаар дамжуулан Монголд байгаа хүнд итгэмжлэл гаргаж өгөх юм. Итгэмжлэгдсэн хүн нь арилжааны банкинд тухайн хүүхдийн дансыг нээлгэнэ.
-Хүүхдийн мөнгөө авахаас татгалзсан иргэд байвал яах вэ?
-Хүүхдийн мөнгө авахаас татгалзаж, хүүхдийн төлөөх хөрөнгө оруулалт, хөгжлийг дэмжье гэсэн иргэд байгаа. Энэ ажлыг холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар хэрэгжүүлэхээр төлөвлөж буй. Өөрөөр хэлбэл, тухайн жилд хүүхдэд олгохоор төлөвлөсөн мөнгөнөөс илүү гарсныг нь хүүхдийг хөгжүүлэх ажилд зориулна.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 03, 2012 6:49:08 pm )
Tsahim unemleh ni hewlegdeegui irged ni yah yum be
-
Anonymous (October 03, 2012 10:09:58 pm )
say togrogiin uldegdelee hezee olgoh be ondor nastanguud huleej suna
2 Comments