УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй төсвийн тодотголын асуудлаар ярилцлаа.
-УИХ-ын ээлжит бус чуулганаар төсөвт тодотгол хийлээ. Ямар шалтгаанаас үүдэн төсөвт тодотгол хийх болсон юм бэ?
-Улсын төсөвт тодотгол хийх хоёр үндсэн шалтгаан байсан. Нэгдүгээрт, УИХ-ын 2012 оны сонгуулийн дүнд шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаж яамдын бүтэц орон тоонд өөрчлөлт орсон. Зарим яам, хоёр гурав болж салсан, зарим яамыг шинээр байгуулсан. Тухайлбал, Хөгжлийн яамыг шинээр байгуулсан. Тодруулж хэлбэл, яамдын бүтцэд өөрчлөлт хийсэн учраас салбаруудын багцийг өөрчлөлтийнх нь дагуу хуваарилах шаардлагатай болсон. Жишээ нь, Боловсрол шинжлэх ухааны яамны багцаас соёлынхыг салгах, Эрүүл мэндийн сайдын багцаас спортынхыг салгаж өгөх. Хөгжлийн яам шинээр байгуулагдсанаар хоёр тэрбум гаруй төгрөгийн шинэ төсөв нэмэх шаардлага гарсан. Хоёрдугаарт, нэгдсэн төсвийн орлого талд томоохон дутагдал гарсантай холбоотойгоор зайлшгүй тодотгол хийх шаардлага гарсан. Үндсэндээ төсвийн орлого нэг их наяд тэрбум төгрөгөөр тасарсан. Орлого ихээхэн хэмжээгээр саатсан нь Тавантолгойн ордтой холбоотой. Уг орд ашиглалтад орсонтой холбоотойгоор 900 гаруй тэрбум төгрөгийг олно гэж тооцоолсон. Энэ хүрээнд гарын үсэг зурсны 490 тэрбум, урьдчилгаа төлбөрийн 420 тэрбум төгрөг тус бүр орж ирнэ гэж тооцоолсон байсан ч орлого орох боломжгүй болсон. Нөгөө талаар Европын эдийн засагт үүссэн хямрал, өмнөд хөршид эдийн засгийн өсөлт саарсан зэрэг нь манай экспортод сөргөөр нөлөөсөн. Импортод ч тодорхой сөрөг нөлөө үзүүлсэн. Экспортын гол нэрийн бүтээгдэхүүн алт, зэс, нүүрсний үнэ унаснаас энэ төрлийн татварын орлого төлөвлөсөн хэмжээнээс буурсан. Жишээлбэл, Тогтворжилтын сангийн орлого 221 тэрбум төгрөгөөр буурсан. Мөн импорт төлөвлөсөн хэмжээнээсээ 1.6 тэрбум ам.доллараар буурах тооцоо гарсан. Яагаад гэвэл эдийн засаг дахь нөхцөл байдал буурч байгаа учраас импортын хэмжээ буурсан. Импортын орлого 1.6 тэрбум ам.доллараар буурснаар Нэмүү өртгийн албан татвар 56 тэрбум, Гаалийн албан татвар 26 тэрбум төгрөгөөр буурсан. Өмч хувьчлалын орлого ч нэлээд буурсан. Тухайлбал, хамгийн том дүнтэй нь Төрийн банкны өмч хувьчлалын орлогоос 80 тэрбум төгрөг олно гэж тооцоолж байсан ч болсонгүй. Мөн Хүний хөгжлийн сан уул уурхайн үнийн бууралттай холбоотойгоор Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 40 тэрбум төгрөгөөр буурах тооцоолол гарсан. Тийм учраас 2012 оны төсөвт өөрчлөлт хийх шаардлага гарсан.
-Төсөвт тодотгол хийлээ. Харин төсвийн орлого хэр нэмэгдсэн бэ?
-Нэмэгдэж байгаа орлого нь 120 тэрбум төгрөг. Жишээ нь тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлснээр 19 тэрбум төгрөг нэмэгдэж орж ирнэ. Хүн амын орлогын албан татвараар 11 тэрбум төгрөг, дизелийн түлшний татварыг нэмэгдүүлснээр 30-аад тэрбум төгрөгөөр орлого нэмэгдэнэ. Гэтэл нөгөө талд эх үүсвэр нэг их наяд төгрөгөөр дутаж байгаа. Үүнээс үүдэн төсвөө алдагдалтай батлах нөхцөл үүсээд байгаа юм. Төсвийн алдагдал ДНБ-ийн 4.9 орчим хувьтай тэнцэх хэмжээний алдагдал үүснэ гэж тооцсон. Тийм учраас 781 тэрбум төгрөгийг бусад эх үүсвэрээр санхүүжүүлнэ гэж тооцоолсон. Энэ нь бонд гаргах, зээл авах замаар санхүүжүүлнэ гэж тооцоолсон байгаа.
-Төсвийн алдагдал хэт өндөр байх нь ямар сөрөг үр дагавар дагуулах вэ?
-Төсөв алдагдалтай байх нь сайн уу, муу юу гэдэгт гол учир байгаа. Жишээ нь, Гадаад эдийн засаг муудчихсан үед төсвийнхөө зарлагыг хумих юм бол улсын нийт хэрэглээний 40 гаруй хувийг гаргадаг төсвийн зарлага нь багасахаар хэрэглээ буурна. Хэрэглээ буурна гэдэг нь компаниудын борлуулалт багасна гэсэн үг. Төсвийн ажилчдын цалин, санхүүжилтийг бууруулах нь эргээд цалинг бууруулна, худалдан авалт ч буурна, Өөрөөр хэлбэл, төсвийн зардлыг хэт хумина гэдэг нь компаниудаа хаалгаа барь гэсэн үг. Ялангуяа шинээр бизнесээ эрхэлж байгаа, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бизнес эрхлэгчдийн хувьд маш хүнд дарамт болно.
-Хөрөнгө оруулалтын хэмжээг багагүй танасан гэсэн. Төсөв танана гэхээр бизнесийн салбарт сөргөөр нөлөөлөх юм биш үү?
-Хөрөнгө оруулалтыг 300 гаруй тэрбум төгрөгөөр танасан. Хэдийгээр эх үүсвэрийн хэмнэлт гарч байгаа мэт харагдах ч цаагуураа барилгын салбар, барилгын материал, хөрөнгө оруулалт чиглэлийн бараа бүтээгдэхүүн нийлүүлж байгаа компаниудад их хүнд цохилт болж байна. Тэдний орлого 370 тэрбум төгрөгөөр буурна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, төсвийг хэт танана гэдэг бизнесийн салбарын хаалгыг нь бариулж байна гэсэн үг. Тийм учраас хямралын үед компаниудаа авч үлдэх ёстой. Компаниудын хаалгыг бариулаад байвал ажилгүйчүүдийн тоо нэмэгдэнэ. Бид төсвийг тодотгохдоо төсвийн зардлыг таван хувиас хэтрүүлэхгүй байх бодлого барьсан нь эдийн засгийн тогтвортой байдлаа хадгалж аль болох компаниудынхаа орлогыг бууруулахгүй байж, ажлын байрыг хадгалж үлдэе л гэж байгаа. АНУ ч төсвөө асар өндөр алдагдалтай баталж байна. Яагаад гэвэл хямралын үед компаниудаа сүйрүүлчихгүйн тулд ийм арга хэмжээ авч байна. Үүнийг харин зөв тайлбарлах ёстой. Бид популист хандлага аль, аль зүгээсээ гаргаад байна. Яамдыг цомхотгох, хүнийг цөөлөх, төсөв багасгах энэ сайн зүйл гэж байна. Харин энэ сайн зүйл биш.
-Засгийн газар бонд гаргахаар болсон. Дэлхийн эдийн засаг хямралтай үед манай улсын бондыг худалдаж авах хөрөнгө оруулагч олдох уу?
-Төсвийн алдагдал өндөр байлаа гээд зээлээр санхүүжүүлнэ гэдгээс айж болохгүй. Бидний хувьд зээлээ эргээд төлөх эдийн засгийн потенциаль сайтай болсон. Бидний зээлжих зэрэглэл өндөр болсон учраас хаанаас ч бид мөнгө босгох бололцоотой. Тийм учраас эдийн засгийн хэрэглээгээ өндөр байлгаж компаниудаа авч үлдэх ёстой. Зээлээ ирээдүйд олох орлогоороо төлж болно. Харин хийж байгаа хөрөнгө оруулалт нь бүтээмж бий болгодог, баялаг бий болгодог, мөнгө бий болгодог чиглэлд анхаарах хэрэгтэй. Энэ чиглэлээр рүү алхам хийж байгаа. Тухайлбал, Хөгжлийн яам байгуулсан асуудал. Эдийн засгаа урьдчилж төлөвлөөд бодлогоо гаргаад санхүүжилтээ хийгээд явъя. Харин эцсийн үр дүн нь иргэдэд мэдрэгдэх юм. Өнгөрсөн жилүүдэд бид уул уурхай дагасан хөгжлийн араас явсан. Өөрөөр хэлбэл, уул уурхай дагасан асуудал нь өмнө явсан бол бид одоо урьд нь гарч ажиллахаар бодлогоо зохицуулж байна. Монгол Улсын эдийн засгийг 2000 онтой харьцуулахад одоо 17 хувиар өсчихсөн байна. Тэгэхээр тухайн үеийнх шиг царцаая, хөлдөөе гэдэг бодлого барих юм бол бид хөгжихгүй. Ирээдүйд эдийн засгийн бололцоо байгаа энэ үед хөгжлөө тогтвортой хадгалаад дараагийнхаа хөгжил рүү чиглэсэн хөрөнгө оруулалтыг хийх ёстой. Тийм агуулгаар төсвийн тодотголыг хийсэн. 2013 оны төсвийг ч ийм байдлаар төлөвлөнө. Одоо бид гал унтраах байдлаар ажиллахгүй. Өнөөдөр хүн амын гурван хувь нь хадгаламжтай, 97 хувь нь зээлтэй амьдардаг. Үүнийг л бид өөрчлөх ёстой. Өөрөөр хэлбэл, орж ирж байгаа 17 дахин өссөн мөнгийг нийгэм рүү шилжүүлэх нь чухал. Төсөв тэлсэн, алдагдал өссөн. Тийм учраас төсвийн алдагдал том тоо сонсогдож байгаа. Төсвийн алдагдал таван хувь руу дөхөж байгааг сүйрэл мэт ярьж байна. Энэ нь тийм биш. Нийт борлуулалтын зах зээлийн 40 гаруй хувь төсөв дээр тогтдог учраас үүнийг бодох хэрэгтэй.
-Сангийн яамнаас өгсөн тайлбараар энэ оны төсвийн орлого 5.5 их наяд төгрөг байхаар батлагдсан ч одоогоор гурван их наяд төгрөг төвлөрүүлээд байгаа юм байна. Он дуусах дөхөж байгаа энэ үед хоёр их наяд төгрөгийг төвлөрүүлж чадах уу?
-Төсвийн алдагдал өндөр байхад гадныхан зээл өгөхгүй, эх үүсвэргүй болчихно гэж болгоомжилж байна. Бидний эдийн засгийн бололцоо ирээдүйд олох орлого сайн болчихсон, гадны хөрөнгө оруулалттай харилцан ашигтай байх бодлогоо хуулийн хүрээнд тодорхой байлгавал хамгийн өндөр эдийн засгийн өсөлттэй нь Монгол Улс. Харин бид Төрийн бодлогоо бид гаргаж чадахгүй байна. Эдийн засгийн боломжийг зөв ашигладаг, зөв зарцуулдаг, хүндээ бэлнээр тараадаг байдлаа өөрчлөөд явбал Монгол Улсын зээлжих зэрэглэлд сөрөг нөлөө гарахгүй гэж бодож байна. Яагаад гэвэл бидний ирээдүйд олох орлого тодорхой байгаа. Ирээдүйгээс олох орлогын хэмжээгээрээ дэлхийн 10-т жагсч байна. Монгол Улс хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр анхаарах зүйл бий, өнгөрсөн наймдугаар сарын гүйцэтгэлээр төсвийн орлогын биелэлт 71 хувьтай л яваа. Зарлага санхүүжилт мөн энэ хэмжээгээр дутагдалтай, ялангуяа хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 45 хувьтай байна. Татварын орлогын гүйцэтгэлийг харахад наймдугаар сард 470-аад тэрбум төгрөг орох ёстой ч энэ хэмжээгээр дутагдалтай явж байгаа харагдсан. Манай компаниудад нэг дутагдал бий. Тэр нь бизнесийн салбарууд маань гол төлөв улирлын чанартай, зуны улиралд их ажил хийдэг, энэ үеэрээ мөнгөө эргэлдүүлж байгаад оны эцэст татвараа төлдөг практик бий л дээ. Тийм учраас одоогийн төлөвлөсөн хэмжээний орлого орчих байх, орох боломжгүй гэсэн орлогыг сая төсөвт тодотгол хийх хүрээнд хассан. Нэг их айхтар дутагдал төсөв дээр гарахгүй. Харин төсвийн тодотголоор шийдэж чадахгүй зүйл бол Хүний хөгжил сангийн бондын асуудал 300 гаруй тэрбум төгрөгийг шийдэж чадахгүй үлдээсэн. Хүний хөгжил санд өөрчлөлт оруулахтай холбоотойгоор, батлагдаагүй. Энэ асуудлыг шийдэх шаардлага тулгарч болзошгүй. Яагаад гэвэл Хүний хөгжил санд уул уурхайгаас орж ирж байгаа төлөвлөсөн зэс, алт, нүүрсний үнэ буурахаар тэр хэмжээгээр орлогын эх үүсвэрийн дутагдалд орж байгаа. Жишээлбэл, бид 31 сая тонн нүүр экспортолно гэж байсан ч 22 сая тонныг экспортлохоор болж байгаа. Өөрөөр хэлбэл есөн сая тонн нүүрс экспортлох боломжгүйгээс болж тэр хэрээр орлого багассан. Энийг бонд гаргаж нөхнө гэж Хүний хөгжил санд оруулсан нь батлагдалгүй хүлээгдэж байна. Тэгэхдээ энэ оны наймдугаар сарын гүйцэтгэлийг өмнөх онтой харьцуулахад 300 гаруй тэрбумаар орлого давж биелсэн байгаа. Тэгэхээр эдийн засаг бүр зогсчихоогүй байгаа болохоор гэнэтийн өөрчлөлт нэг их гарчихгүй болов уу л гэж харж байна.
-Төсөвт зэсийн үнийг 7000 ам.доллараар тооцсон байна. Дэлхий дахин хямрах магадлалтай байгаа үед зэсийн үнэ уначихвал төсөвт хүндрэл учрах уу?
-Гэрээг маргааш гэсэн байдлаар хийдэггүй. Хэдэн сараар урьдчилан хийдэг. Тэгэхээр оны төгсгөл хүртэл 7900 ам.доллараар хийгдсэн гэрээ хүчинтэй хэвээр байна. Харин нүүрсний хувьд 22 сая тонныг экспортолно гэдэг нь хүндрэлтэй. Одоо 11 сая тонн нүүрс экспортолчихсон байгаа. Үлдсэн хугацаанд өнгөрөгч хэдэн сарын үзүүлэлт шиг 11 сая тонныг экспортолж чадах уу гэдэг нь эргэлзээтэй. Зөвхөн Хятадаар дамжуулж худалдаалж байгаа өнөөгийн нөхцөлд хүндрэлтэй байгаа. Бид заавал нүүрс ав гээд шахаж чадахгүй шүү дээ. Түүнээс биш зэс, алтны үнэ буурахгүй. Хямралтай байх тусмаа алт үнэд ордог. Магадгүй зэс бага зэрэг буурлаа ч алтаар нөхөх боломжтой.
Э.ПАГМА
Холбоотой мэдээ
-
Anonymous (September 25, 2012 6:24:13 pm )
Mundag bna amjil t taniig demjij bdag shuu
-
Anonymous (September 26, 2012 11:08:37 pm )
demjij bna ediin zasagiin medlegtei sain zaluu gej bodoj bna
-
fossil dama (February 19, 2014 5:30:50 am )
Aw, this was a very good post. Spending some time and actual effort to generate a very good article… but what can I say… I hesitate a whole lot and never manage to get anything done.
-
marmaris transfers (February 19, 2014 6:01:36 am )
This blog was… *** do you say it? Relevant!! Finally I’ve found something which helped me. Cheers!
-
Reviews (February 19, 2014 10:13:43 am )
I blog frequently and I genuinely appreciate your information. Your article has truly peaked my interest. I’m going to book mark your blog and keep c****ing for new details about once per week. I subscribed to your RSS feed too.
5 Comments