150 км цагийн хурдтайгаар давхиж гэр дайрсан машин ийм болжээ.
Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багийн малчин Б.Отгонтулгын гэрийг 72- 81 УНИ улсын дугаартай “Land rover” машины жолооч дайрч, дөрвөн хүний амь насыг хөнөөсөн онц ноцтой хэрэг гарсан билээ. Энэ хэргийн талаар сурвалжлахаар өнгөрсөн долоо хоногт Өмнөговь аймгийг зорилоо. Дөрвөн хүний амь насыг хөнөөсөн хэргийг Өмнөговь аймгийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах хэлтсийнхэн шалгаж байна. Хэрэгт сэжиглэн Чингэлтэй дүүргийн иргэн Б.Алтангэрэл гэх залууг саатуулан шалгаж байгаа юм байна. Харин талийгаач нарыг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт хөдөөлүүлжээ.
Хэргийн талаар талийгаачдын ар гэрийнхэн ийм мэдээлэл өгсөн юм. Энэ сарын 7- нд буюу амралтын өдрүүдээр талийгаачид ар гэрийнхэнтэйгээ хөдөө гэртээ очсон юм байна. Баяндалай сумын Баян багт намаржиж байсан Б.Отгонтулгын гэрт очиж хоёр өдөр хадлан хаджээ. Тэгээд ням гаригийн өдөр аймгийн төв рүү явахаар болж нэг гэртээ бөөгнөрч, хоол унд бэлдэцгээж байжээ. Тус газарт таван айл эгнэн буусан байсан гэнэ. Гэтэл Ноён, Сэврэй сум руу явдаг төв замаас нэг машин гэр рүү нь чиглэн давхиж яваа харагдсан гэнэ. Эгнэн буусан таван айлын баруун захын гэрт хүн байгаагүй байсан юм байна. Харин хоёр дахь гэрт талийгаачид, гурав дахь гэрт нь бага насны долоон хүүхэд тоглож байжээ. Гэтэл чиглэн ирж явсан авто машин хурдтайгаар давхиж ирж баруун захаасаа хоёр дахь гэрийг шууд дайрчээ. Гэрт долоон хүн байсан бөгөөд зүүн хатавчинд гурван хүн байсан аж. Харин гэрийн хойморт Даланзадгад сумын иргэн Н.Бадамлянхуацэцэг, түүний хүү 10 настай Буманбаяр, Даланзадгад сумын иргэн Б.Алтанзул, тэдэнтэй хамт аймаг руу хүүхдээ эргэхээр явах гэж байсан малчин эмэгтэй Д.Алимаа нарыг гэртэй нь хамж дайрч амь насыг нь хөнөөжээ.
Өмнөговь аймгаас чанх баруун тийш Говь гурван сайхан уулын дунд Баян гэх хэрэг болсон газар руу хөдөлсөн юм. Аймгийн төвөөс 40 гаруй километрийн цаана байх газарт очив. Төв замаас километр гаруйн зайд таван гэр байсныг гэрчлэх буурь харлан харагдах аж. Цагдаа нар хэргийн газарт үзлэг хийсэн бололтой ул мөр байна. Мөн тэр хавьд газар нутгийг аргадсан бололтой цагаан болон шар будаа цацжээ. Гэрийн унь, тоонын хугархай энд тэндгүй хэвтэх аж. Талийгаачдын ар гэрийнхэн машинд дайруулсан гэрийн буурин дээр хайрга асгасан байв.
Төв замаас гэр байсан газар руу салсан машины мөр байв. Тэр машины мөр гэрийг дайрсан машины мөр гэдгийг хамт явсан Занахүү гэх залуу батлан хэлэв. Иргэн Б.Отгонтулгын гэрийг дайрч, дөрвөн хүний амь насыг хөнөөсөн машины жолооч төв замаас салж айл байгаа зүг рүү чиглэн давхисан бололтой мөр байлаа. Тэр машины мөрийг даган нэлээд явав. Замд нь хэд хэдэн саад болох жалга, гуу, ганга байх бөгөөд бүгдийг нь тойрч гарчээ. Мөн Өмнөговь аймгийн төвөөс баруун тийш явсан шилэн кабелийн шугамын нүхийг ч хурд сааруулан гарчээ. Тэгээд гэрийн урд талын жалганы нүхийг тойрч ямар ч тоормоз гишгэлгүй гэрийг шууд дайрч, талийгаач нарын дээгүүр гарч жолооныхоо хүрдийг огцом дарсан бололтой онхолджээ.
Цагдаа нар хэрэгт сэжиглэн шалгагдаж байгаа Б.Алтангэрэл ямар учраас төв замаас гарч айлуудыг чиглэн давхисан. Замд таарсан саадыг тойрч гарсан мөртлөө айлуудыг чиглэн хурд нэмэн давхиж гэрийг дайрах болсон шалтгаан, цусан дахь спиртний хэмжээ, биеэ удирдах чадваргүй болтол согтсон эсэхийг шалгаж байна. Мөн энэ хэргийг цаанаасаа зохион байгуулалттайгаар үйлдсэн байж магадгүй хэмээн таамаглаж буй гэнэ. Тиймээс сэжигтэн Б.Алтангэрэлд онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн үзэж Эрүүгийн хуулийн 91,1,2 дугаар зүйл ангид заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.
ТАЛИЙГААЧИД ХЭН БАЙВ
Амь насаа алдсан Н. Бадамлянхуацэцэг нь Өмнөговь аймагт сүүлийн жилүүдэд уул уурхай эрхэлдэг гадаад болон дотоодын компаниуд түрэн ирж, үйл ажиллагаагаа явуулж байгаатай холбогдуулан тэдний хууль бус үйлдлийн талаар хүчтэй тэмцэгч нэгэн байжээ. Тэрбээр “Таван эрдэнэ” нөхөрлөл байгуулж тэргүүнээр нь ажиллаж байсан юм байна. Орон нутагтаа нүүдэлчин малчдын ахуй амьдрал, байгаль орчныг хамгаалах чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан ба АНУ, Шинэ Зеландад энэ чиглэлээр туршлага судлан сургалт, семинар зөвлөлгөөнд Өмнөговь аймаг төдийгүй улсаа төлөөлөн оролцдог байжээ. Мөн Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран ажиллаж, суралцаж байсан юм байна. Баян- Өлгий, Хэнтий, Хөвсгөл, Баянхонгор зэрэг аймагт малчдын дунд уул уурхайгаас орон нутгаа хэрхэн хамгаалах талаар хэд хэдэн сургалт зохион байгуулж байжээ.
Харин түүний хүү 10 настай О.Буманбаяр Өмнөговь аймгийн дунд сургуулийн сурагч. Сургуулийн тэргүүний сурагчдын нэг байсан юм байна. Мөн шатар, гоцлол дуу, бүжгийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож баярын бичиг болон медалиар шагнуулж байжээ. Ангийнх нь багшийн хэлж буйгаар ангийнхаа хамгийн сэргэлэн цовоо хүүхэд байсан гэнэ. Б.Алтанзул Өмнөговь аймгийн төвд дэлгүүр ажиллуулдаг байжээ. Мөн зундаа жуулчдад зориулан малчдын хийсэн бэлэг дурсгалын эд зүйлсийг худалдаалдаг байсан юм байна. Тэрбээр хоёр хүүхэд, нөхрийн хамт амьдардаг байжээ. Сум орон нутагтаа нэлээд нэр хүндтэй нэгэн байсан гэнэ. Д.Алимаа тухайн үед аймгийн төв орж хүүхдүүд дээрээ очих гэж байжээ. Гурван хүүхэд нь аймгийн төвд сургуульд сурдаг юм байна. Харин нөхөртэйгөө хөдөө мал малладаг байсан байна. Бага хүүхэд нь дөрвөн нас хүрчээ. Харин том хүүхэд нь энэ жил Барилгын коллежид сурч байсан гэнэ.
МАШИН ГАЗРААС ХӨӨРӨӨД БУУХДАА ТАЛИЙГААЧДЫН ДЭЭР БУУЧИХСАН
Ингээд хэргийн талаар Н.Бадамлянхуацэцэгийн нөхөр Ч.Отгонбаатартай уулзлаа.
-Хэрэг болох үед тэнд байсан гэсэн. Яг юу болсон юм бэ. Энэ талаар тодруулахгүй юу?
-Хүн амьд явахад хүнд хэцүү болгоныг туулдаг бололтой. Эхнэр, хүүхэд хоёр минь нүдэн дээр амьсгал хураалаа. Ойр дотныхоо хүнийг харамсалтайгаар амь насаа алдахыг харах үнэхээр хэцүү байдаг юм байна. Хэрэг болох үед би гэрийн зүүн хаяанд сууж байсан. Гэрийн нээлттэй хаалгаар харахад гэрээс урагш километрийн орчим зайд байдаг Айргийн эмнэлгээс машин ирж байгаа харагдсан. Ирж байгаа машиныг хараад тэнд амарч байсан амрагчдаас ээлжит саамаа уухаар ирж байна гэж бодоод сууж байтал машин амрагчдын ирдэг замаар биш халз чигээрээ замгүйгээр гэрүүд рүү чиглэн маш хурдтайгаар газраас хөндий хөөрөн гарч ирсэн. Юу ч хэлж амжаагүй байхад машин гэрийг тэр чигт нь хамаад дайрсан. Тухайн үед юу болоод байгааг мэдэх сөхөөгүй. Хэдхэн секундын дотор л бүх зүйл орвонгоороо эргэчихсэн байсан. Гэрийн хоймор талын орон дээр инээгээд сууж байсан хүү минь. Эхнэр эгч, дүүс бүгд машины тэнхлэгт цохиулан хүн харахын аргагүй болтлоо гэмтэж амь насаа алдсан. Бидний тооцоолж буйгаар машин 150 километр цагийн хурдтайгаар давхиж ирэн гэрийг хуу хамж дайрсан байгаа юм. Машин гэрийн урд талын довжоон цементийг мөргөж газраас хөөрөөд буухдаа талийгаачдын дээр буучихсан юм билээ. Тэгээд бүгд толгойн хэсгээр бяц мөргүүлсэн байна лээ. Хүн харахын аргагүй болсон байсан. Гэрийн зүүн хатавчинд байсан хүмүүс амьд гарцгаасан. Гэхдээ бүгдийнх нь бие тааруу хүнд байна.
-Машин жолоодож явсан хүн согтуу байсан юм болов уу. Ямар учраас гэр дайрсан юм бол?
-Би энэ хэргийг зохион байгуулалттай гэмт хэрэг хэмээн үзэж байгаа. Машины жолооч Ноён суманд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа “Терра энержи” компанийн жолооч юм билээ. Хэрэг гарахын өмнөхөн ажилдаа гарах гэж байгаад архи уусан гээд ажилд нь гаргаагүй гэсэн. Тэгээд машин унаад наашаа гарсан байгаа юм. Хүмүүс дайрч, амь насыг нь хөнөөсөн мөртлөө юу ч болоогүй юм шиг машинаасаа гараад ирсэн. Тэгээд бидэн дээр ирчихээд яачихаад байгаа юм бэ. Хэн нэгэн нь тамхи өгөөч гэж даапаалж байгаа юм даа. Тэгснээ машин руугаа очоод цамцаа өмсч, тамхи олж татаад тэр хавиар юу ч болоогүй юм шиг алхаад байсан. Тухайн үед архи ууж согтсон зүйл ажиглагдаагүй. Хэрэг гардаг газрын урд талд гүнзгий жалга байдаг юм. Тэр жалгыг тойрч ирээд баруун талаасаа хоёр дахь гэрийг халз дайрсан. Хэрэг гарахаас өмнөх хэд хоногт тэр хавиар эргэлдээд л байсан байгаа юм. Тэгэхдээ айлаас архи байна уу гэж дарамталж архи уугаад яваад байсан гэсэн. Манай эхнэр уул уурхайн чиглэлээр их тэмцдэг хүн байсан юм. Тиймээс цаанаасаа зохион байгуулалттай гэмт хэрэг гэж үзэж байгаа.
-Хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа этгээд “Терра энержи” компанийн жолооч гэсэн. Тэр компаниас та бүхэнтэй холбогдсон уу?
-Тэр компанийнхан бидэнтэй огт холбогдоогүй байна. Ямар учраас согтуу хүнийг ажилд нь гаргаагүй мөртлөө машин унуулаад нааш нь явуулсан юм бол гэдгийг цагдаа нар тогтоох биз. Бидэнтэй уулзаагүй мөртлөө Баяндалай сумын Засаг даргатай уулзаж дөрвөн сая төгрөг өгсөн байна лээ. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ хэргийн талаар гаргахгүй байна гэсэн. Аймгийн сонин хэвлэл, телевизээр огт гаргахгүй байгаа юм. Охин минь ээж, дүүгээ нэхээд хэцүү л байна. Хот руу явж эмчилгээ хийлгэхгүй бол бие өвдөөд хэцүүхэн л байна. Гэрийг нь дайрсан Б.Отгонтулгын эхнэр Ж.Цагаанцэцэг болсон явдлаас хойш сэтгэл санааны хямралд ороод галзуурчихаад байна. Эмч нар аль болох тайван байлгах хэрэгтэй гэсэн.
Үргэлжлэл бий.
Э.ХҮРЭЛБААТАР
Хэрэг болсон газар
medee.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (September 24, 2012 1:24:12 pm )
Um mani badmi xum
-
Anonymous (September 24, 2012 1:52:45 pm )
aimaariin
-
Anonymous (September 24, 2012 2:05:58 pm )
naad durakiinhaa tatah durtai tamhiig n hudiig n neej bgaad,nuden deer n darj untraagaad,4 muchiig n tairaad ulaan shorgooljnii uuren deer haychigui yu..muu archaagui novsnuud
-
Anonymous (September 24, 2012 11:22:35 pm )
Naad durakaa ARD AYUSH kinon deer gardag shig hongor azargand tsowdlood
heer nohoid hayj og -
Anonymous (September 25, 2012 7:39:54 am )
musain hovshuud manai aimagt ih galzuurch bna ochid bga hen hebe vznee
-
Anonymous (September 25, 2012 4:21:47 pm )
Zahialgat l yum bn.l daa. Um maanii badmii hum.
6 Comments