antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 14, 2012 Comments are off

Good bye, Наранбаатар аа!

нийтлэсэн Admin

Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хэмээх байгууллага Засгийн газрын агентлагын статустайгаар

ажиллаж, эрх баригчдын үзэл сурталын зэвсэг болж ирснийг  өөрчлөх оролдлого хийгээд багагүй хугацаа өнгөрлөө. Ихийг бодож хийсэн энэ өөрчлөлт тус байгууллагыг “олон нийтийн” гэдэг статустай болгож, тусгайлсан хуультай, төсвөөс санхүүждэг давуу эрхийг нь баталгаажуулнаас өөр зарчмын шинэчлэлийг бий болгож чадаагүй өнөөдрийг хүрч байна.

Монгол Улс 1998 онд Э.Бат-Үүл нарын санаачилгаар Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуультай болж, уг хуулиар төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг хаасан. Үүнээс хойш үндэсний хэмжээний радио, телевизийг эрх баригчдын хэрэгсэл биш олон нийтийн хэрэгсэл болгох шинэчлэл өрнөж, үүний дагуу үйл ажиллагааг нь хуульчилсан нь урагш тэмүүлсэн алхам, анхны оролдлого байсныг хэн ч хүлээн зөвшөөрнө. Гэхдээ Монгол Улсад олон зүйл ардчиллын зарчимд суурилсан зөв хэлбэр дүрсээр өнгөлөн далдлагдсан хэрнээ зүй бус байдлаар цэцэглэн хөгжиж байгаагийн нэг илрэл нь Монголын Үндэсний олон нийтийн радио, телевиз болж хувирсан. Уг нь хуулиараа тус мэдээллийн хэрэгслийг зөвхөн олон нийтийн эрх ашгийг дээдэлж, олон нийтийн өмнө хариуцлага хүлээж, хяналт дор нь ажиллах ёстойг тунхагласан ч өнөөдөр бүх үйл явц нь ардаа эзэн захиалгатай, тодорхой хэсгийн эрх ашгийг төлөөлдөг байгууллага болчихоод буй.

Олон нийтийн радио, телевизийн эрх барих дээд байгууллага нь  Үндэсний зөвлөл  байж өдөр тутмын үйл ажиллагааг чиглүүлэх үүрэгтэй Ерөнхий захирлыг томилохоор хуульчилсан. Гэвч Үндэсний зөвлөлд төрийн бус, олон нийтийн эрх ашигт үйлчилдэг байгууллагуудаас гадна Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ тус тус өөрийн төлөөллөө оруулахаар заасан нь олон нийтийн мэдээллийн хэрэгслийг олон нийт биш тодорхой ашиг сонирхлын бүлэглэлүүд удирдан чиглүүлэх нэг нөхцөл болсон. Хуулийн анхны хувилбарт зөвхөн олон нийтийн төлөөлөл буюу төрийн бус байгууллагууд, нийтийн эрх ашигт үйлчилдэг нэгжийн төлөөлөл сонгогдож орохоор заасан ч  хууль хэрэгжиж эхлэхтэй зэрэгцэн нэг шөнийн дотор 30 гаруй төрийн бус байгууллага мэндэлж рекорд тогтоосон учир аргагүйдэн төрийн институцүүдэд салбар салбараас нэр дэвшүүлэх эрх олгосон юм. Боловсрол соёл, шинжлэх ухааны салбараас Ерөнхийлөгч, эдийн засаг, нийгмийн салбараас Засгийн газар гэх мэт  энэ зохицуулалт нь эцэстээ улс төрийн хүчний харъяат болгох аюул байгааг тухайн үед бүгд хэлж байсан. Өнөөдөр яг энэ дагуу улс төрийн хүчний сонирхлын бүлэглэл Үндэсний олон нийтийн мэдээллийн хэрэгслийг удирдаж байна. Үндэсний зөвлөл нь Ерөнхий захирлыг томилох эрх мэдлээ зөвхөн өөрийн эрх ашигт нийцүүлэн ашиглаж байгаа нь энэ хууль хэрэгжиж эхэлснээс хойшхи бүх хугацаанд ганцхан хүн л захирлын албанд томилогдсоор байгаагаас харж болно. Гурван бүрэн эрхийн хугацаа гэдэг улсын Ерөнхийлөгчид ч олддоггүй боломж.  Олддоггүй биш өгдөггүй боломж. Учир нь гурав дахиа томилогдох гавъяа байгуулсан бол хийх ажил тэнд үлдээгүй байх ёстой.  Олон нийтийн радио телевизийг бүх асуудлаа шийдчихсэн байгууллага гэвэл хэн үнэмших вэ.

Аливаа албан тушаалд ээлжит томилгоо явуулах хугацааны хязгаарыг ардчилсан улс оронд заавал зааж өгдөг.  Нэг хүн тухайн албан тушаалд удаан хугацаагаар ажиллах нь  эрсдэлтэй байдаг.  Гадна талд худалдагдах, ашиг сонирхлын далд сүлжээнд автах, мэдээллийн давуу байдал бий болгох эрсдэлтэй. Түүнчлэн албан тушаалтан хөндлөнгөөс үйл ажиллагаагаа харж чадахгүй болох, хэвшмэл загварт баригдах, өөрийн хүрээллийг бий болгох, шинийг эрэлхийлэхээ болих зэрэг эрсдэл үүсдэг учир сандалд нь хэнийг ч “хаддаггүй”.  М.Наранбаатар захирал энэ бүхнээс ангид нэгэн байж болох ч өрсөлдөөн, шалгарал, шинэчлэл гэх ойлголтууд ор тас үгүйсгэгдсэн ийм томилгоог өнөөдөр Туркмен баши ч юм уу, Нурсултан Назарбаевийн улсад л хийдэг байх. Тэдний  хүүхэд, хүргэд нь ихэнхдээ насан туршийн албан тушаалтай байдагт гайхах зүйлгүй. Харин ардчилсан Монгол Улс арай ч иймдээ тулмааргүй.

Хэвлэл мэдээлэл бол эмзэг салбар. Үзэл бодолтой байх, үгээ хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө бол хүний язгуур эрхэд тооцогддог, үүний бодит хэлбэр нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж үздэг учраас энэ салбарт тусгай зөвшөөрөл, хяналт, цензур хаалт хоригийг тэвчих ёстой болдог.Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдэг ойлголт жинхэнэ утгаараа ажиллаж чадаж байгаа эсэх нь ардчиллын нэг гол үзүүлэлт болдог. Гэтэл энэ бүхэн хамгийн гажуудсан хэлбэрээрээ Монголд хөгжиж, үүнд нь нийгэм дасч эхэлж байна. Олон нийтийн радио, телевизийн захирлын ээлжит томилгоо бүрт нэг хүн өрсөлдөгчгүй ялж байхад тэгэх л ёстой юм шиг хүлээж авч байна.

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг сонгох, томилох хугацаа зургаан жил байхаар, ерөнхий захирлыг томилох хугацаа гурван жил байхаар хуульд тусгасан. М. Наранбаатарын  хоёр дахь бүрэн эрхийн хугацаа буюу зургаа дахь жил нь 10 дугаар сарын дундуур дуусах байсан ч өмнө  нь яаран сунгасан нь дараах тайлбартай.

Үндэсний зөвлөлийн найман гишүүний буюу олонхийнх нь /нийт 15 гишүүнтэй/  бүрэн эрхийн хугацаа дуусаад хэдэн сар өнгөрч байгаа. Шинээр бүрэлдсэн УИХ-аар шинэ гишүүдийг оруулж ирэх учир түүнээс өмнө амжин М.Наранбаатарын эрх дархыг баталгаажуулах гэж яарсан хэрэг.  УИХ-ын Төрийн байгуулалтын байнын хорооноос үүнийг сэрэмжлэн хугацаа дуусч байгаа Үндэсний зөвлөлийн гишүүдэд олон нийтийн радио телевизийн өмч хөрөнгө, удирдлага санхүүтэй холбоотой ямар нэгэн шийдвэр гаргахгүй байхыг анхааруулсан ч үүнийг үл тоомсорлон туркменбашитай өрсөлдөхүйц телевизбаши төрүүлсэн нь  тэд олон нийтийн эрх ашиг бус ардаа давхар эрх ашиг тээж байгааг харууллаа.

Олон нийтийн радио, телевиз нь төрөөс, улс төрөөс үл хамаарсан хараат бус, олон нийтийн эрх ашгийг юун түрүүн дээдэлсэн, тэдний өмнө хариуцлага хүлээж, хяналт дор нь ажиллах зорилготой ашгийн бус байгууллага байна гэдгийг хуульчилсан. Нийтлэл, нэвтрүүлгийн агуулга, зар, сурталчилгааг нь ч хуулиар зохицуулж, хуулийн дагуух үйл ажиллагааг нь төсвөөс санхүүжүүлж байхаар тусгасан. Арилжааны бусад телевизүүдээс давуу тал олгосон нь “олон нийтийн” гэдэг статустай нь холбоотой. Харин тус мэдээллийн хэрэгсэл зүй ёсны утга агуулгаараа хөгжиж буй эсэхэд олон нийт хяналт тавих ил тод байдал, эрүүл саруул орчин үгүйлэгдсээр удаж байна. Үүнд хүрэх энгийн, эхний алхам болгож “Good bye Наранбаатар аа” гэж хэлэх хэрэгтэй байна. Хэлээд зогсохгүй хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

З.БОРГИЛМАА


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car