Энэ үгийг өдөр бүр хэлмээр. Хэдийгээр монгол хүний үнэ цэнэ алдагдаж байна гэж яригдаж буй ч энэ нь зөвхөн яриа төдий зүйл байсаар л байна.
Тиймээс “Би үнэтэй Монгол хүн баймаар байна” гэж өөрийн эрхгүй ойр ойрхон хэлмээр санагдаад байх юм. Ингэж хэлүүлэх шалтгаан ч олон байна. Ийм бачимдал зөвхөн надад ч биш олон монгол хүний цээжийг давчдуулж байгаа биз ээ. Дэлхийн талыг эзэлж, эр бяр, эрдэм чадал эгэлгүй монгол ухаанаараа ноёлж явсан монголчуудын түүх өнөөдөр харь нутгийн, дотор газрынхны амны зугаа, гарын шүүс болж хувирчээ гэхэд хатуудахгүй биз.
Зүгээр нэг барилга барих нэрийдлээр нутаг орондоо хөл тавиухан гишгэж, цээж тэнэгэр амьсгалах агаараар дутсан дотор газрын иргэдэд Монгол төрийн цагдаа зодуулсан хэрэг удаа дараа гарсан. Цагдаа бол Монгол төрийн нэгэн хэсэг. Гэтэл Монгол төр барилгачин хужаагийн хүрзний үзүүрт өртөж байхад бид юу хийж чадав. Эрх мэдэлтэй нь дуугарсангүй. Энгийн ард нь зүрх нь шимширч, халаглахаас өөрөөр эрх мэдэлгүй байсаар байдал намжсан ч тэдний даврал сэдэрлээ. Өөрөөр хэлбэл, Монгол хүн өөрийн нутагтаа харийнханд дээрэлхүүлж зодуулах хэрэг сүүлийн үед ээлж дараалан гарсаар тоогоо алдах нь. Үүнээс хэдхэнийг дурьдахад л аймшигтай. Гэрлэх ёслолын ордны урд талд буюу хуучнаар хүүхдийн паркийн хашаанд баригдаж буй барилга дээр ажиллаж байсан 200-гаад хятад иргэн нийлж, хоёр монгол иргэнийг бүлэглэн зодсон хэрэг гарсан. Тэд хоёрхон монгол иргэнийг зодохдоо амьд үлдээх шинжгүй байсан тул зодуулсан хоёр иргэн амиа аврахын тулд зугтсаар хүн хөдөлгөөнтэй гудамжинд гүйн гарч амь аврагдсан удаа бий. Мөн “Энержи Ресурс” компанийн Ухаа худаг дахь хятад жолооч монгол залуугийн амийг хөнөөсөн аймшигт хэрэг гээд харийнхны даврал дуусаагүй байхад өчигдөр гэхэд “Вlue sky tower” буюу нийслэлчүүд бидний “сэлмэн” гэж нэрлэдэг барилгад засвар хийж байсан монгол залуу солонгос удирдлагатайгаа ам мурийснаас болж зодуулсан хэрэг гарлаа. Шалтгаангүйгээр ажлаас халагдсан нэгэн эр эзнээсээ учир байдлыг лавласныхаа төлөө ийнхүү харийнханд зодуулж, хэвлэл мэдээлэл болоод цагдаа хүчний тусламж дуудсан. Аль аль нь туслах гэж очсон боловч төрийн цагдаатайгаа, дөрөв дэх засаглалтайгаа гутаан доромжлуулаад өнгөрлөө. Том гэхэд дэндүү том доромжлол биш гэж үү, энэ.
Одоогоос хэдэн жилийн өмнө Солонгос руу л гарч ажиллаж чадвал сайхан амьдрал хүлээж байгаа гэсэн төсөөлөлтэйгээр Монголын залуус мал зүслүүлж байгаа юм шиг шинжүүлдэг байв. Ингэж шинжүүлэхийн төлөө өдөр, шөнө өглөө орой хамаагүй бүтэн гурван өдөр яг босоогоороо Төв цэнгэлдэхийн гадаа дугаарлаж, зогсч байсан үе саяхан. Өндөр, нам, өргөн, бүдүүн, хэл ус, бяр тэнхээ, боловсрол гээд л гадны оронд дарга даамал хийх гэж байгаа мэт л шалгаруулалтыг давсныхаа дараа аль сор гэсэн нь “гадаадад ажиллах хүч” гэдэг гоё нэрийн дор боолын хөдөлмөр эрхлэхээр явж оддог байв. Ар гэр, аав ээж, авгай хүүхдээ сайхан амьдруулна гэж амьдрахын эрхээр явсан эдгээр залуусыг буруутгах юун. Ханийнхаа жаргал, зовлонг хамт туулж ч чадахгүй, харьд явахад нь дөнгөж төрж байсан хүүхдийнхээ хөлд орох баяслыг мэдрээгүй хүний нутагт яваа эдгээр залуус уг нь Монголын бахархал баймаар. Манайхан л шалгалт, шалгаруулалт гэж өдөр шөнөгүй дугаарлуулж, зогсоосныгоо ажлын үр дүн гэж, хэний ч эрх мэдлийн доор юу хийх нь тодорхойгүй хилийн дээс алхуулсныгаа хоёр улсын харилцаа гэж гоёор ярьдаг боловч үнэндээ гурав, дөрвөн өдрийн нойр хоолыг үл тоож тэнд дугаарлан зогссон залуусын эр, бяр, хүч тэнхээ, тэсвэр тэвчээрийг харийнхан атаархахдаа шүлсээ завьжаараа сагуулан зогссон биз. Ингэж зүтгэж оччихоод шаардлага тавьсан цагдааг нь зодсон гэж дуулаагүй. Ажлын мууг хийж, цалингийн багыг авна. Заримдаа цалинтай, цалингүй тарна. Ахиу цалин харсан нэгэн нь “харлана”, баригдана эцэст нь амиа өгсөн тохиолдол ч бий. Сайн мэдээ л лав цөөн дуулддаг. Үүгээр би харьд очоод цагдааг нь зодоод ир гэж байгаа юм биш. Эрх, эрх чөлөөний ялгааг харуулж байгаа юм шүү.
Өнөөдөр миний нутгийн газар шороон дээр ирж толгой дээр минь сандайлж суух харийхныг харахаар дургүй хүрнэ. Гэтэл харийнхан дургүй нь хүрвэл хавчина, дур хүслээр нь байхгүй бол зодчихно гүйцээ. Монгол хүний үнэ цэнэ ингээд л болоо юу. Амьдрахын төлөө тэмцсэнийхээ төлөө аав ээж, амраг саднаасаа амьдын хагацал үзэж, харийн нутагт хөлсөө дуслуулах уу, эсвэл ийм хагацал үзэхгүй эх орондоо амиараа дэнчин тавиад амьдрах уу. Энэ монгол хүнд байх сонголт мөн үү. Жанчхүүгийн даваанаас нааш шаахайны мөр бүү оруул гэж хэлсэн байдаг ч өнөөдөр Монгол газар шороо шаахайны мөрөөр дагтаршлаа. Дагтаршаад ч барахгүй эрдэс баялгийг маань булаасан тэд монгол хүний ажлын байрыг булааж, удахгүй газар нутаг, дараагаар нь эмс охид эцэст нь монгол хүний үнэ цэнийг булааж, тамхиныхаа утааг тэнгэр өөд суунаглуулж цээж тэнэгэр амьсгалах биз. Түүгээр ч барахгүй хаанаас, юу хийх гэж ирснээ умартсан “доншуучид” хуультай Монгол уу, хуульгүй Монгол уу гэж даапаалж байна. Монгол хүний эрх, эрх чөлөөнд аймшиггүйгээр халдаж түүндээ амташчихсан яваа тэдэнд хуультайгаа ч тэр, хуйхтайгаа ч тэр харуулж, ирсэн замаар нь сурсан дууг нь дуулуулаад “гаргаж өгөх” юмсан. Монгол хүн, Монгол төр, Монгол нутаг, харийнхны тэр тусмаа дотор газрынхны гарын шүүс биш гэдгийг мэдрүүлэх цаг иржээ.
Б.ДАВАА
mminfo.mn
Таньд манай сайт таалагдаж байвал LIKE хийнэ үү. Баярлалаа
Холбоотой мэдээ
-
Anonymous (September 14, 2012 11:38:28 am )
Өнөөдөр миний нутгийн газар шороон дээр ирж толгой дээр минь сандайлж суух харийхныг харахаар дургүй хүрнэ. Гэтэл харийнхан дургүй нь хүрвэл хавчина, дур хүслээр нь байхгүй бол зодчихно гүйцээ. Монгол хүний үнэ цэнэ ингээд л болоо юу. Амьдрахын төлөө тэмцсэнийхээ төлөө аав ээж, амраг саднаасаа амьдын хагацал үзэж, харийн нутагт хөлсөө дуслуулах уу, эсвэл ийм хагацал үзэхгүй эх орондоо амиараа дэнчин тавиад амьдрах уу. Энэ монгол хүнд байх сонголт мөн үү.Арай л дэндэж байнаа Монголд ард түмнээ гэсэн төр байна уу
-
Anonymous (September 14, 2012 7:09:08 pm )
Humuusiig hoorond n alaltsuuldag humuus bol setguulch nar shuudee.Yagaad ta nar ingej bichdegee uursnuu medej bgaa bh.Ard tumniig 2 taltsuulaa geed erh barigchiig neg buruutgan ard tumniig teneg ,mangaraar n bas muulna,Uurtsunduu durlaj neg muulna,end,tendhiin hov bichij neg muulj humuusiin hun chanariig bhgui bolgoj bgaa gedgee uursnuu meddeggui.Neg l ih uhaantai tsarailaad bolimoor yum shig.
2 Comments