Унтаад босоод ирсэн чинь энэ сонгуулийн дүн өөрчлөгдчихдөг нь ямар учиртай юм бэ гэж Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг СЕХ-ны даргаас асууж байсан. Харин хариуд нь СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Бид нэг л удаа хуралдсан. Нэг л шийдвэр гаргасан” гэсэн цаанаа нэг зүйлийг хэлээд байсан болов уу. Гэхдээ Ерөнхийлөгчид УИХ-ын сонгуулийн дүнг айлтгахаас өмнө гарсан хурлын шийдвэр Ерөнхийлөгчид айлгах болохоор хувирчихсан нь хачирхалтай. Тиймээс ч Ерөнхийлөгч эргэлзэн өөр дүнтэй байх ёстой юм биш үү гэдгийг лавлаж байсан. Гэсэн ч асуудал удалгүй намжиж чимээгүй болсон. Угтаа бол Увс аймагт сонгуулийн хуулийг зөрчсөн гэх МАН-аас нэр дэвшигчдийн хэргийг тагнуулынхан шалгаж байсан учраас өргөн мэдүүлэхийг түр азнасан шийдвэр гаргасан ч Ерөнхийлөгчид танилцуулахдаа Өвөрхангайтай солиод өргөн мэдүүлчихсэн. Үүнийг одоо хэр нь ярихгүй байгаа нь хачирхалтай. Үүнээс болоод нэгэн яриа ил цагаандаа гарчээ.
-Би таван саяыг нь тараасан.
-Тийм үү, намайг гуравхан саяыг л тараа гэсэн.
-Өөртөө авч үлдсэн үү?
-Үгүй ээ, чадаагүй. Шалгахгүйг нь мэдсэн бол өөртөө ахиухан хэдэн төгрөг авч үлдэх байсан юм. Чи яасан?
-Оройхон гараад л гялалзуулчихсан. Бас авч үлдээгүй ээ. Гэхдээ юмтай хүн шиг цацсан даа…
Иймэрхүү баярхсан аястай яриа Увсад яг одоо “хит” болж байна. Захын залуутай уулзахад ингэж онгирох бөлгөө. Хуульд зааснаар бол эдгээр залуус төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан ялтай. Хууль энэ улсад үйлчилдэггүй гэж бодсон уу. Тэрийг нь мэдээгүй ч юм уу, бүү мэд. Ямар ч байсан биенийхээ дээр гарах гэсэн залуус зүүдээ ярих гээд хулгайгаа гэгчээр л хөөрөлдөх аж.
Тэднийг тийм үйлдэл хийлгүүлсэн гээд байгаа хоёр эрхэм өдгөө УИХ-д суугаа. “Чойжоо, Хүрлээ хоёртоо саналаа өгөхтөөн” гээд өгсөн мөнгөнийг нь зарим иргэд хууль хяналтын байгууллагад өгсөн агаад тэд нотлох баримт болгон авчээ. Асууж сураглавал сонгуулиар иргэдийн саналыг худалдаж авах гэсэн мөнгөний зарим хэсэг нь ТЕГ-т хүргэгдсэн сурагтай. Тагнуулчид мөнгөний эзэн хэн байсныг тогтоох биз.
Дээр нь энэ хэргийг нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд өгчээ. Гэхдээ саналыг нь худалдаж авах гэсэн луйварчдыг илчилсэн шударгуу нэг нь нутагтаа хавчигдаж, хүндхэн байдалд оржээ. Байж суух газраа олохгүй хавчигдсан нэг нь эхнээсээ Ерөнхийлөгчид хандан асуудлыг шийдэж өгөхийг хүсчээ.
Үүнээс нь болсон уу, Ерөнхийлөгч Увс руу их тахилга хийхээр явахдаа Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг багтаа оруулаагүй.
Ямартай ч энэ сарын сүүлээр шүүх хурал нь болох байх гэсэн тодорхойгүй хариулт олдлоо. Мөн мөнгө тарааж буй бичлэг нь www.youtube.com –оор цацагдав. Б.Чойжилсүрэнгийн туслах Я.Баттогтох, УИХ-ын рефрентээр ажиллаж байгаад халагдсан Ш.Чинбат нар өдгөө хэргээ шалгуулсаар буй аж. Харин саналаа худалдаж буй оюутнууд юу хийж явааг чөтгөр л мэдэх байх.
“Увс аймгийн нэр дэвшигч Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарт эрүүгийн хэрэг үүсгэх асуудал яригдсан. Увсын нэр дэвшигчдийн хувьд буруутай нь шүүхээр шийдэгдээгүй, шалгагдаж байна” гэж СЕХ-ны дарга Н.Лувсанжав хэлээд байгаа. Шүүх тэднийг гэм буруутайг нь тогтоовол мань хоёр эрхэм УИХ-ын гишүүнээс татагдана.
Өөр бас нэг шүүхийн шийдвэр хүлээж буй тойрог бол Өвөрхангай. Бас МАН-ын нэр дэвшигчид мөнгө тараасныг анхан шатны шүүх тогтоосон. Гэхдээ нийслэлийн Шүүх энэхүү хэргийн харъяаллыг нь Өвөрхангайн шүүхэд хамаатай гээд шилжүүлчихсэн. Тиймээс асуудал болсон газартаа шийдэгдэнэ гэсэн үг. Анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр нь үлдээвэл МАН-аас УИХ-ын 10 дугаар тойрог буюу Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшигч С.Чинзориг, Н.Төмөрхүү нар УИХ-д орохгүй. Тэдний оронд 28 хувиас дээш санал авсан дараагийн эрхмүүд орж ирнэ гэсэн үг. Гэхдээ энэ их хурлын бүрэн эрхийн дөрвөн жилийн хэд дэхээс нь орж ирэх вэ гэдгийг бурхан л мэдэх байх. 2004 онд Өвөрхангайд Ардчилсан намаас нэр дэвшсэн З.Энхболд шүүхээр маргаанаа шийдүүлж явсаар байгаад хоёр жилийн дараа тангараг өргөж байлаа. Харин 2008 оны УИХ-ын сонгуулийн Баянгол дүүргийн маргаан жилийн дараа эцэслэн шийдэгдэж С.Эрдэнэ тангараг өргөсөн билээ.
Үүнээс гадна будилаан гарсан Сонгинохайрхан, Баянзүрхийн тус бүр нэг нэг мандатыг эзнийг дахин сонгууль явуулж тодруулахаар болоод буй. Дахин сонгуулийг орон нутгийн сонгуультай хамт явуулна гэсэн мэдээлэл байна. Энэ талаар СЕХ-ны дэд дарга Ч.Содномцэрэнгээс лавлавал “Хуралтай байна” гэсэн хариултыг өглөө.
Харин өөр нэгэн суудал эзгүй байгаа нь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нэр дэвшсэн УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар. Тэрээр “Би тангаргаа удахгүй өргөнө” гэх товчхон хариултыг хэлээд буй. Түүний удахгүй гэдэг нь ямар хугацаа болохыг харж л сууя. Үнэндээ бол тэрээр тангаргаа өргөхгүй байгаа шалтгаан нь намынх нь дарга Н.Энхбаяртай холбоотой. Тэрээр өөрийг нь нэрсийн жагсаалтаас хассан асуудлыг Үндсэн хуулийн Цэцэд өгсөн. Энэ асуудлаас болоод Ц.Оюунбаатар тангараг өргөхөө хойшлуулаад буй.
Энэ мэт шалтгаанаар УИХ-ын 76 суудлыг тав нь эзгүй байна. Дээр нь шүүх, тагнуулынхан шалгаж байгаа хоёр суудлыг тооцвол 7 суудлын төлөөх маргаах үргэлжилж байна. Тэр чинээгээрээ сонгогчид төлөөлөлгүй байна гэсэн үг.
Сонгуулийг луйваргүй, санал худалдаж авахыг хориглосон, мөнгөний бус сонгууль болгоно гэж баталсан хуулиар нь явуулсан сонгууль урьд урьдынхаас ч илүү маргаантай болжээ. Сонгуулийн луйврын эсрэг заалтуудыг оруулахад хамгийн их хүчин чармайлт тавьсан хүн нь өнөөгийн УИХ-ын дарга өөрөө.
Гэтэл танхим нь таван гишүүнээр дутуу хоёр сарын нүүрийг үзлээ. Уг нь энэ асуудлыг шийдвэрлүүлэхийг хамгаас илүү чухалчлах нь УИХ дарга өөрөө. Энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлнө гэсэн үг биш. Харин асуудлыг хурдасгахын тулд УИХ-ын даргын хувьд анхаарлаа хандуулах л хэрэгтэй.
Нөгөөтэйгүүр дээрх маргаантай тойргуудын хэрэг хэрхэн шийдэгдэхээс Монгол Улсын шүүх шударга эсэхийг олон түмэн харна. Мөнгийг аваад саналаа худалдчихсан нь нотлогдсоор байтал шүүх хэрхэн шийдэх бол гэж иргэд хүлээж суугаа. Шүүхийн шийдвэрүүдээс л хамаарч цаашид саналаа худалдаж болдог юм байна эсвэл худалдвал хуулийн өмнө хариуцлага хүлээх юм байна шүү гэсэн ойлголт тогтоно.
Энэ нь дараа дараагийн сонгууль шударга болох уу, шударга бусаар үзэлцэх гэх жишгийг тогтооно. Тэгэхгүй бол “Таван саяыг тараасан, тэгээд яадаг юм” гээд хээв нэг бурагсдын тоо хэдэн мянгаар тоологдох вий. Энэ улсын хууль ижил тэгш үйлчилдэг гэж л найдья.

Холбоотой мэдээ
-
Anonymous (September 13, 2012 9:06:23 am )
uwsiin teneguud zailaisai
-
Anonymous (September 13, 2012 10:12:49 am )
odoo ali chadalta erdem bolovsroltoi amidralaa avch yabj bgaa huuhnuud danda gants biye amidraliig songodog boljee
-
Anonymous (September 13, 2012 10:14:10 am )
MONGOLIIN TOLGOI LEADER KHUUKHNUUD DANDA GANTS BIE BNA YAGAAD TER YUM BOL O
-
Anonymous (September 13, 2012 10:17:56 am )
OORSDOO HUULIA BATALCHIHAAD IRGEDED ED ZUILS MONGO TARAASAN NOHDUUDIIG IH HURLAAS ERGUULEN TATAH N HAMGIIN ZOB.INGEBEL DARAA DARAAGIIN SONGUULI SHUDARGA BOLOH NEG HUCHIN ZUIL N ENE YM.
-
Anonymous (September 13, 2012 3:08:37 pm )
AN busad namiinhniigaa,,tedniig bugdiig ini shorond hiichih, amerikiin ene argiig suuliin uyed AN ih heregleh bolloo, sain surgagchtai baij dee. Mongol ug ini Mongolooroo baival zugeer yumsan, ene heden uls torchdiin hold ugui boloh ni ldee.
-
Anonymous (September 13, 2012 5:49:02 pm )
Ерөнхийлөгч, Тэмүүжин, Энхболд, Лувсанжав өөр хэн хэн ч билээ. Худлаа шудрага царайлаад яваад байхаар хуулийг хэрэглэдэг голдрилд нь оруулмаар юм. Хаанаа гацаад байгаа, юунд удаад байгаа зэргийг тодруулаад шуурхайлах хэрэгтэй шдэ. Хараат бус шүүх гэсэн нэрэн доор Мөнгөтэй хүмүүс тэднийг чинь дур зоргоороо ийш тийш нь хөдөлгөж байна шдэ. Гомдол санал гаргаж хандахад нь бус, урьдчилаад арга хэмжээ авч чаддаггүй юм бол, ядаж хөөцөж гүйгээд шийдчихдэг бай л даа. Монголыг хойш чирсэн хүмүүс ЯМАР ХЭЦҮҮ ЮМ БЭ
6 Comments