Монгол Улсын үндсэн хуулийн хамгийн гол заалт нь “Монгол хүн амьд явах эрхтэй” гэсэн өгүүлбэр байдаг.
Гэхдээ одоогоор лав Улаанбаатарт амьд явах боломж алга. Үнэндээ бид хамгийн гол эрхээ эдэлж чадахгүй байна. Зам хөндлөн гарахдаа дүрэм зөрчсөн жолоочийн дугуйны “нөхөөс” болох шахна. Үндсэндээ хууль дүрэм энэ улсад үйлчилдэггүй учраас бидэнд амьд явах эрх алга байна шүү дээ. Өнгөрсөн даваа гарагийн 17:30 цагийн үед барилга руу бетон шахах гэж байсан помп унаж, гарцаар гарч явсан 10 настай хүүхдийг дарж, амь насыг нь хохироосон мэдээлэл цахим хуудсуудаар гарсан. Манай сурвалжлах хэсэг 19:00 цагийн үед ослын газар дээр очиход Онцгой байдлын аврагчид унасан помпыг кранаар өргөж, салгах гэж оролдож байв. Саппорогийн тойргийн зүүн талд байрлах “Од хийморь” эмнэлгийн өргөтгөлийн барилга руу бетон зуурмаг шахах гэж байсан помп унаж, осол гаргасан нь тэр аж. Биднийг очоод нэлээд удсаны дараа “Дунон” гэдэг помпийн сэлбэг, засвараар мэргэшсэн компанийн ажилчид ирж, заавар зөвлөгөө өгч байгаа харагдав. Нэлээд удаан оролдсоны эцэст помпын сумыг дундуур нь салгаж, сая нэг юм замын хөдөлгөөнийг нээхээр болсон. Мөн цөмөрч орсон машиныг кранаар татаж босгохыг оролдож эхэлсэн боловч төдийлөн үр дүнд хүрэхгүй байлаа.
Газар дээрээ чухам юу болов
Ослын газар дээр очиход цагдаа нар хамгаалалтад авч, хүмүүсийг ойртуулахгүй байв. Тиймээс эргэн тойронд нь зогсч байгаа хүмүүсээс зарим зүйлийг асууж, сурагласан юм. Яг осол болох үед харж байсан залуугийн ярьсанаар бол зуурмаг шахдаг помп сумаа өргөж байхдаа гэнэт унасан байна. Учир нь тулгуур тавьсан газар нь цөмөрснөөс болж унасан бололтой юм. Яг тэр газарт нь траншейны нүх байсан нь цөмрөх үндэс болсон юм байна. Мөн помп унаж байх үед 10 гаруй насны хоёр охиноо дагуулсан эмэгтэй гарцаар гарч явжээ. Бодвол хүүхдийнх нь хичээл тараад, авч явсан байлгүй. Хүмүүс хашгирахад холдох гэж хичээсэн боловч яаж ч чадалгүй нэг охиноо даруулчихсан юм билээ. Мөн нэг машины хамар дээр ойчсон гэж байгаа. Гэхдээ аз таарч жолоочийн амь нас хохироогүй юм билээ. Бага зэрэг бэртэл авч, гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн гэсэн. Хамгийн азтай нь осол болохын өмнөхөн дүүрэн хүнтэй автобус яваад өнгөрсөн аж. Хэрвээ тэр автобусан дээр унасан бол… үгээр илэрхийлэхийн аргагүй. Ямар ч байсан гарцаар гараад явж байсан учир мэдэхгүй бяцхан охин ослын хохирогч болсон нь Улаанбаатар “дайн”-ы байдалтай болсон юм уу гэлтэй. Бидэнд амь явах баталгаа алга болсныг энэ үйл явдал харууллаа. Уг нь өмнө нь бетон шахах помп нь “Буянт сетунари” эмнэлгийн ард талд зогсч байгаад л зуурмагаа шахчихдаг байсан юм билээ. Бетон шахах помп бүх сумаа сунгахаар 52 метр болдог гэсэн. 12 давхарт өлхөн хүрнэ гэсэн үг. Тэгэхээр долоон давхар дээр бетон зуурмаг шахахын тулд холхон зогсч байхад хангалттай хүрэх л байсан. Харин өнгөрсөн даваа гарагт өөр компанийн помп ирж, буруу газар байрлуулснаас болж осол гарсан тухай зарим иргэд хэлж байсан юм. Мөн нэг талын тулгуурыг арай богинохон байрлуулсан нь осол гарах нөхцөл болсон гэдгийг ч учир мэдэх хүмүүс хэлж байлаа.
Жолоочийн буруу юу, барилгын компанийн буруу юу
Зуурмаг шахагч помп тэр өдөр шинээр ирсэн гэдгийг иргэд хэлж байсан тухай дээр дурьдсан. Түрүүнд нь ирж бетон шахаж байсан жолооч нар өөр газар помпоо байрлуулж байсан гэдгийг мөн дурьдсан. Харин тэр өдөр анх удаа ирсэн жолооч газрын байрлал, аюулгүй байдлыг сайн сахиагүй бололтой юм. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр жолооч нь Хятад хүн байсан мэтээр бичиж байгаа. Үнэндээ “Орд гео” компанийн нэр дээр бүртгэлтэй машин байсан юм билээ. Жолооч нь монгол хүн байсан аж. Анх удаа тухайн барилга дээр ирж байгаа, тийм давчуу газар бетон шахах гэж байж тохиромжтой газрыг сонгоогүй алдаа болсон байх. Гэхдээ “Төгс гүрэн” хэмээх компанийн буруу 100 хувь байгаа. Юуны өмнө тухайн компани зөвшөөрөлгүй газар барилга барьж байсан. Аль дөрөвдүгээр сард МХЕГ-аас албан бичиг явуулж, үйл ажиллагааг нь зогсоох шаардлага тавьжээ. Тэгэхэд барилга гуравдугаар давхартаа явж байсан юм билээ. Манай МХЕГ-ынхан болсон хойно нэг бичиг өгчихөөд сууж байх хойгуур нь барилга долоон давхар болчихож. Ийм нөхцөл байдлаас үүдээд өнөөдөр осол гарч, хүний амь үрэгдэхдээ тулсан. Зөвшөөрөлгүй барьж байгаа болохоор барилгаа бушуухан ашиглалтад оруулахын төлөө улайрч, мэргэжлийн хүмүүстэй баг бүрдүүлээгүй байж ч болох. Уг нь барилга дээр хөдөлмөр хамгааллын инженер гэж нэг хүн байх ёстой. Хэрвээ байсан бол өмнө нь аюулгүй газраас бетон шахаж болоод байсан, тэр газраа сонгоод байрлуулчихаж болох л байсан. Тэгэхээр барилгын компанийн удирдлагуудын буруу гэж үзэж болно. Хариуцлагыг тэдэнтэй тооцох хэрэгтэй болов уу.
Ц.Баярсайхан сайд аа, барилгын салбарт анхаарлаа хандуулаарай
Өчигдөр НИХТ-ийн дарга Д.Баттулга тэргүүтэй албаныхан болсон үйл явдалтай холбоотойгоор хэвлэлийнхэнд хандлаа. Гэхдээ тэд нийслэлийн хэмжээнд 60 гаруй зөвшөөрөлгүй барилга баригдаж байгааг осол гарсны дараа мэдлээ гэх маягийн юм ярьж байна. Дээрээс нь цаашид зөвшөөрөлгүй барилгуудыг хорино, баригдчихсан барилгын ус, дулаан, тогийг тасална гэж байна. Зөвшөөрөлгүй барилгыг хориглох нь зөв. Гэхдээ зөвшөөрөлтэй барилга дээр ч гэсэн ийм осол гарахгүй гэх баталгаа алга. Тиймээс БХБ-ын сайд Ц.Баярсайхан энэ асуудлыг анхааралдаа авах цаг аль хэдийнэ болжээ. Дээрх осол гарсан газар дээр бетон зуурмаг шахдаг помпын жолооч зогсч байхтай таарч, ярилцахад “Би олон барилга дээр очиж байсан. Барилга барьж байгаа компанийн талаас ганц ч хүн гарч ирж, хөдөлмөр хамгааллын асуудлаар ярьдаггүй. Тэнд байрлуулбал аюулгүй гэж ярьдаггүй. Эд өөрсдөө байрлуулаад, шахах ёстой гэдэг талаас нь харьцдаг. Одоо ийм осол гарсан юм чинь жаахан чангарна байгаа” хэмээж байлаа. Үнэхээр өнөөдөр Монголын барилгын салбарт аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгаалал гэж байхгүй болсон. Аль ч том компанийн барьж буй барилга дээр осол гарч, хүний амь үрэгдэж байгаа. Сүүлдээ энэ нь хэвийн үзэгдэл мэт болчихсон. Мэргэжлийн хяналтаас шалгалт хийдэг ч зөрчлөө арилга гэж гуйх нь холгүй юм болдог. MCS компанийн Яармагийн гүүрний ойролцоо барьж байгаа барилга дээрээс хүн унаад нас барсны дараа мэргэжлийн хяналтаас байцаагч очиход хамт явж байлаа. Тэгэхэд бараг л зөрчлөө арилгаач гэж гуйх шахаж байсныг харсан юмдаг. Удирдлагуудаас нь нэг ч хүн ирдэггүй юм билээ. Хэдэн мэргэжилтнүүд дагаж явсан болоод л гүйцээ. Дараа нь мэргэжлийн хяналтын байцаагчийг хахуульдаад, нас барсан иргэний ар гэрийнхэнд байр өгөөд л асуудал дуусна. Барилгын салбар үнэндээ “дайны талбар” болчихсон. Мөн авлигын уурхай болчихож. Тиймээс Ц.Баярсайхан сайд аа, энэ асуудлаа бага ч болов цэгцэлнэ байгаа. Ядаж мэргэжлийн хяналтын байцаагч нараа авлигын торноос салгаж авч, ард иргэдийнхээ төлөө ажиллуулаач ээ.
Гадаадын компанид дураараа дургих зөвшөөрлийг хэн өгөв
“Төгс гүрэн” гэдэг компанийн тухай дээр дурьдсан. Гэхдээ зөвхөн гүйцэтгэгч юм билээ. Харин барилгын захиалагч нь “МҮДИ” гэдэг Солонгосын компани байгаа юм билээ. Ямар ч зөвшөөрөлгүй газар дур мэдэн барилга барих захиалгыг энэ компани өгсөн. Тэгэхээр ямар их эрх мэдэлтэй, дарга нарыг “базсан” компани болох нь мэдэгдээд байгаа юм. Уг нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас барилгын ажлыг зогсоох шаардлага хүргүүлсэн тухай дээр дурьдсан. Гэтэл тухайн шаардлагыг огт тоолгүйгээр барилга барих ажлыг үргэлжлүүлсээр байсан. Ингээд бодохоор гадны компаниуд Монгол Улсын хууль дүрмийг уландаа гишгэж, дураараа дургиж, дарга нарыг “мөнгөөр зоддог” нь мэдэгдээд байгаа юм. Зарим хүмүүсийн хэлж байгаагаар “МҮДИ” гэдэг компани Яармаг хавийн бүхий л газрыг авч, барилга барьж байгаа гэх юм билээ. Барилгын салбарт анхаарлаа хандуулж, мэргэжлийн хяналтынхныгаа сайн ажиллуулахдаа энэ асуудлыг давхар анхааралдаа авна гэж найдаж байгаагаа дахин дуулгая, Ц.Баярсайхан сайд аа.
Н.Пунцагболд
MMingo.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (September 05, 2012 10:40:35 am )
ГҮН ЭМНЭЛ ИЛЭРХИЙЛЖ БАЙНА
-
Anonymous (September 05, 2012 10:42:50 am )
ХОЙД СОЛОНГУСЧУУДЫГ МӨН ХАЯТУУДЫГ МОНГОЛЫН ТӨР ЗАСАГ АЖИЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙНА 2 ОРНЫ ИРГЭДИЙГ ХҮЧЭЭР ГАРГАХЫГ ШАРДАЖ БАЙНА БАЙНА
-
Anonymous (September 05, 2012 12:23:53 pm )
AVZAGA, MONGOL TRAVEL SERVICE zereg gazruudiig anhaaraldaa avch shalgaj egeechee.
-
Anonymous (September 05, 2012 12:49:17 pm )
1990 оноос өмнө хот төлөвлөлттэй болоод байсан, гэтэл одоо энэ эмх замбараагүй чанаргүй шаваран тагзнуудаа жаахан цэгцлэмээр юм аа,
-
Anonymous (September 05, 2012 4:44:34 pm )
UM MA NI MAD MI HUM
-
Anonymous (September 05, 2012 4:56:04 pm )
УМ МАНИ БАД МЭ ХУМ ,УМ ДАРИ ДҮДЭРҮ ДҮРҮ ДҮРИЙ СУХАЙ ТЭР ХХК НЫ ЭРХИЙГ ЦУЦУЛАА
-
Anonymous (September 06, 2012 11:53:20 pm )
Huulia morduulehgui bol huuli batlaad yu hiinee, Ajilaa hiihgui bol tsalin awch tsag alah hereg yu bna. Zugeer suugsad ajilaa ogmoorsondoo, Egel jiriin arduudad shuud heregjuuldegee, mongoliin huuliig doromjilogsodod heregjuulmeersen dee. Hereglehguin bol ter huuliudaa tsutsalmaarsan daa…,
-
Anonymous (September 07, 2012 1:42:44 am )
um mani badmi hum evii evii nyalh amitan hairan huuhed…. ter muu kompaniig arga hemjee avj ter zovson ehd nuhun olgovor deed hemjeegeer uguuleechee
8 Comments