Билгийн улирлын хаврын тэргүүн цагаан сарын шинийн нэгэнд зориулсан үндэсний бөхийн барилдаанд 1988 оны гал луу жилээс хойш 11 жил дараалан завсаргүй магнайлсан усан луу жилтэй дархан аварга Б.Бат-Эрдэнийг 1999 оны шороон туулай жил тэр л өвдөг шороодуулан түрүүлж, их аваргын хаанчлалыг зогсоосон.
…”Зургаан залуу заан” гэж нэгэн хэсэг яригдаж, барилдаанаараа үзэгчдийг уулга алдуулан өндөлзүүлж, сэтгэлийнх нь хужирхайг тэнийлгэсэн идэрхэн, тэрсхэн хүчтэнүүдээс тэр л товойн тодорч улсын их баяр наадамд эхэлж түрүүлэн арслан болж байсан.
…Дэлхийн аварга шалгаруулах сонирхогчдын сумогийн тэмцээний анхны хошой алтан медалийг монголчуудаас тэр л авч элэг нэгтнүүдээ баярлуулсан.
…Наадмын торгон ногоон дэвжээнд од, өнгө нь гялалзаж, эр бяр, ухааны тэнхээ заан гурвантаа магнайлснаараа тэр л анх “Далай аварга” хэмээн цоллуулсан.
Хашир уу гэвэл хашир, туршлагатай юу гэвэл туршлагатай хүчит заан Д.Мягмар, Р.Давааням, “том” П.Сүхбат (одоогийн гарьд) нар “Шонхор” дэвжээгээр овоглосон чөргөр, жаахан бор хүүд хоёрын даваанаас хойш цувран унаж үзэгчдийн суудалд шилжиж асан тээр жилийн тэр нэгэн барилдаан он цагийн хөмсөг сөхөж одоо ч тодрон гэрэлтнэм. 1991 оны намар, эрх чөлөөний хөдөлгөөний 80 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаанаар аралтай, бяртай, аатай, аагтай заануудыг өвдөглүүлэн дунд шөвөгт шалгаран үлдэж байсан тэр чөргөр, жаахан хүү 1993 онд начин, 1997 онд заан цол хүртэж, 2000 оны наадмаар мөнөөх “зургаан заан”-ы гурвыг нь буюу Д.Сумьяабазар, Г.Өсөхбаяр, Б.Гантогтох нарыг орхин түрүүлж арслан болсон бол 2001 онд Г.Өсөхбаяр, Б.Бат-Эрдэнэ нарыг өвдөг шороодуулан хоёр дахиа түрүүлж, Ардын хувьсгалын жилүүдэд төрсөн 17 дахь, шинэ зуун, шинэ мянганы ууган аваргаар тодорсон л.
…2004 оны долдугаар сарын 12. Ардын хувьсгалын 83 жилийн ойн их баяр наадмаар өвдөг шороодолгүй түрүүлж Үндэсний их баяр наадмын тухай хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар далай аварга цол анх хүртсэн хүчтэн бол тээр жил гурван хүчит зааныг цувуулан хаяж олныг цочоон гарч ирсэн Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, гавьяат тамирчин Агваансамдангийн Сүхбат бөлгөө.
Цацаж цалгисан уран торгон барилдаанаараа ард түмнээ олон жил баясгаж яваа, залуу бөх байхаасаа өмссөн гутал, аймгийн арслан болсноосоо хойш тэргүүндээ залсан малгай, заан болдог жилээ хийлгэсэн бор дээлнээсээ салах дургүй энэ ховорхон бөх тус наадмаар Завхан аймгийн заан Р.Батсайхан, улсын начин, харцага цолны болзлыг дөнгөж хангаад байсан Увсын Ж.Алтансүх, Дундговийн Л.Пүрэвжав, гарьд Ц.Цэрэнпунцаг, Б.Гантогтох нарыг ээлж дараалан давж, улсад гурав дахиа магнайлж энэхүү эрхэм алдарт хүрсэн л.
Бодоход, А.Сүхбатын хүчтэй өрсөлдөгч, аварга Г.Өсөхбаяр тэр наадмаар “хугацаанаасаа өмнө” доогуур даваанд өвдөг шороодсон нь түүнд түрүүлэх сайхан боломж гарсан байх.
Бодоход, аварга тэр наадмын наймын даваанд улсад гурван удаа, мөн хоёр удаа үзүүрлэсэн, мөнхүү хоёр удаа найм даван шөвгөрч асан гурван гарьдаас Д.Сумьяабазарыг, эсвэл Б.Гантогтохыг амлаж болох л байсан байх.
Гэвч, Ц.Цэрэнпунцаг гарьдыг сонгосон. Тэр хоёр урьд нь улсын наадамд хоёр удаа таарч барилдсан бөгөөд хоёуланд нь гарьд давж байв. Зогсолт сайтай, дөрвөн мөч, нуруу зоо, тэр дундаа шуундаа бяртай, яавал ч яахав гэсэн шийдсэн мэхтэй гарьдын довтолгоо…
Хэрвээ гарьдын өөдөөс аварга гарьд шиг довтолсон бол тэр хоёрын дунд ёстой л гал гарч, “галав юүлэх” байсан.
Гэвч, Цэрэнпунцагийн асч дүрэлзсэн цочмог халуун дайралтыг аварга зөв хамгаалж, зөв шийдлээр хүчийг нь сааруулж, зөв барилдсанаар давсан билээ. Ёстой л гайхалтай мэдрэмжээс гадна тэвчээртэй, овсгоо самбаатай, уужуу тайван тэмцэгч л өрсөлдөгчдөө довтлох боломж олгож, түүнийг нь өөртөө ашигтайгаар эргүүлж чаддаг юмсан уу. Б.Гантогтох гарьдтай хийсэн тэргүүн байрын төлөөх тулаан аваргын хувьд сэтгэл зүйн дарамттай хүнд даваа байсан нь мэдээж. Гэлээ ч ард түмнээ хүндэтгэх, шударга сайхан барилдах нь юу юунаас чухал учир яс үзээд төөргөө харахгүй гээд ч яалтай.
2007 оны долдугаар сарын 10. Баяр наадмын тухай хуульд орсон өөрчлөлтөөр энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг буулгаж түүнд даян аварга цол олгосон л.
Тэрбээр өрсөлдөгчдөө уртхан амьсгаа авах, үзэгчдэд уйтгарлан суух нь бүү хэл өөр хоорондоо үг солих сэхээ, зав зай өгөлгүй бужигнуулчих нь даанч урамтай. Тугал хариулж, үнээ сааж, ус зөөж, хөдөөний борог амьдрал дунд, нар, салхинд онгосон шигээ жирийн монгол жаалуудын нэгэн адил өсч өндийсөн энэ залуугийн барилдах эв дүй, өрсөлдөгчийнхөө гаргасан өчүүхэн жижиг алдаа, хий, зайг анддаггүй гайхамшигт мэдрэмж, мэхний олон хувилбар, бусдаас сондгой дайчин чанарынх нь нууц чухам юунд оршном бэ.
Бусадтай адил нэг, хоёрхон бус учраа бүрийнхээ онцлогт тохируулж дөрвөн янзаар өрдөгт нь үү, аль эсвэл бусадтай адил барьцгүй болон цэрвүү, шуудагдсан байдлын аль нэгэн хувилбараар гарших бус гурвуулангаар нь ямар ч үед, хэнтэй ч сурцтай, чадамгай барилддагт нь уу, аль эсвэл харахад тийм ч чанга биш биенээс нь хөдөлгөөн дунд тэсрэн гардаг ойгүй их бяр тэнхээнд нь үү…
Үнэндээ тэр, лагс бие, болхи хөдөлгөөнтэй нэгэн үеийн хуршмал бөхчүүдийн хоёр, гурван цагаар зууралдан “зүсэрч”, үзэгч олныг зутраан залхаасан барилдааныг хэдхэн хормын тулаанаар өндөрлөдөг болоход онцгой нөлөөлсөн их гялбаа, шаагиж, шуугисан аадар л.
Үнэндээ тэр, арал, жин, нас, бяраар өөрөөсөө хавьгүй илүү хүчтэнээс зориг, зүрх алдан хулгаж ухралгүй, яаж арсалдан тулалдаж болдгийн, яаж ялан дийлж болдгийн ид хавыг гайхуулсан нэгэн үеийнхний үлгэр дууриал, бахархал л.
Цээнзэнгийн ГАЛБАДРАХ
Холбоотой мэдээ
-
Anonymous (September 01, 2012 6:55:11 pm )
sergeeshiin zagalmaisan etseg mongol bohiig zaavaarlasan nohor doo
-
Anonymous (September 01, 2012 7:20:25 pm )
ZODOG TAILAAD HEN CH BISH BOLSON DOO
-
Anonymous (September 01, 2012 8:22:02 pm )
Suhbatiig barildval neg bohiin brildaan uzeh yumsan…
-
Anonymous (September 01, 2012 9:52:08 pm )
suhbat ta nariin nudig neesen ene hun shig zaluug chiil ene ywaa nasandaa oij uzehgui bhaa lalar mine
-
Anonymous (September 01, 2012 11:01:37 pm )
Hadamiinhaa ugend orj Baagiii avargiin amjiltiig zogsoohiin tuld DOPING ch tsai shag hereglej bsan bhaaa Dopin heregleegui bol odoo zaan tsoltoi barildsan heveeree bh bsan daa
-
Anonymous (September 02, 2012 5:19:28 am )
bat erdeniin tvrvvg 1991 on puntsagiin svhbat tasalsan shvv dee buh meddeggvi yum uu
-
Anonymous (September 02, 2012 9:03:59 am )
Buhiin tuuhend yyrd bichigddeg yum sh de 182,160.26.15-aa
-
Anonymous (September 02, 2012 2:47:02 pm )
suhbat avargiig zodog tailsnaas hoish boh,naadmiin boh uzehee baisan daa.
-
Anonymous (September 02, 2012 8:39:20 pm )
zarim negen mangariig es tootswol sanaa owoo zuw bn . Mongol buhiin gaihamshgiig gants taniulsan hvv shvvdeee
-
Anonymous (September 02, 2012 9:06:20 pm )
sergeesh hereglesen geh yamar ch notolgoo baihgui .amniihaa zorgoor chalichsan batsaanuud ene buhiig muulhiin bol ta nariin hiimor uhen dee. ta nar shig yumnuud sergeesh heregleed ch chigchii huruug n ch diilehgui.
-
Anonymous (September 03, 2012 2:24:13 am )
suhbat sain barildaj baisan shuu odoo daanch yu bolchihboo yanhan ch yum uu daa
-
Anonymous (September 03, 2012 10:04:46 am )
kue eniig baruun zugiin kun bichsen bololtoi l… kkk
12 Comments