Өнгөрч буй долоо хоногт улс төрийн нам эвслүүд намын дотоод зохион байгуулалт тэр дундаа Н.Алтанхуягийн Засгийн газарт орж ажиллах сайдууд, дэд сайд,
Өнгөрч буй долоо хоногт улс төрийн нам эвслүүд намын дотоод зохион байгуулалт тэр дундаа Н.Алтанхуягийн Засгийн газарт орж ажиллах сайдууд, дэд сайд, Төрийн нарийн бичиг, агентлагийн дарга нарын асуудалд анхаарлаа хандууллаа.
МАН үлгэрээ ярьсаар…
МАН-ын УИХ-д суудал авсан гишүүдийн хувьд өнөөх л бүлэг байгуулах хуулийн төслийн асуудалд анхаарлаа хандуулж байсан бол Нийслэлийн МАН-ын хороо хуралдаж дэд даргаа томилсоноос өөр зүйл болсонгүй. Тойргоо алдаж, нэг хэсэгтээ намын удирдлагуудтайгаа “дайн зарлах” дөхөөд байсан УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу энэхүү албан тушаалд очиж “амаа таглууллаа”. Нийслэлийн МАН-ын хурлаар зарим дүүргийн намын хороодын асуудлыг хэлэлцсэн тухай эх сурвалж хэлсэн. УИХ-ын гишүүн асан Д.Очирбат Чингэлтэй дүүргийн намын хорооны даргын алба хаших сонирхолтой учраас, өөрийгөө эл албанд томилуулах асуудлаар Ц.Сандуй даргатайгаа уулзсан ч экс гишүүний саналд татгалзсан хариулт өгсөн аж. Ц.Сандуй дарга “Өмнө нь та Чингэлтэй дүүргийн Засаг дарга байсан, одоо Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны дарга болохыг санаархаж явах нь үнэхээр таалагдахгүй байна. Насаараа та энэ дүүргийг эзэгнэнэ гэж бодоо юу. Ингэж эзэн нь юм шиг аашилдаг зангаа татах хэрэгтэй” гэсэн зөвлөгөө ч гэх юм уу, зандраа ч гэх юм уу үгийг хэлээд гаргасан байгаа юм.
Орон нутгийн сонгууль болох хугацаа дөхсөн энэ үед намаа ялалтад хүргэхийн тулд залуухан дарга зангарагтай загнаж, том жижиггүй хариуцлагатай ажиллахыг сануулж эхэлсэн бололтой. МАН-ын дотоод зохион байгуулалт алдагдаж, гишүүд нь өөр өөрийн байр суурийг хамгаалж эхэлсэн талаар зарим хэвлэлүүд бичиж байлаа. Түүнчлэн өөрсөддөө зориулан “ухардаг” хууль батлуулахаар зарим намын гишүүдтэй тохиролцоо хийсэн гэх хардлага нийгэмд үүсч, Монголын төр ардын намгүйгээр амьдарч болох эсэхийг шүүмжлэн хэлэлцлээ. Намын дарга Ө.Энхтүвшин “УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Ц.Цолмон нар УИХ-ын дэгийн тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн. Хуулийн төсөлд УИХ-ын дарга томилогдсоноос хойш 24 цагийн дотор бүлэг байгуулах бичгээ өргөн барина гэсэн заалтыг хасах тухай оруулсан юм. Ингэснээр парламентад бүлэг байгуулах эрхгүй болоод байгаа МАН-ын 25 гишүүн бүлэгтэй болох эрхзүйн орчих бүрдэнэ. Гишүүд парламентыг гацаанаас гаргая, бүхэл бүтэн 25 суудал авсан МАН өнөөдөр бүлэггүй байна гэдэг нь Үндсэн хуулийг зөрчиж байна. Энэ бол хүч түрэмгийлсэн асуудал. Өөрсдийнхөө бодлыг тулгаж байна гэдгийг хөндлөнгөөс хараад ийм хуулийн төсөл өргөн барьж байгаа юм билээ. Манай намын зүгээс угаасаа УИХ дарга хууль бусаар сонгогдсон гэж үзэж байгаа учраас бид хуулийн төсөл өргөн барих нь утгагүй асуудал. МАН-ын бүлэг байгаа шүү” хэмээн өнөөх л улиг болсон бүлгээ ярьж, хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийлсэн юм.
АН-ынхан фракциуд дэд сайд, агентлагийн дарга нарын томилгоонд анхаарлаа хандуулжээ
Хамтарсан засгаа байгуулж ажилдаа шамдсан АН-ын дарга Н.Алтанхуяг намын ажилд анхаарлаа хандуулахгүй байгаа бололтой. Тэрбээр салбар хариуцсан сайдуудаа ажилд нь томилсон ч хэрэгжүүлэгч болон тохируулагч агентлагийн дарга, Төрийн нарийн бичиг, дэд сайдуудын албан тушаалд очих хүмүүсээ фракциуд хоорондоо “далдхан” ярилцаж байна. Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүйгээр хуваарилах томилгоо дэд сайд, агентлагийн дарга нарын томилгоонд ч хийгдэх учраас дэд сайдуудыг өнгөрсөн бямба гарагийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж амжсангүй. 13 сайд мөн тэр тооны агентлагийн даргын томилгоо АН-ын фракциудын ирэх өдрүүдэд ярилцах сэдэв болоод байна. Түүнчлэн ирэх 11 дүгээр сард болохоор товлогдоод байгаа Орон нутгийн сонгуульд Ардчилсан нам бэлтгэж эхэлсэн бололтой. Нийслэлд үнэмлэхүй ялалт байгуулсан, УИХ-д олонхийг бүрдүүлэх эрхийг авсан АН-ын хувьд одоо үлдсэн ганц даваа бол орон нутаг юм. Орон нутгийн сонгуульд дахин ялалт байгуулснаар тэд шинэчлэлт, өөрчлөлтийг шат шатандаа хийх боломж бүрдэх учраас энэ долоо хоногт намын удирдлагууд аймгуудын АН-ын дарга нартайгаа уулзахаар болжээ. Зарим АН-ын аймгийн дарга нар аль хэдийн Улаанбаатар хотод ирчихээд Орон нутгийн сонгуульд хэрхэн оролцох, ямар бүтэц, зохион байгуулалттайгаар ажиллах талаар хэлэлцэхээр төлөвлөгөө гаргаж эхэлжээ.
Шударга ёс эвсэл “Улаан сарнай” жигүүрийг татан буулгаж, албан тушаалын томилгоо хийлээ
Өнгөрсөн долоо хоногт үйл явдлын халуун цэг болж, хамгийн их анхааралд өртсөн нам бол МАХН-МҮАН-ын шударга ёс эвсэл байсан юм. Сайдуудын томилгоог хийсэн тэрбээр нам доторхи зохион байгуулалтыг өөрчилж нарийн бичгийн дарга нараа томилсон аж. Засагт ажиллах дөрвөн сайдын нэг байх МҮАН-ын дарга М.Энхсайхан ямар учраас энэ албан тушаалаас татгалзсан, нам доторхи маргаанаас болж МАХН-тай нэгдэж өөрөө намын дарга болох гэж байна уу хэмээн М.Энхсайханыг эрэн сурвалжилсан гээд үйл явдал арвинтай долоо хоногийг өнгөрүүллээ. Шинэчлэлийн засгийн газарт ажиллах дөрвөн сайдын томоохон эрх мэдэл нь МАХН-ын гишүүдийн дунд албан тушаалын бужигнааныг ид өрнүүлж, Нийслэлийн түмтийн дарга н.Бямбасүрэнгээр толгойлуулсан “Улаан сарнай” нэртэй жигүүр байгуулагдах хүртэл хурцадсан юм.
Өнгөрөгч бямба гарагт МАХН-ынхан бага чуулганаа хуралдуулж “эсэргүү” нөхдөд арга хэмжээ авчээ. Зарим гишүүдээ намаасаа хөөхөөр болж, хатуухан зэмлэл, маргаан мэтгэлцээнтэй ширүүхэн хурал болжээ. Тэд намын дарга Н.Энхбаярын эсрэг ярилцлага өгч, намын нэр хүндэд халдсан гэдэг үндэслэлээр Эдийн засагч Н.Дашзэвэгийг намаасаа хөөсөн аж. Н.Дашзэвэг намын даргаасаа уучлалт хүсч байгаагаа албан ёсоор мэдэгдсэн ч нэгэнт өнгөрсөн алдааг засч болохгүй хэмээн уурссан гишүүд нь түүний алдааг уучлахгүй гэдгээ хэлсэн учраас тэрбээр ИЗНН-д элсэх хүсэлтэй хүргүүлэхээр зэхэж буй бололтой. Улс төрд угсаа залгамжлах залуу жононгуудын нэгд тооцогдож дэд сайдын суудал горилж явсан Н.Энхбаярын хүү Э.Батшугар Гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн даргаар томилогдлоо. Харин Төрийн байгуулалт хариуцсан нарийн бичгээр УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Говийн бүс хариуцсан нарийн бичгийн даргаар Ч.Чимидсүрэн, Хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн даргаар Б.Тулга, Засгийн газар хариуцсан нарийн бичгийн даргаар Н.Удвал нарыг тус тус томилсон байна.
МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал Эрүүл мэндийн сайд болсон учир түүний оронд хэнийг томилох вэ гэдэг асуудлыг дараагийн хурлаар шийдвэрлэхээр болжээ. Энэ албан тушаалд Байгаль орчны дэд сайд асан Г.Шийлэгдамба очих магадлалтай байгаа билээ. Түүнчлэн намын даргаа “монголд байхгүй өвчин” туссан хэмээн мэдэгдэж, албан тушаалд анхаарлаа хандуулаад намын даргаа мартаагүй гэдгээ харуулахаар “Шударга ёс” эвслийн удирлагууд ээлж дараалан мэдэгдэл хийв. Авдгаа аваад, айдгаа авдрандаа хийчихсэн эвслийн удирдлагуудын ирэх өдрүүдэд хийх ажил нь мөн л дэд сайд, агентлагийн дарга нар болон намын дарга Н.Энхбаярыг аварч үлдэх аян өрнүүлэх ажил байх нь ээ.
Б.Өнөртогтох
Холбоотой мэдээ
-
Anonymous (August 27, 2012 2:19:16 pm )
ИРЛАНД УЛСАД ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН ХЭЛНИЙ БЭЛТГЭЛД ХЯМД ҮНЭЭР СУРАЛЦАХ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ. АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР.
УТАС : 89980009 -
Anonymous (August 27, 2012 2:19:36 pm )
ИРЛАНД УЛСАД ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН ХЭЛНИЙ БЭЛТГЭЛД ХЯМД ҮНЭЭР СУРАЛЦАХ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ. АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР.
УТАС 89980009 -
Anonymous (August 27, 2012 9:27:48 pm )
Namiin darga Enhbayariigaa hund uvcnin tussan gej medegdeed baigaa humuus sonin l baina
3 Comments