Бүхэл бүтэн улс орон байтугай захын тэтгэврийн хөгшин ч зүгээр хүү төлөөд өрөнд унахаар зээл авахгүй нь тодорхой. Харин Монгол Улсын Хөгжлийн банкны хувьд хүү гэдэг тийм ч аймаар асуудал биш бололтой, өдөрт 98 мянган ам.долларын хүүг төлсөн шигээ зүгээр сууж байна. Өнгөрсөн онд Монгол Улсын Засгийн газрын нэрээр олон улсын хөрөнгийн зах зээлээс мөнгө босгох эрхтэй болсон Хөгжлийн банкны гол зорилго бол хөгжлийг хөшүүрэгдэх. УИХ-аас ч ийм зорилготойгоор уг банкийг байгуулах зөвшөөрлийг Засгийн газарт олгосон юм. Харамсалтай нь, буруу хөл дээрээ боссон хүн шиг байгуулагдсан цагаасаа л үйл ажиллагаа нь доголдолтой, үйлс нь хазайчихсан уг банк өнөөдөр Монгол Улсад хэрэгтэй гэсэн томоохон төслийг санхүүжүүлээгүй хэвээр байгаа юм. Засгийн газрын төлөвлөгөө, байгуулсан гол чиглэлээр бол Хөгжлийн банк Монгол Улсын дэд бүтцийг сайжруулах, төмөр болон авто зам шинээр тавих, Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг барих ажлыг санхүүжүүлэх ёстой байлаа. Тиймээс өнгөрсөн хавар буюу гуравдугаар сарын 18-нд олон улсын хөрөнгийн зах зээлээс 600 сая ам.долларыг босгосноо Хөгжлийн банкны удирдлагууд сүр дуулиантайхан мэдэгдсэнээс хойш ичээндээ орсон мэт нам гүмхэн болжээ. Өнөөдөр ч ТУЗ-ын дарга нь албан тушаалаасаа татгалзаж, тэргүүн дэд захирал нь ажлаа хүлээлгэж өгсөн Хөгжлийн банк морь унасан толгойгүй хүн шиг хэвээр.
Монгол Улсын Хөгжлийн банк нийтдээ 26 томоохон төслийг хэрэгжүүлэхээр амлалт авсан. Төмөр замын салбарт гэхэд нийтдээ таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа бол Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор барихад 8,2 тэрбум ам.долларын санхүүжилт хийх шаардлагатай байгаа гэнэ. Мөн Тавантолгой, Оюутолгойн ордыг цахилгаан, эрчим хүчээр хангах эрчим хүчний эх үүсвэр барихад 3,2 тэрбум ам.доллар, “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 18,2 их наяд төгрөг гээд тоочвол Хөгжлийн банк нэг өдрийг ч зүгээр өнгөрөөлгүй, нэг мөнгийг ч зүгээр хаялгүй ажилламаар байх юм. Аль эсвэл Монгол Улс Султан хаан шиг сул мөнгө цацах хэмжээний баян болчихсон хэрэг үү.

Холбоотой мэдээ
-
Anonymous (August 24, 2012 10:20:29 am )
Жилийн 2 хувийн хүүтэй мөнгө ард олондоо өг
-
Anonymous (August 24, 2012 12:05:59 pm )
Тэр Сугар ч дээ. Мэдэхгүй…
-
Anonymous (August 24, 2012 2:30:18 pm )
Наад мөнгөө жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчиддээ өгсөн бол хэн хэндээ юутай сайн байв даа. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид энэ хаваржин, зунжингаа зээл харсаар нүд ширгэж гүйцлээ. Ажил ч уналаа, намар ч боллоо. Амьдралын минь нэг жил иймэрхүү л байна даа.
-
Anonymous (September 22, 2012 11:16:22 am )
bulgan shuba zah zeeliin vnees mash hymd zarna.mun borluulagch ajild awna.utas 91915043 91914197
4 Comments