antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 20, 2011 Comments are off

Эрхэм дээдсүүд ээ энд та нарын үр хүүхэд шиг хүмүүс нохой мэт амьдарч байгааг анзаараач

нийтлэсэн Admin

…Бодохоор зүрх шимширч, сэтгэл эмтрээд болохгүй юм. Өнгөрсөн хэд хоногт тэдний дүр зураг, тэр хүүхдийн харц бодлоос ер гарсангүй.

Хоёр гараараа газар тулан сурмаг гэгч нь шороо манаргаад  явж одох, анзаарч хараагүй нэгэнд нохой, амьтны аль болох нь үл танигдах жаахан охин нэрийг Үжин гэдэг. Хоол тэжээлийн дутагдал, ясны сийрэгжилтийн улмаас тэр хөлөөрөө явах чадваргүй болсон аж. Гэхдээ хөлийг хоёр гар нь орлодог…

Баянзүрх дүүргийн XI хороо Хонхороос нийслэл рүү ирэх замд буюу Туул голын эрэг дээр хүн битгий хэл нохой дотор амьдардаг гэхийн аргагүй, урц гэхэд урц биш тийм нэгэн “гэр” байв. Биднийг очиход гэр эзгүй байсан юм.

Монгол гэрийн хоёр ширхэг ханыг төмөр утсаар холбож тогтоогоод, хувцас, даавуугаар дээвэр хийжээ. Гэхдээ тэр нь нэмэр болж байгаа юм алга. Нар, салхи нэвт үлээнэ. Үүдээр нь урагдаж, цоорсон, өмд, оймс, гутал, хоолны сав, халбага, сэтэрхий аяга, хүүхдийн эвдэрхий  тоглоом хөглөрөх аж. Урц руу шагайвал хир даг болсон хувцас, хөнжлийн даавуу гэж танигдахын аргагүй болтлоо хиртсэн даавуу мэтийн зүйлс эмх замбараагүй навсайна. Үүдэнд нь ягаан өнгийн хуванцар аяганы ёроолд өвс, шороотой холилдсон жаахан гурил харагдлаа. Байгаа хүнс нь бололтой.  Өөр хоол, хүнсний зүйл харагдсангүй. Энэ айл бол иргэн  Н.Ухнабаатарынх. Н.Ухнабаатар энд эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдраад арав гаруй жилийн нүүрийг үзэж байна. Тэдний цаахна хэд хэдэн гэр байх бөгөөд гаднаа багширсан адуутай,  40 гаруй унага гүүн зэлэнд нь уясан айл ч харагдана лээ. Гэрийн эздийг сураглавал, холгүйхэн харагдах нэгэн айлыг зааж өглөө.

Хүмүүсийн зааж өгсөн гэрийн гадаа хоёр хүүхэд тоглож суув. Биднийг очих бараанаар нэг нь эв хавгүйхэн түргэн алхалж, нөгөөх нь хоёр гараараа газар тулан “гүйж” гэр рүү орлоо. Тэд ээжийгээ дууджээ. (Тэр нэлээд халамцуу байлаа) Ингээд гэрийн эзэгтэй  Б.Сугаржаргалтай цөөн хором ярилцлаа.

-Сайн байна уу. Тэнд харагдаж байгаа гэр танайх уу?

-Манай хүнийг Ухнабаатар гэдэг юм. Тэгэхээр Ухнабаатарынх л гэх байх. Манайх энд ирээд 10 жил болж байна.

-Гэр чинь нурж, хүн амьдрах аргагүй болсон байна шүү дээ. Яагаад янзалж, өөд нь татахгүй байгаа юм бэ. Танайх нялх хүүхэдтэй юм байна шүү дээ?

-Янзалж, өөд нь татах мөнгө байхгүй ээ. Гэхдээ амьдраад л байна. Хүйтэн болохоор эднийд толгой хоргоддог юм. Гэхдээ айлд байхаас санаа зовоод хоёр багыгаа эднийд өнжүүлдэг юм. Манайх 3-19 насны дөрвөн хүүхэдтэй. Эднийгээ харахаар сэтгэл жаахан гундах юм даа. Хоёр охин маань хоол тэжээлийн дутагдлаас болоод биеийн хөгжил муутай, бараг явж чаддаггүй. Бага нь хоёр гараараа явдаг. Хөл нь хатангиршиж, хатааж, мэдээгүй болчихсон юм. Том хүү бас хөл, гар муутай болохоор ажил хийж чаддаггүй юм. Харин дундах хүү өөрийгөө болгоод явж байгаа байх. Нөхөр маань Дорноговь аймгийн цэргийн ангид ахлагч цолтой ажиллаж байгаад ажлаасаа чөлөөлөгдсөн. Би бага ангийн багш мэргэжилтэй. Цагийн сайханд Яармагийн нэг сургуульд багшилаад хэнээс ч дутахгүй амьдарч байлаа.

-Яагаад, юуны учир ингэж амьдрах болов. Ах, хамаатан садан байдаггүй юм уу?

-Үнэнийг хэлэхэд эгч нь одоогоос арван жилийн өмнө сайхан амьдралтай, хүн шиг хүн явлаа. Хоёр хүүгийнхээ ааваас салаад Ухнабаатартайгаа ханилсан юм. Манай аавынх энд байсан болохоор тэднийгээ бараадаж, энд нүүж ирсэн. Салхи  шуурганд гэр маань нурж, сүүлдээ юм юмгүй л боллоо. Айл гэхэд хэцүүхэн болсон байгааг та нар харсан байх. Ах, дүү бий. Өөрсдийнхөө амьдралыг яая гэж байгаа хүмүүст дараа болоод яах вэ гэж боддог юм. Одоо Сугаржаргал гэдэг эгч, дүүтэй гэдгийгээ  бараг мартсан байлгүй дээ.

-Та бас архи уудаг бололтой. Нөхөр чинь хаачсан юм бэ. Хоол, хүнсний зүйл гэрт чинь харагдаагүй?

-Тарган махтай хоол, бүтэн аяганд хийгээд идэж сууснаа эгч нь бараг мартаж. Шил, лааз, Туулын бургас түүж, амиа зогоож байна. Нөхөр бид хоёр архи ууна аа. Нуугаад яах вэ. Хоол ундгүй,  хүйтэн, халуунд архи л аминд орж байна шүү дээ. Ингэж ярихаар ойлгох ч хүн байна, ойлгохгүй ч хүн байна. Манай хүн удахгүй ирэх байх. Шил тушаахаар явсан. Хоол ундны юм гээд байхаар зүйл манайд байдаггүй болоод удаж байна.

-Та хоёр ажил хийх гэж хайж үзсэн үү?

-Эгч нь энд нүүж ирснээсээ хойш бие өвдөөд ерөөсөө тэнхрэхгүй байгаа юм. Бага маань одоо л гараас гарах гэж байна. Ер нь ажил хийнэ гэж боддог. Гэхдээ ажилд авах газар олдохгүй л байх даа, намайг. Нөхөр боломжийнхоо хэрээр шил, лааз цуглуулдаг л юм.

-Хүний хөгжлийн мөнгөө авдаг уу. Ер нь та нарын бичиг баримт бүрэн үү. Гэр хүсэж хороо болон дүүрэгтээ хандаж үзсэн үү. Уучлаарай, хоёр багыгаа сувилалд, эсвэл асрамжийн газар өсгөвөл энд байснаас хамаагүй дээр юм биш үү?

-Хүний хөгжлийн мөнгөө авдаг. Бичиг баримтууд бүрэн байгаа. Эгч нь хоёр хүүхдээ асрамжийн газар өгөх гэж үзсэн. Манай хуулинд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн улсын асрамжид авахгүй гээд заачихсан юм байна лээ. Тэгээд авах газар олдоогүй. Уг нь энд даарч, хөрч хэдэн архичны дунд байж байхаар хоол ундтай, дулаан газар оччихвол хэдий хамт байхгүй ч гэлээ би сэтгэлдээ жаргалтай байна (санаа алдав). Миний муугаас болоод хөл гар нь ийм болсон болохоор сэтгэлээр их унадаг юм. Нэлээд хөгширсөн хойноо, бас бие муутайдаа төрүүлсэн болоод ч тэр үү энэ хоёр маань арай гэж хүн болсон доо. З.Алтай гишүүнд, хороо, дүүрэгт гэр хүссэн өргөдөл өгөөд удаж байна. Хариу алга л байна. Гэртэй болчихвол эгч нь өөр амьдарна.

-Гэрээ зараад архи уучих юм биш биз дээ?

-Яалаа гэж дээ. Гэртэй болчихвол манайх эндээс нүүнэ. Хонхорын тийшээ очиж амьдарна. Хүүхдүүдээ айлын тогооноос хоол горьдож суухыг харах тийм сайхан гэж бодож байна уу.

Биднийг ийн ярилцаж суутал гэрийн эзэн ирэв. Тэрбээр “Бид амьдрах гэж ядаж яваа хүмүүс. Гэр олгохоор бол олгоно л биз. Цаагуур чинь хүмүүст гэр өглөө л гэх юм. Бидэнд өгөхгүй л юм байна шүү дээ” гэв.

У.Ирмүүн өдгөө долоон настай. Гэхдээ түүнийг харсан хэн ч гурван настай гэж хэлэхээр биетэй юм. Эгчийнхээ ардуур нуугдан биднийг харах У.Үжин энэ жил дөрвөн нас хүрч байгаа ч түүнийг ой гарантай гэж мөн л андуурхаар жижигхэн. Биднийг очих үед хүүхдүүдэд өгөх хоол унд тэр айлд үнэндээ байгаагүй юм шүү. Хажуу айлынх нь хүмүүс хоёр хүүхдэд нь аяга хоол илүүчилдэгт нь баярлаж явдагаа Сугаржаргал ярьж байсан.

Тэдний гэрээ хэмээн санаж байгаа урцад нар, салхинаас хамгаалах юу ч байхгүй. Нялх балчир үрс өлсөх, даарахын  зовлонг биеэрээ үзэж, туулж байна. Ирэх өвөл хатуухан болох тухай цаг агаарын мэдээ гарах бүрт тэднийг “Энэ өвлийг битгий хэл намрыг ч өнгөрүүлж чадахгүй байх даа” гэх бодол зурсхийх юм.

УИХ-ын гишүүд, дүүргүүдийн Засаг дарга нараа хүний орчлонд нохой, муурнаас дор амьдарч буй иргэдээ олж хараач. Гол нь нялх балчир үрс тэнд өлсөж, даарч байна. Туулын уснаас өөр ууж, идэх юм тэдэнд алга. Гарынхаа салаагаар урсгадаг мөнгө, хэн хүссэнд нь тараадаг гэр, бараагаа аяга дүүрэн халуун хоол идээгүй удсан хүмүүс, идэж үзээгүй хүүхдүүдэд өгөөч. Ядаж буян нь ирнэ.

Монгол Улсад хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг 300 гаруй төрийн болон төрийн бус байгууллага байдаг гэдэг. Хүүхдийн эрх байтугай тухтайхан зассан орон дээр үнэгчлэн нойрсож үзээгүй, дулаан хувцас, дааруулдаггүй гутал хөлдөө углаж амжаагүй ийм нялх үрсэд л  хүүхдийн төлөө байгууллагууд энэрэлийн гараа сунгах ёстой биш үү.  Тэд удаан хүлээж чадахгүй ч юм бил үү!!!

Б.Март

uls.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car