Найман сар дундаа орохын багцаанд хот сууринд шигдэгсэд нэг юманд гэгэлзээд эхэлдэг. Тэр нь “Хөдөөний айраг одоо л сайхан болж байгаа даа” гэж тамшаалсан яриа. Цаадуул нь ч гэмгүй царайлан “Айраг цагаа дэлгэрэх цагаар яваад ирэхгүй юу хө” хэмээн шордоцгооно.
Тэр улирал эхэлжээ. Уулын буга урамддаг намар цаг хараахан жигдрээгүй ч оршил болох үнээ бухсан мөөрөлдсөн, өглөө оройдоо сэрүүсэх янзтай, хангай нутгийн хамгийн таатай өдрүүд ар араасаа угсран өнгөрөх нь өнхрөх лугаа. Өдөржин зэлэн дээр ялаархсан хэдэн сэгсгэр гүү харуй бүрийгээр сая суларч, унагаа дагуулаад бэлчээрт хүрэхийн үест хөхүүрт юүлсэн саам чимчигнэн аандаа исээд эхэлдэг дээ. Айраг хэмээх адууны сүүн ундааг дэлхий дээр монголчууд тэр дундаа төв халхынхан уудаг, хийдэг уламжлалтай. Сайн айраг зөвхөн Ар, Өвөрхангай ба Төв, Булганы урд сумд, Дундговийн хойгуур хиллэнэ. Энд “Гүүтэй айлын гүзээтэй хүү” дэмбээгээ хангинуулж, хуруугаа гарган назгайрцгаах нь жинхэнэ халх төрх. Оройхондоо хот айл бүхэлдээ найган ганхаж “Айргийн амтанд чимчигнэсэн Алтан намрын өнгө юмаа хө өө…” гэхчилэн дуулж жаргацгаана.
Бямбадоржийнх Мануултын урд ард жил бүр зусдаг. Энэ жилийн хувьд хаварждаг саравчныхаа дэргэдээс төдийлөн холдсонгүй. Доод голын дэнж дээрх хуучин зусдаг газар нь хотны шавхайнд түлэгдэн хогондоо даруулчихаж. Өнөө жилийн бороо хурнаар бараг өмчлөөд авчихсан уг довцог нь гэр барих зай үлдээлгүй нуль өмхий өвс, шарилжинд сагсайтлаа дарагдсан байна. Эднийх энэ хавиасаа холдож өөр аятайхан газарт нутаг сэлгэнэ гэвэл хаашаа ч нүүх гарцгүй. Саахалт айлууд цөмөөрөө адилхан адуу малаа хариулан, бараа бараагаа харалцан Орхон голын хөндий дагаад төгсгөлгүй үргэлжилнэ. Малаа туугаад юм уу төхөөрөөд хот орон бараадаж бусдадаа зай болсон айл байхгүй. Зөвхөн хүүхдүүд нь л сургууль соёлын мөр хөөсөн болохоос өвөлжөө хаваржаа хэдэн мал цөөрөөгүй харин улам л нэмэгдсэн байх. Өнөө жил зуншлагатай тулдаа өвс бярдан ургаж мал сүрэг эрт тэвээрчээ. Хаваржаагаа зунжин идээд барсангүй намартай золгочихлоо. Тэрүүхэн цаана байгаа өвөлжөөний нутаг нь баргийн цасанд дарагдахааргүй ургасан тул өвөлд бэлтгэх өөр ажил юу байхав.
Гүү татах завсар чөлөөндөө “Намрын ажил удахгүй эхэлнэ дээ” гэж яриад байсан.
-Та нар намар юу хийдэг улс байна?
-Аа боодолтой өвс ганц хоёр портероор худалдаж авах тухай л ярьж байна. Төв аймгийн сангийн аж ахуйнууд руу жаал айраг, тарваганы махтай яваад очвол яадаг бол. Уг нь хавар мал төллөх үеэр гаднаа өвстэй байвал зүгээрсэн.
-Энд тариа ногоо хураах ажил байхгүй юу?
-Төв дээр нэг айл хашаандаа төмс тарилаа гэж дуулдсан шүү. Ногоо идэх сайн гэж зурагтаар ярьж байна. Манайхан ч яахав дээ зун намартаа айргаа уугаад хоол ч хийж иддэггүй улс.
-Дан айраг уугаад байхаар хоолших уу? Өөр юм идэж уумаар санагдахгүй юу?
-Далай багш айргаа сайн уу гэж захиа биз дээ. Манай энэ хавийнхан ороход цай чанасан айл одоо бараг л байхгүй дээ. Эртүүд бид дөрвүүлээ өдөржин суугаад хуруудсан чинь 150 литрийг уучихсан байна лээ. Сайн айраг бол тэр дороо шингэнэ. Цул витамин гэж байгаа. Эрүүл мэндэд сайн. Ходоод гэдэс амарна.
-Энд би нэлээд олон айлаар орлоо. Урт насалсан байрын эмээ, өвөө гэчихээр хүн нэг ч олж харсангүй. Оронд нь дандаа л “ажил явдал” болсон тухай яриа. Надтай энэ удаад тэгж таарсан юм болов уу?
-Тийм юм байлгүй дээ.
-Их айрагдахаар сүүлдээ согтох янзтай. Дотор нь “хар нүдэн” хийгээгүй байхад халаад эхэлж байгаа чинь архидалтаас ялгаа юу байна вэ?
-Залуучууд хар архи тэгтлээ их уудаггүй. Айргийг архитай зүйрлэж болохгүй. Өвөг дээдсээсээ үе удмаараа уугаад идсээр ирсэн. Тэглээ гээд муу юм болсонгүйдэг. Энэ чинь тэгж яривал цагаан идээ. Цэвэр цагааны архи ч биенд сайн.
-Хүүхдэд талх идүүлэхийн тулд дээр нь чихэр варень түрхдэг. Тэрэнтэй л адил. Том хүн энэ “цагаан идээ”-нд нугасгүй болсны учир нь дотроо спиртлэг байгаад л тэр шүү дээ. Чи тэгвэл үнээний сүүг айраг шигээ нэг дор их хэмжээгээр ууж чадах уу?
-Алтан туурайтай адуу гэдэг чинь өөр шүү дээ. Эхийгээ хөхсөн исгэлэн даага яаж хурдалдгийг л зүгээр саначих. Тэгэхээр гүүний саам, айраг нэг юм хэлээд байгаа биз. Байнга айраг ууцгаадаг манай энэ хавиас яагаад аварга хүчит бөхчүүд төрөөд байдгийг чи тэгвэл хэлчих л дээ?
Бямбадоржийн садан Баттулга бид хоёрын цагаан маргаан энэ хүрээд мухардсан юм. Тэгээд өмнөө хултай айраг тавин хуруудацгаалаа. Энэ нутаг бол Булган аймгийн Сайхан сумын Мануулт, Хунт нуур гэдэг газар. Яагаав нөгөө олимп болгонд санаан зоргоороо үзүүр түрүү булаацалддаг агуу жүдоч Н.Түвшинбаярын төрж өссөн тоонот. Сайханыхан энэ өдрүүдэд олимпод Түвшээгээ хэрхэн барилдахыг харах гэж шинэ зурагт худалдан авч тоонон антениа засч сэлбэцгээжээ. Дараа нь “Өмхий солонгос хөл рүү нь өшиглөөгүй бол манай Түвшээ баараггүй түрүүлэхгүй юу?” гэж ам амандаа гаслалдацгаав. “За яахав дараагийн олимп гэж бас байна даа” гэлцэн олимп дэлхийн медальд хүрэх явдал унага татах дайны хялбархан юм шиг хөөрөлдөж суув. Ямартай ч бүтэшгүй мөрөөдөл биш гэдгийг үзүүлсэн болохоор ийн том ярихаас ч яахав. Намхай, Лувсанжамбаа аваргаас өгсүүлээд Түвшинбаярыг хүртэлх Монголын сор болсон хүчтэний өлгий нутагт айраг их уух дэмий дээ гэж мэтгэлцээд тэрнийгээ нотолж чадсангүй. Олимпийн аварга төрүүлэхийн тулд хөгжингүй улс орнууд тамирчныг балчраас нь бэлддэг байснаа одоо сүүлийн мэдээгээр бүр эхийн хэвлий дотор нь “янзалчихдаг” болсон гэхчив. Өндөр хөгжил, шинжлэх ухаанаар зодож бэлдсэн таримал тамирчид нь хэнд ч үл дийлдэх мангас болон хувирдаг байх нь, базарваань хумпад. Тэдний өөдөөс эсэргүүцэн барилдах манай Түвшээгийн хувьд Сайхандаа сайхан айргаа уусан шигээ бага насаа өнгөрөөсөн. Уг нь их л хоцорсон оройтсон баймаар юм. Долоо наймдугаар ангид орохын багцаанд хөдөөний банди нарын нийтлэг жишгийн дагуу барилдаж ноцолдож явжээ. Ер нь ч жаахан ултайхан зодоглодог юм билүү гээд аймгийн төв цаашлаад хот орсон. Нагац эгч Х.Эрдэнэт-Од нь Сайхан сум төдийгүй дэлхийд цуутай бөх болсон нь ч нөлөөлсөн биз ээ. Тэгээд л төд удалгүй олимпийн аварга, дахиад дэд аварга. Замын дундаас оруулаад уралдуулчихсан соёолон азарга шиг яралзтал түрүүлээд байдаг. Гадаадынхан биднээс “Танайх олимпийн аваргаа ямар системээр бэлдэж гаргаж ирвээ?” гээд байдаг. Энэ асуултанд хамгийн бодитой хариулт өгч байгаа хүн бол нутгийн хэдэн ханагар эрчүүл. Тэд “Манай Түвшээ ч айрганд муугүй шүү. Одоо ирэхээр нь хараарай…” гэсэн юм.
Сайхан сумаар урсдаг Орхон голыг урагшаа жаахан өгсөхөөр Архангайн Хашаат, Өвөрхангайн Хархорин залгадаг. Өөрөөр хэлбэл олимп дэлхийн алдарт З.Ойдов, З.Дүвчин, С.Батцэцэг, заан Ч.Санжаадамба гээд тоо томшгүй олон хүчтэнгүүд шахцалдсан нутаг. Энэ хавийнхны амьдралын хэв маяг хоорондоо адилхан. Бүгд л айраг ууж адуу малтай ноцолдож өсөцгөөсөн. Иймхэн “систем” амжилтын үндэс болно гэж байхгүй. Энд эс гэхэд энүүхэн хавьд дараагийн олимпийн аварга болчихоор хүүхдүүд хичнээн ч яваа юм.
“Ихэр” Найдан гуайнх уг нь манай голынх. Одоо Сайханы хойд баг руу нүүчихсэн юм гээд бас сум дотроо хөөрхөн өмчилчихжээ. Хүүгээ олимпийн аварга болохын урд жил “Улсын сайн малчин” болж мал сүрэг нь хоёр мянгыг хол давсан юм билээ. Эднийх дандаа л отор нүүдэл хийж явдаг айл гэнэ. Найдан гуай өөрөө ихэр, хүүхдүүд нь бас дараалан ихэрлэж дөрвөн ч хүүхэдтэй болсны дараа гурав дахь төрөлтийн тав дахь хүү болон мэндэлсэн Түвшинбаярын хувьд ихэрлээгүй. Гэхдээ яаж зүгээр байхав. Олимпийн хэн дуртайд олддоггүй медалийг сая өөртөө ихэрлүүллээ. Аваргын ар гэр нутаг усанд өөр гоц гойд ба нууж хаах юм байхгүй. Найдан гээд бөхөөс хол явж ирсэн жижигхэн өвгөн. Эхнэр нь харин жаахан бадриун. Хүү нь алдаршиж, өөрөө мянга түмэн малтай болчихлоо гээд зан ааш нь эвдрээгүй, хот орж тансаг орд харшинд залраагүй, байгаагаараа л, олонтойгоо ид, уу болсон айл. Тэгэхээр энд тагнуул ирээд ч Түвшинбаяр нар хэрхэн олимпийн аварга болж бэлтгэгдсэн нууцыг илрүүлж чадахгүй. Гэхдээ Сайхан нутгаас сайн хүмүүн төрөөд байдаг нь тохиолдол биш. Хольц ороогүй төв халхынхан бусдаасаа яс сайтай гэдэг. Тиймдээ ч нийт монголчууд дотроос илүү олонхи, хүчирхэг төдийгүй манлайлагч нь байсаар ирсэн юм билээ гэж гадаадын судлаач тэмдэглэсэн байсан. Тэр л ортой байх.
Малчин Бямбадоржийнх айлчин ирэх сургаар гүүгээ дахиж барьсан гэж байна. 50, 60 гүүг зунжин саах гэхээр уух хүн олдохгүй айраг хахарна. Тэрэнд орохноо хэдэн унагаа тэвээрүүлж авсан нь дээр. Одоо харин сэрүүсээд эхэлбэл гүүгээ малын тоо хүртэл бараг тавихгүй айргаа хураана. Өвөл цагаан сар хүртэл хадгалж борлуулна гэсэн төлөвлөгөөтэй хавар зургаан сарын сүүлээр айрагны сайн хөрөнгө олох эрэлд гардаг аж. Эхний саамыг ямааны тарагтай хольж айл бүр өөрийн гэсэн жор хийцээр хөрөнгө гаргаж авна. Айрагныхаа өтгөн шингэн, исэлт, шингэц энэ тэрийг тохируулахын тулд бүгд л санаа тавьцгаах юм. Гэрт олон хүн цугларч бага зэрэг бүгчим болмогц юун түрүүн хөхүүртэй айргаа гаргаж сэрүүн газарт тавих, гадаа борооших янзтай болбол буцаад оруулна. Том цэнхэр савтай айргаа өдөр бүр хоёр цагаас доошгүй бүлдэг албаа ямар ч тохиолдолд таслахгүй. Хүнд нүүр бардам амсуулах ундаа бэлтгэхийн тулд адуу айраг хоёр дээрээ үнэхээр санаа тавьж байна. Гадуур хүмүүс Сайханы, Могодын гэх брэнд нэрийг нь ашиглаж өөр айраг зараад байдгийг ч анхааралдаа авчээ. Нутгийнхан иргэний үнэмлэхээ энгэртээ зүүгээд “БУ” дугаартай машинаа унаж хот орж айргаа зардаг аж. Энэ нь хаашаа ч бултахын аргагүй баталгаа болдог бөгөөд бусад тохиолдолд айраг зарагчийг худалдан авагч өөрөө таньдаггүй бол ихэнхдээ нэр барьсан хулхи айраг шүү гэж сануулсан юм. Буцах цаг болоход саванд айраг хийж өглөө. Ихэнх газрынхан айраг замдаа исэж хатуурдаг гээд саам хольдог. Харин Булганыхан тэгсэнгүй. Манай айраг хотод очоод арав хоносон ч яг энэ хэвээрээ байна гэсэн нь үнэн байлаа.
Ж.ГАНГАА
Холбоотой мэдээ
-
Anonymous (August 22, 2012 12:00:56 am )
saihan airag uuh san daa neeree
-
Anonymous (August 22, 2012 7:50:59 am )
aya saihan airag uuh umsan, araanii shulsee asgaruulan baij unshlaa
-
Anonymous (August 22, 2012 1:58:45 pm )
яг л хөдөөний дүр төрх
3 Comments