Төр, засгийг эмхлэх ажил жигдрэх шатандаа орсон мэт… Зүй нь өнгөрөгч баасан гаригт шинээр томилогдсон 27
дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг тамга, тэмдгээ гардан авч, сайдын сэнтийдээ заларлаа. Шинэхэн тэргүүн ч ажилдаа шуурхайлан орж, сайдуудыг хүлээн авч уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцан тухайн салбарт тулгамдаж буй анхаарах ямар асуудал байгаа талаар санал солилцон, уулзалт хийсээр байна. Тэрбээр Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Хөгжлийн банкны удирдлага, Сангийн яамны холбогдох хүмүүстэй уулзжээ.
Энэхүү уулзалтаар хэд хэдэн асуудлыг хөндсөн бөгөөд бүтэн сар гаруйн хугацаанд шийдэгдэхгүй удааширч, иргэдийн бухимдалыг бараад байсан зам засварын асуудлыг яаралтай шийдэхийг холбогдох албаныханд даалгасан мэдээтэй. Бас ч үгүй тэрбээр Улаанбаатар хотын замыг засварлахад шаардлагатай байгаа 100 гаруй тэрбум төгрөгийг ирэх мягмар гариг гэхэд шийдэхийг үүрэг болгосон байна. Ийнхүү зам гэж там болсоннийслэлийн ужиг асуудал эхнээсээ шийдэгдэх хандлагатай боллоо. Мөн Хөгжлийн банкны удирдлагуудад өдөрт 120 сая төгрөгийн хүүгийн алдагдалд орж байгаа асуудлыг нэн даруй зогсоохыг ч үүрэг болгосон байна.
Энэмэтчлэн эзэнгүй байсан төр, засгийн ажилд бяцхан ч гэсэн дэвшилт гарч буй дүр зураг харагдавч “хөшигний цаана” хөгийн явдлууд газар авч эхэлжээ. Олон хоногоор саатаад байсан шинэ Засгийн газрыг байгуулах ажлын гол тохиролцоо нь мэдээж ялалтыг хаягласан намын фракц дундын мөргөлдөөн байсан. Тиймдээ ч 10-аад замаар салаалж одсон эрээвэр, хураавар фракциуд албан тушаалын хувь тэнцүүлэх их ажлынхаа ард гарч, ийнхүү засгийн ажилдаа шуурхайлан оржээ. Гэхдээ ялалтыг хаягласан намынхны дотоод амьдралыг хүндэтгэж, ойлгох хэрэгтэй. Аль 1996 оноос хойш “өлсгөлөн” суусан Фракциудынх нь нөхцөл байдлыг ч тэдний нүдээр харах ёстой юм биш үү. Юун төлөө засаг барих эрхтэй болсон билээ, албан тушаалын эрх ямбаа тэнцүү хүртээд явна биз. Тэгж гэмээнэ л ирэх дөрвөн жил төр улс амирлах нигуртай.
Түүнээс эхний жил “Алтангадас”-ынхан, дараагийн жил МоАХ, МҮДН гээд засаг барих жагсаалт тэрлэвэл яана. Наанадаж л улс орны ахуй амьдрал тогтворгүй байж, жирийн иргэн Балдан гуайн гэр бүл инфляцийн “дайнд” өртвөл хэн бодитоор хариуцлага хүлээх вэ. Тийм ч учраас намын даргын яамдын тоог цөөлж, төрийн аппаратыг цомхон болгоно гэсэн нь андуурсан хэрэг байж. Хэрвээ одоо ажиллаж байгаа Засгийн газрын бүтцээр буюу 11 яамны 13-н сайдтайгаар “замд гарна” гэвэл фракц дундын луухгарууд намын удирдлагуудыг дайлаар мордох бодит нөхцөл байдал үүсээд буй. Тиймдээ ч амьдралын эрхээр шинэ гүйцэтгэх засаглалыг 19 яам, 21 сайдтайгаар ажиллах ерөнхий багцаа гарчихаад байгаа гэнэ. Ядаж байхад АН-ынхан энэ удаагийн их сунгаанаар төр, засагт дангаараа ноёлох хэмжээний ялалт байгуулж чадаагүй. Заавал нэг хүчинтэй “дэр нэгтгэж”, инж хуваах шаардлагатай.
Тэгэхээр яах аргагүй фракциудын хагарал, эвслийн ноёдыг “МИР” байлгахын тулд төрийн бүтцийг ийнхүү данхайлгахад хүрсэн хэрэг. Гэвч хамгийн алиа нь яамдад ажиллах хүчийг нэмэхгүй гэж шинэ Ерөнхий сайд хээв нэг хэлж суух. Бодит байдлаа хэлээд, зовлонгоо тоочвол шүүх, цагдаа гэж сүрийг үзүүлэхгүй шүү дээ. Тэгээд ч улс төрийн ганц хүчний намчирхсан үзэл суртал, дотоод эрх ашгаас шалтгаан бүхэл бүтэн төрийн машины “өнгийг” хувиргах нь ардчилсан нийгмийн баримтлах зарчим мөн гэж үү. Хэдийгээр яамдад ажиллах хүчийг нэмэхгүй гэж байгаа ч энэ нь бодит байдалтай харгалдаж буй юм. Наанадаж л, шинэ яамдад байр сав гаргаж өгөхөөс эхлээд, дэд сайд нарын аппаратын удирдлагын зардал унаа гэхэд л тоо томшгүй мөнгө зарлагаддаг болно. Цаашлаад “дэр нэгтгэсэн” хоёр намынхаа болон хэдэн фракциасаа томилсон сайд болон дэд сайдаа шинэ бэлдсэн байрандаа заллаа гэхэд, шадарлах хүч хэрэгтэй биз дээ. Эсвэл үгсэн хуйвалдсан ёсоор сайд, дэд сайд гээд хоёрхон хүний бүрэлдэхүүнтэй ажиллах юм уу. Тэгвэл ч яахав. Албан тушаалд нугасгүй хүмүүс, хоосон тамга, тэмдгээ тэврээд сууж байна биз. Энэ мэтчилэн АН-ынхан эхнээсээ л ам, ажлын зөрүүтэй аяглах боллоо.
Өөрөөр хэлбэл, олон жил албан тушаал мөрөөдсөн Фракциудынхаа хоосон ходоодыг татвар төлөгчдийн мөнгөөр ийнхүү мялаах эрхгүй л байлтай.Ямартай ч тэд “бялуу” хуваах зөрчлөө намжаахын тулд яамдын тоог цөөлж, төрийг цомхон аппараттай болгоно гэж тоть шиг давтаж байсан амлалтаа суурин дээрээ умартах нь энэ. Ийнхүү төрийн албан хаагчдын тоог цөөрүүлнэ гэсэн амлалт нь биелэхгүй болоход хүрээд байгаа учраас багш нарыг төрийн албанаас хасах хувилбар хэдийнэ яригдаж эхэлснийг улс төрийн хүрээнийхэн шивэр авир хийх болов. Гэхдээ ч төрийн албыг орвонгоор нь эргүүлдэг нь тэдний араншин. Ардчиллын түүхэнд анх удаа эл хүрээнийхэн ялалтыг хаягласан 1996 оны их сунгааны дараа М.Энхсайханы Засгийн газар 15 мянган төрийн албан хаагчийг гудамжинд гаргаж байсан нь түүхийн шар хуудаснаа одоо ч тодхон. Яахав тухайн үед хэл амтай нэгэн нь намын үзэл суртлаар ялгаварлан гадуурхлаа хэмээн зарга үүсгэж, ажилдаа эргэн орж байсан гэдэг. Гэвч эцсийн мөчид төрийн албан хаагчдын дунд намчирхах “моод” энэ үеэс дэлгэрсэн гэхэд болно.Харин энэ удаад АН-ынхан өндөр сэнтий мөрөөдсөн луухгарууддаа сайдын суудал тусгайлан засч бэлдээд, жирийн албан хаагчдын тоог хасч бууруулж тэнцүүлэх дэг шүү. Энэ төлөвлөгөө нь “хөшигний цаана” тэднийг нийгэмд хэлэх үгтэй байлгах нь. Учир нь төрийн бүтцийг данхайлгахгүйн тулд орон тооны цомхтгол явуулсан уу, явуулсан.
Төрийн албан хаагчдын тоог цөөлсөн үү, цөөрүүлсэн. Гэвч энэ бүхний эцсийн үр дүн нь хэний талд өгөөжтэй байх нь тодорхой харагдаж байна. Шаргал ордны “жиргээчдийн” цайны хачираар хамгийн түрүүнд нийслэлийн захиргаа, түүний харъяа агентлагуудын 25 мянган хүн ажилгүйчүүдийн эгнээнд ороход бэлэн болсон сурагтай. АН-ынхан ч зам мөрийг нь “цэвэрхэн” гэгч нь засаад эхэлсэн гэх. Юутай ч ардчиллаар халхавчилсан их цэвэрлэгээнд өртөхөд бэлэн болсон хотынхны араас яамдын ажилтнууд ч лааз өшиглөнө. Уг нь тэдэнд яамны сайдаар хэн ирэх нь сонин биш. Харин бүтцийн өөрчлөлт нэрийдлээр ажилгүйчүүдийн эгнээнд шилжүүлэх вий хэмээн өөр хоорондоо ярьж суугаа гэнэ. Цаашлаад Төрийн албаны зөвлөлийн 15 хүн ч бас ажилгүй болох магадлал чих дэлсэв. Учир нь АН-хан зарим төрийн байгууллагыг татан буулгахаар ярьж байгаагийн тоонд энэхүү зөвлөлийнхөн багтсан дуулдана.
Уг нь шинэ Ерөнхий сайдыг залах ёслолд Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “…Засгийн газрын бүтцийг хийхдээ тухайн цаг үед тохирсон, урт хугацаанд Монголын ард түмний өмнө ямар асуудал тулгамдаж байна, ямар асуудлыг шийдэх вэ гэдгийг анхаарч түүнд нийцсэн байдлаар бүтцээ хийж ажиллаарай. Засгийн газрын бүрэлдэхүүний хувьд, миний өмнө нь барьж байсан байр суурь хэвээрээ байгаа. Хууль тогтоох, Гүйцэтгэх эрх мэдлийг тус тусад нь хариуцлагатай, хяналттай ажиллуулахын тулд УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр ажилладаг давхардлыг байлгахгүйгээр бүрэлдэхүүнээ бодож асуудлыг оруулж ирээрэй гэдгийг хэлье…” хэмээн захисан. Гэхдээ ч сүүлийн жилүүдэд төр, засгийн өндөрлөгүүд энэхүү үгийг үе дамжин уламжилж буй ч Засаг байгуулах хүчнийхэн амьдралын эрхээр нөгөө л бахь байдгаараа танхимаа бүрдүүлж ирсэн.
Харин энэ удаад хаалттай хаалганы цаана мөн л уламжлал ёсоор шинэ танхим эмхлэгдэж буйг хэвлэлүүд өдөр алгасахгүй нээлттэй сурвалжлага хийсээр байна. Засгийн газрын танхимын хоймор хавиар тухлах эрх мэдэлтнүүдийг УИХ-аас томилж болохыг Төрийн тэргүүн онцолсон. Харин сайд нарыг УИХ-ын гаднаас гэдэг үг ул боллоо. Учир нь шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд аль хэдийнэ гэрэл цохиж, ерөнхий багцаа ил болжээ. Үүнд, цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Ерөнхийлөгч Н.Энхбаярт тусгайлан зассан Тэргүүн Шадар сайдын суудалд Д.Тэрбишдагва тухлахаар болсон сурагтай. Намынхаа даргыг улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртлөө хэмээн гасалж, АН-ыг эл асуудлаар байр сууриа илэрхийлэхийг шаардаж байсан нөхдүүд албан тушаалд амаа үдүүллээ.
Иймэрхүү байдлаар Н.Алтанхуягийн танхимын хувь төөрөг зурагджээ. Гагцхүү кноп даран батлуулах л үлдсэн байна. Хамтарч эвссэн нам, эвслүүд Засгийн газрын 75 хувийг өөрсөддөө авахаар тохиролцож, гэрээндээ тусгасан. Бүр тодруулбал, “Шударга ёс” эвсэлд албан тушаалын бялууны дөрвөн зүсэм ногджээ. МАХН-аас Тэргүүн Шадар сайдад Д.Тэрбишдагва, намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвалыг Эрүүл мэндийн сайдад тэмдэглэжээ. Харин МҮАН-ын дарга М.Энхсайхан хүсэн хүлээж байсан Сангийн сайдынхаа сэнтийд залрахаар зураг төсөлд буулгасан байна. Харин Л.Цог гишүүнийг Дотоод хэргийн яаманд зоож байсан ч эл суудлыг АН өөртөө үлдээж, мань хүнд Эрчим хүчний яамыг хуваарилахаар шийдвэрлэсэн дуулдана. Ийнхүү “Шударга ёс” эвслийнхэн Ерөнхийлөгчийн тушаасан айлтгалыг бараг л биелүүлэх шахаж. Өөрөөр хэлбэл, сайдуудын суудалд парламентаас бус “гаднаас” цөөнхийг бэлдсэн сурагтай. Мөн ИЗНН-ын дарга С.Оюунд Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг өгөх талаар Засгийн газрын зурагт тэмдэглэгдсэн байна лээ.
Харин элэг нэгт Ерөнхийлөгчийнхөө айлтгалыг АН-ынхан жинхэнэ утгаар нь зөрчжээ. Гэхдээ ч энэ нь нам доторх фракциудынхаа эхийг эцээж, тугалыг нь тураахгүй гэсэн шаливхан арга юм. Тодруулбал,Шадар сайдаар Г.Батхүү, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Ч.Сайханбилэг, Эдийн засаг, хөгжлийн сайдаар Н.Батбаяр, Хууль зүйн сайдаар Х.Тэмүүжин, Дотоод хэргийн сайдаар С.Эрдэнэ, Батлан хамгаалахын сайдаар Л.Гансүх, Боловсрол шинжлэх ухаанысайдаар Л.Гантөмөр, Соёлын сайдаар Ц.Оюундарь, Хөдөлмөрийн сайдаар Ц.Оюунгэрэл, Нийгмийн хамгааллын сайдаарД.Нямхүү, Зам тээврийн сайдаар А.Гансүх, Эрдэс баялгийн сайдаар Д.Ганхуяг, Гадаад хэргийн яам Л.Болд, Үйлдвэржилт хөдөө аж ахуйн сайдаар Х.Баттулга, Барилга хот байгуулалтын сайд М.Зоригт, Харилцаа холбоо,технологийн сайдаар А.Мөнхбат гээд 70 орчим хувь нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд гэсэн давхар сэтэртэй болох нь. Ямартай ч задрал ихтэй намд эрх мэдэл атгуулах нь “хувь заяаны шоглоом” болдгийг эмхлэн байгуулагдах Засгийн газрын бүтэц баталгаажуулж харууллаа.
О.МӨРӨН
Эх сурвалж: “Нийгмийн толь”
Холбоотой мэдээ
-
Anonymous (August 13, 2012 10:58:38 am )
УУЛ УУРХАЙ ЯАМ ЗААВАЛ БАЙХ ХЭРЭГТЭЙ СОЁЛИЙН ЯАМ УУЛ УУРХАЙ ХЭТ ЗАНБАРААГҮЙ БАЙГАА УЧАР ҮҮНЭЭС ХУЛГАЙЛДАГ ЛУЙВАРДАГ ИДДЭГ УУДАГ ГАДНИЙХАНД ЗАРДАГ
УУЛ УСААН УСТАГДАГ ЯВДАЛ ДЭНДЛЭЭ МОНГОЛ УЛС ӨӨРИЙН СОЁЛИЙН БОДЛОГҮЙ
УЧАР ГАДНИЙ ЭЛДЭВ КИНО БА ХОШОН ШОГООС ӨӨР ЗҮҮЛГҮЙ БААР САВНААС ӨӨР ОРОХ ГАЗАРГҮЙ БОЛОО ИЙМ БАЙХАД ЭНЭ ЗАЛУУС ХЭН БОЛОЖ ХҮМҮҮЖЭХ ВЭ -
Anonymous (August 13, 2012 12:55:49 pm )
Монгол хүн мөн үү,нил алдаа, бичиг үсгийн боловсролоо сайжруулаачээ…
-
Anonymous (August 13, 2012 1:23:30 pm )
Нэгэнт л АН шийдсэн юм бол 4 жил сайдаараа суугаачээ. нэг нэг жил сайд болно гэж юу гэсэн үг юм бэ? Нэг жил чинь бүтээн байгуулалт томоохон үйл ажиллагаанд багадана ш дээ. Идэж уух гэж байгаа бол хангалттай байдаг биз. Тэгээд өөр нэг нь сайд болоод шал өөрөөр сэтгээд юмаа эхэлтэл дахиад нэг нь сайд болоод бас нэг мэргэн санаа гарна. Тэгсээр байтал юу ч бий бололгүй бас дөрвөн жил болох юмуу?
-
Anonymous (August 13, 2012 4:30:41 pm )
zugeer l ajliig ni hiilge l dee ehleegui baihad ni l olon yum yariad baih yum
4 Comments