“Надад авлига өгөхийг оролдсон ч би аваагүй” гэж байсан эрхэм экс Ерөнхийлөгч яг энэ мөчид авлигын хэргээр ял эдэлж сууна.
Шүүхээс Н.Энхбаярт Монгол Улсын Ерөнхийлөгчийн албыг урвуулан ашиглаж, тухайн үед Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Ц.Батбаяр, НИТХ-ын тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байсан Н.Болормаа, нийслэлийн Өмчийн газрын орлогч даргаар ажиллаж байсан Д.Дуламсүрэн нартай бүлэглэн “Өргөө” зочид буудлыг хувьчлан нийслэлд онц их хэмжээний хохирол учруулсан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Нийслэлийн өмч хувьчлах комиссын дарга Т.Билэгт, иргэн До.Чулуунбаатар нартай бүлэглэн “Улаанбаатар таймс” сонины байрыг өөрийн дүү Н.Энхтуяагийн “Медиа Холдинг” ХХК, До.Чулуунбаатар нарын нэрээр худалдан авч улмаар өөрийн үүсгэсэн байгуулсан компанид охин компани болгон завшиж, нийслэлд онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр нь ял оноосон билээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Наранхүү, худалдааны асуудал хариуцсан орлогч захирал н.Ганбат, “Хэнлон” компанийн захирал Ж.Мягмаржаргал нартай бүлэглэн гурван тэрбум 930 сая төгрөгийг завшиж, “Эрдэнэт” үйлдвэрт онц их хэмжээний хохирол учруулсан. Энэ хэргийнхээ төлөө Н.Энхбаяр дөрвөн жил хоригдохоор болж байна.
Хууль бусаар хөлжигсөд айж байна. Харин иргэдийн харцанд итгэлийн гал тодорлоо. Энэ хэргийг шүүсэн өнгөрөгч долоо хоногт Монгол анхаарлын төвд байлаа. Өнгөрөгч долоо хоногийн эдгээр өдрүүд түүхэнд хэний ч дүгнэлтгүйгээр тэмдэглэгдэн үлдэх нь. Үйл явдал үйлийн үр байдаг гэдгийг сануулж байна. Ялангуяа эрх мэдэлтнүүдэд илүү их санууллаа.
Хавраас эхэлсэн дуулиант шүүх хурал Засгийн газрыг байгуулахаас ч илүү монголчуудын төдийгүй, дэлхийн анхаарлын төвд орсон нь тэр. Шүүх хурлыг түүхэндээ анх удаагаа шууд дамжууллаа. Төрийг зайдагнаж, түүнийг өөрсдийнхөө хөлжих, хамгаалах хэрэгсэл болгогч “ариун” явдалтнуудын нэгээхэн төлөөлөгчийг шүүх яллав. Шүүх шинэчлэгдэж байна. Шүүхийн өмнө эрхтэн дархтан, эгэл иргэн хэнбугай ч ижил тэгш эрхтэйг энэ хурал санууллаа. Увайгүй улстөрчдийн урт сарвуунаас шүүх ангижирч буйгийн илрэл гэсэн ч эргэлзэх зүйлгүй.
Ердөө дөрвөн жилийн өмнө өнөөгийн МАН эрх барьж, ялтан Н.Энхбаяр Ерөнхийлөгч байсан тэр мөчид У.Хүрэлсүх шүүхээс ял авсан ч эрх чөлөөтэйгөөр гэртээ харьж байлаа. Жирийн иргэдийг яллаж, эрх мэдэлтэнг өөгшүүлдэг тэр шүүх өнөөдөр өөрчлөгджээ. Үндсэн хуульт Монгол Улсад гэм хийсэн нь шийтгэлээ хүлээж, гэмгүй нэгэн нь цагаадах ёстойг Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэр харуулав. Энэ шийдвэр шүүхийн шинэчлэгдэх нэгэн шат болох нь гарцаагүй.
Шүүхийн шийдвэр буруу эсвэл зөв гэх нь өнөөдөр өөрөө утгагүй. Угаас шүүхийн шийдвэр аль нэг талд таалагдахгүй үлддэг нь жам ёсны зүйл. Тиймээс Н.Энхбаярыг тойрон хүрээлэгчид энэ бүхнийг талаар эерүү зүйлийг ярихгүй нь мэдээж. Гэхдээ юманд учир суманд начир бий. Бүхнийг огтоос үгүйсгэж, цагааныг хараар будах нь утгагүй. Монголын үндэсний ардчилсан намын Удирдах зөвлөл “МАХН-ын дарга Намбарын Энхбаярт шүүхээс үндэслэлгүйгээр ял оноосонд харамсч байна” гэсэн мэдэгдэл гаргаад буй. Мэдээж хэрэг ардчилсан нийгэмд хэн ч өөрийн үзэл бодлоо илэрхийлж болох ч төрийн өмч хөрөнгийг шамшигдуулсан, хууль бусаар хувьчилж авсан хэргийг хаацайлж байгаа бол уучлаарай. Энэ ардчилал биш. Татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийж, түүнийг нь байх ёстой хэвийн үзэгдэл мэт хүлээн зөвшөөрч, өмгөөлөн хамгаалж байгаа бол улс орны эрх ашгаас өөр сонирхол, хүчин зүйлд тэд тэмүүлж байна гэхээс өөр тодотгол олдохгүйд хүрнэ. Тэдэнд шаардлагатай гэвэл давж заалдах эрх нь хуулиар нээлттэй бий. Харин шүүхийг шүүх эрх тэдэнд байтугай бурханд байхгүйг сануулъя. Ямартай ч төрийн эрхэнд гарахдаа дээр нэр нь дурдсан хүмүүс хэрхэн төрийн өмчийг ашигласан бэ гэдэг энэ удаагийн шүүх хурлаар тодорхой болов. Тиймээс ч НИТХ-ын дарга асан Т.Билэгт АТГ-т шалгагдаж эхэлсэн ч оны эхэнд гадаад руу зугтчихсан. Одоо Н.Болормаа, нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаяр, дээр нь нэр дурдагдаад буй Ж.Бадамжунай нарыг шалгах нь зүйн хэрэг. Түүгээр дахиад хэдэн албан тушаалтнуудын нэрс тодорч, хэдэн хүн төрийн мөнгийг хувьдаа завшсан бэ гэдгийг тогтооно. Нам нэрийн дор албан тушаалтнууд яаж төрийн өмчийг хамтарч иддэг вэ гэдгийг энэ хэрэг нэгэнт тодорхой болгочихсон.
Тиймээс хэсэгт нь ял өгөөд бусдыг нь орхиж болохгүй. Үргэлжлүүлэн шалгаж, гэмгүйг нь цагаатгаж, гэмтнийг нь гэсгээж гэмээн төр, төрийн алба цэвэршинэ. Тендерээр хөлжсөн гэгддэг хүмүүсийг шалгах ээлж хэзээний болсон. Тэр цагт төрөөс тэрбумтнууд төрөхөө болино. Номер нэгийн араас хоёр, гурав, дугаар дөрөв… гээд дугаар номертой олон хүнийг авлигын загалмайлсан эцэг гээд буй хүний хувь тавилан дараа дараагийн долоо хоногуудад хүлээж байна гэдэгт найдаж байна, хууль ёсныхоо дагуу бол.
Бөмбөрцөг тэр чигээрээ олимпоор амьсгалсан энэ өдрүүдэд Монгол Улсын өөр нэгэн номер нэг олимпийн аваргын төлөө дахин барилдав. Спорт гэхээсээ илүүтэй улс төрийн тоглолтыг тэрээр хийлээ. ОХУ-аас нефтийн шууд хамааралтай Монгол Улсын олимпийн аварга Найдангийн Түвшинбаяр шөрмөс нь тасарсан хэдий ч аваргын төлөө ОХУ-ын жүдоч Тагир Хайбулаевтай барилдав. Эмч, мэргэжилтнүүд барилдахаас татгалзахыг хүсч байсан ч тэрээр хүлээж авсангүй. Аваргын төлөөх тулалдаанд агуу том хоёр гүрний дунд оршдог ч тусгаар тогтносон улсын тамирчин гэдгээ харуулж хоёр минут илүү тэмцэлдэв. Үнэндээ улсынхаа тамирчинг дэмжингээ, Монгол Улсыг буурай улсын байр сууринаас харж байсан В.Путинд Н.Түвшинбаярын барилдаан “үгүй шүү” гэх хариултыг барив. Тэрээр алтан медаль авлаа гэхээс илүүтэй их гүрний удирдагчийн зангаар Монголын олимпийн аварга, бэртэлтэй тамирчинг өөрийнх нь хүн ялсанд баярлалаа гэсэн өнцгөөс монголчууд харж омогшсон болов уу. Хэдийгээр ялагдсан ч олимпийн хошой медалийн эзэн гэх алдарыг Н.Түвшинбаяр монголчууддаа авчирч өглөө. Ингэснээр Лондонгийн олимпоос өнгөрсөн долоо хоногийн байдлаар монголчууд хоёр медаль өвөртлөөд байна.
Нийслэл төдийгүй Монгол Улсын төрийн ажил гацаанд орсон хэвээрээ байна. Өвөлжилт өдөр өдрөөр ойртсон энэ мөчид өвлийн бэлтгэл ажил гэж дорвитой хийсэн ажил алга. Нийслэлийн зам засварын ажил хугацаандаа амжихгүй болжээ. Сонгуулиас урьдаж амлалтаа биелүүлэхээр бэлэн мөнгө тарааж төрийн дансыг улайлгасны гайгаар бүтээн байгуулалтын ажлууд төлөвлөсөн хугацаандаа хийгдэж амжихгүй ирэх өвөлтэй золгох нь. Зөвхөн зам засварын ажлууд л гэхэд хөрөнгө оруулалтыг цагт нь хийгээгүйгээс их ачааллын үе болох есдүгээр сард үргэлжлэх нь. Төлөвлөсөн ёсоор замаа засч дуусгана гэвэл есдүгээр сард гол замуудыг хаахаас өөр аргагүйд хүрчээ. Нийслэлчүүдийг хэдэн цагаар тоологдох түгжрэл ирэх сард хүлээж байна. Нэгэнт албан тушаалаа өгөх нь тодорхой болсон учраас Засгийн газар хийгээд нийслэлийн удирдлагууд хүний сэтгэлээр ажилдаа хойрго хандаж байна. Ажил хэрэг нь асуудлыг аргацаасан байдалтай л өдөр хоногийг өнгөрөөж байна. Таагүй мэдээллүүд ч чих дэлсэх боллоо. Яамдуудад эрх мэдлээ өгөхөөс урьдаж элдэв тендерийг өөрсдийн хүмүүстээ олгоод эхэлсэн тухай тветирчид жиргэж байна.
Тиймээс аль болох асуудлыг яаравчлан, явах хүнээр ачаа татуулалгүй зуны сар зургаа бишийг санаж Засгийн газраа төвхнүүлэх нь юу юунаас илүү чухал болжээ. Хүлээх цаг монголчуудад үлдсэнгүй.
Л.Нарантөгс
Холбоотой мэдээ
-
Anonymous (August 06, 2012 1:32:06 pm )
Энхбаяр авилгач идсэн уусан байж болно . Гэхдээ энэ тулгасан 5 хэрэгт Энхбаярыг хамааралтай гэдгийн шүүх нотлож чадсангүй . Нотолгоо алга байна . Гол асуудал бол энэ .Тэрнээс биш Энхбаярыг улаан хамгаалсан зүйл ихэнхи хүмүүст байхгүй . Гол нь нотолж чадахаар баримт үнэхээр байхгүй байхад буруутгасанд л хүмүүс бухимдаад байга шүү шүүх прокурор . мөрдөн байцаагчидаа
-
Anonymous (August 06, 2012 10:17:22 pm )
notolgoo baihgui humuusiin dam yariagaar herg shiidej baigaa ni shuuh haraat zahialgaar ajilj buin ilerel shuuh huuliig zub humuur tolgoiluulah tsag bolj nyamdorl dorligjob geh luibarchidiig tseberleh boljee
-
Anonymous (August 07, 2012 8:21:55 pm )
zugeer huniig gutgeed olon niitin umnu yallaj chadahuu yalanguya erunhiiligch bsan huniig aan. medeej notolgoo bgaa bolood l yallasan gej oilgoj bn
3 Comments