Парламентын тэргүүнээр сонгогдсон гэх З.Энхболдод Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний
статистикийн хороо, Улсын ерөнхий прокурор, Үндэсний аудитын газар, Төрийн албаны зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, Санхүүгийн зохицуулах хороо, Авлигатай тэмцэх газар. Монголбанк зэрэг УИХ-ын харьяа байгууллагынхан дэс дараагаар бараалхаж, баяр хүргэж байгаа аж.
Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц ламтан хүртэл очиж, адис хүртээсэн дуулдав. Хэрвээ З.Энхболдыг спикерээрээ сонгосон УИХ-ын хуралдаан хуулийн дагуу болсон бол ийн хүндэтгэл үзүүлэхээс яахав. Түүнийг буруушаах нь утгагүй хэрэг болохсон. Гэтэл МАН- ынхан З.Энхболдыг УИХ-ын даргаар сонгосон нь Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөн хэмээн Үндсэн хуулийн цэцэд хандаад байгаа билээ.
Дээрх уулзалтын үеэр янз бүрийн яриа хөөрөө өрнөжээ. Түүний дотроос СЕХ-ны удирдлагатай уулзах үеэр болсон яриа өөрийн эрхгүй олны сонирхол татаж байна. З.Энхболд “Саяхан болж өнгөрсөн УИХ-ын сонгуулийг амжилттай зохион байгуулж явуулсан” хэмээн тус хорооныхонд томдсон “цаасан малгай” өмсгөжээ. Түүнийхээр бол тэд богино хугацаанд, заримдаа түвэггэй нөхцөл байдалд ажиллаж байсан ч анх удаа УИХ-ын сонгуулийг шинэ зарчмаар, дэвшилтэт хэлбэрт хүргэж чадсан нь мундаг гавьяа юм гэнэ. Сонгуулиар хамгийн олон суудал авсан намаас УИХ-д суусан хэн бугай ч байсан амнаас нь иймэрхүү л утгатай үг унах байсан нь тодорхой.
Энэхүү цагаан магтаалын хариуд СЕХ-ны дарга ямар үгээр магтагчийн чихийг мялааж, магнайг тэнийлгэн бялдуучилсан гэж бодно. Тэрээр Өвөрхангайн тойргийн хорооны асуудал УИХ-ын шинэ даргаас шалтгаалаагүй, та минь энэ будлиан маргаантай ямар ч холбоогүй шүү хэмээн долигоножээ. Үйл явдлын учгийг нарийвчлан хөөвөл Өвөрхангайд гарсан маргаан будлианы уг сэжүүр яван явсаар З.Энхболдтой л холбогддог юм гэсэн. Юу гэвэл, тэр өмнөх парламентад өөрийн намын Г.Батхүү, Д.Зоригт, МАН-ын Д.Лүндээжанцан нарын хамт сонгогдсон юм. Дараагийн сонгууль ойртохын хэрээр, ялангуяа өмнө нь дөрвөн ч мандаттай байсан Өвөрхангай аймаг хоёрхон мандаттай болсноос хойш АН-ын гурвын хооронд ан цав үүсч, улмаар тэдний харилцаа хурцадсан аж. Энэ явцад З.Энхболд өөрийн дуулгавартай цэрэг, гарын хүн Т.Хасбаатар гэгчийг Өвөрхангай аймгийн АН-ын даргаар сонгуулж амжжээ. Хэтэрхий амбийцтай, албан тушаалын бялуунд дэндүү дуртай, биеэ ихэд тоосон тэр нөхөр УИХ-д нэр дэвших юм бодож, хэрэндээ хор найруулж явжээ. Гэтэл нам нь нас залуу, цус шингэн түүнийг арай жулдана гээд Г. Батхүү, Д .Зоригт нарыг тойрогт өрсөлдүүлэхээр шийдсэн байна. Энэ нь Т.Хасбаатарын төдийгүй З.Энхболдын дургүйг хүргэж, шарыг гозойлгожээ. Үүнд өширхсөн Т.Хасбаатар Г.Батхүү, Д.Зоригт хоёрыгоо сонгогчдод 168 сая төгрөг тараасан хэмээн улайм цайм мэдэгдэв. Бүр энэ асуудлаар Улаанбаатар хотод зориуд ирж, хэвлэлийн бага хурал хийж, Сонгуулийн ерөнхий хороонд гомдол хүргүүлсэн билээ. Эцэст нь албан тушаал өндөртэй, мөнгө хөрөнгөтэй хоёр “ах” нь нутгийн дүүгээ дийлж, Т.Хасбаатар намын даргын албан тушаал ч үгүй, намаасаа гутамшигтайгаар хөөгдсөнөөр хэрэг явдал шувтрав. Үүний уршгаар АН-аас нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригг хоёрын нэр хүнд шалдаа бууж, тэд сонгуульд ялагдав. Гэвч унасан бөхд ууртай гэгчээр ялагдсандаа хорссон тэд өрсөлдөгчдөө “архи тарааж Сонгуулийн тухай хууль зөрчсөн” хэмээн шүүхэд матсанаар өнөөх маргаан одоо болтол сунжирсаар байна. Хэрүүлийн алимыг анхлан шидсэн Т.Хасбаатар, түүний ивээгч эзэн З.Энхболд хоёрын нарийн хэлхээ холбоог тооцвол дээрх маргаан будлианы учир бага ч болов тайлагдах болов уу гэлцэх.
Байдал ийм байхад Н.Лувсанжавт ичгүүр сонжуур, эрээ цээргүй долигонуур зан гаргах шаардлага юу байв. Түүний удирдсан Сонгуулийн ерөнхий хороо энэ удаагийн сонгуулиар үнэндээ олигтой ажиллаж чадаагүйг олон түмэн нийтээрээ мэднэ дээ. Тэд сонгуулийн бэлтгэлийг хангах, сурталчилгааны явцад гарч байсан элдэв гомдлыг шуурхай барагдуулах талаар өөдтэй анхаараагүй. Санал хураалтын дараа дүн нэгтгэх, мэдээлэх гээд олон чухал ажил дээр ч чамгүй алдаа эндэл гаргаж байв. Сонгуульд намуудаас нэр дэвшигчдийг бүртгэх үеэс эхлээд л СЕХ-ныхны тар танигдаж эхэлсэн гэхэд болно. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нэр дэвшүүлсэн Н.Энхбаяр, Э.Батшугар, С.Нарангэрэл, З.Ойдов, С.Авирмэд, Н.Санжаадорж нарыг бүртгэх боломжгүй хэмээн элдэв шалтаг зааж, улмаар нэр дэвшигчдийн жагсаалтаас хассан нь гал дээр тос нэмэв. Энэ дуулиан шуугиан явсаар эцэстээ Үндсэн хуулийн цэцэд хүрч байж сая нэг юм намжих шиг болов. МАН-ынхны нотолж буйгаар бол тус намаас сонгуулийн сурталчилгааны явцад гаргасан 20 гаруй гомдлын нэгэнд нь ч СЕХ хариу өгөөгүй аж.
Одоогоор УИХ-ын 69 гишүүн тангаргаа өргөж, бүрэн эрхээ баталгаажуулаад байна. “Шударга ёс” эвслийн О.Баасанхүү, Ц.Оюунбаатар, Ц.Цолмон нар ч удахгүй тангаргаа өргөх байх. Нэр дэвшигчид нь хуульд заасан 28 хувийн босго даваагүй Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт дахин санал хураалт болно. Н.Лувсанжав эхлээд энэхүү санал хураалтыг долдугаар сарын 8-нд явуулна гэж мэдэгдэж байснаа дараа нь намар гэж нэгэнтээ бултаад одоо болохоор есдүгээр сард гэх бүдүүн тойм тов хэлээд сууж байна. Мэдээж, дахин санал хураахад саналын хуудас хэвлүүлэхээс авахуулаад бэлтгэл шаардлагатай л даа. Гэхдээ тойрог, хэсгийн хорооны бүрэлдэхүүн хэвээрээ, санал авах байр бэлэн байсан тэр үед санал хураалтаа явуулчихсан бол цаг хожихоос эхлээд олон давуу тал байсан хэрэг.
Улс төр судлаач Л.Эрдэнэтуул “СЕХ захиргааны эрхтэй гүйцэтгэх байгууллага. Гэтэл ийм байгууллагын шийдвэр хуулиас дээгүүр гарчихаад байна. СЕХ-ноос зарим нэр дэвшигчийг жагсаалтаас хассан нь, Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэж зарим хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн нь хүний эрхийн ноцтой зөрчил” гэж дурдаад “Өнгөрсөн 20 жилийн түүхэн дэх хамгийн арчаагүй СЕХ байлаа” гэж дүгнэсэн байна лээ. Ер нь тус байгууллагыг удирдлага нь хэтэрхий үлбэгэр, бие даасан шийдвэр гаргах чадваргүй, намаас хамааралтай, түүний удирдлагын нөлөөнд автсан, хууль биелүүлдэггүй, гишүүд нь хоорондоо эв түнжин муутай, ганц сайн чаддаг юм нь өөрсдийгөө магтах гэх мэтээр шүүмжилдэг нь хилс дүгнэлт биш болов уу. Хуулиар бол CEX, УИХ, Ерөнхийлөгчийн сонгууль, ард нийтийн санал асуулгыг улсын хэмжээнд эрхлэн зохион байгуулах чиг үүрэгтэй, үйл ажиллагаагаа бие дааж явуулдаг, хамтын удирдлагын зарчимтай, байнгын ажиллагаатай байгууллага аж. СЕХ-г 1992 оны хавар 15 хүний бүрэлдэхүүнтэй анх байгуулсан түүхтэй. Дараа нь гишүүдийн тоог ес болгож цөөлөв. Тэр есөн гишүүний тавыг нь УИХ, хоёрыг нь Ерөнхийлөгч, хоёрыг нь Улсын дээд шүүх санал болгож, УИХ-аас зургаан жилийн хугацаагаар томилдог юм. Гишүүд СЕХ-д ажиллах хугацаандаа намаасаа түдгэлзэх ёстой. Гэвч тэд намаасаа түдгэлзсэн ч намаа хамгаалах аргаа олдог улс. Өмнөх СЕХ-ны дарга Б.Баттулга, нарийн бичгийн дарга Д.Баярсайхан нар гар нийлж ажиллаж чадаагүй. Дарга нь МАН, нарийн бичгийн дарга нь АН-ынх. Нэг асуудлаар хоёулаа байнга өөр өөр юм ярих. Чухам үүний харгайгаар 2008 оны сонгуулиар будлиан луйвар хэмээс хэтэрч, улмаар өнөөх аймшигт долдугаар сарын 1-ний хэрэг явдал өрнөсөн билээ. Харин энэ удаагийн СЕХ-ны дарга, нарийн бичгийн дарга хоёр хэдийгээр өөр өөр намын харьяалалтай боловч түрүүчийн хоёр шиг олны нүдний өмнө хэрэлдэж, зодолдох шахаж шившгээ хутгаж, булайгаа чирэхгүй л байна. Саяхан тус хорооны зарим гишүүнийг нөхөн сонгов.
УИХ-ын анхдугаар чуулган дээр Н.Лувсанжавыг илтгэл тавьсны дараа АН-ын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг СЕХ-г асуудалд шуурхай ханддаггүйг хурцхан шүүмжилж байсан бол “Шударга ёс” эвслээс сонгогдсон гишүүн Д Тэрбишдагва “Н.Лувсанжав гишүүдийн асуултад тодорхой хариулахгүй бөөрөнхийлөн тойрч давхиад байна, түүнээс юм асуух ч хэрэг алга” хэмээн бухимдаж, СЕХ-ны даргатай хариуцлага тооцох асуудлыг сөхөж тавьж байсан нь СЕХ энэ сонгуулиар ямаршуухан ажилласныг бэлхнээ илтгэх биз ээ.
Н.Лувсанжавын тухай бас нэг ноцтой мэдээлэл бий. Сонгуулийн дүнг төрийн тэргүүнд өргөн барихын өмнө СЕХ хуралдаж, Өвөрхангайн 10 дугаар тойрогт ялсан боловч хууль зөрчсөн гэх шүүхийн шийдвэр гарсан Н.Төмөрхүү, С.Чинзориг хоёроос гадна хэрэг явдал нь маргаантай байгаа Увсын Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Орхоны О.Содбилэг нарыг өргөн барихыг азнахаар тогтжээ. Гэтэл маргааш нь Н.Лувсанжав гишүүдээ дахин цуглуулж “Шүүхийн шийдвэр гарсан Өвөрхангай болон дахин санал хураалт явуулах хоёр тойргоо үлдээгээд эрүүгийн хэрэг үүсгэсэн ч шүүхийн шийдвэр гараагүй Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, О.Содбилэг нарыг өргөн мэдүүлэхээр намын дарга нар тохиролцжээ” хэмээн хошгируулаад өмнөх өдөр гаргасан тогтоолоо өөрчилж байсан гэх. Гэтэл үүний дараахан АН-ын дарга Н.Алтанхуяг “намуудын дарга нар хэзээ ч тийм тохироо хийгээгүй” хэмээн мэдэгдсэн билээ. Санал тоолох автомат машинтай холбоотой хэчнээн их маргаан шүүмжлэл гарлаа даа. СЕХ түүнийг даанч юман чинээ тоогоогүй. Зарим газар автомат машин, гараар тоолсон дүн хоёр зөрсөөр байхад ч, намууд хэд хэдэн хэсэгт саналыг гараар дахин тоолох санал гаргасан ч тэд гүрийсээр байгаад чимээгүй өнгөрсөн.
Одоо удахгүй орон нутгийн сонгууль болно. СЕХ-ны бас нэг гол үүрэг бол орон нутгийн сонгууль явуулахад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх явдал. Н.Лувсанжавын хэлэхээр бол энэ сонгууль есдүгээр сарын дундуур болох төлөвтэй. Тэр болтол богинохон хугацаа үлдэж байна. Гэтэл бэлтгэл хэр байгаа бол. Хөдөө орон нутагт бороо орж ногоо ургаж сайхан зун болсны ачаар найр наадамд умбаж байхад сонгууль бодох завтай хүн байгаа болов уу. Гэтэл Н.Лувсанжав “орон нутгийн сонгуулийг автоматжуулсан системээр явуулбал саяын УИХ-ын сонгууль шиг далайцтай юм болно, зардал мөнгө нь талийчихна” хэмээн цэцэрхэж, Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг шинэчлэх тухай ярьж, шинэ УИХ энэ талаар тусгай шийдвэр гаргаж өгөх байгаа гэх мэтээр элдэв шалтаг тоочоод хээв нэг сууж байна.
Энэ мэт баримтаас үзвэл, СЕХ сайн ажилласан гэх дүгнэлт жинхэнэ бодит байдалд нийцсэн үнэлгээ биш, хоосон магтаал болж таарах нь. Хоосон магтаалыг “цаасан малгай” гэх бөлгөө.
Б.БИЛГЭЭ
Холбоотой мэдээ
-
Anonymous (July 28, 2012 4:24:11 pm )
Билгээ чи тагнуулд ажилладаг уу эднийг талаар ямар сайн мэдээлэлтэй юм бэ
-
Anonymous (July 28, 2012 5:07:20 pm )
KOMMUNISTUUDAAS ARAI DEER DEE
-
Anonymous (July 28, 2012 5:08:44 pm )
YAMAR CH BSAN BOLOLZOOGOOROO AJILLASAN. MAN-IINHAN UURSDUU ZEVERYUM SHIG MYAGLAHAA BOLISON NI DEER BIZ DEER NI YU CH HIIJ CHADAHGUI IDEJ UUHAAS UURIIG MEDEHGUI BAIJ AJIL HIIH GEJ BGA NEGENDEE BUU SAAD BOL .
-
Anonymous (July 28, 2012 5:56:56 pm )
Bilgee gegch yu dongodood baigaa yum, Cham shig gants neg yumny ugeer dugnedeggui, dun nuruug ni hardag .
-
Anonymous (July 28, 2012 6:41:28 pm )
ÌÀÍ êÎÌÌÓÍÈÑÒÓÓä ÌÀÕÍÛ ÌÀØÈÍ Ë ÌÝäÍÝ Ò¯¯ÍÝÝÑ ÁÈØ ÀâÒÎÌÀÒ ÒÎÎËËÎÃÛÍ ÌÀØÈÍ ÌÝäÝÕïÈ
-
Anonymous (July 28, 2012 7:44:59 pm )
Setguulch guai ! Chinii demjmer ayadaj bgaa MAN chini udahgui alga boloh bhdaa.
-
Anonymous (July 28, 2012 9:52:08 pm )
ene shal hudlaa zahialgat gedeg ni shuud medegdej bnaa bolioo boli
-
Anonymous (July 29, 2012 12:52:31 am )
harvaas ilt munguur bichsen chin medegdeed bn shu de. Setguulchiin yos zui gej bn uu? Naad niitleld chini yamar ch chanar alga. Hun muulaad suuj bgaa hun shig l haragdaj baina. Arai ch dee.
-
Anonymous (July 29, 2012 4:02:47 am )
MAN-ii uzel surtaltanguud boliochee!!! unasan hun uurtai gdiig oilgoj bn, gehdee odoo uls turjihuu boliod ajilaa hiimeer yum. Nam nam gej huvaagdaj nuguu namiinhaa bugsiig uhaj suuna gdg uivaagui archaagui hereg. Arai ireh 4n jiljingee iimerhuu yum hiihguin bgaazdee
-
Anonymous (July 29, 2012 8:09:29 am )
BILGEE gej YMAR HULDUU NUHUR VE
-
Anonymous (July 29, 2012 11:16:35 am )
Ene SEH bol urid umnuhuusuu haritsuulahiin argagui deer ajillasan. Cham shig nusan taglaa ter hun ruu dairah boloogui shuu. Dairah bol Battulga metiin umnuh darga nariin tuhai medeeleech muu zusarch gologoo
-
Anonymous (July 29, 2012 4:46:31 pm )
би 1990 оны Адилбиш багшийн шавь б/на
-
Anonymous (July 29, 2012 8:53:36 pm )
ene SEH taaruuhan ajillasan uneheer zov bichsen baina. Uuniig setgegdel zahialgaar bichigch ta nar baitugai AN, MAn,MAXN bugdeeree helj b.SEH muu ajillasan ni ulbeger, booronhii, dolignuur dargatai ni shuud holbootoi.Luvsanjav gedgiin talaar Terbishdagva guai yag onoj helsen, uuniig ni Saihanbileg mon demjij baisniig TV-eer bugd l uzsenshdee
-
Anonymous (July 29, 2012 8:54:47 pm )
Oorsdiinh ni esreg l unen yum helbel MAN gej soliordog yumnuud demiirehee boli
14 Comments