УИХ-ын 22 дугаар тойрогт МУНН-аас нэр дэвшиж буй Монгол Улсын гавьяат жүжигчин Батзанын Батзаяатай ярилцлаа.
-Танаас их сонин шийдэл гарлаа. Яагаад УИХ-д нэр дэвшихээр болов?
-Би улс төр, нийгмийн үйл ажиллагаанд иргэнийхээ хувьд аль болохоор идэвхтэй оролцохыг хичээдэг. Учир нь төр нийгмийн ажил эргээд иргэн хүнд өөрт нь нөлөөлдөг. Түүнээс гадна 1990 оны ардчилсан хувьсгалаас эхлээд ардчиллын төлөөх үйл хэрэгт идэвхтэй оролцож ирсэн. Монголын Ардчилсан холбооны анхдугаар их хурал дээр хүртэл уран бүтээлчдээ төлөөлөөд үг хэлж, үзэл санаагаа илэрхийлж явсан удаатай. Мөн жагсаал цуглаанд ч оролцож явлаа.
Тухайн үед Монголын ард түмэн картын бараанд шилжиж, амьдрал ядуу байсан хэдий ч би Монголын ард түмний тархи, оюуныг өлсгөлөн байлгахгүйн тулд инээд бэлэглэх зорилгоор Монголын анхны хошин урлагийн хувийн театрыг байгуулж, ардчиллын үзэл санааг уран бүтээлээрээ дамжуулж туурвисаар өдийг хүрлээ. Гэвч өнөөдөр эргээд харахад тэр сайхан хүсэл, мөрөөдөж байсан ардчилсан нийгэм эсрэгээрээ явж байна. Улс эх орны хөгжил дэвшил, төрийн зохисгүй бодлого, хууль хяналтын байгууллагуудын хараат байдал гээд бүхий л зүйлүүд санаа зовниулсан хэвээр байна. Өнөөдөр 40 гаруй сая толгой малтай Монголын ард түмэн махаа дэлхийд байхгүй өндөр үнээр авч байна. Монголын газар нутгийн 50 орчим хувь нь лиценз хэлбэрээр гадаадын мэдэлд очлоо. Цаашилбал, уламжлагдаж ирсэн мал аж ахуй зогсонги байдалд орох нь. Малын бэлчээр, гол ус үгүй боллоо. Нийгмийн ийм гажуудал нүүрлэж байгаатай би эвлэрч чадахгүй. Зөвхөн төрийн өмчөөр баяжсан олигархиуд л хангалуун амьдарч байна шүү дээ. Ийм зүй бус тогтолцоонууд сэтгэл эмзэглүүлж байгаа учраас би нэр дэвшиж байгаа юм. Чи улс төр сонирхохгүй бол чамайг улс төр оролдоно гэдэг шиг өнөөдөр би Монголын иргэн хүний хувьд газар шорооныхоо төлөө, ард иргэдийн сайн сайхан амьдралын төлөө явахгүй байж чадсангүй.
Магадгүй хүмүүс Батзаяа хошин шогоо тоглоод л явж байна биз дээ гэх байх. Би тэдэнд хариу хэлье. Өнөөдөр инээж, хөгжилдөөд явж байх тийм цаг үе биш. Иргэдийн дийлэнх нь зовж зүдэрч, ядуурлын туйлд хүрч нулимс дуслуулан явж байна. Уран бүтээлч хүн гэдэг нийгмийн аливаа асуудалд дүн шинжилгээ хийж, болж бүтэхгүй асуудлыг үзэгчдийн сэтгэл зүрхэнд хүргэдэг. Энэ утгаараа уран бүтээлч хүн өөрөө тэмцэгч байдаг юм. Би аль нэгэн улс төрийн намын захиалгаар УИХ-д нэр дэвшээгүй.
-Таны давуу тал юу вэ?
-Миний уран бүтээл намайг Монголын үзэгчдэд танил болгосон. Тэгэхээр би өөрийгөө хүмүүст танилцуулах шаардлагагүй. Энэ миний давуу тал. Харин Батзаяа гэдэг хүн яагаад улс төрд орох болов гэдгийг сонгогчдодоо ойлгуулах болно.
-Урлаг соёлынхон таныг тэр аяараа дэмжих байх даа…
-Дэмжих байх гэж бодож байгаа. Одоо чинь бас их сонин цаг үе юм. Ер нь хэдэн жилийн өмнөх шиг сэтгэлгээтэй хүмүүс нэн ховор болжээ. Нийгмийн ядуурал, бухимдлаа дагаад хүний мөн чанар, дотоод сэтгэлийн боловсрол үгүй болчихож. Намайг хүүхэд байхад миний хөгшин ээж надад “Өөрийн эхээс өрөөлийг бодож яв. Тэр сайхан сэтгэл чамд эргээд буян болно” гэж захидаг байсан. Одоогийн дундаж сэхээтнүүдээс мөн чанар ховор харагдах юм. Тэгэхээр тэр хүмүүсийн жудаг л мэдэж дээ. Сэтгэлээрээ дэмжих нэг нь дэмжинэ л биз.
-Сонгуулиар тодорхой хэмжээний хөрөнгө гарна. Үүнийгээ яаж шийдэж байна?
-Чухам яахыг сайн мэдэхгүй л явна. Зарцуулах мөнгө байхгүй хүн чинь санаа амар юм даа. Бусад улс төрийн намууд мундаг их мөнгө цацаж байгаа харагдана лээ.
Ямар учраас ийм их мөнгө цацаж байгаа юм бол гэсэн бодол толгойд орж ирэх юм. Гарахгүй бол яана аа. Тэр их хөрөнгө мөнгийг хэн буцааж өгөх вэ гэдэг нь сонирхолтой. Эндээс нэг тийм сонин гаргалгаа харагдаад байгаа юм. УИХ-д сонгогдсон хүмүүс эрх мэдлээ ашиглаад зарсан мөнгөө олж авахыг хичээнэ. Энэ утгаараа мөнгөтэй холбоотой сонголтууд сөрөг үр дагавартай. Миний хувьд цацах мөнгө байхгүй. Үүнийгээ ч нуухгүй хэлчихье. Би найз нөхөд, ах дүү нартаа санал тавьсан. Тэд маань надад бор хоногийн хоолны мөнгөнөөсөө тав арван төгрөг илүүчилж л байна. Өнөөх мөнгөөр нь тойргоороо явж иргэдтэйгээ уулзаад л явж байна даа. Намаас тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлнэ гэсэн. Ингээд л сонгуульдаа орно доо.
-Та яагаад МУНН-аас нэр дэвшиж байгаа юм бэ. Одоогийн эрх барьж буй хоёр намаас дэвшсэн бол сонгогдох боломжтой юм биш үү?
-Монголд нам, лам хоёр шиг их юм алга. Монголын улс төрийн намуудыг хараад байхад хамгийн цэвэр цустай нь МУНН. Энэ намыг үүсгэн байгуулагч, нэрт найрагч О.Дашбалбарын агуу үзэл бодол надад таалагдсан учраас би МУНН-ыг анх байгуулагдахад гишүүнээр нь элссэн. Тиймээс энэ намынхаа хуучин гишүүнчлэлийг сэргээгээд, үзэл баримтлалыг нь дэмжээд УИХ-д нэр дэвшиж байна. МУНН-ын гол гуравхан зангилаа байдаг. Бид аливаа зүйлийг уламжлан авдаг. Олж авсан уламжлалаа хайрлан хадгалж явдаг. Хайрлаж хадгалсан уламжлалаа хойч үедээ өвлүүлдэг. Ердөө л энэ гурван үзэл баримтлал манай намын гол тулгуур. Бид нийгэмд шударга явдлыг тогтооно. Шударга байдлыг тогтоож чадсанаар хойч үедээ өвлүүлнэ. Би нэг их том том худлаа амлалт өгөхгүй. Харин амьдралд хэрэгжиж болохоор энгийн зүйлээс эхэлнэ. Эцэг нь архичин бол тэр гэр бүл өөдлөхгүй гэдэг шиг улс эх орны төр засаг нь авлигад идэгдчихсэн байхад ард иргэд нь яаж сайхан амьдрах юм бэ.
-Намын жагсаалтаар нэр дэвшиж болоогүй юм уу. Жагсаалтаар нэр дэвшсэн хүмүүс орон даяар өрсөлдөнө. Илүү олон санал авах магадлалтай шүү дээ?
-Би өөрөө тойрогт нэр дэвших санал гаргасан юм. Бусад нам эвслүүд шиг мөнгө төгрөг амлахгүй. Би нэг л зүйлийг амлаж чадна. Тодруулж хэлбэл, ард түмэнтэйгээ хамтарч, дотор нь орж ажиллана. Учир нь би ард түмэнтэйгээ, тэднийхээ дунд нь адилхан л хашаа байшинд амьдарч яваа хүн.
-Яаж хамтарна гэж?
-Эрх дарх эдлэх гэж УИХ-д суух гээгүй. Тийм учраас иргэддээ улирал бүр, сар болгон ажлын тайлангаа танилцуулж байх болно. Түүнээс биш тэнд тийм байшин барьж өгнө. Энд ийм газар өгнө гэж худлаа амлахгүй.
-Таны үеэл ах Баабар ямар зөвлөгөө өгч байна вэ?
-Ний нуугүй хэлэхэд нэр дэвшиж буй асуудлаар Баабар ахтай уулзаагүй л байна. Хоёр гурав хоногийн өмнө зориглоод очсон чинь гадагшаа явчихсан байна лээ. Монгол Улсын төрийн шагналт Б.Цэнддоо манай үеэл хоёр нэг өрөөнд суудаг юм. Б.Цэнддоогоос “Үеэл ах намайг юу гэж байна” гээд асуулаа. Тэгсэн “Батзаяа яахнав дээ л гэж байна лээ” гэсэн утгатай юм хэлнэ лээ. Одоо очих гэхээр нэг л зориг хүрэхгүй л явна. Бас жаахан эмээгээд. Гэхдээ зэмлэснийхээ дараа ямар нэг зөвлөгөө өгөх байх аа.
-Тантай адилхан мэргэжилтэй МУГЖ Ц.Төмөрбаатар СХД-ын ИТХ-д суудаг. Түүнээсээ дэмжлэг авсан уу?
-Ц.Төмөрбаатартайгаа сонгуулийн асуудлаар уулзаж зөвлөгөө авсан. Авалгүй ч яахав дээ. Тэр хүнд чинь туршлага байна. Ц.Төмөрбаатар “Бид зөвхөн уран бүтээлч байхаас гадна нийгэмд идэвхтэй иргэд нь байх хэрэгтэй. Би ч гэсэн ИТХ-д суугаад тодорхой ажил хийгээд явж байна. Найз нь дэмжих газраа очиж дэмжинэ ээ” гэж байна лээ. Бид цаашид холбоотой ажиллах талаар ярилцсан.
-Сонгуулийн сурталчилгаагаа ямар хэлбэрээр хийх вэ. Танаас их содон сурталчилгаа гарах болов уу гэж харж байна?
-Янз бүрээр л сэтгэж байна. Аль болохоор сонгогч түмэндээ хүрч ажиллахаар төлөвлөж байгаа. Мэдээж өөрт байгаа давуу талаа ашиглана. Гэхдээ яг ямар сурталчилгаа хийхээ одоо хэлмээргүй байна. Намайг инээдэм талаас нь түрүүлж харах байх. Амьдралд хар цагаан гэж байдгийн адил инээдийн нөгөө тал нь нулимс. Энэ утгаараа бид эхлээд нулимстай асуудлаа хамтарч цэглэх хэрэгтэй. Ийм бодлыг л өвөрлөж очно доо.
А.БИЛГҮҮН
Холбоотой мэдээ
-
Anonymous (June 14, 2012 9:46:05 am )
missuud ner devsheecheeee
-
Anonymous (June 14, 2012 12:24:08 pm )
iiish huurhiii yahnavdeeee
-
Anonymous (June 16, 2012 4:00:20 pm )
yahnav dee
-
Anonymous (June 16, 2012 4:01:26 pm )
shal demii yum hiij baihiin
-
Anonymous (June 16, 2012 9:18:08 pm )
har harvin. ynhan dembrel cogzalimaa.nusan menget nymdorjnaraas hamaagui deer baij mednee
-
Anonymous (June 16, 2012 9:19:19 pm )
DEMJIJ BAINA AMJILT HUSIE
-
Anonymous (June 17, 2012 12:35:16 pm )
demjij bna hodoogiin baysgalangiin hoorhon huu japan sapporo
-
Anonymous (June 19, 2012 8:11:20 am )
JERIIN NEG ARDIIN HUUHDIIG DEMJIJ BN AA. ER NEG ALDAAL BIZ . HUMUUSEE BIE BIEN DEE URAM HAIRAL
-
Anonymous (June 22, 2012 1:43:00 pm )
bolnoo bolno
9 Comments