Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хүний амь насыг хохироосон хэрэг уржигдар орой гарлаа. Сүхбаатар дүүргийн нутаг МУБИС-ийн зүүн замд “Toyota Lexus” 00-23 УБР дугаартай автомашины жолооч Т нь явган зорчигч, 20 настай Х-г мөргөж амь насыг нь хохироожээ. Их сургуулийн нэгдүгээр дамжааг амжилттай дүүргэж, шалгалтаа А өгч, баярт мэдээгээ аав ээждээ дуулгахаар яарсан оюутан охин ийнхүү харамсалтайгаар согтуу жолоочийн “дугуйны нөхөөс” болов. Эл хэрэг намжаагүй байхад орон нутгийн замд дахин нэг осол гарчээ. Зам тээврийн ноцтой осол гарч, зорчигч 10 настай Г нас барж, зургаан хүн гэмтсэн байна. Төв аймгийн нутаг 52-ын давааны хойд замд “Hyundai Grace” маркийн 37-12 дугаартай автомашин онхолдсоноос үүдэн эл хэрэг гарчээ. Хэргийн газарт очиж, ослын хэмжилт хийж дуусаагүй байтал өөр нэг газарт дахиад л осол гарсан гэх мэдээлэл цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүнд ирэв. Энэ удаад Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумаас 16 км замд “Мустанг-5” мотоцикль “Барс” маркийн мотоцикльтой мөргөлдсөн байна. Ослын улмаас 44 настай Ө нас барж, 23 настай И хүнд гэмтсэн гэнэ.
Авто ослын шалтгаан нөхцөл нь жолооч нарын санамсар болгоомжгүй хийгээд техникийн бүрэн бүтэн байдлыг хангалгүй замын хөдөлгөөнд оролцсоноос үүдэн гардаг аж. Сүүлийн жилүүдэд иймэрхүү ноцтой ослууд өдөр алгасахгүй гарсаар байгаа. “Удахгүй ирнэ ээ” хэмээн инээгээд гэрээсээ гарсан хэн нэгэн орой нь авто осолд орсон тохиолдол хаа сайгүй гарч байна. Эрдэм ном сурлаа гээд хот суурин газар бараадсан охин нь хавар дууссан ч ижийдээ ирэхгүй тийм ноцтой авто ослууд ээлж дараалан гарах болов. Гадаа тоглохоор гарсан таван настай охиныг ч жолооч нар хайр найргүй дайрч байна. Уншигч Та сайн ажиглаарай, сүүлийн үед “15 настай охин ослоор нас барав”, “Гурван настай хүүдээ даруулгын бүс зүүгээгүйгээс хурдтай явсан машинаас унаж амиа алджээ” гэх зэрэг мэдээллийг хэвлэлийнхэн хангалттай цацаж байгаа. Гэхдээ энэ мэдээлэлд олон нийт цочирдож, айхаа больсон байна.
Мотоцикльтой хөдөлгөөнд оролцож байгаад зам тээврийн осол гаргасан хэргээс жишээ татъя. Сүүлийн хоёр сард энэ төрлийн хэрэг цөөнгүй гарч, өчнөөн хохирол учирсан. Ер нь энэ оны эхний таван сарын байдлаар гэхэд мотоцикльтой холбоотой осол 14 гарч, үүнээс үүдэн 11 хүн амь насаа алдсан байна. Хамгийн сүүлд тавдугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Халх гол сумын нутаг Дашгай гэдэг газарт улсын дугааргүй хоёр мотоцикль мөргөлдөж, жолооч 23 настай О нь эмнэлэгт хүргэгдсэн. Улмаар хохирогч О эмчлүүлж байгаад өчигдөр нас барсан юм. Орон нутгийн замд мотоцикльтой явж байгаад осолдож амиа алдах тохиолдол энэ мэтээр их гардаг.
Харамсалтай нь хоёр, гурав, дөрвөн дугуйтнуудад Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага тооцоод ч нэмэр алга. Авто ослын хэргийг Эрүүгийн хуулийн 215-д зааснаар зүйлчилж шалгадаг, ял оноодог. Гэхдээ эл зүйл ангийн ялын бодлого нь дэндүү хөнгөн. Хэн нэг архи уусан этгээд авто тээврийн хэрэгсэл жолоодож хоёр бүр гурван хүний амь хохироосон байхад санаандгүй осол гэж үздэг. Ингээд шүүхийн хэлэлцүүлгээс өмнө гэм хорын төлбөрөө барагдуулсан бол тэр бүр хорих ял оноогоод байдаггүй. Гэм хорын мөнгө гэдэгт оршуулгын зардал төдийхөн ордог. Ингээд л хүний алтан амь хөнөөсөн, бусдын алаг үрийг өнчрүүлсэн этгээд ихэнх тохиолдолд ял завшаад өнгөрдөг. Тэдэнд шүүхийн зүгээс хийсэн үйлдлээс нь хамаарч гэм буруугаа ухаарсан гэж үзээд торгох ял оногдуулах тохиолдол олон. Эсвэл гурван cap баривчлах юм уу, тэнсэн харгалзах ял оноодог.
Хамгийн дээд тал нь таван жил хүртэл ял онооно. Санаатай ч бай, санаандгүй ч бай хүний амь хөнөөсөн этгээд торгуулах юм уу, нэг хоёр жилийн ял аваад өнгөрч болохгүй гэж үзэж байна. Тиймээс Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ярилцаж байгаа энэ цаг үед 215-д заасан ялын бодлогыг чангатгах нь зүйтэй юм болов уу. Эрүүгийн хуулийн 91-д хүний амь хөнөөх гэмт хэргийг зүйлчилсэн. Хэрвээ согтуугаар хүний амь хөнөөсөн бол хүндрэх нөхцөл болж 10-15 жилийн ял оноодог. Гэтэл согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж хөнөөсөн бол Эрүүгийн хуулийн 215.2-д зааснаар гурав хүртэлх жилээр хорих шийтгэл оногдуулаад, эдлэх ялыг тэнсэх харгалзах ялаар сольдог. Ийм л хөнгөн шийтгэл оногдуулдаг болохоор согтуу жолооч цөөрөхгүй нэмэгдэх хандлагатай байна.
Д.МЯГМАРЖАРГАЛ
unen.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (June 12, 2012 10:59:56 am )
ЯАНАА ЯМАР ХАРАМСМААР ЮМ БЭ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН ТОО БУУРАХГҮЙ ЭНЭ ТЭНД ХҮНД ДАЙРУУЛЖ НАС БАРАХ НЬ НӨГӨӨ ТАЛААР БАС НЭГЭН ГЭР БҮЛ ХЭН НЭГНИЙГЭЭ ТОРНЫ ЦААНА СУУЛГАЖ АЛУУРЧИН БОЛГОХ ГЭЭД 2 ТАЛДАА СЭТГЭЛИЙН АСАР ИХ ЗОВЛОН АВЧРАХ ЭНЭ ХҮСЭЭГҮЙ ДАЙНЫГ ЗОГСООХ ХҮМҮҮС НЬ БИД, БИДНИ УХАМСАР ШҮҮ ДЭЭ
-
Anonymous (June 12, 2012 9:22:42 pm )
tal gazar 2 mototsiklo morgoldono gej !!!
-
Anonymous (June 12, 2012 9:23:10 pm )
tal gazar 2 mototsiklo morgoldono gej !!!Gai yu hn
-
Anonymous (June 13, 2012 9:14:45 am )
хээр талд мотоциклууд санамсаргүй мөргөлднө гэж байх уу? аархаж байгаад л осол гаргасан байх. дэндүү ухамсар дорой байна.
4 Comments