Авлигын цар хүрээ өөрчлөгдсөнгүй. Төрийн байгууллагад авлига илүү ноцтой хэлбэрээр илрэх болжээ. Энэ бол Авлигатай тэмцэх газраас явуулсан авлигын индексийн судалгаагаар гарсан үр дүн. “Монгол Улсын авлигын индекс 2011 онд 0.36 гарсан нь 2009 оныхоос 0.01 пунктээр буурсан байна. Өөрөөр хэлбэл, хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад авлигын нөхцөл байдал муудсан болохыг харуулж байгаа юм. Энэ нь авлига хэмээх үзэгдэл илүү ноцтой хэлбэрээр илрэх болсныг харуулж байна” гэж авлигын индексийн судалгаанд тэмдэглэжээ. Мөн түүнчлэн Эрдэс баялаг эрчим хүчний, Эрүүл мэндийн, Батлан хамгаалах яамны харьяа төрийн байгууллагууд авлигад өртөх илүү эрсдэлтэй гэж тодорхойлогдсон байна.
“Судалгааны дүнгээс харвал авлига өмнөхөөсөө ноцтой байдлаар илрэх болсон нь харагдаж байна. Бидэнд хийх ажил их бий. Зарим хүмүүс сонгууль болж байгаа учраас чимээгүй байна гэж яриад байгаа. Бид сонгууль болж байгаа гээд зүгээр суух эрх байхгүй. Яагаад гэвэл ард түмний мөнгөөр цалинжиж байгаа учраас” гэж АТГ-ын Тамгын хэлтсийн дарга Ч.Өнөрбаяр ярьж байсан юм.
Зарим нэр дэвшигчид шалгагдаж байна
УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа зарим нэр дэвшигчид АТГ-т шалгагдаж байгааг албаны хүмүүс хэлж байв. “Сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүс шалгагдаж байгаа. Гэхдээ яг хэн гэдэг хүнийг шалгаж байгааг одоогоор хэлэх боломж алга. Гэхдээ шалгалтаа хийгээд явж байгаа. Бүх зүйл тодорхой болмогц мэдээлэх боломж бий” гэж АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат ярив. Мөн нэр бүхий УИХ-ын гишүүд болон төрийн томоохон албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдон шалгагдаж байгаа ажээ. Мөн Ц.Анадбазарын хэргийг мөрдөн шалгах ажил явагдаж байгааг албаны хүмүүс хэлж байлаа. Гэхдээ тодорхой мэдээллийг бас л өгөх боломжгүй аж.
НИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Т.Билэгтийг гадаадад шалгах боломжгүй
НИТХ-ын дарга Т.Билэгт “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сонины байрыг хувьчлах шийдвэрийг гаргаж байсан ажээ. Үүнтэй холбогдуулан АТГ- аас шалгалт явуулж байсан юм. Харин түүнийг АНУ руу оргон зайлсан тухай мэдээлэл сүүлийн хэдэн сарын турш цацагдаж байгаа билээ. АТГ-аас түүнийг гадаадаас албадан авчирч мэдүүлэг авах ямар нэгэн эрх байхгүй гэдгийг хэлсэн юм. “Албадан баривчлах, гадаадад мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцийн дагуу байхгүй. Гэхдээ интерполоор дамжуулан шалгах боломж бий. Тухайн хүнийг гадаадад байгаа учраас хэргийг тусгайлан шалгаж байгаа” гэж Э.Амарбат ярив.
Төрийн албаны шударга байдлын үнэлэмж дунд зэрэг байна
АТГ-аас төрийн байгууллагын шударга байдлын судалгааг явуулжээ. Уг судалгааны дүнгээр төрийн байгууллагуудын шударга байдлын үнэлэмж дунджаас бага зэрэг дээгүүр гэсэн дүн гарсан байна. Улсын хэмжээнд явуулсан судалгаагаар Газрын алба, цагдаагийн байгууллага, эрүүл мэндийн байгууллага шударга байдлын үнэлэмж харьцангуй доогуур гарчээ. Харин Татвар болон нийгмийн даатгалын байгууллагуудын үнэлэмж харьцангуй дээгүүр гарсан байна. “Төрийн байгууллагуудын дунд авлигын талаар болон шударга байдлын үнэлэмжийг дээшлүүлэхэд дан ганц манай байгууллага тэмцээд үр дүнд хүрэхгүй. Үүнд иргэд, олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагууд чухал үүрэг гүйцэтгэнэ” гэж АТГ-ын Тамгын хэлтсийн дарга Ч.Өнөрбаяр ярьсан юм.
Нээлттэй өдөрлөг зохион байгуулав
Өнгөрөгч баасан гаригт АТГ-аас нээлттэй өдөрлөгийг “Чингис” зочид буудалд зохион байгуулсан юм. Уг өдөрлөгийн үеэр иргэд АТГ-ын тухай бүх л мэдээллийг авах боломжтой байсан бөгөөд АТГ-ын удирдлагууд оролцжээ. “Бид энэ өдөрлөгийг 14 хоног тутам зохион байгуулдаг. Гол зорилго нь олон нийтэд авлигын хор хөнөөлийг мэдрүүлж, авлигатай тэмцэх газрын мэдээллийг олон нийтэд хүргэх зорилготой. Гэхдээ төрийн болон хувь хүний нууцад хамаарах асуудлаар мэдээлэл өгөхгүй. Өөрөөр хэлбэл нууцад хамаарахгүй бусад асуудлаар хүссэн мэдээллээ авах боломжтой” гэж Ч.Өнөрбаяр ярив.
Б.БОЛОРСҮХ
Холбоотой мэдээ
-
Anonymous (June 11, 2012 9:17:47 am )
Авилгалтай тэмцэх газар нээлттэй өдөрлөгөө яагаад Чингис зочид буудалд хийв. Яагаад жирийн иргэн яваад очиж болох газар хийсэнгүй вэ. Нөгөө л хэлбэр хөөдөг, нөгөө л баярхаж томордог нь энэ байгууллагад ч гэсэн байна. Авилгал өссөн гээд тоон мэдээ харуулах юм. Энэ та нарын ажил юмуу.
-
Anonymous (June 11, 2012 9:18:21 am )
Та нарын авилгал яг хэд вэ? Авилгалчдыг илрүүлсэн хүн түүнээс 2 дахин илүүг авч байж хэргийг нь нуудаг байх гэж би бодож байна. Дутуудоржийн авилгалыг яагаад шалгахгүй байна.
-
Anonymous (June 11, 2012 9:18:43 am )
Танай албан хаагчид өөрсдөө хөрөнгө орлогын мэдүүлгээ олон нийтэд ил тавих хэрэгтэй. Үлгэр дууриал гэдэг утгаар. Түүнээс одоо бол та нар авилгалыг өөрсдөө цэцэглүүлж байна.
-
Anonymous (June 11, 2012 9:25:51 am )
oorsdiigoo horongo oplogoo ehneruuteigee hamt tabiacn
-
Anonymous (June 11, 2012 8:43:19 pm )
Яг үнэн жинхэнэ авилгал АТГазар өөрсдөө илүү их юм хийж буй тийм учраас өөрсдөө хөрөнгө орлогоороо шудрагаар мэдүүлэгээ өгөх хэрэгтэй тийм байж бусад хүмүүсийн эрхэнд халдвал арай шудрага юм бишүү
5 Comments