Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзориг 2011 оны ажлын тайландаа дүүрэгтээ 70 гаруй тэрбум төгрөгөөр бүтээн байгуулалт хийсэн гэжээ. Улсын төсвөөс хуваарилагдаж ирсэн энэ их мөнгөөр хийсэн ажлын талаар дүүргийн иргэд тун сэтгэл дундуур байгаа юм байна.
Тэдний мэдээлж байгаагаар Б.Батзоригийн 70 гаруй тэрбум төгрөгөөр хийсэн бүтээн байгуулалтын ажлуудаас хамгийн нүдэнд торох томоохон ажил нь АНУ-ын Цагаан ордныг санагдуулам, өөр аль ч дүүрэгт байхгүй дүүргийн Засаг даргын тамгын газрын байр, Сансар, Амгалангийн аюулгүйн тойрог дээрх том нохой, эвтэй дөрвөн амьтны хөшөө гэв. Дүүргийн Засаг дарга уг хөшөөнүүдийг тус бүр нэг тэрбум төгрөгөөр хийлгэсэн хэмээн ажлын тайландаа дурьджээ. Гэвч мэргэжлийн хүмүүсийн үзэж байгаагаар эдгээр хөшөөнүүдийг хамгийн үнэтэйдээ 200 сая төгрөгөөр бариулах боломжтой юм байна.
Таван өрхийн эмнэлэг, хоёр цэцэрлэг барих мөнгөөр нэг хөшөө барьжээ
Гэтэл улсын төсөвт шинэ өрхийн эмнэлэг барихад 200, цэцэрлэг 500-600 сая төгрөг шаардлагатай гэж үзэн суулгадаг юм байна. Эндээс харахад дээрх хөшөөнүүдийн нэгээр л гэхэд таван өрхийн эмнэлэг, хоёр хүүхдийн цэцэрлэгийн аль нэгийг барих боломжтой байжээ. Гэтэл үүний оронд Засаг дарга гурван эгнээ зам гарч очиж хүн сонирхох боломжтой хоёр том хөшөө барих сонголтыг хийжээ.
Дээрх аюулгүйн тойргуудад орж, хөшөөг үзэх хүсэлтэй хүмүүс гурван эгнээ машины зам туулах шаардлагатай болдог. Үүнийг дүүргийн иргэд барилгын компанитай хүн ийм байдлаар сонгуулийн мөнгөө угааж буй хэрэг биз хэмээн сэрдэж байгаагаа бидэнд илэрхийлж байлаа. Тэд өнөөдөр манай дүүргийн хувьд анхаарвал зохих нэн тэргүүний асуудал эмнэлэг, цэцэрлэг үү эсвэл хөшөө дурсгал уу хэмээн Засаг даргаасаа асуухыг хүсэж буйгаа биднээр дамжуулсан юм.
Баянзүрх дүүрэгт цэцэрлэгийн насны 20 гаруй мянган хүүхэд байдгаас 50 хувь нь сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж чаддаггүй
Нийслэлийн хамгийн их гэр хороолол, ядуурал ихтэй энэ дүүрэгт Монгол Улсын хүн амын 10 хувь амьдардаг том “айл”. Гэтэл өнгөрсөн онд Засаг дарга Б.Батзориг 2011 онд дүүрэгт зарцуулсан 70 гаруй тэрбум төгрөгнийхөө зах зухаас нь дүүрэгтэй нэг ч гэсэн орон сууцны хороолол эсвэл иргэдэд халуун, хүйтэн усыг нь ойртуулаад өгөх алхам хийсэн бол тэр нь иргэдийн амьдралд гоё хөшөөнөөс илүү наалдах байжээ. Эсвэл уг дүүрэгт амьдардаг цэцэрлэгийн насны 20 гаруй мянган хүүхдэд буян болох ажлыг хийх шаардлагатай байсан биз. Цэцэрлэгийн насны 20 гаруй мянган хүүхэд уг дүүрэгт амьдардагаас дүүргийн нутаг дэвсгэрт цэцэрлэг хүрэлцээгүйгээс 50 орчим хувь нь л сургуулийн өмнөх боловсрол эзэмшдэг юм байна.
Иргэддээ өгөөгүй газраа бүгдийг нь УИХ-ын гишүүн, компанийн захирлуудад зарсан байжээ
Мөн дүүргийн иргэдийн хамгийн их гомдоллож байсан нэг зүйл нь өнгөрсөн зун дүүргийн газар олголт хийгээгүй газарт УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил”, “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат нар зуслангийн байшин барьжээ. Тэднийг ийн буусан учир дүүргийн иргэд ч тухайн газарт бууж эхлэхэд, дүүргээс иргэдийг хүчээр хөөж, иргэд хуулийнханы дунд багагүй мөргөлдөөн үүсэхэд дүүргийн Засаг дарга Б.Батзориг тэр хэсэг газрыг иргэдэд өмчүүлэхийн оронд аль хэдийнэ худалдсан байсан тодорсон хэмээн иргэд бухимдан ярьж байлаа.
Иргэд нь бухимдаж жагсав
Иргэд эцэст нь бидэнд “Б.Батзориг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон. Гэвч Сонгинохайрхан дүүргийн энэ нөхөр манай дүүрэгт Засаг даргаар томилогдож ирсэн. Гэвч нөгөө хүн нь манай дүүргийг өөрийн УИХ-д дэвших талбар хэмээн харж, хийж байгаа үйлдэлүүд нь хэрээс хэтэрч байна. Манай дүүрэг 28 хороотойгоор үйл ажиллагаагаа явуулдаг. Эдгээр хороодын Засаг даргын ажлыг Б.Батзориг дүүргийн Засаг дарга болсноос хойш МАН-ын намын үүрийн дарга нар давхар хашдаг болсон.
Уг нь хуулиндаа Иргэдийн нийтийн хурлаар бид хорооны Засаг даргаа сонгодог эрх зүйн орчинтой. Гэтэл иргэдийн хурлаар сонгосон хүнийг Б.Батзориг өөрийнх нь нам, тэр тусмаа өөрт нь үйлчилдэг хүн биш бол батламжилдаггүй. Ийм байдлаар иргэдийн олонхийн саналаар дөрвөн удаа хороон даргаар сонгогдоод байхад нь хүртэл Дүүргийн Засаг дарга томилоогүй хүн хүртэл байгаа гэв.
Ийм байдалтайгаар Иргэдийн Үндсэн хуулиар олгосон эрхэд Б.Батзориг халдаад зогсохгүй Баянзүрх дүүрийн 7,9, 11, 15, 28 гэх мэт арван хороонд Хороон Засаг даргын үүрэг гүйцэтгэгч гэдэг огт хуулинд байдаггүй албан тушаал гаргаж, өөрийн хүмүүсээ томилсон.
Эдгээр хууль бус Хороон засаг дарга нь дөрвөн жилийн хугацаанд тухайн хорооны иргэдийг энэ нь МАН-ын дэмжигч өрх, энэ нь АН, ИЗН, НН, нөгөө хэсэг нь энэ дундын масс хэмээн иргэдийн бүртгэлийг гаргаж өгдөг болсон” хэмээн бидэнд мэдээлсэн юм. Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзориг таны дүүрэгтээ хийсэн 70 сая төгрөгийн бүтээн байгуулалт иргэдийн тав тухай амьдрал, нийгмийн хэрэгцээ шаардагыг хангахад чиглэсэн үү, эсвэл удахгүй болох 2012 оны сонгуулийн бэлтгэл ажилд зарцуулагдсан уу гэдэгт дүүргийн иргэд нь эргэлзэхэд хүрчээ. Мөн 2012-2016 оны парламент буюу Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагт суухаар мөрөөдөлдөө автан яваа та эцэг хуулиар иргэдэд олгогдсон эрхийг нь зөрчин байж, ямар зорилго тээж явна вэ.
С.Энхзаяа /www.shuud.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (June 11, 2012 8:59:30 am )
buu songo
-
Anonymous (June 11, 2012 9:02:27 am )
za za
-
Anonymous (June 11, 2012 9:12:27 am )
teneg gahai.hotiin hamgiin muu zamtai gazar bol bayanzurh duureg sh de humuusee bitgii songoooroi…
-
Anonymous (June 11, 2012 7:03:39 pm )
buu songo, shal hudlaa zaluushtee
-
Anonymous (June 11, 2012 7:50:26 pm )
haravaas muuhai tsarai yumnuud shuu.
5 Comments