Зүүн үү, баруун уу? Мэдэхгүй. Чухам аль зүг, чиг нь хаана байгаа юм бэ гэдэг нь тодорхойгүй болоод удаж байна. Гэхдээ байгаль, ертөнц дээрх зүг, чиг биш. Улс төр хэмээх гайхал төрүүлэхүйц энэ газарт л зүг, чиг нь тодорхойгүй болсон хэрэг. Мэдээж зүг, чиг байхгүй болохоор намуудыг тодорхойлох тун хэцүү. Гэхдээ одоо бүгдээрээ тодорхойлох гээд оролдоод үзье.
Монгол ардын нам. Зүүн төвийн социал демократ нам гэж өөрсдийгөө тодорхойлдог. Тиймээс нийгмийн ардчилал гэх тодорхойлолт гаргаж ирээд явж байгаа. Гэтэл халамжийн системийг гол бодлогоо болгоод, эхчүүдэд одон гардуулаад байгаа нь консерватив ч юм шиг. Хараат бус шүүхийн тогтолцоог төгөлдөршүүлэх, байгалийн баялгийг зөв хуваарилах, хөдөлмөрлөх болон сурч боловсрох эрхээр тэгш хангах зэрэг бодлогыг боловсруулаад байгааг нь харвал либерал нам ч юм шиг. Шашны уламжлалыг төгөлдөршүүлэх гэх бодлогыг нь хараад байхад гадны христийн намтай адил буддын нам ч юм шиг. Ингээд яваад байвал төөрөөд алга болох учраас ингэсгээд орхие.
Ардчилсан нам. Барууны чиг баримтлалтай, демократ нам. Гэтэл нь бодлого, хөтөлбөрийг нь харвал бас л төөрөөд алга болоод өгнө. Монгол хүн 2020 хөтөлбөрийг сонирхоё л доо. Хүн бүрийг тэгшитгэж хөгжүүлнэ гээд байгаа. Цалин нь тэр аяараа нэмэгдэж, орлоготой, сайхан амьдарна гэсэн бодлого. Гэтэл яг үнэндээ ардчилсан нийгмийн гол зорилго мөн үү гэдгийг санах хэрэгтэй болно. Хэрвээ тэгшитгэж баяжуулах гээд байгаа бол социализм, коммунизмтайгаа л адилхан болно шүү дээ. Мөн МАН-тай адилхан халамжийн системийг дэмжээд, цэцэглүүлээд байгааг нь харвал консерватив ч юм шиг. Ногоон ирээдүй, ногоон эдийн засаг, ногоон хөгжил гэж байгаль руугаа хандсан зүйлсийг дэмжээд байгааг нь харвал ногоон намын бодлого ч юм шиг.
Хоёр том намуудын хийж байгаа ажил, хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийг нь харвал ийм байна. Монголын бусад намуудын бодлого нь ч ийм байгаа учраас, хөндөлгүй орхие. Бид өмнө нь зүг чигийг нь тодорхойлоод байхааргүй улс төрийн асар хүчтэй машинд далан жил сууж явсан болохоор тэр цаг үед энэ талаар бодох ч хэрэг байсангүй. Харин улс төрийн нам нь тодорхой болох, түүгээрээ дамжуулан улс орноо хөгжүүлэх их хүсэл тээн 1990 оны гэж тодотгох ардчилсан хувьсгалыг хийсэн билээ. Харин улс төрийн намуудын зүг, чиг үзэл, баримтлал өнөө хэр нь тодорхой болсонгүй.
Ардчилсан намын зорилгыг бүгдээрээ сонирхъё. “Монголын үндэсний эрх ашгийг дээдлэн, хувь хүн, өрх гэрийн хөгжлийг эрхэмлэж, баялгийг бүтээгч, чинээлэг, эрх чөлөөт иргэдийн хариуцлагатай нийгмийг төлөвшүүлэх”. Гаднаас нь харвал их гоё зорилго л доо, уг нь. Гэхдээ төлөвшүүлэх гэдэг үгийг сайн анхаарах хэрэгтэй. Ардчилсан нийгэмд улс төрийн нам хөгжлийг төлөвшүүлдэггүй гэдгийг Ардчилсан намынхан мартчихаж. Уг нь ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн хүмүүс үүнийг мартах учиргүй л баймаар. Тэртээ тэргүй 70 гаруй жил нэг намаар үзэл суртлаа төлөвшүүлсэн болохоор тэд ч ингэж бодож байж болох юм.
Нам төвт үзэл салаагүйн гай нь энэ. Бүх намуудад ижилхэн харагдаж байгаа нэг доголдол нь батлахад анхаарлаа хандуулах явдал. Зөвхөн нэг өдөр л хэдэн мянгаар нь намын батлахаа баруун солгоогүй цацаж, дэмжигчдийнхээ тоог нэмж эхэллээ. Олон хүн элсүүлэх атлаа хэзээ ч тодорхой байгаагүй үзэл баримтлал, зүг, чигээ тодорхой болгосон нь үгүй.
Ардын намын зорилго, зорилт нь Ардчилсан намынхаас тэс ондоо. Нийгмийн бүх л эд, эсийг хөдөлгөх гэсэн санаа агуулан баахан зорилтыг дэвшүүлжээ. Бүх л зүйлийг намаас хамааралтай болгохын тулд ийм хөтөлбөр боловсруулсан ч байж болох юм. Бүтэн арав гаруй зүйл бүхий зорилт ажээ. Энэ тухай ярьвал бас л ижилхэн санаа агуулах учраас үүнийг ингээд орхие.
Нийгмийг төлөвшүүлэх, цогцлоох, бүтээх, бий болгох, хянах зэрэг үгс улс төрийн намуудын бодлого хөтөлбөрт тоть адил давтагдана. Уг нь ардчилсан нийгэм дэх улс төрийн намын оролцоо арай л өөр байдаг учиртай. Гишүүдийнхээ гаргасан бодлого, үзэл баримтлалын дагуу сонгуульд нэр дэвшигчээ дэвшүүлэн, улс төрийн өрсөлдөөнийг хийхэд л байдаг. Энэ ч утгаараа хөгжлийн үзэл баримтлалыг тусгай хорооны дагуу баталж залгамж чанарыг бий болгодгийг гадны улс төрийн хүчнүүд харуулна. Тиймээс ч хөгжил нь биднээс тасраад талийсан ч байж магадгүй.
Уг нь Үндсэн хуулиндаа олон намын тогтолцоотой гэж тусгасан ч олон нам нь өнөө хэр нь харагдахгүй л байна. МАН, АН гэх л хоёр улс төрийн хүчинтэй. Улс төрийн хүчинтэй гэж хуулиндаа тусгаагүй атлаа шүү дээ. УИХ-д ганц суудалтай Иргэний зориг нам, мөн адил ганц суудалтай байсан Ногоон намыг эс тооцвол өөр гуравдах хүчин үгүй. Одоо энэ хоёр нам нэгдэж нэг нам болсон учраас ирэх сонгуулиар яахыг нь харах л үлдлээ.
Нэгэнт улс төрийн намууд тэр гэхийн тэмдэггүй болсон учраас бид сайн, сайхан зүйлийг хүлээгээд нэмэргүй. Уг нь бид их хүлээсэн. Энэ хооронд их зүйл өөрчлөгдсөн. Ажилгүйдэл 43 хувьд хүрсэн. Төрийн албанд ажиллагсдын тоо 62 мянгаар нэмэгдсэн, инфляцийн хэмжээ 14 гаруй хувьд хүрсэн, махны үнэ 9500 төгрөгт хүрсэн. Авлигын индексээрээ автократ улс гүрнүүдтэй эн зэрэгцэх болсон. Сонгууль бульхайтай болж, үр дүнд нь таван хүн нас барсан. Хүлээлт нэг иймэрхүү үргэлжилж байна. Гялайлгах ганц мэдээ байгаа нь эдийн засгийн өсөлт 17 гаруйд хүрч дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа. Энэ үед аль нь мэдэгдэхгүй намуудтай байвал ямар үр дүнд хүрэх талаар бодоод ч хэрэггүй. Одоо бидэнд нэн даруй зүг, чиг, үзэл баримтлалыг хайж олох л үлдсэн. Гэхдээ ард иргэд дангаараа хайгаад олдохгүй. Үүнийг намууд нь л хайх учиртай сан.
Зүүн нь зүүнээрээ, баруу нь баруунаа байх тэр үед хурдан ирэх болтугай.
Б.БОЛОРСҮХ
Холбоотой мэдээ
Comments are closed.