Төрөөс төрсөн тэрбумтнуудын талаар сүүлийн үед нэлээдгүй сонин хэвлэлээр шуугиж байна. Тэдний дотор нам бараадсан томоохон агентлагийн газрын дарга нар багтаж байгаа нь хэнд ч нууц биш. Өнгөрөгч хавар Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газрын байцаагч (Засгийн газрын шахалтаар) шатахууны үнийг бирдийн шуналаар хөөрөгдсөн компаниудад 17.2 тэрбум төгрөгийн нөхөн торгууль ногдуулсан билээ. Гэтэл энэхүү торгуулийг ШБӨХЗГ хэрэгсэхгүй болгов. Яагаад? гэдэг нь оньсого. Эргэцүүлэн сэрдвэл ШБӨХЗГ-ын шинэ дарга Б.Лхагва, ТЕГ-ын дарга Б.Баттөмөр нар үүнтэй ямар нэг байдлаар холбогдож байна. Наад зах нь Б.Бөттөмөр даргатай зиндаа тэнцэх адилхан агентлагийн ноёд дотор түүнээс бага цалин, орлоготойг дурдвал МХЕГ-ын дарга Р.Содхүү, ШБӨХЗГ-ын дарга Б.Лхагва, ТЕГ-ын дарга Р.Болд гээд тоочиж болох юм. Гэтэл түүний гэр бүлийн өнгөрсөн онд олсон ашиг, орлого нь бараг 1 тэрбум буюу 961 сая 157 мянга 700 төгрөг ажээ. Татварын ерөнхий газрын дарга Б.Баттөмөр 10 орчим компанийн хувьцаа эзэмшигч, “Дархан аварга”, “Тод манлай уяач” нэгэн болж таарав. Өнөө жилийн “Топ-150” аж ахуйн нэгжийн тоонд түүнд эзэмшигддэг “Ойн бирж”, “Тэс петролеум” хэмээх хоёр компани багтсан агаад Монгол улсын ерөнхий татварчин гуай “Тэс петролеум”, “Ойн бирж” ХХК хоёрын 100 хувь, “Мондем” ХХК 80 хувь, “Жэй Эм Ойл” ба “Сэлэнгэ петрол” ХХК-ийн тус бүр 50 хувийг нь эзэмшдэг аж. Дээрээс нь “Багануур”, “Монгол нэхмэл”, “Монгол эд импекс”, “Өндөрхаан”, “Адуунчулуун” зэрэг компанийн 5-10500 ширхэг хувьцааг атгаж байдаг юм. Цагтаа түүнийг ГЕГ-ын дарга байсныг хүмүүс санадаг байх. Монгол орон бол бензин, дизелиэр Оросоос хараат орон. Ноён Б.Баттөмөр үүнийг гаальд байхын ухаарч “Тэс петролеум” гэдэг импортын компани байгуулсан гэдэг. Ойл, петрол энэ тэр гэсэн англи үгнээс нь бодвол түүний эзэмшдэг “Жей Эм Ойл” бас “Сэлэнгэ петрол” компани нь бас шатахуун худалдаалдаг газар болох нь тодорхой. Уг нь орчин үед улс төрчид бүү хэл эдийн засагчид төр биш иргэн нь баян байх ёстой гэцгээх болсон. Тэгвэл түүнийг хэрэгжүүлж буй хүний нэг нь ТЕГ-ын дарга ноён Б.Баттөмөр бололтой. Түүний мэдүүлснээр жилдээ нэг тэрбум төгрөгийн орлоготой, олон компанитай мөртлөө энэ эрхэм хувьдаа унаагүй, улсын машин унадаг аж. Бодвол төрд зүтгэсэн юм чинь төрийн тэргийг хэрэглэнэ гэсэн байх. Энэ хавар бензин импортлогч Монголын арваад компани хоорондоо үгсээд нэг л өдөр шатахууны үнийг тэнгэрт гартал хөөрөгдсөн. Түүн дунд “Тэс петролеум” давхиж л явсан. Тэгээд тэдэнд 17 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан билээ. Гэтэл саяхан тэр торгуулийг хэрэгсэхгүй болгов. Үүнд бухимдсан Монголын Үйлдвэрчний холбооны удирдагч С.Ганбаатар жагсаал цуглаан хийнэ, өлсгөлөн зарлана, ажил хаяна гэж мэдэгдэв. “Фэнг-шүй” Ганбаа гэж цуурайтсан тэр иргэний хөдөлгөөний зүтгэлтэн хоосон муйхарлаагүй байж таарна. Яагаад гэвэл С.Ганбаатар Ерөнхийлөгч бас л Б.Баттөмөр шиг эдийн засагч мэргэжилтэй. Шатахууны компаниуд улсад олон саяын татвар төлдгөөрөө алдартай бөгөөд үүнийг нь хөдөөний саальчин охин, хоньчин хөвүүн ч андахгүй. Гагцхүү яагаад 17 тэрбум төгрөгийн торгуулийг яагаад хэрэгсэхгүй болгов гэдэг сонирхол татнам. Үүнд “Тэс петролеум”-ын эзэн Б.Баттөмөрийн оролцоо байсан гэж хардах нь зүйн хэрэг. Шатахуун импортлогчид “Бид 17 тэрбумын торгууль төлөх болвол дампуурахад хүрнэ” гэжээ. Мэдээж түүнд Б.Баттөмөр дарга бас санаа зовох эрхтэй. Яагаад гэвэл түүний компани бас тэр их төлбөрөөс төлөлцөх учиртай байв. Чухам яагаад 17 тэрбумын торгууль хэрэгсэхгүй болсныг ТЕГ-ын даргаас өөрөөс нь асуух хэрэгтэй. Нэг юм хэлэх нь даамжиггүй.
Х.Балт /www.wikimon/
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Холбоотой мэдээ
Comments are closed.