МҮХАҮТ-аас зарладаг “Топ 100” аж ахуйн нэгж, УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшигчдийн жагсаалт өмнө минь байна.
Эхний 20-д багтсан аж ахуйн нэгжийн эздийн 70 хувь нь сонгуульд нэрээ дэвшүүлжээ. Телевиз асаахад чуулганы танхимд мэтгэлцэнхэн сууж байдаг эрхмүүдийн тодорхой хэсэг нь томоохон аж ахуйн нэгжүүдийн эзэд байсаар ирсэн. Гэхдээ энэ удаагийн парламентад дэндүү олуулаа орж ирж магадгүй нь. Монголын эдийн засгийг хэрхэхийг шийдэж байдаг эрхмүүд өмнө нь УИХ, Засгийн газарт төлөөллөө оруулдаг байсан нь гарцаагүй. Өөрсдөө хөшигний цаана байсан гэсэн үг. Бас ичих булчирхай нь бага ч гэсэн ажилладаг байжээ гэж тайлбарлаж ч болох юм. Гэтэл энэ удаа өөрсдөө нэр дэвшихээр шийдэцгээсэн байна. “Ичих булчирхай” нь ажиллахаа больж, баячууд олигархи болохоор улайрчээ.
Монголчуудын дунд “Бизнесмэнүүд улс төрд орж ирэх нь сайн. Хоосон ядуу хүн гаргаад ирвэл эхлээд өөрийгөө хөрөнгөжүүлэх арга сүвэгчилнэ. Бизнесмэн хүн бол тэртэй тэргүй мөнгөтэй учраас төсвийн хөрөнгөнөөс хумслахгүй” гэсэн ойлголт байв даа. Төсөв ядуухан байх үед байсан ойлголт. Тэр үед монголчуудын ихэнх нь “Төрийн төлөө боож үхдэг оготно” шиг аашилж байсан байгаа юм. Бизнесмэнүүд нь ч оодорчихсон “Биеэ засаад гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас” гэх мэтийн бэлэн цэцэн үгс урсгаж байгаад сонгогддог байв. “Шуналыг шийдэж хэзээ ч чадахгүй, жирийн төрийн албан хаагч хүнийг сонгочих” гэж хэлсэн хүн дээд зэргийн тэнэгт тооцогдож байлаа, тэр үед. Нэг ёсондоо бид өөрсдөө олигархиудыг төрүүлсэн хэрэг шүү дээ. Тэд нь эхлээд бидний хүзүүн дээр, дараа нь толгой дээр гарч суугаад ядуу хүний “толгой хүрэхгүй” бодлого бодуулан, төрийн эрхэнд сууж байна.
Тэр бодлогын нэг нь Тавантолгойн 1072 хувьцаа. “1072 хувьцаа 1 ширхэг байж болно, тэглээ гээд үнэ цэнэ нь алдагдахгүй, харин ч өсөх боломжтой” гэдгийг ухаантай хүн ойлгоно. Гэтэл 1072 болгоод толгой угаачихаж байгаа юм. “Задгай 100 төгрөгийг бүхэл 500 төгрөгөөс илүүд үздэг” хүмүүс олон байгааг овжин ашиглаж байгаа нь тэр. Хэрвээ “Эрдэнэс Тавантолгой” 14 тэрбум биш, 14 сая ширхэг хувьцаа гаргаад, бүх иргэддээ нэг, нэг ширхэг хувьцаа тараана” гэсэн бол бослого гарах байсан нь гарцаагүй. Ийм л юмаар хуурчихаад байгаа хүмүүс дээ. Хууртагдаагүй байсан ч саналыг нь хүчингүйд тооцчихно. Амьжиргааны дундаж төвшний боломжийн боловсролтой улсуудаар санал өгүүлэх ер нь л дургүй шүү. Бүртгэл дээр ажиллахыг бодно. Харин нэн ядуу хэсэг бүлэг хүмүүсийг нь бол гэрээс нь машинаар зөөж авчирна. Ингэмэгц санал өгөх байрны үүдэнд хорооны дарга нь сууж байна. Хүн, хүнтэй гар бариад л янзтай даа. 2008 оны сонгуулийн үеэр Сонгинохайрхан дүүргийн хэд, хэдэн хэсгийн хорооны үүдэнд “Хороон даргыг зайлуулаач” гэсэн маргаан гарч, гар зөрүүлэхдээ хүрч байж билээ. Энэ нь тун ч чухал санаачлага байсан ч ядуучууд нь даргыгаа өмөөрч байсан юм. Учир нь тэд хэнээс бага, сага гурил, будаа авдгаа сайн мэдэж байгаа шүү дээ. Дээрээс нь манайхан өрөвч ард түмэн. Ингээд сөрөг хүчний хэсэг нөхдийн зүй ёсны шаардлага ядууст даргаа өрөвдөх сэтгэл төрүүлж, саналыг нь өөрсдөөсөө улам ч бултуулчихаж байгаа юм.
Ийм маягаар сонгуульдсаар бид өнөөгийн “аалзны тор”-д хүлэгджээ. Гэхдээ аз болоход бид өнөөдөр дахиад сонгууль өгөх гэж байгаа юм даа. Төр бизнесийг холбосон аалзны торны хэсэг бусгийг нь ч гэсэн тасдах боломж гарч байна. Хэрвээ ингэхгүй бол бид ирэх дөрвөн жилд улам л ядуурах болно. Хүн байхгүй юмаа сонгодог гэж нэг үг бий. Баян хүн баян хүнийг сонгодоггүй. Харин ядуу хүн л баян хүнийг сонгодог.
Энэ сарын 1-ээс эхлэн Ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлж байгаа билээ. Уг нэр нь нэлээд урт учир иргэд өмнө нь гараад амжилтгүй хэрэгжсэн “урт нэртэй хууль”-тай адилтгах вий гэсэндээ зайлсхийв. Энэ хууль хэрэгжсэнээр эрх мэдлээ урвуулан ашиглах, төсвийн мөнгөнөөс хумслах, тендер будлиулах явдал үгүй болно гээд байгаа. Гэтэл хүн өөрийгөө үхтэл зодож чаддаг бил үү. Түүн шиг, олигархи өөрийгөө шоронд хийх үү. Хэзээ ч чадахгүй. “Хэзээ ч гэж хэзээ ч битгий хэлж бай” гэж үг байдаг. Гэсэн ч хэзээ ч чадахгүй. Бөхчүүд үүнийг аль эрт баталчихсан. Найрааг устгана гэсэн кампанит ажил явагдаж эхэлсний дараа цолтнууд хамаатан саднуудаа зөрж амлах болсон. Үүний адилаар хоёр олигархи тохиролцоод бие биедээ тендер авч өгөөд байх бүрэн боломжтой. Тиймээс энэ олигархиудаас л салмаар байна. Сонголт бидний гарт байна. Сонгохгүй байснаараа бид тэднийг хохироож байгаа юм биш шүү дээ. Бизнесээ тайван хийх боломжийг нь л олгож байгаа хэрэг юм.
Х.БАТСАЙХАН
MMinfo.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.