Манай сонины өчигдрийн дугаарт УИХ-ын гишүүн О.Чулуунбатын “Зоос” банкны хадгаламж эзэмшигчдэд туслах байтал
төр хувийн компанид дэмжлэг үзүүлсэн” гарчигтай ярилцлага нийтлэгдсэн билээ. Харин өнөөдөр мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс Олон-Овоотыг тойрсон асуудлын талаарх ирүүлсэн нийтлэлийг нэмж засварлалгүй хүргэж байна.
Олон-Овоотын алтны орд гэж ойгүй их баялагтай, олон улсад дуудлагаар худалдахад манай улсын жилийн төсвийн багагүй хувийг өлхөн даахаар үнэ хүрэх бололтой юм уу даа. Сүүлийн үед Төрийн ордон хавиар иймэрхүү л яриа өрнөж, тоонд муу хэсэг нь зуун сая доллар гэдэг чинь хэдэн тэрбум болох билээ, ардаа хэдэн тэгтэй билээ гэсхийн гэлжийнэ. Бараг бүгд л Өмнөговьд буй тэр их алттай ордыг зарж, борлуулах аянд сэтгэлээрээ мордсон бололтой.
Тэдэнд төдийгүй нийгэмд ийм сэтгэл зүйг бүрдүүлж, бүгд нэг зүгт ярсхийтэл харахаар болгосон “гавьяатан” нь УИХ-ын эрхэм гишүүн О.Чулуунбат. Тэрбээр Монголд банкууд гэнэтхэн дампуурч, баахан хадгаламж эзэмшигч, харилцагчийг хоосолж, модыг нь бариулсан хэргийн араас санаачилгаараа, сайн дураараа хөөцөлдөж, УИХ-ын Ажлын хэсэг байгуулаад өөрөө ахлан үзэж тарав. Эцэст нь төр дээрэмчин гэдгийг тогтоожээ. Дээрэм хийхдээ “Жаст” гэх хувийн компанид найр тавьснаас болоод “Анод”, “Зоос” банк үүдээ барьж, эздийг нь шоронд илгээсэн юм байх. Үүнийг нь сонссон хүмүүс “Монголын банкны салбарыг тэргүүлж байсан хүн мэдэлгүй яах вэ дээ, үнэн байж таарна” хэмээн ойлгоно гэдгийг О.Чулуунбат мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Тэрбээр угаасаа асуудлыг төр, олонд түмэнд бус өөртөө ашигтайгаар эргүүлэх ажилд гаршсан нэгэн.
Энэ тухай зах зухаас нь ойлгож болохоор баримттай нь улстөр судлаач Д.Ганхуяг “Хувалз” цуврал нийтлэлдээ бичиж байсан. Хэсгээс нь танд сонирхуулъя. “Монголчууд өмч хувьчлал гэх нэг сайхан зүйл рүү үхэн хатан тэмцэж байсан үе. Бүгдээрээ мөнгөгүй байсан монголчууд банкнаас л мөнгө олохгүй бол өөр хаанаас ч олох аргагүй байсан бөгөөд үүнийг О.Чулуунбат овжин ашиглаж эхлэв. Тэрбээр сүүлдээ ажлаасаа гарч хувийн компаниудад зээл авч өгөх ажлыг дагнан хийж мэргэшив. Зэрэгцүүлээд гэмт хэргийн бүлэглэлүүдтэй дотно холбоо тогтоов.
Дашрамд дурдахад МАХН-ын номенклатур анги нь нам-үзэл суртлын болон эдийн засаг-аж ахуйн гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрдэж байв. Нам-үзэл суртлын хэсэг нь Ардчилсан хүчний хамаг цохилтыг үүрэн ардчилал энэ, тэр гэж давхиж явахад нөгөө аж ахуй-эдийн засгийн хэсэг нь өмч хувьчлалыг банк дээрэмдэх ажлаас эхлүүлж, аль хэдийнэ хулгай хийгээд эхэлчихсэн байсан юм. О.Чулуунбатын оролцоотойгоор зарим томоохон объектуудыг үнэгүй шахам тарааж, энэ нь сүүлдээ бөөн хэл ам таталсан билээ.
Швейцарийн Базель хотноо байдаг Олон улсын хөгжлийн банкны мэдээгээр манай улс 1990 оны гуравдугаар сард ямар ч зээлгүй байсан. Гэтэл зургадугаар сард 58 сая, есдүгээр сард 100 сая, 12 дугаар сар гэхэд 62 сая долларын зээлтэй болчихжээ.
Үүнтэй зэрэгцээд хэсэг хүн дилер тоглож, улсын 80 сая долларыг тавьж туучихаад барьцаанд нь улсын 4,0 тонн алтыг гадаадад гаргачихсан томоохон хэрэг босч ирэв. Хачирхалтай нь энэ мэдээллийг О.Чулуунбат хүчний байгууллагад анхлан өгсөн байдаг юм. Энэ асуудлаар 1991 оны 10 дугаар сард Засгийн газрын нэгэн хаалттай хуралдаан болжээ. Зарим сайд “Цаашид ажиллах ёс суртахууны эрх бидэнд байхгүй, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох нь зүйтэй” гэсэн санал хүртэл гаргажээ. Улмаар Ерөнхий сайд Д.Бямбасүрэн ч үүнийг зөвшөөрч, эл асуудлыг Ерөнхийлөгч П.Очирбатад танилцуулахаар тогтсон байна.
Мөн Улсын сангийн нөөц, арбитражийн гүйлгээний талаарх Засгийн газрын шалгалтын комисс байгуулж, даргаар нь тэр үеийн Сангийн сайд А.Базархүүг томилон шалгуулжээ. Энэ шалгалтын дүн эдүгээ мөнөөх улигт төрийн нууц гэгчид орсон бөгөөд тухайн үед А.Базархүү дараах тоо баримтыг хэлсэн байдаг. Үүнд:
-Дилерт 80 сая
-Банкны конторын засварт 3.0 сая
-Биржийн төвд 3,6-3,7 сая
-Германд урьдчилгаанд 4.0 сая
-Бүгд нийлээд 90 гаруй сая доллар оргүй алдсаныг тогтоожээ.
Энэ нь тухайн үеийн төгрөгийн албан ханшаар 3,6 тэрбум ( тэр үед нэг доллар 40 төгрөг болж байв. Д.Г.). Тэр үеийн хар захын ханшаар 9.0 тэрбум төгрөг болсныг тооцож гаргасан байдаг.
Энэ бол Монгол Улсын түүхэнд анх удаа гарсан хамгийн том луйвар, дээрэм байсан юм. Чухам энэ үеэс Монголд хариуцлага хүлээдэг хүн байхгүй болж, эдийн засгийн хачиг бий болж эхэлсэн юм.
Дээр дурдсан тоо болгон учиртай, тус бүртээ томоохон гэмт хэргүүдийг илчилдэг. Жишээлбэл, Германы урьдчилгаанд төлсөн 4.0 сая доллар гэдэг тоо өнөөдөр маш даруухан сонсогдож болох. Тэр үед О.Чулуунбат тэргүүтэй зарим нөхөр 50 сая долларын зээл авахаар Германы хэн ч үл мэдэх компанитай тохирчээ. Тэд нь барьцаанд урьдчилгаа 4.0 сая доллар төлчих гэсэн байна. Үүнийг О.Чулуунбат идэвхийлэн дэмжиж, мөнгөө шилжүүлчихэж. Гэтэл нөгөөх 50 сая нь орж ирдэггүй. Нэгэнт хэрэг бишдсэнийг мэдэж, лавлатал нөгөөх нь хуурамч буюу фиктив байгууллага байсан аж. Ингээд л 4.0 сая доллар оргүй алга болох жишээтэй. Энэ асуудлыг шалгасан, хөөцөлдсөн, шийдсэн газар өнөө болтол байхгүй болохоор О.Чулуунбат санаатай зохион байгуулсан нь нотлогдож байна. Банкны хашир “бурхинууд” үүнийг нотолдог. Хожим нь Ерөнхий сайд Н.Энхбаярын албан ёсны айлчлалын бэлтгэлийг урьдчилан хангуулахаар О.Чулуунбат Германд очиж дээрх асуудлыг айлчлалын үеэр дуусгавар болгожээ.
Дилер тоглосон болон банк санхүүгийн энэ их будлианд оролцогчдын нэрс тухайн үедээ бүрэн гараагүй юм. Үүний ихэнхийг О.Чулуунбат хийсэн, үгүй ядахдаа тэднийг зохион байгуулж өөрөө сугарч хоцорсон нь олон баримтаар нотлогддог. Яг энэ үг өгүүлбэр бүхий баримтат нийтлэлийг интернэтээс одоо ч уншиж болно.
О.Чулуунбат гэж банкир өдгөө гэнэт арилжааны банкуудад санаа зовоод эхэлсний цаад учир ч мөн л дээрхтэй адил асуудлаас үүдэлтэй. Тэрбээр лиценз байна, зээл авмаар байна гэсэн “Монгол газар”-ын Ц.Мянганбаярт зуучилж “Голдман сакс” нэртэй Америкийн бил үү, Сингапурын ч бил үү компаниас 30 сая ам.доллар авч өгч. Уг нь Ц.Мянганбаярт тэр үед 100 сая “ногоон” хэрэгтэй байсан гэдэг. Гэвч өнөөх нөөц нь бараг 100 тонн гээд байгаа Олон-Овоотыг нь судлаад “Голдман сакс” ердөө 30 саяыг л өгсөн. Эндээс нь “Монгол газар”-ын дансанд 27 сая нь орсон. Үлдсэн нь зуучлагчийн хөлс. Олон улсад хамгийн өндөрт тооцогдох 10 хувиар тооцож зуучлалын хөлсөө авсан гэдэг. Тэр үед олон хүн О.Чулуунбатад атаархаж байсан байх. Ганц нэг уулзалт хийгээд л зээл зуучилсан нэрээр бөөн бөөн мөнгө халаасалчихаад сууж байдаг хүнд ажил хийж зовлогоо зовоох хэрэг юу байна хэмээн ойр дотныхон нь өөр зуураа хөөрөлдөж байсан гэдэг. Гэвч тэр зүтгэсээр байгаад УИХ-д орсон. Энэ нь ч учиртай байж. Эрх мэдэлгүй бол хичнээн мөнгө хийгээд нөгөөх нь элс рүү асгасан ус адил алга болж буйд л хамаг учир байсан биз. Тэгээд ч “Монгол газар” өрөнд баригдаж, Олон-Овоотоор барьцаалж зуучилсан зээлийн хэрэг босч ирнэ гэдгийг мэдэж байсан учир эрх мэдэл, нэр хүнд гэдэг хамгаалалтыг өөртөө авахыг чухалчилсан биз.
Түүнээс гадна “Анод”, “Зоос” банкнаас асар их хэмжээний зээл авах, барьцааг нь байн байн суллуулж нааш цааш шилжүүлэх ажлыг мөнгө арвинтай баргийн аавын хүү хийдэггүй гэдэг. Банкууд нь өчнөөн тэрбумын зээлийн барьцаанд авсан лицензүүдийг тэнэг юм шиг суллачихдаггүй л байлтай. Тэгэхээр энэ хоёр банкны муу зээлийн барьцаанд байсан лицензүүдийг гэнэт суллуулж, гадны компанид өгсөн эзэн нь өнөөдөр иинхүү хашгираад байгаа эксээс өөр хэн байх билээ. Ер нь лицензийг суллаж, хууль журмаа зөрчин гадны компанид барьцаалуулах ажлыг хэн гардан хийсэн болж таарах вэ? Шалгана, нягтална, бөөн ажил болж байж хүссэнийх нь талд өгвөл их болдог системтэй Монгол шиг улсад эрх мэдэлтний нөлөө гэж ямар ч мөнгөөр орлуулшгүй хүчтэй зэвсэг байдаг. Тиймээс “Монгол газар”-ын банк дампууруулсан хэргийн эзнийг өөр хаанаас ч биш ердөө л парламент дотроос хайх ёстой гэж учир мэдэх улсын яриад байгаа нь үнэн бололтой. Мөн Хулгайч л “Хулгайчийг бариарай” гэж бусдаас чангаар орилж чадна гэдгийг ч О.Чулуунбатын босгосон энэ хэрэг баталж буй юм биш байгаа даа.
SHARSONIN
Холбоотой мэдээ
Comments are closed.