Ердөө хэдхэн хоногийн өмнө арай өөр байдлаар яригдаж байсан нэр дэвшигчдийн хуваарилалт цаг дээрээ тулангуут
эрс өөрөөр эргэж, олон хүнийг гонсойлгожээ. Ялангуяа АН-ын залуучууд, эмэгтэйчүүд, мөнгө багатай улс төрчид уур бухимдал дүүрэн ҮЗХ-ны хурлаас гарсан байна. Зарим нэгэн тойрогт нэр дэвших нь бараг л хагас сарын өмнөөс тодорхой болж, хөдөө хотгүй давхилдан мөнгө үрж эхэлсэн хэд хэдэн гишүүн энэ хурлын хуйвалдаанаас тойроггүй хоцорсноос нүүрээ хийх газаргүй болсон байна.
Хөвсгөлөөс жийгдэн, Ц.Оюунгэрэлд тойргоо алдсан Л.Гүндалай 28-ын жагсаалтад тийм ч дээгүүр орж чадаагүй. МҮОНТВ-ийн Ц.Оюундарьд тойргоо алдсан Говь-Алтайн Б.Ариунсан намын жагсаалтын 26 дугаарт бичигдэн улс төрийн карьераа эцэслэхээс аргагүй болсон. Баянголд нэр дэвшинэ хэмээн С.Эрдэнийг даган дөрвөн жил давхисан С.Оюунтуяаг уг жагсаалтын 18-р байраар хуурч дөнгөсөн. “Монос”-ын Л.Эрдэнэчимэг мөн л тойргоо алдаж, 28-ын жагсаалтын сүүлээсээ зургадугаарт жагсан ихэд бухимджээ. Үүнээс гадна АН эмэгтэйчүүддээ нуруугаа харуулан хатуурхав. “Пропорционалийн” гэгдээд байгаа 28-ын 15-аас хойш хүчээр шахам хэдэн эмэгтэй “чихэж”, нүглийн нүдийг гурилаар хуурав гэгч болжээ.
Энэ мэтээр нэр дэвшүүлэх авцад АН-ын хар бор ажилд харамгүй зүтгэж явсан олон хүн тэрбумтнуудад орон зайгаа алдан хоосон хоцорсон нь ихээхэн бухимдал үүсгэсэн байна. Тиймээс ч хагарч бутран, нэр дэвшигчдийн эгнээнээс хаягдсан шарандаа намынхаа эсрэг ажиллаж болзошгүй байдал үүссэн аж. Тэдний гомдлыг тайлахын тулд Спорт цогцолборт урлаг соёлынхны оролцуулсан шоу зохион, тэндээсээ гараад бүгд бүлэг фракцаараа нийлэн багагүй доргих ажиллагааг тэрбумтнуудынхаа мөнгөнд дулдуйдан АН-ын удирдлагууд зохион байгуулжээ. Түүнд нь МУГЖ Д.Сосорбарам хандив байдлаар урлагийнхныг авчран оролцуулсан сурагтай. Сонгуулийн тухай хуульд урлагийн тоглолт, шоуг эрс хориглосон заалт бий. Гэвч АН-ынхан ийнхүү хэдхэн сарын өмнө өөрсдөө гар өргөн баталсан хуулиа зөрчиж, шоу эхлүүллээ. Харамсалтай нь эл шоу үр дүнгээ өгсөнгүй. Төдийлөн хүн цуглаагүй, үзэгчдийн суудал хоосон голдуу байсан бөгөөд, тунирхаж, гомдоллосон гишүүд нь очоогүй сурагтай. Тиймээс намынхаа тойроггүй үлдсэн, хаягдсан гишүүдэд тал засах гэсэн АН-ын удирдлагуудын оролдлого талаар өнгөрч, сэтгэл дундуур гарцгаасан аж.
Нэр дэвшүүлэх явцаас шалтгаалан АН-д бас нэгэн хагарал нэмэгджээ. Тэр нь тус намынхан мөнгөөр хүч түрэн орж ирсэн тэрбумтнууддаа дургүйцэх хандлагыг илэрхийлэх болсон байна. Ингэснээр фракцуудын хагарлаа хямгадаж чадахгүй байгаа АН тэрбумтнууд ба улс төрчид гэсэн хоёр фронтоор задарч, хоорондоо дуу муутай байх болсон мэдээ бий. Мөнгөтэй хүмүүсийн сонгуулийн сурталчилгаанд явахгүй гэж АН-ын сайд байсан зарим туршлагатай улс төрчид эсэргүүцлээ илэрхийлжээ. Ийнхүү АН-ын сонгуулийн сурталчилгаа анхнаасаа л эв түнжин муутай, хувь хувиа хичээсэн байдалтай эхлэв. Энэ нь ч аргагүй. Хэний фракц дараагийн парламентад олон суудал авна, тэр бүлэглэл АН-ын удирдлагыг гартаа авах болохоор тэд ийнхүү дотооддоо хөрчил ихтэй, өрсөлдөөн, хар хор ширүүн байна.
Н.Бямба
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 30, 2012 11:18:41 am )
АН УГААСАА ЯЛАЛТ БАЙГУУЛЖ ЧАДАХГҮЙ ТА НАР ШИГ УЛСАА ХУДАЛДДАГ ХООРОНДОО АЛБАН ТУШААЛИЙН ТӨЛӨӨ БАЙНГА ТЭМЦЭЛДДЭГ ХҮМҮҮСИЙГ ХЭН ДЭМЖИХИЙН НОХОЙС Ч ДОР АМЬТАД ЗАЙЛЦГАА
-
Anonymous (May 30, 2012 1:11:46 pm )
1 terbumaar bish 10 terbum gdg ch yum uu tegvel iluu surtei har PR boloh blaa
-
Anonymous (June 01, 2012 4:39:16 pm )
Sur muutai PR baina aa, PR-chin mini!!!
3 Comments