БНСУ-ын шударга бус өрсөлдөөнийг хянах хорооноос өөрийн “Корейн Эйр”, манай МИАТ компаниудад ихээхэн хэмжээний мөнгөн торгууль тавихаар ярьж байгаа аж. Торгууль тавих болсон шалтгаан гэвээс Улаанбаатар-Инчон-Улаанбаатар чиглэлийн нислэгийн монополь байдалд дүгнэлт хийснээс үүдсэн гэнэ. Сүүлийн арван гурван жил Улаанбаатар-Инчон-Улаанбаатар чиглэлийн нислэгийг “Корейн Эйр”, МИАТ компаниуд дангаар хариуцаж ирсэн байна.
“Жигмэд Тогмид хоёр”-ын сагс гэдэг шиг “Корейн Эйр” нь том онгоцтой, МИАТ компани жижиг онгоцтой. Жижиг онгоцтой МИАТ компани нислэгийн тоогоо нэмэгдүүлэх талаар маргаан үүсгэдэг ч төдхөн намждаг байсан гэнэ. Хятадын Гуанжоу, Хонконг руу, Улаанбаатараас Инчон хүртэлх зам, цаг хугацаа яг ижилхэн. Тэгсэн хэрнээ харилцан адилгүй хөлс төлдөг бөгөөд монголчууд нэг талдаа 320.028 вон төлдөг. Харин бусад орнуудын авиа компаниуд ийм хэмжээний зам, цагийг 274.443 вон төлж зорчуулдаг байх юм.
Энэ хоёр компани ижил төстэй байгууллагад боломж олгож байсангүй. Хэд хэдэн авиа компаниуд нислэгийн үйлчилгээ хийх хүсэлт тавьж байсан ч Монгол Улсын Засгийн газар хүлээн авч байсангүй. Хамгийн гайхалтай нь “Корейн Эйр” компани анх МИАТ-д хуучин В727 онгоц бэлэглэж байсан аж.
Тэгээд нэр бүхий албан тушаалтнуудыг “Корейн Эйр” компанийн мөнгөөр Чежү аралд амраах, зочид буудал, бэлэг сэлт, хүүхдийнх нь сургуулийн төлбөрийг төлөх зэргээр авлигадсан мэдээ байгаа юм. 2010 оноос эхлэн Солонгосын шударга бус өрсөлдөөнийг хянах хорооноос энэхүү хэргийг шалгаж эхэлсэн байна. 290 мянган иргэн “Корейн Эйр” компаниар үйлчлүүлэхдээ тус бүр 40 гаруй мянган вон илүү төлсөн. Хэдэн зуун тэрбумаар тоологдох энэхүү мөнгөө Монгол Улсын Засгийн газрын гишүүд, МИАТ-ийн албан тушаалтнуудын авлигад өгсөн гэх мэдээлэл Солонгосын хэвлэлүүдэд гараад эхэлжээ.
Т.ЦОГТ-ЭРДЭНЭ
medee.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.