Өнөөдөр “75 сая жилийн өмнө амьдарч байсан Тиранозаврын Батаар хэмээх нэртэй бараг бүтэн араг яс нэг сая гаруй
ам.доллараар зарагдсан” гэдэг мэдээллийг манай mminfo.mn вэб сайт хамгийн түрүүнд хүргэснээр уг асуудал олны анхаарлын төвд орлоо. Уг мэдээллийн дагуу БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр 13:00 цагт “Тиранозаурус Батаар зарагдаагүй. Одоо бид энэ олдвор Монголоос гарсан эсвэл хууль бусаар гаргасан гэдгийг нотлох хэрэгтэй. Харин бид 10 хоногт багтааж нотлох ёстой. Ажил ид үргэлжилж байна” гэсэн. Түүнчлэн Тиранозаурус Батаарын ажлын хэсгийг цуглуулж, чиглэл өгч байгаа хэмээн зарим вэб сайтад мэдээлэл өгчээ. Гэтэл үүнээс хойш хэдхэн цагийн дараа буюу 15:00 цагт Ё.Отгонбаяр сайд Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Тэрбээр Монголоос олдсон “Тиранозаврын Батаар” хэмээн төрөл АНУ-д дуудлага худалдаагаар зарагдсан гэдгийг дөнгөж сая мэдсэнээ хэвлэлийнхэнд дуулгасан юм. Хэвлэлийн хурлын үеэр салбарын сайд “Хууль бус малтлага хийж Тиранозаурус Батаарыг хил давуулсан бөгөөд ийм олдвор олсон албан ёсны экспедиц байхгүй байна. Даллас хотын шүүхийн шийдвэрийн дагуу Тиранозаурус Батаарыг Монголынх гэдгийг бид 10 хоногийн дотор нотлох шаардлагатай болжээ. Монгол, АНУ-ын эрдэмтэд хамтран ЮНЕСКО-д хандахаар болсон. Ямартай ч манай тал дуудлага худалдаа зохион байгуулагч “Херитэйж аокшн”-ыг буруутгаж байгаа” гэлээ. Түүний дараа палентеологийн хүрээлэнгийн захирал судлаач Р.Барсболд энэ төрлийн олдвор зөвхөн монголд олдсон байдаг бөгөөд монгол эрдэмтэд анх илрүүлэн “Батаар” гэж нэрлэсэн байдгийг дуулгасан юм. Ингэснээр “Батаар” Монголын говиос олдсон нь тодорхой болохын сацуу, энэ олдворыг америкчууд хууль бусаар малтлага хийн олж, хууль бусаар хил давуулсан гэдэг нь тодорхой боллоо. Харин салбарын сайдын хувьд үүнийг мэдээгүй бөгөөд хэдхэн цагийн хооронд өөр өөр мэдээлэл өглөө.
Нөгөөтэйгүүр Монгол Улс өөрийн гэсэн түүх дурсгал, урлаг ёслол, дээл хувцсандаа эзэн болж чаддаггүйг энэ үйл явдал дахин нотоллоо. Юутай ч Батаартай холбоотой маргаан үргэлжилж байна. Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Ц.Оюунгэрэл уг асуудалтай холбогдуулан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хэритейжид Эрүүгийн хэрэг үүсгэж, шүүхэд өгсөн байгаа” гэжээ. Ё.Отгонбаяр сайд мэдээлэл хийхээс өмнө УИХ-ын гишүүн Л.Гүндалай ч бас хэвлэлийнхэнд хандаж амжсан. Тэрбээр “Би эмэгтэй хүн зодоогүй. Харин тэр эмэгтэй намайг зодсон. Би амьдралдаа эр хүн зодож үзээгүй” хэмээн мэдэгдлээ. Түүнийг АН-ын эмэгтэй гишүүнийг барьж аван зодсон гэх мэдээлэл гараад байсан билээ. Харин эл мэдээлэлд эрхэм гишүүн ийнхүү залруулга хийв.
Өнөөдрийн тухайд Монголын говийн үнэт олдвороос гадна улс төрийн хүрээнд АН, МАН-ын нийслэлийн байгууллагуудын хурал анхаарлын төвд байлаа. Уг хурлаар хоёр нам нийслэлийн ИТХ болон нийслэлийн тойрогт УИХ-д нэр дэвших хүмүүсээ тодруулах ёстой. Үдээс хойш хурал зарлагдсан болохоор нэр дэвшигчдийн хувьд нэлээд хүлээлт үүсээд байсан. Одоогоор нийслэлийн АН хурлаа хаалттай хийж байгаа бол МАН-ынхан нийт 45 нэр дэвшигчдээ тодруулаад байна. Нийслэлийн ИТХ-д МАН-аас Хотын мэр Г.Мөнхбаяр, Д.Амарбаясгалан, Э.Ганхүү, Ц.Сандуй, Б.Саранчимэг М.Оюунчимэг зэрэг 40 гаруй хүн өрсөлдөхөөр боллоо.
Б.Яруу
mminfo.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.