antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 18, 2011 Comments are off

Мансуурлын манан айсуй!

нийтлэсэн Admin

Хөлчүү залуусаа цөөрүүлж амжилгүй элийрэлд умбуулах гэж үү?    Өнөөдөр нийслэлийн аль ч диско баар, цэнгээний газраар ороход өсвөр насны хөвгүүд, охид, оюутан залуучууд хөгжилдөн цэнгэж, бүжиглэж байхтай тааралдах нь элбэг. Тэд согтууруулах ундаа хэрэглэх нь хэрээс хэтэрсэн хэмээн бид байнга л шүүмжилдэг. Тэгвэл сүүлийн үед цэнгээний газраар ороход өсвөр насныхан ширээн дээрээ архи дарсгүй, зөвхөн ундаа, жүүс тавьсан байх атлаа мансуурал, хөөрлийн байдалтай талимаарчихсан байх болжээ. Хийж буй үйлдэл, хөдөлгөөн, сэтгэл хөөрөл нь яав ч эрүүл бус гэдэг нь хэнд ч мэдрэгдэнэ. Тэд мансууралд умбасан бидний үр хүүхдүүд, улс орноо авч явах хойч үеийн төлөөлөл, нэг хэсэг нь яах аргагүй мөн. Элийрэлд умбаж нийгэм, орчноосоо тасран одсон энэ залуусын мансуурлыг юу ч зогсоож дийлэхгүй гэж бодохоор үнэхээр аймшигтай байгаа биз…

Хүний тархи, мэдрэлийн системийн үйл ажиллагаа нь тухайн хүнийг удирдан жолоодож аливаа үйлдлийг хийлгэдэг. Тэгвэл энэ тархи, мэдрэлийн системээ зориудаар сэтгэцэд нөлөөт бодис /хар тамхи/ хэрэглэж тодорхой хугацаанд элийрэлд оруулах хорт зуршилтай хүмүүсийг мансуурагчид гэдэг.  Тэдний энэ үйлдэл нь өөрийгөө хянах чадваргүй болгож орчноо мэдрэх чадваргүй болгодог гэхээр үнэхээр аюултай, эрсдэлтэй алхам юм. Хүний төв мэдрэлийн системийг ингэж мансууруулж, элий балай болгож байгааг дөрвөн хэсэгт хуваадаг байна. Тухайлбал, сэтгэл хөөрөлд оруулж баясган хөгжөөдөг бол нэг нь нозооруулах, биеийг бүхэлд нь сулруулах, унтуулах байдал оруулж элийрүүлдэг. Мөн маш хэрцгий догшин авиртай болгоно эсвэл тухайн хүний нүдэнд хий зүйл харагдаж айж цочирдон өөрийгөө хянах чадваргүй болж нийгэмд болон хүний эрүүл мэндийн эсрэг ямар ч үйлдлийг хийлгэж болзошгүй байдалд оруулдаг. Эдгээр мансуурал, элийрлийн байдал нь ямар төрлийн мансууруулах бодис хэрэглэснээс шалтгаалж янз бүрээр илэрдэг байна.

Хамгийн аюултай нь мансууруулах бодис хүнийг сэтгэцийн эмгэг хамааралтай болгосноороо бие организм, сэтгэхүйд шууд нөлөөлж тухайн бодисоо нэхэх, шаардах хүслийг бадраадаг. Энэ нь ялангуяа өсвөр залуу үеийнхний бүрэн төлөвшөөгүй зан чанарт шууд нөлөөлж мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх донтой болгодог. Улмаар түүнийгээ ямар ч аргаар хамаагүй олж авах гэсэн үйлдлийг хийлгэхэд хүргэдэг байна.

Өнөөдөр бидний хүндэлж, биширч, бахархаж явдаг бөх, дуучид дотроос энэ төрлийн хэрэгт холбогдож байгааг яалтай. Хүүхэд залуусын бахархан дууриаж, хүндэтгэдэг олны танил хүмүүс ийм байгаа нийгэмд онцгой сөрөг нөлөөтэй нь тодорхой. Ер нь мансуурал нь хэнийг ч сөхрүүлж чаддагийн бодит жишээ энэ. Мансууруулах бодисоор ашиг олох гэсэн оролдлого ч гарах боллоо. Хамгийн ойрын жишээ, баримт гэхэд л хүний эрүүл мэндийг сахин хамгаалахаар тангараг өргөсөн сувилагч нар сэтгэцэд хүчтэй нөлөө үзүүлэх эм бэлдмэлийг хууль бусаар зарсан хэрэг долоо хоногийн өмнө гарсныг СБД-ийн Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн ажилтнууд илрүүлжээ. Тэд дүүргийн хэмжээнд “Мансуурал” нэгдсэн шалгалтыг явуулснаар уг хэрэг илэрсэн байна. Энэ хэрэгт I эмнэлэг, ЭМЖЖ хувийн эмнэлгийн хэд хэдэн сувилагч нар Монголд худалдаалахыг хориглосон Фентанил хэмээх эм бэлдмэл их хэмжээгээр зарж борлуулжээ. Фентанил нь хүний сэтгэцэд хүчтэй дарамт үзүүлэх, хар тамхины хольцтой эм юм байна.

Далд сүлжээг илрүүлж, эрсдэлт хүн амыг хамгаалахад судалгаа чухал 

НҮБ-аас 1961 онд Мансууруулах эм, бодисын тухай Нэгдсэн Конвенцийг баталсан. Сэтгэцэд нөлөөт бодисын тухай 1971 оны конвенц өнөөгийн байдлаар мансууруулах бодисын олон улсын хяналтын систем болж байна. Эдгээр конвенцийн зүйл, заалтуудыг хүлээн зөвшөөрч нэгдсэн улс орнууд мансууруулах бодисын хяналтын тогтолцоог олон улсад бий болгохоор “Мансууруулах эм бэлдмэл, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн эсрэг” НҮБ-ын конвенцийг 1988 онд батлан гаргажээ. Энэ Конвенци хүчин төгөлдөр болсноор дэлхийн хэмжээнд эрх зүйн нэгдмэл арга хэмжээ үйлчилж байна. Тухайлбал, мансууралд оруулах чадвартай бодисууд буюу опиат, опиоид, каннабиноид, кокаиныг хууль бусаар тарималжуулах, үйлдвэрлэх, худалдаалах, хэрэглэх зэрэг өргөн хүрээний асуудлуудыг зохицуулсан 51 зүйл заалтыг өдгөө дагаж мөрдөж байна. Энэхүү нэгдсэн конвенцид Монгол Улс 1990 оны 12 дугаар сарын 07-нд нэгдсэн байдаг.

Дэлхийн хэмжээнд  269 сая гаруй хүн мансууруулах бодис хэрэглэж байгаагаас 11-21 сая хүн нь судсаар хар тамхи хэрэглэгч. Тэдний 6,6 сая нь ХДХВ ба ДОХ-ын халдвартай байна. Манай улсын хувьд хар тамхи хэрэглэгчдийн тоогоороо дэлхийд тэргүүлэгч хоёр улс /ОХУ, БНХАУ/-ын дунд оршиж байгаа нь эрсдэлд өртөх магадлал өндөр гэж болно. Мөн хар тамхи, мансууруулах бодисын хууль бус наймааны олон улсын гэмт хэргийн сүлжээ манай улсыг хараандаа аваад байгаа нь нууц биш.

Хар тамхины хэрэглээ болон тархалтаар нь улс орнуудыг гурван хэсэгт хуваадаг. Эхний хэсэгт хар тамхины наймаачдыг дамжуулан өнгөрөгч орон бөгөөд хар тамхины хэрэглээ байхгүй гэж үздэг орнууд. Дараагийн ангилалд тодорхой хэрэглэгчтэй хар тамхины наймаа хүрээгээ тэлж буй хүлээн авагч орнууд багтдаг. Гурав дахь ангилалд гаргагч буюу хамгийн хүнд ангилал болох хар тамхийг дамжуулж, хүлээн авч, гаргадаг орнууд багтана. 2005 онд манай улс дамжуулан өнгөрөгч орны ангилалд бүртгэгдэж байсан бол өнөөдөр гаргагч орон болчихсон гэвэл та итгэх үү…

Монголд бүлэг, зохион байгуулалттай үйлдэх болж хар тамхины хэрэглээ, тархалт ноцтой хэмжээнд хүрсэн гэдгийг албаны хүмүүс баталж байгаа юм. Тийм ч учраас өнгөрсөн долдугаар сард УМБГ-т энэ төрлийн хэргийг дагнан мөрдөх бие даасан тусгай хэлтсийг шинээр байгуулсан. Үүнээс үзэхэд Монгол Улс хар тамхи дамжуулах гүүр болоод зогсохгүй мансуурах болон хар тамхи худалддаг зах зээлтэй болчихоод байна. Ингэж эх орондоо шинэ тутам мансуурлыг нутагшуулсан орон болоод байгаан яалтай!  Амнаас нь архи огт үнэртэхгүй мөртлөө хөлчүү яваа мансуурсан залуусыг цагдаа нар илрүүлэх болсон нь үүнийг батална.
Монголд 700 орчим мансууруулах бодис хэрэглэгч байгаа гэсэн судалгаа хагас жилийн өмнө байсан одоо энэ тоо лав буураагүй л байх. Манайд мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэгчдийн 63 хувь нь ууж хэрэглэдэг эм, эмэн бүтээгдэхүүн байдаг. Иймд хил гаалиар оруул ирж байгаа мансууруулах төрлийн ургамал болон эм, эмэн бүтээгдэхүүнд тавих хяналт, шалгалтыг чангатгах зайлшгүй шаардлага тулгарч байна. Үүнд төрийн болон ТББ, олон нийтийн оролцоо нэн чухал.  Мансууруулах бодис хэрэглэгчдийн дунд хийсэн судалгаагаар 18 хувь нь татдаг, долоон хувь нь үнэртдэг, 12 хувь тариураар тарьж хэрэглэдэг байна. Харин тэдний дийлэнх хувийг 18-24 нас, цаашлаад 29 хүртлэх насны хүмүүс эзэлж байгаа нь бас л нэгийг хэлж, анхааруулаад байна!!!

               Мансуурлын эсрэг тэмцэх аргаа тодорхойлох цаг ирлээ…

Өсвөр насны хүүхдүүд хэн нэгнийг сонирхон дууриах, дарвиж цэнгэх эсвэл сэтгэл гутралаас гарах гэсэн зорилгоор янз бүрийн мансууруулах бодис хэрэглэх болсныг ЦЕГ-аас анхааруулж байгаа юм. Монгол Улсын хэмжээнд мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлийн байдлыг тандан судлах тусгай Ажлын хэсгийг гарган ажиллуулж түүний эсрэг тэмцэх ерөнхий чиг баримжааг гаргах цаг болжээ. Үүнийгээ үндэслэж төрийн болон ТББ-ын төлөөллийг оролцуулсан Мансууруулах бодисын эсрэг тэмцэл явуулах, бодлого боловсруулах Үндэсний хороог байгуулж, Үндэсний цогц хөтөлбөр, тодорхой заавар, журам гаргаж хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

Өөрийгөө төдийгүй өрөөлийг хөнөөх энэ аюулт тахал нийгэмд гэмт хэргээс эхлээд аюултай үр дагавар дагуулдаг. Хар тамхи, мансууруулах бодисын далд наймаа, түүнийг хэрэглэгч, зуучлагч, тээвэрлэгчдийн талаар бид уран сайхны киноноос болон өнөөгийн бодит амьдрал дээр ямар их хор уршиг дагуулдаг болохыг мэднэ. Түүнийг таслан зогсоох гэж дэлхийн улс орнуудын цагдаа, хүчний байгуулагаас ихээхэн хүчин чармайлт, хөрөнгө зардал гаргаж байгаа талаар бид өдөр тутам л харж, сонсож байгаа бөгөөд үүний эсрэг дэлхий нийтээрээ тэмцэл явуулсаар л байна.

Өнөө үед Монгол Улсын нийгэм, эдийн засгийн болон зах зээлийн нээлттэй харилцаанаас хамаарч нийгэмд эерэг, сөрөг хандлагууд биднээс хамааралгүйгээр бий болж байгаа билээ. Монголчуудын сэтгэлгээнд ч өөрчлөлт гарч, нийгэм, эдийн засгийн олон харилцаа, хамтын ажиллагаа  өргөжин тэлэх болсон. Бид энэ өөрчлөлтийг хүссэн ч, хүсээгүй ч хүлээн зөвшөөрөх нь тодорхой. Харин даяаршиж байгаа өнөөгийн нийгмийн шинэ харилцааг хэрхэн зохицуулж, улс орныхоо болон иргэдийнхээ эрх ашигт нийцүүлэх нь манай төр засгийн “Эрхэм чухал” үүрэг, зорилт байдаг. Хамгийн эрхэм зорилт нь Монгол Улсын иргэн, үндэсний аюулгүй байдал.
Өнөөдрийн даяаршсан нийгмийн харилцаатай уялдаж монголчуудад ялангуяа хойч үе, өсвөр үеийнхэнд тун ч халтай нэгэн чиг хандлага бол мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисын наймаа, түүнтэй холбогдсон гэмт хэргийн далд сүлжээ биднийг тойрон эргэлдэж байна. Өртөж эхэлсэн ч гэж болно. Тухайлбал, сүүлийн хэдхэн жилийн дотор мансууруулах бодис хэрэглэгч, нийлүүлэгч, зуучлагч, тээвэрлэгчдийн тоо эрс нэмэгдсэнийг үүнтэй холбоотой гэмт хэргийн гаралтууд нотолж байна. Цагдаагийн байгууллагаас хийсэн судалгааны дүн ч үүнийг батладаг. Мансууралд өртөгчдийн тоо өсөх болсноор хүний дархлал хомсдлын вирус /ХДХВ/-ын халдварын тархалтаас үүдэлтэй эрсдэл нэмэгдэх нөхцөл ч бий болох аюултай.

ЕБС-д мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлийн талаар мэдэгдэхүүн олгох хичээл заадаг болох. Түүнээс үүдэлтэй олон сөрөг үр дагаврын талаар сурталчилан таниулах ажлыг дунд сургуулиас эхлээд их дээд сургууль, коллеж, албан байгууллага, компани, ТББ-уудад тогтмол зохион байгуулах нь хамгийн үр дүнтэй арга юм. Үүнээс гадна манай улсад мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисын талаар тусгайлан бэлтгэгдсэн мэргэшсэн боловсон хүчин, мэргэжилтнүүд нэн шаардлагатай байна. Энэ талаар тодорхой мэдээлэл, мэдлэг, судалгаатай байж бид үүний эсрэг тэмцэж, урьдчилан сэргийлж чадна. Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодис гэж юу болох, түүний нийгэмд болон хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж хор хөнөөл учруулж байгаа талаар тодорхой мэдээллийг олон нийтэд түгээж, таниулъя.

Ингэж урьдчилан сэргийлэх нь хамгаас чухал гэдгийг шат шатны шийдвэр гаргагчид анхааралдаа авч ажил хэрэг болгохыг уриалж байна. Мэдлэг, мэдээлэл бол бидэнд байгаа хамгийн том баялаг. Өнөөгийн нийгмийн хөгжлийн хурдтай зэрэгцэн алхахад хамтын ажиллагаа, цогц бодлого хэрэгтэй байна. . .

Д.Өлзийсайхан
Эх сурвалж: “Монцамэ”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car