antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 18, 2012 3 comments

Арслан Х.Мөнхбаатарт барилдахаас халширдаг нэг л бөх бий

нийтлэсэн Admin

Хадбаатарын Мөнхбаатар арслан Спортын төв ордны ойролцоохон бэлтгэл хийхээр машинаа ойрхон тавиад том цүнхээ үүрэн гудамжаар алхахад ард нь машинтайгаа тулж ирсэн аймгийн арслан залуу өмнүүр нь давхиад өнгөрчихөж чадалгүй, хурдаа саан араас нь дагав. Мөнхбаатар үүнийг ажмагцаа инээмсэглэн “Цаадахь чинь цол хүндлээд хажуугаар давхичихаж чадахгүй байгаа юм” хэмээгээд өнөөх залуугийн мэндийн үгэнд хариулаад, нэг ёсондоо дэргэдүүр нь давхин өнгөрөх зөвшөөрөл олголоо.

Мөнхбаатар арслан бэлтгэлийг тун шуналтай хийдэг. Нэгэн дэвжээний бөхчүүдтэй цувран барилдаж, хамаг хөлсөө шавхаж, тэнхээгээ бартал ноцолдоно. Түүний бэлтгэл хийж буйг харахад үндэсний бөхөд үнэхээр дурлачихсан байдал илт мэдрэгдэнэ. Улсын арслан цолтой бөхчүүдээс цолоо ахиулах найдлага хамгийн өндөртэй нь одоогоор Хадбаатарын Мөнхбаатар. Тэр барилдаануудад тогтмол зодоглож, байнга дээгүүр даваанд үлдэж, түрүүлж, үзүүрлэж чадаж байгаа.

Ийм бөхчүүдтэй дараалан барилдаад, эцэстээ халширдаггүй юм уу? гэж асуухад “Надад барилдахаас халширдаг нэг л бөх бий. Тэр бөх намайг гэрт хүлээж суугаа. Ороод очихоор л “За, ааваа барилдья” гээд л дайрчихна. Тэр бөхийг давах үнэхээр хэцүү. Барилдах хүсэл нь асаад, дайраад зогсдоггүй хүүгээсээ заримдаа ч үнэхээр халширдаг шүү” хэмээн саяхан л арав орчим залуутай цувран барилдаж, хөлсөө арчих арслан инээмсэглэн өгүүлнэ.

Хадбаатарын Мөнхбаатар бөхийн хувьд ид насандаа яваа. Тэр залуу хүн гэхэд багагүй зүйл үзэж, нүд тайлсан нэгэн гэж хэлж болно. Улсын наадамд анх барилдсан жилээ начин цол өвөртөлж дөнгөсөн ч удалгүй түүнд бэрх шалгуур тулгарсан. Жүдогийн Олон улсын тэмцээнд Солонгост барилдахдаа хөлийнхөө шөрмөсийг тасалчихсан. Маш хүнд бэртэл авсан залуу дахин барилдах эсэх нь ч тодорхойгүй болох нь энэ. Гэвч дархан аварга Б.Бат-Эрдэнэ хөдөөнөөс өөрийнхөө нүдээр нээж авчирсан залуудаа хүнд үе тохиолдоход тусалж, хагалгаа хийлгэх мөнгөний хагасыг нь олж өгсөн гэдэг. Хагалгаа амжилттай болсон ч наанадаж жил хагас хүлээх ёстой байлаа. Гэтэл наадам болох гээд байдаг. Улсын начин цолны амтыг мэдэрчихсэн, барилдахын бөөн дур болчихсон залуу наадмаар яаж ийж байгаад гарчих юмсан гэж хүсчээ.

“Барилдаад ирж буй залуусыг харахаар сайхан санагдаад, атаархах шиг болдог. Заримдаа бүр хавирч байна гэж зүүдлээд эрүүл хөлөөрөө хана өшиглөчихөөд сэрнэ. Би хурдан л эдгэж, барилдмаар байна” гэж тухайн үедээ Мөнхбаатар өгүүлж байлаа. Түүнийг Монголын Үндэсний Бөхийн холбооноос хүнд үед нь бага ч гэсэн тус үзүүлж, мөнгөн тэтгэлэг олгохоор дуудахад Бөхийн өргөө рүү одоогийн олимпийн аварга Найдангийн Түвшинбаяр үүрч авчирч байсан удаатай. Тэд хамтдаа “Аварга” (дээд сургуульд байрлаж, хэдэн жилийг хамтдаа өнгөрүүлсэн юм.

Удалгүй наадам боллоо. Мөнхбаатар өвдгөө янгинатал боогоод наадмынхаа дэвжээнд гарав. Хүнд бэртэлтэй түүнд дээшээ барилдах найдпага байхгүй ч Монголын хүчирхэг эрсийн дэвэн дэлж, алдар гавьяагаа дуурсгасан Төв цэнгэлдэхийн зүлэг ногоон дэвжээнээ гаралгүй нэгэн жилийг өнжихийг тэвчээгүй хэрэг. Ингээд хоёр даваад, гурвын даваанд улсын начин И.Ёндонсамбууд амлуулан өвдөг шороодлоо.

Ямартай ч наадамдаа зодоглочихсон, хөлөө сэдрээгээгүй тул ирэх жилийн наадмаар эрүүл хөлтэйгээ эргэн зодоглоно гэж дотроо бодон үлджээ.

Мөнхбаатар начин болдог жилийнхээ улсын их баяр наадамд аймгийн арслан Үйтүмэнтэй оноолт таарч, давсан. Үйтүмэн бөхийн шинж сайхантай, тун ирээдүйтэй залуу байлаа. Харамсалтай нь авто ослын улмаас хүнд бэртэл авч, барилдах боломжгүй болсон. Үеийн найз, наадмын дэвжээнд таарч үзсэн Үйтүмэн буюу Үүдээгээ арслан байсхийгээд л эргэж очно. Олны өмнө сайн барилдаж, сайхан амжилтад хүрэх нэг хэрэг. Харин сэтгэл дотроо галтай, бусдын төлөө гэсэн бодолтой явах нь сайхан чанар. Нэгэн яруу найрагч “Бөхчүүд минь юун түрүүнд эр хүн шиг эр хүн байгаарай даа” гэж захисан нь бий.

Бөхийн хувьд Х.Мөнхбаатар Д.Дамдин аварга шиг гүйхгүй, Б.Бат-Эрдэнэ шиг дайрахгүй, А.Сүхбат шиг элдэвлэхгүй ч өрсөлдөгч бүртэйгээ эмээлгүй, өөрийнхөөрөө барилдаж чаддагаараа эдүгээ улсын аварга цолны босгонд тулчихаад байна.

Улсын их баяр наадмын дэвжээнээ тэрбээр хоёр ч удаа хариуцлагатай даваанд хөлийн цэц, хаяавч, засуулуудын хариуцлагагүй байдлын улмаас харамсмаар байдалд хүрсэн. Эхлээд даян аварга Г.Өсөхбаяртай барилдаж байхад санасан мэхээ зоригтойхонхийгээд дайртал хөлийн цэц барилдааныг зогсоочихсон. Одоо хүртэл энэ барилдааны талаар бөхийн хүрээнд ярилцсаар л байдаг. Мөн ноднин жилийн наадмаар улсын гарьд Ж.Бат-Эрдэнэтэй барилдахад бас л маргаантай зүйл болж, арслан сэтгэл гонсгор наадмаас одсон гэдэг. Үнэндээ тэрхүү барилдааны бичлэгийг үзэх боломж олдоогүй тул үүнд мадаггүй өгүүлэх зүйл үгүй. Энэ жилийн Цагаан сарын барилдааны өмнөхөн арслантай цаг товлон уулзахад инээд алдчихсан, урьдын эгэл залуу хэвээрээ л байна билээ.

Цагаан сарын барилдаан Ж.Мөнхбат аваргын монгол бөхөд тогтоосон жишгийн дагуу бол тэр жилийнхээ өнгийг шинждэг учиртай. Энэ жил арслан маань залуу аварга С.Мөнхбаттай түрүү булаалдаж, үзүүрлэсэн.

Харин мөдхөн наадмын нар мандана. Энэ наадмаар сайн барилдаж, цол хүртэх, цолоо ахиулахыг хүсч буй олон сайхан бөхчүүд бий. Тэдэн дундаас ганцаараа цойлон гарч, улсын аварга цолонд хүрэхэд Хадбаатарын Мөнхбаатарт дутах зүйл үгүй.

Эх сурвалж: “Таван цагариг”

Р.Мөнхдаваа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (May 18, 2012 2:51:22 pm )

    Bukh odoo ued sonin bish.

  • Anonymous (May 18, 2012 6:22:37 pm )

    yamar ineedtei guideg yum be. harin tiimee boh boh l gehiin

  • Anonymous (May 19, 2012 11:08:37 am )

    PAAH YAAAY! YAMAR SURTEI GUIDGIIN HAHAHAHA

antalya rent a car