УИХ-ын ээлжит сонгууль болоход сар гаруйхны хугацаа үлдээд байна. Улс төрийн намууд нэр дэвшигчдээ тодруулж эхлэх хуулийн хугацаа маргааш буюу тавдугаар сарын 19-нөөс эхэлж, 25-нд дуусгавар болно. Намуудаас анхлан Ардчилсан нам өчигдөр УИХ-д нэр дэвшигчдээ тодруулах журмыг ҮЗХ-гоороо хэлэлцэж баталлаа. Ирэх долоо хоногт буюу 23, 24-нд Ардчилсан нам, МАН болон МАХН, МҮАН-ын эвслүүд нам, эвслийн удирдах дээд байгууллагаа хуралдуулж, нэр дэвшигчдээ зарлахаар хугацаа товлоод байгаа. Улс төрийн аль ч нам, эвслийн хувьд нэр дэвшигчиддээ тавих шалгуур нь “тухайн тойрогт ялалт байгуулах боломж”.
Харин иргэдийн хувьд бол арай өөр шалгуур тавьж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Хамгийн наад зах нь авлига хээл хахуулийн хэрэгт нэр холбогдоогүй, төсвийн мөнгө хөрөнгө идэж шамшигдуулдаггүй, албан тушаалын шуналгүй, авах идэхийн өвчин тусаагүй шударга нэгэн байгаасай гэж хүсч байгаа.
Уг нь бол бид дөрвөн жил УИХ-д сууж, төр түшилцэн Монгол Улсын ирээдүйг хөгжил тийш хөтлөх хүмүүст арай өөр шалгуур тавих ёстой. Өндөр боловсрол, өргөн мэдлэгтэй, ажлын туршлага, өндөр ёс суртахуунтай, дэлхийн өндөр хөгжилтэй орнууд болон хоёр хөрштэйгээ нэг хэлээр ярилцах чадвартай /ижил төвшинд сэтгэдэг гэсэн үг/, цаашлаад Монголын хөгжиж буй эдийн засаг, уул уурхайн салбарыг үр ашигтай ажиллуулахын төлөө дэлхийн топ менежерүүдтэй өрсөлдөж чадахуйц мэдлэг боловсролтой, хамгийн гол нь ард иргэдийнхээ өмнө хүлээсэн хариуцлагаа бүрэн дүүрэн ухамсарласан байх гэх мэтчилэнгээр мөрөөдлийн жагсаалтаа гаргаж болно л доо.
Гэвч харамсалтай нь, өнөөдрийн Монголын улс төр, улс төрийн намууд, улстөрчдийн аяг араншин маргааш сонгуульд өрсөлдөх гэж байгаа нэр дэвшигчдэд ийм хэмжээний шалгуур тавих боломжийг олгохгүй байна. Тиймээс аргаа барахдаа “эрүүгийн гэмт хэрэгтэн болчихоогүй л бол” гэсэн ганцхан шалгуурыг тавихад хүрч байна л даа. Бусад нь бол “буянаараа болог” гэж байгаа юм. “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэдэг шиг нэг хэсэг хүмүүсийн увайгүй, худрагагүй байдал нийт хүмүүсийн нэр хүндийг унагах нь ч байдаг л байх.
Тиймээс манай сонин энэ дугаараасаа эхлэн авлига, албан тушаалын хэрэгт ямар нэг хэмжээгээр нэр холбогдож, шалгагдаж байсан УИХ, Засгийн газрын гишүүд, яам, агентлагийн дарга нарын нэрсийг нийтэд ил болгохоор шийдлээ. Энэ удаад зөвхөн УИХ, Засгийн газрын гишүүдээс АТГ-т шалгагдаад гарсан хүмүүсийг нэр дурьдаж байна. Иргэд, сонгогчид ч гэсэн удахгүй болох сонгуулиар сонголтоо зөв хийхэд нь нэмэр болоосой гэсэн дээ. Цаашид буюу улс төрийн намуудын нэр дэвшүүлэх ажиллагаа дуусч, УИХ, НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн жагсаалт бүрэн гарсны дараа нийт нэр дэвшигчдийн дунд энэхүү судалгааг явуулж, нийтэд мэдээлэх юм.
АТГ байгуулагдсанаас хойш өнгөрсөн зургаан жил шахмын хугацаанд манай УИХ, Засгийн газрын гишүүдээс долоо нь, давхардсан тоогоор арав гаруй удаа тус газраар “зочлоод” гарсан байна. УИХ-ын 76 гишүүний арван хувь нь гэсэн үг. Харин тус газарт өөрийнх нь нэр дээр холбогдуулан иргэд, байгууллагаас өгсөн өргөдөл, гомдлыг хөөвөл танхимын бараг тал хувьд хүрэх аж. Тиймээс тэдгээр гомдлын мөрөөр тус газрын эрүү үүсгэн шалгаж, хавтаст хэрэг нээсэн хэргүүдийг зарлаж байна.
Хамгийн түрүүнд 2000-2004 онд МАХН-аас УИХ-д сууж байсан Ц.Сүхбаатар гишүүн УНДЕГ-ын дарга байхдаа Нийгмийн даатгалыг сангийн ХОТШ, СББ-нд саатсан мөнгөн 2,2 тэрбум төгрөгийг Б.Ганбаатар, Б.Жаргалсайхан нарын “Өгөөж богд” ХХК-д шилжүүлэх замаар завшиж үрэгдүүлсэн хэрэгт шалгагдаж байгаад 2010 оны арванхоёрдугаар сард шүүхээс тэднийг гэм буруутайд тооцож, улсад учирсан хохирлыг хувь тэнцүүлэн төлөх шийдвэр гаргаж, Эрүүгийн хариуцлагад татах, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байна. Гэхдээ шүүхийн шийдвэр гүйцэтгэлийнхэн хохирлыг гүйцэд төлүүлсэн эсэхийг дахин судлаад үзэхэд гэмгүй л байх.
Удаах нь Монголбанкны ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн О.Чулуунбатыг “Стоунлей” компаниас хахууль авсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад хэргийг мөн л түдгэлзүүлжээ. Түдгэлзүүлэх болсон шалтгаан нь тодорхойгүй. Ихэнх тохиолдолд хамт хэрэгт шалгагдаж байсан гэрч, сэжигтэн нар оргон зайлсан, эрэн сурвалжлах боломжгүй болсон үед хэргийг хугацаагүйгээр түдгэлзүүлдэг.
Харин УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд асан Л.Гүндалайг “Албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан, хувьдаа эд хөрөнгө завшсан” гэх хэргээр шалгаж байгаад өнгөрөгч 2011 онд прокурор хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байна.
Тэдний араас УИХ-ын гишүүн Д.Арвин, гишүүн асан У.Хүрэлсүх, гишүүн Ц.Батбаяр, Ш.Сайхансамбуу, сайд асан Б.Эрдэнэбат нар АТГ-ын хаалгыг хэдэнтээ элээж, комиссаруудтай нь мэнд мэдэлцээд амжжээ. Д.Арвин, У.Хүрэлбүх нар малчдад өгөх цахилгаан үүсгүүрийн мөнгөнөөс 76 сая төгрөг дутааж АТГ-т хүргэгдсэн /2008 оны сонгуулийн өмнө “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэж үзэж хэргийг хаасан/ бол Ш.Сайхансамбуу “Би ч гэсэн бизнес эрхэлж байхдаа улстөрчдөд хахууль өгч байсан. Өгч байсан хүмүүстэйгээ одоо УИХ-д зэрэгцээд сууж байна” гэж хэлснээсээ болж шалгуулжээ. Гэвч манайд үйлчилж байгаа хуулиар авлига өгсөн, авсан хоёр хоёулаа шийтгүүлэх ёстой тул арга буюу үгнээсээ буцаж, “Би авлига өгч байгаагүй” гэж хэлж байж хэргээ хаалгасан билээ. Гэхдээ эдний дундаас АТГ-ынхны хамгийн нэхэл хатуутай хөөцөлдөж байгаа нь Ц.Батбаяр, Х.Наранхүү нар.

Өмнө нь Нийслэлийн Засаг дарга байхдаа БЗД-ийн IV хорооны нутаг дэвсгэрт байрлах хорооны иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрөөдөг стадионы газрыг хятадуудад зарсан хэргээр нэг удаа шалгагдаад гарсан Ц.Батбаяр гишүүнийг энэ удаа Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хэрэгт холбогдуулан АТГ-аас яллагдагчаар татаад байгаа билээ. Түүнийг нийслэлийн Засаг дарга байхдаа НИТХ-ын тэргүүлэгчидтэй үгсэн хуйвалдаж, “Өргөө” зочид буудал НӨҮГ /нийслэлийн өмчит үйлдвэрийн газар/-ыг татан буулгаж, “Хар Дун” ХХК-ийн 75 хувийн оролцоотой “Дун Өргөө” компанийг байгуулан нийслэлийн өмчид 453 сая төгрөгийн хохирол учруулсан хэргээр шалгаж байгаа юм байна.
Харин Х.Наранхүүгийн хувьд “Эрдэнэт” үйлдвэрийн даргаар ажиллаж байхдаа ТӨХ-ны Л.Пүрэвдоржид “Ландкруйзер 105” машинаар бэлэг барьж нэг удаа шалгуулаад гарсан байна. Харин энэ удаа шалгагдаж буй хэрэг нь “Эрдэнэт” үйлдвэрт нийлүүлдэг ган бөмбөлгийн хэрэг. Мөн л үйлдвэрийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Henlon” компанийн захирал Ж.Мөнхжаргалд давуу байдал олгон 2005-2006 оны хооронд хийсэн нийт гурван удаагийн гэрээнээс нэг сая 797.580 ам.доллар буюу хоёр тэрбум 104 сая 966.180 төгрөгийг хувьдаа завших боломжийг бусдад олгож, байгууллагын өмчийг онц их хэмжээгээр үрэгдүүлсэн хэргээр шалгагдаж байгаа юм байна. Хэрэв уншигч та санаж байгаа бол “Henlon” компанийн Ж.Мягмаржаргал гэдэг нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын бусдын нэр дээр байгуулсан олон компанийн нэгнийх нь захирал, одоо гадаадад зугтан гараад эрэн сурвалжлагдаж байгаа.
Ингэхээр Ц.Батбаяр, Х.Наранхүү нарын хэргийг холбож буй үзүүр нь бас л Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр болж байна. Тэгээд ч Ерөнхийлөгч асны улсад учруулсан хохирол, Х.Наранхүү захирлын байгууллагад учруулсан хохирлын хэмжээ хоёр тун ойрхон сонсогдож байна. АТГ-д шалгагдсан хэргүүдийг хүснэгтэд жагсаалаа.

Холбоотой мэдээ
-
Anonymous (May 18, 2012 9:54:12 am )
ene xvv vnexeer orowdoltei ymaa
-
Anonymous (May 18, 2012 10:23:34 am )
sain shalgaarai da naadyyld jin ih um bga shv
-
Anonymous (May 18, 2012 1:13:26 pm )
ард түмэн нүдтэй чихтэй хэн хэн вэ гэдгийг сайн мэдэж байгаа наад сайт нь дээрээ ийм юм бичихээ болио
3 Comments