Цөмийн хаягдлыг хадгалах байгууламжийн төлөвлөгөөний талаар цувралаар хүргэж буй Японы “Майничи Шимбүн” сонинд аравдугаар сарын 15-ны өдөр нийтлэгдсэн мэдээг та бүхэнд хүргэе.
“Монголын Засгийн газар Америк, Японтой хамтран цөмийн хог хаягдал хадгалах байгууламж барих төлөвлөгөөнөөс татгалзсанаа есдүгээр сарын сүүлээр Японы засгийн газрын албаны хүмүүст мэдэгдсэн нь тодорхой боллоо. Монголд цөмийн хог хаягдлын эсрэг хөдөлгөөн өрнөсөнтэй холбоотойгоор уг төлөвлөгөөг цаашид үргэлжүүлэх боломжгүй болсон юм байна.
Энэ нь цөмийн хог хаягдлыг хадгалах байгууламж барих олон улсын төсөлд татгалзсан хариу өгсөн хамгийн сүүлийн шийдвэр юм. Үүнээс өмнө 2002 онд Австралид ийм төрлийн төслийг олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарснаас үүдэн зогсоож байжээ.
2010 оны есдүгээр сард АНУ-ын эрчим хүчний дэд сайд Даниэль Понеман Монголд айлчлах үеэрээ цөмийн оршуулгын газрын төслийг барих хэлэлцээр хийж эхэлсэн юм. Улмаар Япон, АНУ болон Монголын холбогдох хүмүүс энэ оны хоёрдугаар сард Вашингтон хотноо болсон эхний шатны хэлэлцээрт оролцсон билээ. Удалгүй Монголоос цөмийн түлш худалдаж авах сонирхолтой байгаа Арабын Нэгдсэн Эмират улс ч нэгдсэн байна.
Долоодугаар сарын эхээр Понеман уг төслийг түргэвчлүүлж, энэ ондоо багтаан шийдвэрлүүлэхээр Японы Эдийн засаг, худалдаа үйлдвэрлэлийн сайд Банри Кайэдад Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг илгээжээ.
“Майничи” сонин өмнө нь гурван улсын албан бус яриа хийсэн талаар мэдээлж байсан ч Монголын Засгийн газрын зүгээс ямар ч хэлэлцээр хийгээгүй хэмээн албан ёсоор няцааж байсан юм. “Майничи” сонины мэдээ ил болсны дараа тус улсын иргэд Засгийн газраас дээрх төлөвлөгөөгөө зогсоож мэдээллийг олон нийтэд нээлттэй болгохыг шаардсан юм.
Хэрэг мандах үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж есдүгээр сарын 13-ны өдөр бусад улс орны засгийн газар болон Олон улсын цөмийн энергийн агентлаг зэрэг олон улсын байгууллагатай ийм төрлийн хэлэлцээр хийхийг хориглосон байна. Түүнчлэн Ерөнхийлөгч өнгөрөгч хоёрдугаар сарын 3,4-ний өдрүүдэд Вашингтон хотноо болсон гурван талт хэлэлцээрт Монголыг төлөөлж оролцсон Цөмийн эрчим хүчний асуудал эрхэлсэн тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд А.Ундраа болон бусад албан тушаалтнуудад хариуцлага тооцжээ.
Тухайн үед Японы Засгийн газар АНУ-ын Эрчим хүчний яаманд “Фукушима-1” атомын цахилгаан станцын ослын хямрал болон олон нийтийн эсэргүүцлийн улмаас хэлэлцээрийг үргэлжлүүлэхэд хүндрэлтэй байгаагаа мэдэгдсэн байна.
Олон улсын цөмийн энергийн агентлагийн явуулсан судалгаагаар Монгол улс 1,4 сая тонн ураны баялаг нөөцтэй аж. Монголын Засгийн газар одоогоор уран олборлож цөмийн түлш боловсруулан экспортлох боломжийг судалж байгаа юм” гэжээ.
А.Цацрал
Холбоотой мэдээ
Comments are closed.