“Wisdom film” кино продакшны анхны бүтээл болох “90 сая”-ын Гансүхийн амьдралаас сэдэвлэсэн “Бодлын хулгайч” кино аравдугаар сарын 20-нд 18.30 цагт “Тэнгис” кино театрт албан ёсны нээлтээ хийх гэж байна. Өнөөдөр тус киноны уран бүтээлчид “Чингис” зочид буудалд хэвлэлийн бага хурал хийлээ. Тус киноны ерөнхий продюсераар А.Уянга ажиллан “Нохойн орон”, “Талын хот”, “Ламбагуайн нулимс” зэрэг бүтээл, “Кино зохиолчдын библи” хэмээх номыг орчуулсанаар нь сайн мэдэх сэтгүүлч, зохиолч Д.Төрмөнх киноны зохиолыг бичиж, “Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Цагаан шөнө”, “Амьдралд хүрэх зам”, “Адам” киногоороо үзэгчдэд танигдсан Ж.Сэнгэдорж найруулж, зургийн даргаар зураач найруулагч, Соёлын тэргүүний ажилтан Ч.Ганзориг, ерөнхий зураглаачаар “Сэргээш 1,2”, “Дурласны дараа”, “Надтай гэрлээч”, “Дэв”, “Домгийн өглөө” богино хэмжээний дуут кинонд ерөнхий зураглаачаар ажилласан Д.Ангараг, дууны оператороор “Нэгүүн” студийн А.Одбаяр буюу Оки нар ажиллажээ.
Киноны гол дүр буюу Б.Гансүхийн дүрд соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Амарсайхан, гацаа Төмөрт дуучин Б.Батмэнд, Гансүхийн ээжид гавьяат жүжигчин Ш.Дэлгэржаргал, шоронгийн хянагчид Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Г.Золбоот нар тогложээ. Киног үзсэн шүүмжлэгч, судлаач нар “Орчин үеийн Монголын кино урлагийг шинэ төвшинд гаргах сайн бүтээл болжээ” хэмээн үнэлсэн аж.
Тэд шилжилтийн гэгдэх тэртээ 1993 оны үеийн нийгмийн амьдралыг та бидний өмнө нэхэн дэлгэж, зах зээлийн нийгэмд дөнгөж хөл тавьж буй залуусын алдаа, оноог дүрслэн үзүүлэх уг киноны тухай таавар мэт байсан мэдээлийг хэвлэлийнхэнд дэлгэлээ. Кино багийнхан эл бүтээлээ ашгийн бус хэмээн нэрлэсэн ч учиртай гэнэ. 500 сая төгрөгөөр бүтэн жил ажиллан, маш сайн судалгаан дээр тулгуурлан дөрвөн улирал дамнан бүтээсэн киноны зураг авалт нийт 100-гаад хоног үргэлжилжээ. “Wisdom” кино продакшн энэхүү бүтээлээрээ эдийн засгийн ашиг гэхээсээ илүү маш өөр үнэ цэнэтэй ашгийг олж харжээ. Гансүх гэдэг хүн бол 14 жил хорих ангид залуу насаа өнгөрүүлсэн. Тэрбээр бусдын бодлыг хулгайлах гэж байна гээд өөрийнхөө бодлыг хулгайд алдан залуу нас, хайрт ээж, эхнэр гээд бүх зүйлээ хулгайд алдсан. Энэ хүний туулж өнгөрүүлсэн амьдрал бусдад маш их сургамж болж болох юм аа гэдгийг харсан нь хамгийн гол үр ашиг, үнэ цэнэ нь байсан хэмээн тус киноны ерөнхий продюсер А.Уянга хэлсэн юм. Тиймдээ ч энэхүү бүтээлд ямар нэгэн байдлаар хямгадах, харамлахыг огтхон ч хүсээгүй гэнэ. Энэ киногоор сайн үр тарьж, сайн үрийг хурааж авахын хүссэн аж. Тиймээс ч театрын дэлгэцнээ уг бүтээлтийг үзээд, муу зүйл төлөвлөөд сууж байгаа болон ьмуу зүйл хийсэн хэн нэгэн хүн энэ киног үзээд гарахдаа “Бодлоо захирахгүй бол ийм алдаанд хүрч болох нь ээ” гэдгийг гүн гүнзгий ойлгоод гарвал энэ хамгийн том ашиг гэж тэд үзжээ. Тиймээс “Wisdom” кино продакшн анхны бүтээлдээ хөрөнгө, зардал хайрлахгүй өгөхийг хүсчээ. Тэдний олон хүний амьдралыг өөрчлөөсэй хэмээн зүрх сэтгэлээ шингээн бүтээсэн эл кино нь “Хүнд зөв мэт санагдавч төгсгөлд нь үхэл уруу хөтөлдөг зам байдаг” гэсэн уриатай юм.
Иймээс “Wisdom” продакшныхан уг киног дэлхийн жишигт нийцүүлэхийн тулд хамтран ажилласан уран бүтээлчиддээ төдийгүй техник хэрэгсэл талд нь ихээхэн өндөр шаардлага тавьж байжээ. Наад зах нь хөгжмийн зохиолыг нь туурвисан “Нэгүүн” студийнхан гэхэд өнөөдөр холливудад хэрэглэж буй “East west” компанийн оркестрийн хөгжмийн программыг зөвхөн “Бодлын хулгайч” кинонд зориулан Монголд оруулж ирсэн аж. Мөн зөвхөн адал явдалт кинонд хэрэглэгддэг хөдөлж байгаа машиныг олон талаас нь тусгайлан авдаг орчин үеийн тоног төхөөрөмжийг ч Америкаас тусгайлан авчруулсан байна. Энэ мэтээр “Wisdom” кино продакшны хамт олон зөвхөн дүр сонголт талаасаа төдийгүй зураг авалт, техник хэрэгсэл гээд бүхий л зүйлээ холливудын жишигт нийцүүлж чадсан тул мэргэжлийн уран бүтээлчдээс “Бодлын хулгайч”-ийг холливудын жишгээр бүтээж чаджээ” гэсэн үнэлгээг авчээ.
“Бодлын хулгайч” киноны гол дүрийг бүтээсэн Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Амарсайхантай уулзаж ярилцлаа.
-Өмнө нь олон кинонд гол дүрийг бүтээж байсан. Тэдгээрээс энэ кинонд бүтээсэн дүр тань юугаараа онцлог вэ?
-Би өмнө нь түүхэн бүтээлд тоглож байсан. Харин энэ бол нэн шинэ түүхэн кино. 1994 оноос хойших үйл явдал гарч байгаа. Киноны онцлог гэх юм хэдийгээр энэ кино түүхэн кино ч түүнд байгаа бүх хүмүүс амьд. Ерөнхийлөгчөөс эхлээд энэхүү түүхэн дүр нь хүртэл өнөөдөр амьд байгаа. Тэр хүн маань ямар амьдралыг туулсан гээд бүх зүйл амьд байгаа гэдгээрээ онцлог бүтээл болсон.
-Танай хувьд 90 саяын Гансүхийн амьдралаар кино хийхээр өөрөө санаачлаад түүнтэй очиж уулзсан гэсэн шүү дээ. Энэ саналыг тань анх хэрхэн хүлээж авсан бэ?
-Гансүх ах анх уулзахад нэлээн эргэлзээтэй байсан л даа. Энэ кино бол бид нар нэг луйварчин, нийгэмд хэцүүдчихсэн хүнийг магтан дуулж байгаа биш гэдэг талаас нь бид тайлбарлаж, таныг муулж, магтах гэсэнгүй. Бид нар тухайн нийгмийг, 90-ээд оны цаг хугацаа, зах зээлийн нийгмийн шилжилтийн үеийн тухай л кино бүтээхийг хүсч байгаа гэж хэлсэн. Энэ ч утгаараа Монгол Улсын ерөнхийлөгч асан П.Очирбат гуайтай хүртэл уулзаж, санаагаа хэлж, зөвшгөөрөл авсан.
-Киноны гол дүрийг та өөрөө бүтээсэн. Хүндрэлтэй зүйл хэр их байв?
-Энэ дүрд тоглоход хэцүү зүйл байгаагүй. Өмнө нь би энэ дүрийг өөрөө маш их судалсан. Манай кино багийнхан өнгөрсөн жилийн өдийгөөс эхлээд судалсан. “Чингис хаан” киноны Чингис хааны дүрийг Чингис хаантай адилхан хийсэн хүн байдаггүй. Чингис хаантай адилхан болгох гэж хийдэг. Би Гансүхтэй адилхан болъё гэж ерөөсөө бодоогүй. Угаасаа зохиол тэгж бичигдэн, найруулагч тийм л шаардлага тавьсан. Гансүх их тарган хүн бол би тийм тарган биш, тэр хүний ярианы аялага зэргийг би 100 хувь хуулбарлах албагүй гээд кино багийнхан үүнээс их зугтаасан. Кино зохиолчийн хэлснээр 1992 оны нийгмийн шилжилтийн үеийн хэв шинжит дүр гэдэг утгаар нь л тоглосон. Миний өмнөх уран бүтээлүүдээс ялгаатай нь би маш их судалгаатай орж байна гэсэн үг. Яагаад гэвэл гол дүр маань өнөөдөр амьд байгаа болохоор. Тэр хүнтэйгээ уулзаж, удаан цуг хамт байж орсон бүтээл. Киноны багийнхан маань маш сайн, удаан судалж байж энэхүү бүтээлийг туурвьсан. Хууль, эрх зүйн талаас нь ч, хувь хүний өөрийнх нь амьдралын онцлог, нууц байдлаас ч юм уу эсвэл, үзэгчдийн атлаас ч юм уу ямар ч асуулт ирсэн бид анр хариулахад бэлэн олон өнцгөөс нь маш нарийн судалж орсон. Бүх дүрүүд нь өнөөдөр амьд сэрүүн байгаа энэхүү түүхэн бүтээлд бид хөнгөн хандан зүгээр л нэг кино хийгээд гаргах юм бол өөр бусад хүмүүсийн амьдралыг энэ хэвлэл мэдээлэлийн том, асар хүчтэй кино гэдэг зэвсгээр далимдуулж ашиглаж болохгүй шүү дээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, харъяа олон байгууллагууд бид нарт туслан хамтарч ажилласан. Тэнд байсан хүмүүс ч сэтгэлээрээ маш сайн тусалсан. Харин киноны өрнөлийг гарахаар л үзээрэй.
-Киноны зарим зураг авалт БНХАУ-д болсон гэсэн.
-Бид нар АНУ-д зарим зурагт авалтаа хийх ёстой байсан ч ингэхийн тулд ажлын виз авах шаардлагатай байдаг юм байна. Үүнийг хүлээхэд гурван сарын хугацаа хэрэгтэй байсан. Гэтэл бид киноны нээлтийн хугацааг товлочихсон байсан учраас Хайнань, Хонг-Конгт зураг авалтаа хийхээр тухайн үед ярилцаж, шийдсэн.
-“Бодлын хулгайч” киног кино бүтээгчид орчин үеийн кино урлагт нэгэн сайн бүтээл болон мэндэлж байгаа гэж дүгнээд байгаа шүү дээ. Та үүнд юу гэж хариулах вэ?
-Би үүнийг дүгнэн хэлж чадахгүй байгаа юм. Яагаад гэхээр би өөрөө үүнийг маш их судалчихсан учраас. Сая бид нар монголын киноны экспертүүдийн дунд хаалттай үзлэг хийлээ. Социализмын үед манайд шинэ киног Соёлын яамаар шүүлтэнд оруулж, дэлгэцнээ гаргадаг байсан шүү дээ. Үүн шиг Дамдин, Жигжидсүрэн гуай гээд Монголын кино урлагийн нэрт зүтгэлтнүүдийг урьж үзүүллээ. Манай киног үзээд бүгдээрээ ам сайтай байсан. Шүүмжлэл байсан ч 80 хувьтай сайн үнэлгээ авсан. Би бусад хамтран ажилласан уран бүтээлчид, багаа харахаар тэд нар маань сэтгэл өндөр байгаа. Кино маань дэлгэцнээ гарч байж л мэдэгдэнэ дээ.
-Цаашид ямар уран бүтээл дээр ажиллах гэж байна?
-“Wisdom” кино продакшн одоо 30 ангит сериал хийх гэж байна. Зохиол бичигдэж байгаа. Одоогоор аль телевизээр гарах, хэн хэн тоглох нь тодорхой бус байгаа. Цаг нь болохоор энэ тухай хуваалцъя.
-Баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье.
Холбоотой мэдээ
Comments are closed.