Амбий урлагийн тайзнаа эргээд ирлээ. Энэ бол түүний тоглолт бүрийг шимтэн үздэг үзэгч, фэнүүдийнх нь хувьд хамгийн сайн мэдээ. Хэдхэн хоногийн өмнө жүжигчин Амбий буюу Ц.Батхуягийг талийгаач болсон тухай мэдээлэл нэр бүхий сайтуудад гарсан. Тухайн үед өөрийнхөө талаарх таагүй мэдээллийг уншсан уран бүтээлч маань сэтгэлзүйн хувьд хямарсан нь мэдээж. Уг нь Амбий өвдсөн. Гэхдээ тэрбээр бүгдийг давж, хөл дээрээ босоод ирлээ. Харин одоо шинэ уран бүтээл, тоглолт гээд өвдөх ч завгүй ажиллаж байгаагаа хэлнэ лээ. Жүжигчин Амбийтай ярилцсанаа хүргэе.
-Таныг маш том уран бүтээлтэйгээр үзэгчидтэй эргэн уулзаж байгаа тухай сонслоо. Яриагаа энэ талаар эхлэх үү?
-Юуны өмнө надтай уулзаж, миний сэтгэлийн үгийг уншигчдад хүргэж буй танай сониныхонд баярлалаа. Сайхан хүмүүсийн дэмжлэг, дотны найз нөхөд, ах нар, Монголын ард түмэн, нийт үзэгчдийн буянаар миний бие цоо эрүүл болсон. Би өөрийнхөө алдаа, хэнэггүйгээсээ болоод ингэж өвдөж, өвчинд нэрвэгдлээ. Өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг гэдэг дээ. Биеийн байдлаасаа болоод сүүлийн нэг жил хэвтлээ. Гэхдээ л хүн чинь зүгээр хараад сууж эсвэл хэвтээд байдаггүй юм байна. Их ч ном уншлаа. Олон зүйлийг үзэж, өнгөрсөн бүхэнд дүгнэлт хийж, эргэцүүлж, тойруулж боддог юм байна л даа. Харин одоо уран бүтээл рүүгээ эргээд орж байна. Би сургуульд байхын “Найрын ширээний ууц” жүжгийг үзэж байсан. Дараа нь энэ бүтээлийг кино, хөгжимт драм болгоод Дорнод аймгийн театрт тавьсан байдаг. Энэ бүтээлийг “Говийн зэрэглээ” киноны Арслан буюу Г.Доржсамбуу гуайн захиалгаар Д.Мягмар гуай бичиж байсан түүхтэй. “Найрын ширээний ууц”-ын том том дүр бүтээсэн жүжигчид маань амьд сэрүүн, алтан сургаалаа хайрлаад бидний дэргэд байгаа нь өөрөө том аз завшаан гэж боддог. Зохиол захиалаад бичүүлсэн гэж тэр үед бодож байсан л даа. Гэтэл он удаан бүр 30 жилийн дараа тоглогдоход, яг л хэвээрээ байж байдаг. Энэ уран бүтээл дээр өөрсдийгөө сориогүй хүмүүс чадвар дутахын хажуугаар хөнгөн, амрыг бодоод тоглоод байсан юм болов уу гэж надад бодогдсон. Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Гантөмөр, Ардын жүжигчин Г.Мягмарнаран, Д.Мэндбаяр, П.Цэрэндагва гуай нарын хэлж ярихыг их сонслоо. Мөн 1980-аад онд Дорнод аймагт хөгжимт драм болгож тавихад найруулж байсан Д.Маамхүү гуай ч бидэнд зөвлөгөө өглөө. Тэдэнтэй ярилцаж, тунгаан бодоод байхад энэ бол гарцаагүй сонгодог бүтээл болохыг мэдсэн. Зохиолоо бичсэн, найруулсан арга барил, хөндсөн цаад сэдэв, кино бүтээсэн, хөгжимт драм хийж байсан түүх нь яалт ч үгүй сонгодог бүтээл болохыг дахин дахин харуулж байгаа юм. Дээр нь зохиолын маань аль ч дүр, хэн ч, яаж ч ажиллаж болохоор анхнаасаа бичигдсэн. Гарцаагүй сонгодог. СУИС-ийн оюутнууд гадаадын сонгодог бүтээл дээр тулгуурлан хичээллэдэг. Гэтэл Монголд сонгодог бүтээл байгаа юм байна гэдгийг бид сая л ухаарч байна. Бид гадны сайн сайхныг шагшиж ярьдаг болохоос өөрсдийн доторхоо мэддэггүй юм байна л даа. Нэг ёсондоо өөрсдийгөө муулаад, гадныхныг магтаад байдаг. Үгүй юм байна. Бидэнд уламжлагдаж ирсэн авьяас, ухаан бий шүү дээ. Үүнийгээ бид тордох хэрэгтэй юм байна гэж бодогдсон. Ингээд л “Найрын ширээний ууц” жүжгийг барьж авсан байгаа.
-“Найрын ширээний ууц” жүжиг мюзикл хэлбэрээр тайзнаа тавигдах гэж байгаа. Хэзээ тоглогдох вэ?
-С.Отгонбаатарын үүсгэн байгуулсан “Дорнод нутаг” клубын санаачилгаар Монгол Улсын Төрийн шагналт зохиолч Д.Мягмарын “Найрын ширээний ууц” жүжиг мюзикл хэлбэрээр тайзнаа амьдрах гэж байна. Энэ сарын 18, 19-нд Соёлын төв өргөөд нээлтээ хийнэ. Би сайндаа, хүний хийж байгаагүй зүйлийг хийх гэж байгаа юм биш. Мюзикл гэдгээрээ л анхдагч байж магадгүй. Гол нь нэр бүхий, мундаг уран бүтээлчид нэг дор цуглаж, хамтдаа бүтээл туурвиж байгаад баяртай байна. Энэ бүтээл Дорнод аймагт 1983 онд хөгжимт драм хэлбэрээр тавигдсан нь тухайн үедээ л шуугиан тарьж байсан. Уран бүтээлчид нь төдийгүй үзэгчид ч одоо хэр нь ярьдаг. Тэгэхээр одоо энэ бүхнийг шагшин магтах хэрэгтэй юм. Мэдээж гадаадын сонгодгууд сонгодог байлгүй л яах вэ. Гэлээ гэхдээ Монголд сонгодог бүтээл байна гэдгийг харуулах гэж зорьж байгаа. Харуулах ч болно. Энэхүү бүтээл маш олон уран бүтээлчдийн хүч хөдөлмөрөөр босч ирж байна.
-Таныг продюссерээр ажиллаж байгаа, дээр нь гол дүрийг бүтээнэ гэж сонссон. Танд оногдсон дүрийг өмнө нь Ардын жүжигчин Г.Мягмарнаран гуай бүтээж байсан гэдэг. Ингэхэд та өөртөө хэр итгэлтэй байгаа вэ?
-Тийм ээ. Анхнаасаа энэхүү бүтээлийг продюссерлэж, гол дүрийг бүтээхээр сонирхож байсан. Дүрээ ч авсан. Надад Самданы дүрийг өгсөн. Энэ дүрийг өмнө нь Ардын жүжигчин Г.Мягмарнаран, н.Дамдинсүрэн нар бүтээсэн байдаг. Өөрийгөө энэ хоёр хүнээс илүү сайн тоглоно гэж хэлж чадахгүй. Хэлбэл нүгэл болно. Энэ хоёрын маань нэг нь амьд сэрүүн байж байна. Надад зөвлөгөө өгсөн. Намайг “алаад өгнө” л гээд урам өгөөд байгаа. Тэгэх тусам нь, зохиолоо унших бүрт түгшдэг. “Найрын ширээний ууц” жүжгийн ерөнхий найруулагчаар Дорнод аймгийн уугуул Н.Болд, хөгжмийг Дорнод аймгийн ХДТ-ын удирдаач Урлагийн гавьяат зүтгэлтэн В.Боролдой, А.Болорхүү нар хамтран бичсэн. Гол дүрд Монгол Улсын Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, гавьяат жүжигчин Ж.Оюундарь, “Маск” продакшны жүжигчин П.Эрдэнэзаан, Д.Бямбацогт нар тоглоно.
Өнөөдөр нас 40 хүрлээ. Өмнө нь 40 нас хүрч үзээгүй учраас мэдээгүй байж гэж өөрийгөө өмөөрч байгаа юм биш. Ер нь бид анхнаас нь бүр 20 гаруй настай байхдаа ахмадуудаас сайн сурч, үг болгоныг нь ухаж бодож, ойлгох ёстой байж. Тэгвэл манайхнаас илүү олон алдартай жүжигчид төрөх байсан.
-Та яагаад гэнэт ийм зүйл ярих болов оо?
-Өнөөдөр нийгэм рүү хандсан бүтээлийг жүжигчид бид л хийхгүй бол улс орон маань ямар байдалд орж байна вэ. Хүн чанар, мөн чанар гэдэг зүйл өнөөдөр алга болсон учраас худал, хуурмагийн дунд амьдрал яваад байна. Сүүлдээ гаараад, хэн залилагч болох нь танигдахаа байсан. Залилагч нь илүү санагддаг болохоор залуучууд тийш нь хуйлардаг болсон. Тэгээд ирэхээр нийгэм маань бүр замаа алдлаа л даа. Өнөөдөр бидэнд ургийн бичиг ч алга. Өөр рүү нь муухай харснаа, нэр нь жаахан эвгүй сонсогдсон нэгнээ хятад, хужаа гээд гарал үүслээр нь дуудаг болж. Энэ бол тухайн хүмүүсийн буруу биш шүү дээ. Урлаг, уран бүтээлчдийн буруу юм. Үүнийг бид нар л тайлбарлаж өгөх ёстой. Сүүлийн үед гадны олон ангит кинонууд их гардаг боллоо. Манайхан ч алгасалгүй үздэг. Түүнийг буруутгах нь хаашаа юм бэ. Хараад байхад эрчүүд залуучууд маань эмэгтэй хүн шиг ааш авир гаргадаг болчихжээ. Тулга тойрсон хэрүүл хийгээд байдаг болж. Зарим эрчүүд эхнэрээсээ илүү хэрүүлч болсон байна. Уг нь ямар ч үед эрчүүд буурь суурьтай сууж байдаг биз дээ. Биднийг бага байхад, ээж нар л үгэлдэг байсан шүү дээ. Гэтэл өнөөдөр ээжүүдээс илүүтэй аав нар үглээд давхиад байхаар хүүхэд нь ямар хүмүүжил олж авах вэ. Би энэ бүгдийг хараад бухимддаг. Тэгээд ч одоогийн хүүхдүүдийг хүмүүжүүлэх сурах бичиг нь байхгүй болжээ. Аав, ээж нь хүүхдээ хүмүүжүүлэх л байх. Одоо бодоход, урлаг, уран бүтээл л хүүхдийг хүмүүжүүлэх ёстой байж. Ер нь одоо цагт “Миний хүү цэрэгт явах уу” гэж хүүгээсээ асуудаг аав байна уу. Бараг байхгүй дээ. Цэргийнх нь байдал өөрөө хүнд учраас юу боллоо гэж хүүхдээ тийш нь явуулах вэ дээ. Нийгэмд энэ мэт энгийн хэрнээ ээдрээтэй асуудлууд байна гэдгийг л хувьдаа шинэ уран бүтээлээрээ хүргэхийг зорьж байгаа. Энэ бүгдэд “Дорнод нутаг” клубынхан маш их тусалж, дэмжлэг үзүүлсэн. Ирэх наймдугаар сард Дорнод аймагт очиж “Найрын ширээний ууц” жүжгээ мюзикл хэлбэрээр нутгийн олондоо хүргэнэ.
-Ингэхэд та цэргийн алба хаасан байх аа?
-Хаасан.
-Цэргийн алба хаасан тухайгаа эрчүүд ярих дуртай байдаг. Таны хувьд ямар дурсамж үлдсэн бол?
-Цэрэгт явснаар би амьдралдаа хамгийн том сургуулийг төгссөн гэж боддог. 1985 онд аравдугаар ангиа төгсөөд гадаадын ТМС авсан хэрнээ, ангийнхантайгаа ярьж, доргиод л өөрөө дур мэдэн шийдэж цэрэгт явсан хүн. Тэр маань оносон байхгүй юу. Айлын бага хүү болохоор их дураараа өссөн дөө. Хэрэв тэр үед би цэрэгт биш, гадаад руу ТМС сурахаар явсан бол одоогийн хувь төөрөг, ямар байхыг төсөөлж ч чадахгүй. Юу ч гэсэн намайг цэргээс халагдаад, жүжигчин мэргэжил эзэмшээд нутагтаа очиход Дорнод дахь миний үеийн залуус, найз нөхөд бүгд ганзагын наймаа хийдэг болсон байсан. Бараг бүгдээрээ шахам машинтай, байртай болчихсон. Би очоод үнэхээр атаархдаг байж билээ. Намайг гэртээ уриад л яаж амьдарч байгаагаа гайхуулж, жүжигчин мэргэжлээ болио гэдэг байсан. Гэхдээ л би жүжигчний мэргэжлээ орхиогүй. Энэ мэргэжлийг эзэмшсэнээр харин ч хожсон. Жишээ нь би хүндээр өвдсөн. Гэтэл намайг чин сэтгэлээрээ дэмжиж, урам өгч хөл дээрээ босоод ирэх тэнхээг өгсөн хүмүүс бол миний үзэгчид, Монголын ард түмэн л байсан. Тэд нарынхаа хүчинд би гэдэг хүн өдий зэрэгтэй яваа гэж боддог.
-Уучлаарай. Таныг өвчний улмаас таалал төгсчээ гэх мэдээлэл олон ч хүнийг сандаргаад авсан. Та үүнд ямар хариулт хэлэх вэ?
-Өнгөрсөн долоо хоногт зарим вэб сайтуудаар иймэрхүү мэдээлэл гарсан. Мэдээллээ нягтлахгүйгээр олонд ташаа мэдээлэл цацсанд хувьдаа гомдолтой байгаа. Гомдлоо гээд яах ч билээ дээ. Миний хувьд уучилж болох ч тийм аймаар мэдээ сонсоод цочирдож, сандарсан хүн их олон байсан. Аз болж нас өндөр ээж маань интернэтэд нэвтэрч чадахгүй нь аз юм даа. Энэ тухай сонсолгүй өнгөрсөн. Хэрэв ээжийн чихэнд хүрсэн бол балрах байлаа шүү дээ. Тэрүүхэндээ ах, эгч нар маань уйлаан майлаан болсон сураг сонсогдсон. Талийгаачийн ар гэрт эмгэнэл илэрхийлье гэхээр уншсан хэн хүнгүй итгэхээс өөр яах вэ дээ. Ийм ташаа мэдээлэл цацсан сайтууд надаас биш үзэгч олноос уучлал гуйх ёстой байх. Дотны найзуудын маань утас чөлөө завгүй хангинаж, асууж лавлах, эмгэнэл илэрхийлэх гээд асуудал үүссэн байсан. Хүний найз нөхөд тийм мэдээ сонсоод цочирдож, эмгэнэлгүй яах вэ. Бүгд сандарч, цочирдсон байгаа юм. Би ч өөрөө өөрийнхөө талийгаач болсон тухай таагүй мэдээг уншаад цочсон. Гол нь тэнд уншигчид маш олон сэтгэгдэл үлдээсэн байна лээ. Тэр болгоныг нь уншаад хувьдаа дэндүү эмзэглэсэн. Үнэхээр эвгүй юм билээ. Гэхдээ намайг гэх, миний уран бүтээлийг дэмждэг, үздэг, тэр бүгдээс урам зориг авдаг ямар олон монголчууд миний ард байгааг тэгэхэд л мэдэрсэн. Намайг талийгаач болсон гэдэг мэдээллийн дагуу үлдээсэн уншигчдын тэр олон сэтгэгдлийг уншаад үнэхээр огшсон. Хамар шархираад ирж байна лээ. Хүмүүс үнэхээр харамссан байсан. Миний дотны найз нөхөд, ах нар ингэж мэдээлэл гарах нь хамаагүй, харин ч мөнхөрдөг гээд намайг тайтгаруулсан.
-Өөрийнхөө тухай ийм таагүй мэдээг олж унших танд хэцүү байсан байх даа?
-Өглөө босоод утсаа нээсэн чинь маш олон дуудлага ирсэн байсан. Яасан юм бол доо гэж бодоод ахмадуудаас нь эхэлж ярьсан. Тэгсэн чинь бүгд “Ёо ямар аймаар юм бэ” гэж байсан. Тэр бүү хэл энэ мэдээг сонсоод Германд амьдардаг найз маань хүртэл ирэх юм болсон юм билээ. Уг нь ч надад муу санадаг, өш хонзонтой хүн байхгүй гэж боддог. Яах вэ, монголчууд онгирч дэврүүн явахдаа цөөхөн гэдгээ мартчихаад, яг зовж, ядрахдаа бид нар чинь ямар цөөхүүлээ вэ. Даанч дээ гэдэг. Гол нь хүн чанар сайн нь муугаасаа илүү юм даа.
-Аавыг тань Дорнодын театрт олон жил ажилласан хүн гэж ярьдаг…
-Тийм ээ. Аав маань насаараа Дорнод аймгийн театрын тайз чимэглэлийн эрхлэгч хийдэг байлаа. Тайз засдаг л байсан байхгүй юу. Хувцас чимэглэл, сэлэм бамбайг аав хариуцаж хийдэг байж билээ.
-Ингэхэд танай хошин урлагийн “Comedy art” хамтлагаар юу байна?
-Одоогоор бүгдээрээ тус тусынхаа ажлыг хийгээд л байж байна. Би сая нэг л юмыг ойлгосон.
-Юуг ойлгосон гэж?
-Ярихаас илүүтэй юм хийчихээд л ярих хэрэгтэй юм байна гэдгийг ойлголоо. Ер нь манайхан дээр, дооргүй их ярьдаг болсон байна. Жишээ нь залуу уран бүтээлчид кино хийлээ гэж яриад байдаг. Тэд нарын буруу биш л дээ. Тэр хайрцагнаас л гармаар байгаа юм. Миний үеийн хошин урлагийн жүжигчид байдгийг уншигчид мэднэ. Бид нар ярьдаггүй, зөвхөн хийдэг л байсан. Ингэж ярилаа гээд намайг онгирч байна гэж хэлэх л байх. Үнэн юм чинь. Залуучууд маань тэрэнд л суралцаасай.
-Та хэвтэж байхдаа олон зүйлийг үзэж, өнгөрсөн бүхэнд дүгнэлт хийж, эргэцүүлж бодсон тухайгаа дээр дурдсан. Тэгээд өөртөө ямар дүн тавив даа?
-Муу гэсэн дүн тавьсан.
-Яагаад?
-Би чинь нэлээдгүй жүжиг, кинонд тоглосон. Одоо тэд нарыгаа эргээд үзсэн чинь дандаа түүхий, авах юм нэг ч байхгүй юм билээ. Тэрийг л сайн ойлгосон. Тэрнээс энэ арай гайгүй болсон гэж яримаар байна л даа. Тэгэхээр цаашид яах вэ гэдэг асуудал гарна даа. Юун дүр бүтээх. Эхлээд сурах хэрэгтэй болж байгаа юм. Тэр маань үлдэх юм байна. Тэрүүгээрээ л би амьдрах юм байна. Тэгж байж л би хүний нүүрийг бүтэн харах юм байна гэж бодогдсон. Тэгэхээр үүргээ л сайн ойлгох хэрэгтэй болж байгаа биз дээ.
Ч.АННА
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 12, 2012 6:28:40 pm )
Hi.urt naslah ni dee.hehe.uran buteeld ni amijilt husiy?
-
Anonymous (May 12, 2012 7:39:25 pm )
Kk zugeer zugeer urt naslaarai amjilt husie
-
Anonymous (May 12, 2012 7:57:32 pm )
amjilt ervvl enx
-
Anonymous (May 13, 2012 4:04:43 pm )
АРЗГАР БАРЗГАР АМБИЙ ЧИ АМЬД ЯВЖ БАЙ ГЭЖ БУРХАН ЗАРЛИГДСАН БАЙХГҮЙ ЮУ ККККХХХХ АМЖИЛТ ХҮСЬЕ. ОК.
-
Anonymous (May 13, 2012 4:59:30 pm )
huue ambii sainuu chi namaig sanaj bna uu? Bi deer chamtai zamiin uuded horigdd 2-la neg yu,,, yagaagui yu daa sanjiinuu? utasniihaa dugaariig uldeegeerei hu
-
Anonymous (May 13, 2012 5:58:21 pm )
urt nasalj udaan jargaarai. amjilt husie.
-
Anonymous (May 14, 2012 3:41:02 pm )
яагаад өөртөө муу тавьж байгаа юм бэ, сайн л жүжигчин шүү дээ. амжилт хүсье.
-
Anonymous (May 16, 2012 5:49:39 pm )
Amidral deer oor shig chin hun zondoo baidag humuus yag Amibii shig tsaraitai gej yarij baihiig zondoo sonsson dotood setgeln joohon tiimerhuu hun dandaa humuusiig doosh hiisen humuus baidag yum herev oort tani tiim zan baidag bol uuniigee zasaarai hund dandaa urmiin ug hairlaj dotor hunee ariun bailgaarai
-
Anonymous (July 30, 2012 2:13:16 pm )
urt naslaj udaan jargaarai.Ambii andaa.
9 Comments